Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халхын голын дайны шийдвэрлэх тулалдаан "Баянцагаан"Уншсан3,827

9 дүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ.

Халхын голын дайны хамгийн чухал тулалдаан, дайны ялагчийг тодруулсан үйл явдал бол Баянцагааны тулалдаан юм. Квантуны арми Монгол Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор довтолгооны бэлтгэлийг эрчимтэй хийж эхлэн 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлав. Квантуны армийн штаб 6 дугаар сарын 19-ний өдөр гэхэд байлдааны ажиллагааны төлөвлөгөө боловсруулж дуусгасан бөгөөд дэслэгч генерал Ясуокагаар удирдуулсан бүлэглэлийг байгуулжээ.

Дээрх төлөвлөгөөний дагуу хошууч генерал Кобаяшийн бүлэглэл Монгол, Зөвлөлтийн цэргийн хориглолтын зүүн жигүүрээр тойрон Халхын голыг гаталж Баянцагааны нурууг эзлэн цаашид фронтын төв хэсгээр давших, генерал Якуосагийн бүлэглэлтэй харилцан ажиллах, улмаар Халхын голын зүүн эрэгт байгаа манай цэргийг бүслэн авч устгах зорилт тавьж байв. Японы тал энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Халхын голын районд 3 явган ба 1 морьт хорооноос бүрдсэн 23 дугаар дивиз, 7 дугаар явган дивизийн хоёр хороо, 3, 4 дүгээр танкийн хороо, Хянганы морьт дивизийн Баргын 3 морьт хороо, их бууны 1 дүгээр тусгай хороо болон 7 дугаар хүнд их бууны хороо, зенитийн их бууны хоёр дивизион болон хэд хэдэн танк эсэргүүцэх батарей бүхий 38 000 хүнтэй хүчийг дэлгэжээ.

Эл бүлэглэлийг дэмжих, халхлах үүргийг дэслэгч генерал Гигагийн командалсан 2 дугаар агаарын дивиз хүлээжээ. Японы цэргийн гол цохилтын бүлэглэл 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Халхын голыг хөвдөг гүүрээр гаталж эхэлсэн байна. Өглөөний 10 цаг гэхэд тус бүлэглэлийн гол хүч голын баруун эрэгт гарч амжжээ. Голын баруун эрэгт гарсан япончууд Баянцагааны нурууг эзлэхээр батальон орчим хүчийг тэргүүний отрядад илгээв. Энэ үед МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороо Баянцагаанаар дамжин голын гарам руу явж байгаад дайсны галд гэнэт өртөж гэдрэг ухарсан байна. Японы тэргүүний отряд Баянцагааны баруун хойд талд бэхжиж, өөрийн бүлэглэлийн гол хүчийг гол гаталж Баянцагаан руу гарах ажиллагааг хангаж эхэлжээ.

Голын гармыг хамгаалахаар ирсэн МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн хуягт дивизион 15 дугаар морьт хорооны хамт дайсантай байлдаж эхэлсэн боловч Японы нисэх онгоц тэднийг хүчтэй бөмбөгдөж байлдааны талбарт хэсэгчлэн бутаргасны улмаас зохион байгуулалттай сөрөг дайралт хийх бололцоо олдсонгүй. Энэ байдлын улмаас дээрх ангиуд Улаан армийн ангиудыг иртэл дайсанд нөлөө үзүүлж чадаагүй байна. Япончууд Баянцагааны нуруунд 71 болон 72 дугаар явган хороо, нэг морьт хороо, танк эсэргүүцэх их бууны 17 батарей, 75 мм-ийн их бууны 10 батарей гаргасан байна. Японы цэрэг Халхын голыг гаталж Баянцагааны нуруунд гарч ирснийг манай командлал 3-ны өдөр мэдсэн байна. Энэ өдрийн өглөө МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз руу очихоор явж байсан МАХЦ-ийн сургагч ахмад И.М.Афонин Баянцагааны нурууг Японы цэрэг эзлэн авч байгааг мэдмэгц тэр даруй Хамар даваан дахь командын байранд буцан ирж энэ тухай мэдэгджээ.

Эл мэдээг хүлээн авсан Г.К.Жуков тулгарсан аюулыг бодитоор үнэлж, Баянцагааны нуруунд дайсныг яаралтай барьж зогсоох, өөрийн нөөц хүчээр Японы цэргийг гурван талаас нь бүслэн устгах шийдвэр гаргасан байна. Тэрээр ЗХУ-ын 11 дүгээр танкийн бригад, 7 дугаар хуягт бригад, 24 дүгээр мотобуудлагын хороог Баянцагааны чиглэлд нэн даруй давшиж, эдгээр хүчийг иртэл дайсныг барьж байх үүргийг 175 болон 185 дугаар их бууны хороонд өгөв. Мөн бөмбөгдөгч онгоцны бүх эскадрилийг нисгэж дайсны байрлалыг бөмбөгдөх тушаал өгчээ. Бригад командлан захирагч М.П.Яковлевийн командалсан 11 дүгээр танкийн бригадын тэргүүний батальон Баянцагаанд ирэнгүүт МАХЦ-ийн 8 дугаар морьт дивизийн хуягтын дивизионтой хамтарч дайсанд анхны цохилт өгсөн байна. Дайсан энэ дайралтыг их бууны ширүүн галаар угтсан бөгөөд Монгол, Зөвлөлтийн хуягт танкийн ангиуд өөдөөс нь ирж явааг мэдээд Баянцагааны нуруунд хориглолтод шилжив.

