Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын армийн Дээд Ерөнхий командлагч Корнилов-1: Орос Японы дайндУншсан6,308

Хойд хөршийн түүхэнд тод томруунаар мөрөө үлдээсэн монгол цуст, халимаг генералын түүхийг цувралаар хүргэж байгааг таалан болгооно уу.

Хойд хөршийн түүхэнд тод томруунаар мөрөө үлдээсэн монгол цуст, халимаг генералын түүхийг цувралаар хүргэж  байгааг таалан болгооно уу.

Лавр Георгиевич Корнилов буюу Л.ГДэлдэнов Оросын түүхийн хамгийн ээдрээтэй цаг үед амьдарч байхдаа цэргийн жанжин болон товойн гарсан, эв нь таарсан бол Октябрийн хувьсгалыг ч нухчин дарж, хаант засаглалыг сэргээн тогтоох, түүхийг эргүүлэх хүч нөлөө гарт нь хангалттай байсан, хүчирхэг генерал байсныг та бүхэн унших болно.

Генерал Корниловын амьдрал, үйл хэрэг оньсого таавраар дүүрэн. Шударга офицер, төрийн нэр хүндтэй энэ хүн Зөвлөлтийн түүхэнд удаан хугацааны турш цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон хүн гэсэн тааруухан тодотголтой үлдэж хоцорсон. Тааруухан тодотголын шалтгаан нь ч ойлгомжтой. Зөвлөлт засгийн эсрэг, хаант улсдаа эцсээ хүртэл үнэнч байсан хүн л дээ.

 

Корниловын үймээн, буюу хэрэг явдлыг Хаант Оросын төрийг сэргээх хүсэл зорилго бүхий армийнхны хуйвалдаан, түүний гол зорилго нь большевикуудыг засгийн эрхэнд гарахыг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал гэж тухайн үед харж байсан, Зөвлөлт засгийн үед ч тийм байв. Харин одоо бол арай өөр. Оросууд иргэний дайны цагаантны хөдөлгөөний генерал, жанжнуудынхаа үйл хэргийг Орос гүрэн, орос үндэстний төлөө зүтгэсэн гэдэг талаас харж алдар гавьяаг нь сэргээн мандуулж, цагаатгаж, кино хийж, ном бичин, судалгаагаа идэвхжүүлж байна. Энэхүү түүхэн эргэлтийн урсгалд Л.Г.Корнилов ч ямар нэг хэмжээгээр өртөж, түүний намтар, үйл хэргийг арай өөр талаас буюу эерэгээр харах болжээ.

XX зуун гармагц хэтэрхий баян чинээлэг, дээд  давхаргынхан маш хүнд хүчир амьдралтай ард түмэн гэсэн хоёр давхаргад хуваагдсан Орос орон хувьсгалаар амьсгалж гарав. Энэ он жилүүдэд улс төрийн тэргүүлэх байр сууринд гарч ирсэн гарамгай офицер Корнилов 1870 оны наймдугаар сарын 30-нд нийслэлээс алс хол Усть-Каменогорск хэмээх бяцхан хотод мэндэлжээ.

Усть-Каменогорск нь өнөөгийн Казакстаны хот бөгөөд Монгол, Хятадын хил орчмоос эх авч урсаад Зайсан нуурт цутгадаг Эрчис мөрний эрэгт оршдог. Корниловын гарал үүслийн талаар судлаачид сүүлийн үед янз бүрийн таамаглал дэвшүүлэх болсон. Жишээ нь Казакстаны судлаачид Л.Корнилов нь казак нутагт төрсөн, казак хүн юм аа гэж үздэг.

Тэгвэл Корниловыг мэндлэхээс ганц зуухан жилийн өмнө Зүүнгарын мэдэлд байсан нутаг дэвсгэр бол Эрчис мөрний дээд бие. Тиймээс ч Зүүнгарын ард түмний нэгэн тасархай торгууд буюу халимгуудын их нүүдлээс үлдэж хоцорсон, гээгдэж нутгийнхантай холилдсон халимаг хүмүүсийн үр сад нь Лавр Георгиевичийг хэмээн ихэнх судлаачид үздэг байна.

Түүний аав Егор Корнилов Сибирийн казах цэргийн 7-р хорооны хорунжий (цэргийн цол) байсан ч хүүхдээ төрөхийн өмнөхөн ажлаа өөрчилж, коллежийн бүртгэгч болжээ. Ээж Мария Ивановна нь ч нүүдэлчин угсааны нэгэн байжээ.

