Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Уйлах гээд байдаг юм аа”Уншсан27,662

Монголын кино урлагийн түүхийн хугацаанд олон кинонд чадварлагаар дүр бүтээн, үзэгч бидний сэтгэлд тодхон үлдсэн жүжигчин бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ард түмний гавьяат хэмээгдэх Чойн Хүрэл юм.

Монголын кино урлагийн түүхийн хугацаанд олон кинонд чадварлагаар дүр бүтээн, үзэгч бидний сэтгэлд тодхон үлдсэн жүжигчин бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ард түмний гавьяат хэмээгдэх Чойн Хүрэл юм. Энэхүү эрхэм хүний тухай гэгээн дурсамжийг уншигч та бүхэндээ зориулж байна.

“Айлын ууган хүү хэрнээ жигтэйхэн эрх шүү дээ

Сүхбаатар аймгийн уугуул тэрбээр 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орсноор мэргэжлийн жүжигчин болох зам нь эхэлжээ. Тэрбээр дунд сургуульд байхаасаа л урлагийн тоглолтод оролцож, хөгжим тоглож, шүлэг уншиж явдаг хүү байж. Ч.Хүрэл агсан арван хүүхэдтэй айлын ууган нь. “Айлын ууган хүү хэрнээ аав, ээж, дүү нартаа жигтэйхэн эрх шүү дээ, манай хүн” хэмээн гавьяат жүжигчин Г.Равдан гуайн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тавдугаар сургуулийн хажууханд байх гэрт нь Г.Равдан гуай хааяа орж гардаг байсан аж.

Харин жүжигчин Ч.Хүрэл агсан гурван хүүхэдтэй. Түүний гэргийг Л.Эрдэнэчимэг гэдэг бөгөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ёочин тоглодог байжээ. Түүний бага хүү Х.Түвшин “Аав их олон хүнтэй нөхөрлөдөг байсан даа. Хүн болгон л сайн хүн, сайн жүжигчин гэдэг. Найз нөхдийг нь дутуу орхивол муухай юм болов уу гэж бодож байна. Миний санаж байгаагаар Г.Равдан гуай их найз байсан” хэмээсэн нь бий.

“Хүрлээ зүрхээрээ ярьдаг хүн”

"Өвөлжих хун" кино нь зохиолч Ч.Гомбо, найруулагч Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж, жүжигчин Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид нарын анхны уран бүтээл билээ. Анхных гэсэн бэлгэдлийн учгаар дэлгэцнээ гаргахдаа "Анхны алхам" нэртэй болов. Түүнийг хоёрдугаар курсийн оюутан байхад Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн олж харж, ангийнх нь охин Б.Цэцэгбалжидын хамт “Анхны алхам” кинондоо тоглуулжээ. Багшийн дээдийн кино драмын ангид 1967-1971 онд суралцан төгссөн нэг ангийнхан дундаасаа Ч.Хүрэл авьяасаараа ялгардаг байж.

Үг дуу цөөнтэй Болдын дүрийг харц, хөдөлгөөн, үйлдлээрээ гайхалтай гаргаж, гялалзсан авьяастай болохоо харуулсан түүний тоглосон анхны кино нь “Анхны алхам” юм. Камерийн өмнө дүр бүтээж эхэлсэн энэ л мөч түүнийг Монголын кино урлагийн түүхэнд үлдээсэн олон сайхан дүрүүдийн эхлэл байжээ.

Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Анхны алхам” 1969 онд хийгдсэн кино л доо. Энэ киноны гол дүр болох Мядаг, Болд хоёрт тоглох хүнийг би нэлээн олон залуучуудаас проб хийж байгаад Д.Цэцэгбалжид, Ч.Хүрэл хоёрыг сонгосон юм. Ч.Хүрэл нэг тийм өндөр, хөөрхөн бор хүү байсан. Их хөөрхөн, амьд нүдтэй, дуугүй нөхөр байсан юм. Эргээд бодоход оюун сэтгэлгээний жүжигчин байж. Кинонуудыг нь хараарай арзганасан, гүйсэн, давхисан, хашхирсан тийм характер байхгүй шүү дээ. Тэгсэн мөртөө өөр өөр Хүрлээг гаргадаг. Өөр өөр дотоод ертөнцтэй, гадна талтай дүрүүд байгаа байхгүй юу. Би тэр “Эх Бүрдийн домог” киног хийхэд Хүрлээг огт дуугардаггүй дүрд авсан шүү дээ. Ер нь бол үнэхээр сайн тоглосон шүү” гэжээ.