Өдрийн 11 цагийн үед 11 дүгээр танкийн бригадын гол хүч байлдааны талбарт хүрэлцэн ирж явган цэргийг хүлээлгүй дангаараа дайралтад оржээ. Энэхүү танкийн шийдэмгий довтолгоон нь эгзэгтэй үед санаачлагыг манай талд авах бололцоог олгосон ч нөгөө талаараа өндөр эрсдэлтэй шийдвэр байлаа. Удалгүй хошууч И.И.Федюнинскийн командалсан Зөвлөлтийн 24 дүгээр мотобуудлагын хороо, хошууч А.Л.Лесовойн командалсан 7 дугаар мотохуягт бригад ирж дайсны баруун хойд, өмнөд талаас нь давшиж эхлэв. Оройн 19 цагийн үед МАХЦ-ийн 6, 8 дугаар морьт дивизийн хуягт дивизионууд дээрх нэгтгэл, ангиудын хамт дайсны гурван талаас нь дайралт хийв. Байлдаан шөнөжин үргэлжилсэн боловч ямар нэг өөрчлөлт гарсангүй.

Японы 23 дугаар дивизийн командлагч, генерал Комацубара 7 дугаар сарын 3-ны өдөр Квантуны армийн штабын орлогч Яногийн хамт Халхын голын баруун эрэгт гарч ирсэн байна. Голын баруун эрэг дэх байлдааны ажиллагааг удирдахаар ирсэн тэрээр "гэнэтийн ширүүн атакаар бүслэн авч устгах" төлөвлөсөн зорилтыг биелүүлэх боломжгүй болсныг ойлгожээ. Иймд голын баруун эрэг дэх өөрийн цэргийг бүрмөсөн бут цохигдохоос өмнө яаралтай буцаж голын зүүн эрэгт гарах тушаал гаргажээ. Японы цэрэг 4-ний өглөө 3 цагийн турш их бууны галын бэлтгэл хийсний эцэст сөрөг дайралт хийв. Мөн агаараас цохилт өгөхийг оролдсон байна. Манай цэрэг дайсны энэ дайралтыг няцаан байлдаж орой нь сөрөг давшилтад оров. Япончууд Баянцагааны нуруунд 5 км өргөн, 2 км гүн хориглолтын зурваст бүх хүчээрээ эсэгүүцэж байлдаан шөнөжин үргэлжилжээ.

Япончууд их буугаа ашиглан манай танк, хуягтын эсрэг байлдахын зэрэгцээ гранат, шилтэй шатахуунаар зэвсэглэсэн ”никухаку” буюу “үхлийн отряд”-ын цэргийг ашиглаж байв. Тэд танкийг ойртуулан гранатаар устгах буюу танкан доогуур орж өөртэйгээ хамт дэлбэлж байв. Японы тал Комацубарагийн тушаалаар 4-ний өдрөөс эхлэн ангиудаа ухрааж эхэлсэн байна. Энэ үед манай цэргийн давших ажиллагаа улам эрчимжиж дайсан ч их хохирол хүлээж байв. Япончууд өөрсдийн цэргийн ухралтыг халхалж улангасан эсэргүүцсэн байна. Монгол, Зөвлөлтийн цэрэг 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө дайсанд шийдвэртэй цохилт өгч, Японы үлдэгдэл цэргүүд Халхын голын дээгүүр тавьсан гүүрээрээ голын зүүн эрэгт гарсан байна.

Япончууд их хохирол үзсэн 26 явган хороогоо хамгийн сүүлд 7 дугаар сарын 5-ны өглөө гатлуулан гүүрийг дэлбэлжээ. Баянцагааны тулалдаан нь Японы талаас Халхын голыг гатлан давших гэсэн эхний бөгөөд эцсийн оролдлого байсан бөгөөд дахин голын баруун эрэгт гарах гэж зүрхлээгүй юм. Халхын голын баруун эрэгт гарсан Японы 8000 гаруй цэрэг алагдаж, шархадсан бөгөөд уг тулалдаан нь төрөл бүрийн цэргийг их хэмжээгээр бөөгнөрүүлэн оролцуулсан ширүүн тулалдаан болсон юм. Гурван өдрийн ширүүн тулалдаанд дайсан бараг бүх танк, их буу, зэвсэглэлээ алдаж ухран, Халх голын цаана хөөгдөн гарсан юм.

Баянцагааны тулалдаанаас хойш япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж, 7-р сарын 23-наас 8-р сарын 4 хүртэл 116 нисэх онгоцоо алдсан юм. 8 дугаар сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. Мөн сарын эхээр генерал Огису Риплогийн удирдсан Японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. Харин 182 танк, 350 онгоц дайчилжээ.

Гурван өдрийн дараа Монгол-Зөвлөлтийн цэргүүд Японы давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагын дивиз, танкийн 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 4 дүгээр морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. Тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Жуков удирджээ.

8 дугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсний дараа давшилт хийжээ. 8 дугаар сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8 дугаар сарын 28-нд дайсныг бут цохижээ. 8 дугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдлөө.

9 дүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал Халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол Улсаас хүссэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]