Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Олимпийн бамбарыг бузарласан ньУншсан25,060

Тэдний энэ тоглоом олимпийн бурханд таалагдсан юм шиг бүх л зүйл нь тааламжтай сайхан таарч байна гэж.

Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.

2008 оны Бээжингийн олимпийн бамбар дэлхий даяар буухиалан явах үед тусгаар тогтносон Төвд улсын төлөөх үзэл баримтлалтай нөхдүүд, Хятадад хүний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцсэн гадаад, дотоодын энгийн хүмүүс нь уг бамбарыг замаас нь булаах, унтраах гэсэн олон оролдлогууд хийн бүтэж, бүтэлгүйтэж байсныг санаж байгаа байх. Бараг Олимп болгонд ийм зүйл тохиолдох болохоор үүнд нэг их гайхаад байх зүйл үгүй мэт боловч энэ бамбартай холбоотой хачирхалтай, сонирхолтой өвөрмөц нэгэн түүх бий. Энэ бол 1956 онд Австралийн Олимпийн бамбар хэсэгхэн хугацаанд солигдсон явдал юм.

1956 оны Олимпийн тоглолтын буухиа бамбар бүх л Австрали орноор аялж байгаад эцсийн цэг буюу олимп болох Мельбурнд очих ёстой байв. Энэ урт замын үед бамбартай холбоотой олон явдал тохиолдож байсан бөгөөд ширүүн борооны үед өнөөх бамбар нь хэд хэдэн удаа унтарсан, хэт халуунаас болж бамбар барин гүйсэн цөөнгүй хүний бие муудсан гэх мэт. Гэхдээ Сиднейд болсон явдлыг эдгээртэй харьцуулж болно гэж үү...

Төлөвлөгөө ёсоор бол Австралийн нэгэн нэртэй тамирчин буухиа бамбарыг аван гүйсээр Сидней хотын төвд, олон түмний өмнө, хотын даргад шилжүүлэх ёстой байв. Ингээд бамбар авсан хотын дарга албаны “маш сайхан” хэдэн үг хэлээд  бамбарыг дараагийн тамирчинд шилжүүлэх учиртай тул бүх л зүйлийг яг таг тооцож бэлдсэн гэж жигтэйхэн. Энэ түүхт үйл явдлыг харах гэж, гэрч нь болох гэж Сидней хотын төвд 30 мянган иргэд цуглан буухиа бамбарыг авчрах тамирчныг тэсэн ядан хүлээсээр.

Удалгүй барьсан бамбараа өндөрт өргөн гүйж яваа хүн харагдаж эхэллээ. Хүн болгон л баярлан бамбартай гүйж байгаа хүнтэй ойртох гэж, түүнийг урамшуулах үг хэлэх гэж урагшаа зүтгэж эхлэх үед цагдаа нар үзэгчдийг арагш нь шахаж эмх журамд оруулав. Хамаг юмыг яг таг бэлдчихсэн байхад замбараагүй олноос болж юу ч болоо билээ. Дахиад олон хүний өмнө, ТВ-ийн өмнө бамбараа унтрааж гутамшиг болж яасан ч болохгүй.

Бамбар барьсан хүн маань баяр баясгалантайгаар гүйсээр тусгай зассан индэрт гарч хотын даргад бамбараа өгөхөд  хотын дарга ч аваад, бэлдсэн сайхан урам зориг дүүрэн үгээ хэлж эхэллээ. Олон түмэн ч “дуртайяа” сонсож байх үед бамбар авчирсан хүн маань нэг мэдэхэд алга болсон ба бодвол цугласан олны дунд ууссан бололтой.

Харин албан ёсоор энэ буухиаг зохион байгуулж, нэг ёсондоо бамбар буухиалах явдлыг хар толгойгоороо хариуцсан, бүх л зүйлийг бэлдсэн Маркус Марсден гээч хүн маань бамбар ирэх үеэс эхлэн нэг л байж ядсан байдалтай болсон байна. Төлөвлөгөөгөөр бол уг бамбарыг алдартай тамирчин Гарри Диллон барьж гүйж ирэх ёстой атал огт харж үзээгүй нэг нөхөр түүний оронд гүйж ирсэн ба бас тэр танихгүй хүн нь ийм нөхцөлд хачин гэмээр энгийн хувцастай байдаг. Сэжиг ажиг төрсөн зохион байгуулагч маань хотын дарга бамбараа барин үг хэлж байх үед нь ойртон очиж бамбарыг харвал  жирийн нэг модон ширээний хөл дээр консервын лааз тогтоогоод дотор нь баахан керосин болон бусад шатах бодис шингээсэн даавууг асаасан бамбар байсан бөгөөд Олимпийн бэлэг тэмдэг гэхээсээ илүү хуучирч муудсан, бохир заваан дотуур хувцас шатаах газрын л бамбар баймаар мэт эд байлаа. Нээрээ ч уг бамбарыг дотуур хувцсаар хийсэн байсан нь дараа нь тодорхой болсон билээ. Аятайхнаар, соёлтойгоор  дотуур хувцас гэж хэлж байгаа юм шүү. 