                                                                                                  Зургийн тайлбар: "Эх бүрдийн домог"  Догшин харын дүр

Ч.Хүрэл агсны хүү Х.Түвшин аавынхаа тухай “Өөрийнх нь сэтгэлд хоногшсон кино нь хамгийн анхных нь болох “Анхны алхам” болов уу гэж боддог. Хоёрдугаар курсийн оюутан хүн киноны гол дүрд тоглоно гэдэг их хүнд асуудал л даа.  Аав ажлаа хийхийн тулд бүх анхаарлаа кинондоо зориулж байгаа нь анзаарагддаг байсан. Ямар ч илүү дутуу үйлдэл, хөдөлгөөн байхгүй. Өглөө эрт босно. Тэгээд хувцсаа өмсчхөөд зургийн талбай дээрээ зогсож байдагсан. Нуруугаа үрчхээд л. Тэгээд л хүмүүсийн ирэхийг хүлээгээд л. Тэр хоорондоо текстээ бэлддэг байсан болов уу. Ганга нуурын эрэг дээр натур байрлаж байсан үе. Нууруугаа үүрээд л нуур руу хараад зогсож байдаг байсан даа” хэмээжээ.

СТА, жүжигчин С.Балданпүрэв “Хүрлээгийн тухай ярихлаар надад нэг их юм бодогддог юм. Яг тэр үед ч би тэгж бодож байгаагүй л дээ. Яах вэ, томилолт аваад явчихсанаас нь хойш хамт тоглож байсан киногоо энд тэндээс үзэж байлаа. Тэр дундаа Хүрлээтэй би өрсөх рольд тоглож байсан. Аминдаа нэг хүүхэн л эргүүлээд байгаа юм. Би чинь бас Хүрлээг бодвол техник хэрэгсэл, трактортай, тэр хүүхнийг эргүүлэх зав чөлөөтэй, хэлэх үгтэй дүрд тоглосон. Гэтэл киноны гол дүр мөртлөө Хүрлээд дуугарч байгаа үг цөөн. Тэгэхэд тэр охинд дурласан сэтгэл киноны турш харагддаг юм. Хүн чинь нүдээрээ ярьдаг. Хүрлээ зүрхээрээ ярьдаг хүн байсан” гэсэн байдаг.

       

Фэйсбүүкээс авав

Ч.Хүрэл агсан сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрын жүжигчин болжээ. Тэрбээр энэ театрын тайзнаа 10 гаруй жүжигт тоглосон гэдэг. Аливаа найруулагчийн заавраар биш, өөрийнхөө бодож боловсруулснаар амьд тоглолт харуулдаг байсан нь түүний авьяастайн илрэл. Өөрөө сайн тоглохын зэрэгцээ хамтран тоглогчоо “аваад явчихдаг” байснаар нь бахархах хүн олон.

“Уйлах гээд байдаг юм аа”

Тэрбээр мөн 1981 онд үзэгчдийн хүртээл болсон “Гэрлэж амжаагүй явна” кинонд уурхайн инженер Гансүхийн дүрийг бүтээсэн билээ. Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” кинондоо их сайхан биетэй, хаанаасаа ч сайхан харагддаг болохоор нь яам руу орж байгаа, хонгилоор явж байгаа дүрсүүдийг биеийг нь бүтнээр нь оруулж авсан гэлцдэг. Жүжигчин Ч.Хүрэл их өндөр, том биетэй хүн байж. Тэрбээр өөрийнхөө хуучны жүжигчидтэй хамтарч ажилласан Монгол кинонуудаа үздэггүй байсан тухай дурсамж бий. Нэг удаа хүү нь асуухад “Уйлах гээд байдаг юм аа” л хэмээж.