Лавр Георгиевич сөлөрдүү нүд, шийдэмгий, цовоо сэргэлэн, золбоолог харц гээд гадна төрхөөрөө ч азийнхны шинж байдал, гарал үүслээ бататгадаг байж. Корнилов хар багаасаа л тодорхой зорилготой, оюуны өндөр чадамжтайгаараа үеийнхнээсээ онцгойрдог байсан гэнэ. Тэр гадаад хэлийг амархан эзэмшдэг байж. Ээж нь хэдийгээр бичиг үсэггүй ч тэдний гэр бүлд соён гэгээрүүлэх уур амьсгал ноёлж, соёл боловсролын аливаа бүхнийг сонирхох хүслийг хөхиүлэн дэмждэг байв.

Лавр Георгиевич 11 насандаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Хятадтай хиллэдэг (Зайсан нуурын ойролцоох) Зайсан хэмээх жижиг тосгонд нүүн иржээ. Энэ үед хүү бага сургуулиа амжилттай дүүргээд байлаа. Корнилов нутгийнхны ахуй амьдрал, хэл, заншилтай танилцсан нь хожим дорно дахиныг судлаач болох, цэрэг тагнуулын үйл ажиллагаа явуулахдаа амжилт гаргахад дөхөм болжээ.

Удалгүй өсөж яваа залуу хүү Омск дахь Сибирийн кадетын сургууль, дараа нь цэргийн артиллерийн шилдэг сургууль болох Михайловскийг амжилттай дүүргэсэн байна.

Эзэнт гүрний армид дайчин халимагууд, Ижил, Запорожийн хасагууд онцгой үүрэг гүйцэтгэдэг, алдар гавьяа нь дуурсаж байдаг тул өсвөр насны халимаг угсааны хүү цэргийн хүн болохоор бүрмөсөн шийдсэн тухай хожим Корнилов нэгэн дурсамждаа тодорхой бичсэн байдаг гэнэ.

Сурган хүмүүжүүлэгчид нь түүнийг хариуцлагатай, хөдөлмөрч хэмээн тэмдэглэж байсан бөгөөд энд л орос офицерийн хатуу, нэр төрөө эрхэмлэдэг зан төлөвшжээ. Лавр Георгиевичийн цэргийн намтарт анхны хэмээн тодорхойлогддог үйл явдал бол Михайловскийн сургуулийн офицеруудын нэгэнтэй хийсэн маргаан юм.

Михайловскийн сургуулийнхныг зовоодог, бүгдийнх нь үзэн ядалтыг  төрүүлдэг, язгууртан гэр бүлээс гаралтайд нь болоод сургуулийн захиргаа элдэв бусармаг үйлдлийг нь яаж ч чаддаггүй нэгэн офицерыг 20 настай залуу Корнилов хашрааж өгсөн тухай сүүлд санамсаргүй ил болсон нэгэн баримтад дурдагдсан байжээ.

Улмаар язгууртнуудын дайралтад өртсөн ч Корнилов хуулийн өндөр  мэдлэгийнхээ ачаар эвтэйхэн хариу барьж, хэрэг явдлыг сэлэм эргүүлэх хэмжээнд тулгалгүйгээр нэр төрөө хамгаалж гарч чадсан гэдэг. Тухайн үед багш нар нь хүүгийн ухаалаг зан чанарт анхааралтай хандаж, хэрүүл шуугианыг амжилттай зохицуулахад нь ч  тусалсан гэнэ.

Цэргийн сургуулийн багш нар түүнийг сайн дэмжиж өгч, Корнилов ч карьераа амжилттай эхэлжээ. Бүтээлч, эрч хүчтэй, дээрээс нь оюуны өндөр чадвартай, удирдагч шинж чанартай. Энэ бүгд түүнийг асар хурдтай биш ч эрчимтэйгээр дээш ахихад нөлөөлсөн.

Багш нарынхаа хэтэрхий өндөр гэмээр тодорхойлолтын ачаар Корнилов гвардид элсэж, Москвагийн цэргийн тойрогт алба хаахаар болж. Гэсэн ч ёстой л сэтгэлийн дуудлагаар Туркестаны цэргийн тойрогт, их бууны бригадын 5 дугаар батерейд сайн дураар хуваарилагджээ.

