Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дурлалаасаа болж 25 жил эхдээ шийтгүүлсэн ньУншсан15,797

Урлагийн факультетийн эрхлэгчийн албыг хашиж явсан эцэг Эмиле нь 1879 онд нас барахдаа гэр бүлдээ овоо их хөрөнгийг, том саруулхан байшингийн хамт үлдээжээ.

Орчуулсан Б.Нямдолгор


Францын баруун хэсгийн Пойтерс хотод сайн үйлс, өгөөмөр сэтгэлээрээ нэрд гарсан бэлэвсэн эмэгтэй Луйс Моннье өөрийн гэр бүлээ чанга гараар удирддаг нэгэн байв. Тэр хүү охин хоёртой. Хуулийн мэргэжлээр сурч төгссөн хүү Марсел нь бэлэвсэрч хоцорсон эхийнхээ үгнээс зөрнө гэж үгүй.

Харин охин нь болох Бланш бүсгүй гоо үзэсгэлэн, сэтгэл булаам төрх, цовоо цолгиун сайхан аашаараа олон хүнийг, ялангуяа залуусын анхаарлыг соронз мэт татна. Харамсалтай нь үзэсгэлэн төгс Бланш Монньегийн амьдрал эмгэнэлтэйгээр дууссан юм. 

Урлагийн факультетийн эрхлэгчийн албыг хашиж явсан эцэг Эмиле нь 1879 онд нас барахдаа гэр бүлдээ овоо их хөрөнгийг, том саруулхан байшингийн хамт үлдээжээ.

Эх Моннье охиныхоо гэрлэлтийн асуудалд тун ч нухацтай ханддаг байв. Өсвөр насны охин байхаасаа л олон залуусын анхаарлыг татаж хайрын захианд дарагдах болсон Бланшийг эх нь хөрөнгө чинээтэй хүнтэй л  гэрлүүлэхийг хүснэ.

25 нас хүрсэн жилээ Бланш өөрөөсөө нэлээн хэд ах хуульч мэргэжилтэй, боловсролоос өөр хөрөнгө чинээ гэхээр зүйлгүй залууд сэтгэл алдарсан ч ээж нь тэдний харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэсэндээ үерхэж байгаагаа хэлэхгүй нуусаар байв. Гэсэн ч хот даяар Бланшийг хүнтэй үерхэж байгаа, тэр байтугай бүр бие давхар болсон гэсэн цуу яриа тарж, үүнийг олж сонссон эх нь орлого гэх юмгүй ядуу хуульчтай дахин уулзахыг хоригложээ. Эхэндээ эх нь тэр хүнтэйгээ уулзахаа боль гэж  зөөлнөөр шаардаж байсан ч Бланш үгэнд нь орохгүй гэрээсээ нууцаар явж хайртай хүнтэйгээ уулздаг байв. Үүнийг мэдсэн эх нь хүүтэйгээ нийлж нэг шөнө Бланшийг дээврийн өрөөнд түгжжээ. Хуульч залуугаас бүрмөсөн салж, баян чинээлэг хүнтэй суухгүй л бол өрөөнөөс гаргахгүй гэсэн шаардлагыг эх тавив. Луйс охиноо нэг их удалгүй бууж өгөн өөрийнх нь үгээр байна гэж бодож байсан ч хэзээ ч тийм зүйл болсонгүй. Бланш хайраа чин үнэнчээр нотолсон билээ.

Луйс Моннье охиноо хэнд ч харуулахгүйн тулд өрөөнийх нь цонхоор нарны тусгал орохгүй болгон банз хадаж, түгжиж орхисноор Бланш өөрийн гэр бүл, үйлчлэгч нартайгаа уулзалдаж чадахаа болин гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдав. Эх нь түүнийг өрөөнөөсөө гарч ариун цэвэр сахихыг нь ч зөвшөөрөөгүй тул Бланш 25 жилийн турш хоолоо орондоо идэж, тэр бүү хэл өрөөндөө хүнд, хөнгөнөөр бие засдаг байжээ. Найз нөхөд, хамаатан садангуудынхаа асуултад хэрцгий эх Бланш охиноо Англид суралцаж байгаа, мөддөө эргэж ирэхгүй гэж амыг нь тагладаг байж. Улмаар нэг худлыг ахин нэг худлаар дэмнэдэгийн үлгэрээр эх нь Бланшийг Шотландад өөрийнхөөрөө амьдарч байгаа, Франц дахь хамаатнуудтайгаа харилцах нь багассан гэх зэргээр улам л ихээр худал хэлэх болсон байдаг.

Бланшийг илрүүлэв

Энэ бүх явдлаас 25 жилийн дараа буюу 1901 оны 3-р сарын 23-ны өдөр Парисын ерөнхий шүүгчийн нэр дээр нэр нь үл мэдэгдэх хүнээс хачирхалтай захидал ирсэн байдаг. Захианд Парисын нэр хүндтэй нэгэн айл ямар нэгэн зүйлийг нууж байгаа тухай бичсэн байв. Өнөөг хүртэл энэ захидлыг хэн илгээсэн нь тодорхойгүй байдаг хэдий ч Бланшийн гэр бүлд ажиллаж байсан үйлчлэгч нарынх нь нэг бичсэн болов уу гэсэн таамаглал байдаг юм.