Тус кинонд хамтран тоглосон МУГЖ Н.Батцэцэг “Гэрлэж амжаагүй явна” киноны төгсгөлийн хэсгийн зургийг хамгийн эхэнд нь авахуулсан юм. Нэлээн тоглолттой тийм хэсэг байсан. Тэгэхэд Хүрлээ ахын одоо өөдөөс нь хараад тоглолтыг хийхэд их балмагтаж байлаа. Уг хүн бол их сайхан зантай, хүнд их түшигтэй, өөрийнхөө хийж байгаа юмыг жин тан хийчихдэг жүжигчин байсан юм шүү дээ. Сэтгэл догдлом, хамгийн бэрх тоглолтуудыг үзүүлж чадсан жүжигчин. Ер нь дэлгэцэд энэ байна аа гээд үзүүлээд, харуулахаар биш, хүнд харагддаггүй хэрнээ харуулах ёстой тийм тоглолтууд гэж байдаг. Үүнийг их сайхан үзүүлж, Монголын киноны баялаг санг чимж чадсан хүн дээ” гэв.

Түүний тоглосон дүрүүдээс “Тэмцэл” киноны дүрийг онцлохгүй байхын аргагүй. 

 “Би үргэлж таныг боддог байсан, Одоо ч гэсэн. Гэхдээ одоо өнгөрлөө. Дахиж тантай уулзаж чадахгүй нь гэж бодох юм”

Зургийн тайлбар: "Тэмцэл" киноны хэсгээс

Энэхүү хэсгийг Монгол кино шимтэн үздэг уншигчид маань санах байх. Энэ бол Ч.Хүрэл агсны тоглосон “Тэмцэл” киноны диалог. Тэрбээр байгаа байдлаараа бусдаасаа аргагүй ялгарна.

Кинонд хамтран тоглосон МУГЖ Ш.Цэцэг "Тэмцэл" кинонд бид хоёр тоглож байлаа. Жигжид гуай надаас “чи энэ залуучуудын алинд нь дурламаар байна” гэж асуусан. Тэгээд би Хүрлээ дээ л дурламаар байна гэж хэлээд хамт тоглож байсан юм. Сайхан тоглосон. Энэ хэрийн авьяастай жүжигчин болохоор хамтран тоглож байгаа жүжигчнээ өөрийн эрхгүй хөтөлчихдөг. Харц, хэлж байгаа үг нь сэтгэлээсээ их сайхан гардаг. Хөдөлж байгаа хөдөлгөөн яг зохицдог. Ямарваа нэгэн зүйлээс нөгөө зүйлд шилжихдээ үнэн байдаг. Хоосон хөдөлгөөн, нүдний харц ерөөсөө гаргадаггүй. Өндөр сайхан биетэй, сайхан жүжигчин байлаа. Одоо байсан бол Хүрлээ аль хэдийн нэг гавьяат жүжигчин болчихсон. Харамсалтай нь арай эрт явчихлаа” гэжээ.

Түүний Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, “шигтгээ” мэт сайхан дүрүүдийг үнэлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байдаг. Тэрбээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг "Соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэг байхад нь авсан” гэдэг байж.

Түүний хүү “Аавын маань бурхан болтлоо урлагт өнгөрүүлсэн он жилүүд, хийсэн уран бүтээл, олж авсан нэр төр нь ямар хүн бэ гэдгийг тодорхойлох болов уу. Гавьяат жүжигчин болсон болоогүй ард түмэнд дуурсагдаж байгаа нь  аавын минь гавьяа шагнал гэж боддог оо” гэжээ. Түүний найз, МУГЖ Н.Нэргүйбаатар “Тэр хүн бол ерөөсөө хийх ёстой ажлаа л хийж чаддаг. Дүр оноосон л бол яаж хийх вэ гэдгээ өөрөө бодчихдог. Асар авьяастай. Найз нөхөр байсныхаа хувьд хэлэхэд манайхаар их очдог байлаа” гэсэн нь бий. 

         

Зургийн тайлбар: "Мандах нарны туяа" киноны хэсгээс

Ч.Хүрэл агсан “Хүн хорвоод амралтаа авах гэж л ирдэг юм. Хүн хорвоод уйлж ирээд хожим буцахдаа уйлуулж буцдаг юм. Үхэл бид хоёр өөд өөдөөсөө асар хурдтай явж байгаа учраас ажлаа амжуулж хийж байх хэрэгтэй” хэмээн захидаг байж.

Хийх ёстой ажлаа л хийж чаддаг, урсгал ус шиг дөлгөөн хүн байсныг түүнийг дуурсах эрхмүүдийн ярианаас анзаарч болно. 55 настайдаа хорвоог орхисон ч ард түмний сэтгэлд бүтээсэн дүрүүдээрээ мөнхөрсөн их авьяастан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]