Энд томилогдсон нь өөр нэг шалтгаантай. Учир нь Орос гүрэн Афганистан, Персийн бүс нутагт Англитай харилцаа нэлээд хурцадмал болоод байсан. Ийнхүү Корнилов цэрэг армийнхаа тэргүүн эгнээнд явахыг хүсчээ. Удалгүй Лавр Георгиевич Ерөнхий штабын академид элсэж, 1896 онд Таисия Марковинатай гэр бүл болжээ. Академийг тун амжилттай төгссөний ачаар Корнилов Петербургт үлдэх боломж тохиосон байн. Гэвч тэр Дорно зүг рүү тэмүүлж байлаа.

Туркестан дахь ирээдүйн ерөнхий командлагч тэрээр зургаан жилийг даалгавар гүйцэтгэгч офицерийн албанд өнгөрөөж, хожим нь штабын офицер болжээ. Энд тэрээр Дейдади хэмээх Английн цаазын төлөвлөгөөг тагнах сайн дурын, зоримог ажиллагааг гардан гүйцэтгэсэн байна.

Ази төрх, хэлний асар их мэдлэгээ ашиглан Лавр Георгиевич дайсныхаа цайз, боомтууд руу нэвтэрч, дээд албан тушаалтнуудын авна ч гэж найдаагүй байсан мэдээллийг олж ирдэг байжээ. Гэвч ийм уран аргаар явуулсан ажиллагаанд шагнал хүртэхийн оронд заримдаа хэтэрхий их эр зориг, эрсдэл гаргасныхаа төлөө хатуу донгодолт, зэмлэл хүртдэг байв. Дорнодод байх жилүүддээ ирээдүйн генерал Афганистан, Перс, Туркестаны зүүн хэсгийн онцлогийг дүрслэн гаргаж, тагнуулын салбар холбоог амжилттай тогтоож байлаа. Ажиглалт, олж авсан үр дүнгээ тэрээр Орос болон хилийн чанад дахь шинжлэх ухааны тойргуудад өндрөөр үнэлэгдсэн “Кашгар буюу зүүн Туркестан” номондоо бичжээ.

Туркестанд алба хаасан нь залуу офицерт Гэгээн Станиславын 3 дугаар зэргийн одон авч иржээ.

Гэхдээ Туркестанд алба хааж байх үед түүний цэрэг дайны гэхээс илүүтэй судлаач, шинжээчийн авьяас илүүтэй илэрч байсан юм. Корнилов Ираны Цөхрөлийн цөлөөр нэг удаа аялал хийж явахдаа газар нутгийг нарийнаар дүрсэлж чадсан байдаг. Тэдний аяллын экспедицийн гаргасан газрын зураг, ажлыг үндсэслэн дорнын энэ орны тухай газар зүй, угсаатан болон бусад салбарын тухай мэдлэгийн хомсдол үгүй болсон юм. 1903-1904 онд Энэтхэгт томилолтоор явж, Корнилов эндхийн колонийн систем, Их Британийн засаг захиргааны тогтвортой байдалд дүн шинжилгээ хийжээ.

Ийнхүү удаан хугацааны турш судалгаа, шинжилгээний ажил хийж, экспедицид ажилласны эцэст Лавр Георгиевичийг штабын бага даргаар томилжээ. Гэвч тэр армийн эгнээнд шилжихийг илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Петербургт байх нь ашиггүй гэж үзжээ.

1904 онд Япон Хаант Орост дайн зарлалаа. Дорно зүг, Номхон далай тийш хил хязгаараа тэлж байсан Орос гүрний тэлэлт тэнгисийн цаадах шинэ гүрэн Наран улсын эрх ашгийг хөндөв. Корниловын дарийн утаа үнэрлэсэн анхны том дайн  ийнхүү эхлэв. Оросын эзэнт гүрний 1 сая орчим цэрэг улс орны өнцөг булан бүрээс алс дорнодыг зорив. Транс Сибирийн төмөр зам цэрэг, зэвсэг ачсан галт тэргийн цуваагаар дүүрлээ.

Орос - Японы дайны Халимаг дайчин

1904-1905 оны Орос Японы дайны тухай бяцхан тодруулга хийе. Оросууд тэнгисийн цэрэг, худалдаа наймааны зорилгоо хангахын тулд Номхон далайд гарах, өвөл хөлддөггүй боомттой болохыг үргэлж хүссээр ирсэн.