"Эрхэм хүндэт Ерөнхий шүүгч ээ

Тун ер бусын ноцтой хэрэг явдлын талаар таны сонорт хүргэж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг.  Нөхөрт гараагүй хөгшин эмэгтэй, хатагтай Бланш гэртээ хагас өлсгөлөн байдалтайгаар сүүлийн 25 жил  өмхий хогоор гол зогоон, түгжээтэй хоригдож байгаа талаар танд дуулгах гэсэн юм."

Монньегийн гэр бүл тухайн цаг үедээ Парисын нийгмийн нэлээдгүй өндөр түвшний айл байсан тул цагдаагийнхан ирсэн захидлын мөрөөр явах дуртай биш байсан ч Монньегийн эдлэнд мөрдөн байцаалт хийхээр явцгаасан. Хальт харахад эдлэн “цэвэр” харагдаж байсан ч өрөөнүүдийнх нь нэгнээс ялзарсан үнэр гарч байгааг мөрдөн байцаагчид анзаарснаар энэ хэргийн зангилаа тайлагджээ. Мөрдөн байцаагчид зэвэрсэн цоожийг олж хараад энэ өрөө олон жилийн турш түгжээтэй байгаа гэдгийг төвөггүй ойлгожээ. Дангинатал цоожилсон цоожийг эвдлэн ороод мөрдөн байцаагчид нүдэндээ ч итгэмгүй зүйлийг олж харав. Тухайн үед олж харсан зүйлээ тайлан болгон ингэж бичжээ.

"Өмхий үнэртэй матрас дээр чармай нүцгэн хэвтэх энэ эмэгтэй шим тэжээлийн архаг дутагдалтай болсон харагдлаа. Эргэн тойронд нь хаа сайгүй хүний өтгөн, хоолны үлдэгдэл. Хатагтай Монньегийн орон дээр бясаа гүйлдэж байгааг бид бас харсан. Өрөөн дэх агаар хүн тэвчихийн аргагүй муухай үнэртэй байсан болохоор бид мөрдөн байцаах ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн."

Мөрдөн байцаагчдыг харанхуй өрөөний цонхноос хаалтыг авахад л Бланш 25 жилийн дараа нарны гэрлийг дахин үзжээ. Бүсгүй 25 жилийн туршид хүлээтэй байсан, маш бага хэмжээний хоолоор гол зогоож ирсэн гэдгээ мөрдөгчдөд хэлсэн байдаг. Яс арьс болтлоо турж, дөнгөж 25 кг жинтэй болсон байсан Бланш өөрөө хөл дээрээ зогсож чадахгүй байсан гэдэг. Эмнэлэг рүү хүргэгдэн явж байхдаа тэрээр цэвэр агаар амьсгалах яасан гайхамшигтай юм бэ гэж хэлж байжээ. Эмч нар бүсгүйг үзээд ийм бохир заваан орчинд ямар ч хөдөлгөөнгүй байж яаж амьд үлдэж чадсаныг нь л хэмжээлшгүй ихээр гайхаж байсан ажээ.

Ял оноов

Монньегийн гэр бүлийн бузар хэрэг олон нийтэд ил болсноор тэдний гэр бүлийн бүх гишүүдийг байцаах ажил эхэлж, бөөн хэрэг мандсан байдаг. Төрсөн охиндоо хүний ёсноос гажууд, туйлын харгис хэрцгий хандсан Луйс Монньег баривчлан шоронд хорьж 15 жилийн хорих ял оноосон байдаг ч хэрцгий эх ердөө 15-хан өдрийн дараа шоронд нас барсан. Зүрхний өвчнөөс болж нас барсан гэж өвчний түүх дээр нь тэмдэглэсэн байдаг ч түүнийг эм ууж өөрийгөө  хөнөөсөн гэж үзэх хүмүүс олон байдаг юм. Бланшийн ах Марсел Моннье болсон бүх зүйлд ээжийгээ буруутган өөрийгөө хамгаалахыг хичээж байсан ч дүүдээ байж боломгүй хэрцгийгээр хандсан, дүүгээ хорьсон гэсэн шалтгаанаар 15 сарын хорих ял авчээ. Гэсэн ч Марсел шүүхэд давж заалдан, эцэстээ цагаатгагджээ. Олон жилийн турш бие махбодь, сэтгэл санааны туйлын хүнд нөхцөлд тарчилж зовсон хөөрхий бүсгүй эрх чөлөөтэй болсоныхоо дараа ч амар тайван амьдраагүй юм. 25 жилийн турш хоригдсон тэрээр хүний өтгөнөөс таашаал авах эмгэг, бэлэг эртхэнээ бусдад харуулж таашаал авах эмгэгтэй болоод зогссонгүй шизофрени өвчнөөр шаналсан юм. Эдгээр бүх эмгэгүүдээс болж тэрээр 1913 онд нас барах хүртлээ сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байдаг юм.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]