Одоо яах вэ? Хотын дарга, Сидней хот, бүх Австрали улс шившиг болох нь... Юу ч гэсэн Маркус зохион байгуулагч маань байдал ямар байгааг хотын даргыг гоё сайхан үгээ хэлж байх хооронд нь чихэнд нь шивнэж амжлаа.

Хотын дарга яахав... жигтэйхэн сайхан ярьж байснаа хэсэг хугацаанд таг чиг болж нүд нь ийш тийш гүйгээд л... Гэхдээ энэ нөхөр хоосонгүй эр байсан тул удаан алмайралгүйгээр “за одоо нөхдөө тайвширцгаа, энэ бол ердөө л бэлтгэл байлаа. Зарим нэг нөхдүүд иймэрхүү зүйлээр тоглоом наадам хийх нь зугаатай зүйл гэж бодсон бололтой. (бамбарыг хэлж байна). Надад ч гэсэн зугаатай санагдлаа” гээд булай болох дөхсөнийгөө нэг аргаллаа. Удалгүй алсаас жинхэн тамирчин маань жинхэнэ бамбараа барьсаар хотод орж ирсэн бөгөөд энэ удаа бүх л зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж бамбар маань дараагийн эзэндээ шилжиж алсын замдаа гарчээ.

Харин тэр эхний бамбарыг хэн ямар зорилгоор авчрав аа?

Тэр бол Барри Ларкин хэмээх Сиднейн их сургуулийн оюутан байсан бөгөөд бусад найз нөхөдтэйгөө нийлэн ийм зоригтой  гэмээр төлөвлөгөө боловсоруулсан байна. Зорилго нь олимпийн буухиа бамбар бол Гитлерийн Германд болсон олимпоос үүдэлтэй учир түүнийг эсэргүүцэж ийм юм хийсэн гэнэ. Нэгэнт болиулж чадахгүй учир энэ заншлыг гутааж, олны инээдэм наадам болгох гэсэн юм байх. Магадгүй дүрсгүйтэж тоглож баригдаад эвгүйдэх дээрээ тулахаар нөгөө нохойд барьдаг мод болсон Гитлерийн ард орж арьсаа хамгаалсан ч юм билүү хэн мэдлээ.

Шалгалтын явцад тодорсноор бол хуйвалдагч хэсэг залуучууд маань хэдэн өдрийн турш буухиан дундуур яаж шургалан орох арга замаа ярилцаж ямар нөхцөлд хэн тэрхүү хулхи бамбарыг жинхэнэ бамбараар солих тухайд их маргаж байгаад байдлыг харж боломжтой нөхцөл үүссэн үед төлөвлөсөн зүйлээ эхлүүлэхээр шийджээ.

Тэдний энэ тоглоом олимпийн бурханд таалагдсан юм шиг бүх л зүйл нь тааламжтай сайхан таарч байна гэж. Бамбар барин ирэх ёстой уулын цаначин Диллон нь Сиднейд ирэх хугацаанаасаа нэлээд хоцорч байсан тул нөгөө залуучууд цугласан олны дунд энд тэнд худлаа цуу тарааж олны анхаарлыг өөр тийш татаж байгаад цагаан богино спортын өмд, цамц өмсөж бэлдсэн залуудаа бамбараа өгөөд гаргах гэтэл өнөөх нь гэнэт хулчийж бамбарыг нь хаячихаад зугтаад алга боллоо. Сайхан зугаа наадам бүтэлгүйтэх нь үү гэтэл зоригт Барри гарч ирэн  бамбарыг аван гүйж эхэлсэн бөгөөд тэрээр урт ханцуйт цагаан цамц, саарал өмд, хар өнгийн гуталтай  байсныг хэлэх хэрэгтэй байх. Энэ ер бусын “спортын” хувцастай нөхрийг хараад олон түмэн гайхаж эхэлсэн боловч хаа нэгтэйгээс олимпийн бамбар ирлээ, та минь ээ... Түүхэн үйл явдал... go go Australia... гэж хэд хашхираад л олон түмний баяр наадмын сэтгэл санааг сэргээж, гайхаж үл ойлгосон байдал ч алга болжээ.

Энэ бүх явдлын дараа Барри өөрийн сургуульдаа ёстой л баатар болсон бөгөөд бүр захирал нь хүртэл баяр хүргэж гар барьж байсан гэх.  Олимпийн ариун бамбар хэдхэн минут ч гэсэн бохир дотуур хувцсаар солигдсон түүх ийм билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]