Тэдний Номхон далайд гарах гол гарц Владивосток нь зөвхөн зун л ашиглах боломжтой байсан бол Порт-Артур жилийн турш ашиглагддаг боомт байлаа.

Оросын дотоодод хэд хэдэн удаа томоохон хэмжээний ажил хаялт гараад байсан тул дайн нь засгийн газрын эсрэг хандлагыг эх оронч үзэл рүү чиглүүлж чадна гэж бодож байжээ. Дайны гол үйл ажиллагаа нь Өмнөд Манжуур, Ляодунгийн хойг, Мүгдэнгийн орчим, мөн Солонгосын хойг, Японы орчим, Шар тэнгисийн усанд явагдсан. Хоёр талаас тус бүрт нэг сая хүтэй арми, Оросын талаас  300 тоннын даацтай флот, Японы талаас 260 мянган тоннын даацтай усан флот оролцсон юм.

(Япон цэргийн жагсаал, Мүгдэний орчим. 1905  он)

Энэ дайн Солонгосын Хойг болон Зүүн Хойд Хятадыг \Манжуурыг\ хэрхэн хуваан эзэмших вэ гэсэн асуудлаар тохиролцож чадаагүй хоёр гүрний цэргийн мөргөлдөөн байлаа. Цэрэг дайны урлагийн хувьд фронтоор нүүрлэн тулалдах XX зууны дайны үүсэл болсон гэж болно.

Нийтлэлийн баатар Корнилов энэ дайнд Сандепугийн дэргэдэх тулаанд оролцож, түүнчлэн Мүгдэнгээс хийсэн Оросын цэргийн ухралтыг хамгаалж, зоригтой, авьяаслаг командлагч болохоо баттай харуулж чаджээ. Энд дорно дахиныг судлах үйл явцад өндөр нэр хүнд олж амжсан, дорно зүгийнхний сайн мэдэх, цэрэг тагнуулын өндөр авьяастай офицерыг хэнээр ч орлуулшгүй болохыг Хаант Орос ойлгож авсан байдаг.

Сибирийн буучийн Нэгдүгээр дивизэд харьяалагдах нэгдүгээр бригадын штабын офицер Корниловын нэр эхлээд Сандепугийн тулалдаанд онцгойрон тодорчээ.  Сандепуд Оросын  талаас гурван арми, нийтдээ 290 орчим мянган цэрэг, 700 гаруй их буу, Японы талаас мөн энэ багцааны хүч тулаанд  оржээ. Алс Дорнодын Оросын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч А.Н.Куропаткины төлөвлөгөө ёсоор оросын цэрэг Сандепугийн чиглэлд дайсанд хүчтэй цохилт өгөн япончуудыг Тайцзыхэ голын цаана үлдэн хөөхөөр төлөвлөсөн байв. Гэсэн ч япончууд энэ чиглэлд нөөц хүчээ татан ирүүлж Оросын цэргийн давшилтыг зогсоож чадав. Корниловын бригад багтсан Сибирийн Нэгдүгээр корпус гайхалтай эрэлхэг тулалдаж байлдааны чухал түшиц газруудыг гардан тулаанаар эзэлж авч чаджээ. Гэвч командлагч А.Н.Куропаткин хачирхалтай шийдвэр гаргаж амжилтаа хөгжүүлж чадсангүй, давшилтыг зогсоох шийдвэр гаргажээ. Азаар штабын офицер Корниловын байгуулсан гавьяаг Алс Дорнодын Оросын зэвсэгт хүчний командлалын газраас төвд илтгэсэн байдаг.

Дараа нь 1905 оны II-III сард болсон Мүгдэний тулалдаанд Корнилов өндөр гавьяа байгуулжээ.

Оросын эзэмшлийн Порт-Артур бууж өгч эзлэгдэн, Сандепугийн давшилт бүтэлгүйтсэний дараа Хаант Орос Куропаткиныг алдаагаа залруулах боломж өгч дахин давшихыг шаарджээ. Гэсэн ч япончууд тагнуулын мэдээндээ үндэслэж давшилтыг өрсөж эхлүүлэн, аюултай цохилт өгөв. Улмаар Оросын цэргийн зүүн жигүүрээр япончууд бүслэх давшилт хийж, Оросын армиуд ч аюулаас зайлсхийж Хуньхэ голын чанадад ширүүн тулалдсаар ухран гарчээ. Эцэст нь Куропаткин бүх армиуддаа ухрах тушаал өгснөөр Оросын цэргийн ухралт дайсны их бууны галын дор, туйлын хүнд нөхцөлд явагджээ. Цэргийн удирдлага алдагдаж, фронтын зарим хэсгээр томоохон анги нэгтгэлүүд бүслэгдэж эхлэв. Яг ийм хүнд хэцүү нөхцөлд Корниловын бригад цэргийн хэлээр арьергард (ухралт, давшилтын ар талыг халхавчлах цэргийн хүч)-ын үүрэг гүйцэтгэж гол хүчээ бүслэгдэх аюулаас холдтол ширүүн тулаан хийжээ. 

 (Оросын цэргийн ухралт)

Корниловын бригад маш ширүүн эсэргүүцэл үзүүлсэн тул япончуудын давшилт саатаж, Оросын цэргийн гол хүч ч ухран зайлж чаджээ. Гэлээ гэхдээ Мүгдэний орчим бутцохигдсон тул командлагч Куропаткин албан тушаалаасаа авахуулж, Хаант Орос ч Японы тулгасан нөхцөлөөр энх тайвны гэрээ байгуулах замдаа шуударчээ. Оросууд бүрэн ялагдсанаар Ази  тив, Номхон далай тийш тэлэлтээ зогсоосон. Дэлхий дахины таамаглаагүй явдал болж, өсч өндийж буй япончууд, олон  зууны турш ялагдашгүй дайчин армитайгаараа алдаршсан Оросын хүчний эсрэг дараалсан ялалтуудыг байгуулж чадсаныг энд тэмдэглэе. 

Цэргийн атташе

Манжуур, Хятад, Алс Дорнодод "хөл гараа тайруулсан" Хаант Орос Корниловын шуурган гал дунд гаргасан эр зоригийн мартсангүй. Ялагдсан ч гэсэн Засгийн газар түүнийг ихэд үнэлж Бээжин дэх цэргийн атташегээр суулгав.

Бээжинд байхдаа Корнилов Хятадын цэрэг, эдийн засгийн байдлыг үнэлж, тухайн үедээ асар том, нууцлаг орны ахуй амьдрал, зан заншлыг судлаж байв.

Лавр Георгиевич тун удахгүй ирээдүйн Хятад улс хүчирхэг гүрэн болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүний ажлыг Оросын улстөрчид, эрдэмтэд төдийгүй барууны зүтгэлтнүүд ч үнэлжээ. 1911 он хүртэл Бээжинд байх хугацаанд нь ирээдүйн генералиссмус залуу Чан Кай Ши Корниловоос их зүйл сурч мэдсэн гэдэг.  1911 онд хурандаа цолтойгоор Орост эргэн ирж Хойд Эстоний явган цэргийн хорооны захирагч, 48-р буучийн дивизийн захирагчаар ажиллав. 48-р буучийн дивиз нь Корниловын удирдлага дор ирээдүйд "Ган дивиз" хэмээх нэр авсан юм. Ингэж байтал Дэлхийн I дайн эхэллээ.

Үргэлжлэл: Оросын армийн Дээд Ерөнхий командлагч Корнилов-2: "Ган дивиз"-тэйгээ Австри оров

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 10. 15:53
нанО

үнэндээ Монголын үртэс юм.

2018, 1 сар 23. 22:35
Зочин

ih saihan hun bijdee

2017, 11 сар 30. 15:30
Зочиншонх

КОРНИЛОВ ХАЛИМАГ ХҮН доны хасаг буюу КОЗОК аилд үрчлэгдсэн юм. КАЗАХ гэж бичих нь буруу. КАЗАХ ГЭВЭЛ мусальман казах БАЯНӨЛГИЙНХӨН шиг юм болчино.СҮҮЛД ДҮҮГЭЭ хажуудаа авсан ч гэдэг. ИХ БУУНЫ СУМАНД өртөж КОМАНДЫН баирандаа өнгөрсөн юм. БҮХ ОРОСЫН армийн тэргүүн комондлагч баисиймаа.халимаг МОНГОЛ ХӨӨН.

2017, 12 сар 13. 21:52
Ойрад Монгол

галхуудаа халимаг чинь ойрадууд биз дээ айн

2018, 2 сар 23. 21:30
Зочин

Ойродууд чинь Монгол шүүдээ хө...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]