Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Чи ядаж эр хүн байна, бидэнтэй хамжаа болооч"Уншсан29,461

Хүч гаргаад байгаа нь мэдэгдэхгүй хэр нь гараа авч нэг л болохгүй байсан

Алтан говийн анхны арслан, агуу хүчит бөх Гунгаагийн Намжилваанчиг нь 1906 оны морь жил Цэцэн хан аймгийн Боржигин цэцэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт малчин ард Гунгаагийн хүү болон төржээ. Г.Намжилваанчиг нь бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, хүрээний олон банди нартай нэгийгээ үзэж, нэхий дээлээ урагдтал барилдаж, барилдааны ур ухааныг тэндээс олж,бяр чадал сууж өссөн гэдэг.

Тэгээд ч түүнийг "Гандангийн бүрхэг" гэдэг болсон нь чухамхүү гандан хийдийн банди нартай барилдаж өссөн, тэндээс их бөхийнхөө гарааг эхэлж муруй захтай дээлтэйгээг наадмын талбайд ирж зодоглодог байсантай нь "Гандангийн" гэдэг онцлох нэр нь холбоотой ажээ. Харин " Бүрхэг" гэдэг нь түүний хараа муутай бүрхэг гэсэн үг биш бөгөөд харин ч Намжилваанчиг нь том хар нүдтэй хүн байсан гэдэг. Булган аймгийн Сайхан сумын харьяат даншигийн болон ардын засгийн наадмын заан цолтой Дэндэв гэж асар их хүчтэй, өрөөсөн нүд нь гялбаа учир "бүрхэг" гэсэн хочтой нэгэн алдарт бөх байсан бөгөөд хүмүүс их хүчтэй хүнийг түүнтэй зүйрлэн адилтгаж үзэж, ярьдаг байснаас үүдэн Г.Намжилваанчигийг "Гандангийн бүрхэг" гэж нэрлэжээ. Таны үеийн бөхчүүдээс хэн нь илүү хүч тэнхээтэй байв гэж Х.Дэлэг арслангаас асуухад "Би улсад түрүүлэх жилээ 96 кг жинтэй байсан юм. Бидний хэдэн бөхчүүд Туул голын захад амарч, сорилго хийж байхад Г.Намжилваанчиг арслан бидэнтэй цуг байсан юм.

Тэр нэг өдөр гурил элддэг хавтгай модон дээр нэг шуудай гурил хаяад Дэлэг чи энэн дээр суугаа ч гэлээ шүү. Би ч дээр нь завилаад суулаа. Гэтэл Намжилваанчиг завилан суугаад буруу гараа ташаандаа авч зөв гараараа миний дороос чүү гээд өргөсөн чинь толгой дээрээ гаргаад ирж байсан юм. Ийм хүчтэй бөхийг би үзээгүй" гэж хариулсан нь Г.Намжилванчигийн хүч тэнхээний тухай дээр өгүүлсэн бүхнийг давхар баталж байгаа хэрэг юм. Агуу хүчит Г.Намжилванчиг арслан анх 23 настай байхдаа 1929 оны наадамд 1000 орчим бөх барилдаж Архангайн босоо Банзар түрүүлдэг жил тэрээр долоо давж шууд улсын заан цол авсан байна.

Г.Намжилваанчинг нь 1930, 1931 оны их баяр наадамд барилдсан эсэх нь мэдэгдэхүй байгаа бөгөөд харин 1932 онд 1004 бөх зодоглож " Мулига бүргэд" П.Бат-Очир түрүүлдэг жил тэрээр дахин цолоо давж заан цолоо баталсан бол 1933 онд 880 бөх зодоглоход тав даван шөвгөрсөн байдаг. Агуу их хүчит Г.Намжилваанчиг 1935, 1936 онд хамгийн сайн барилдаж тус бүр найм даван шөвгөрч 1936 оны наадам нь улс хувьсгалын 15 жилийн ойн баяр давхацсан жил байсан тул улсын арсланцолыг хүртсэн байна.

Тэрээр 1935 онд найм давж Төв аймгийн Мөнгөнморьтын Л.Чимэд, Архангайн харьяат Ш.Гомбосүрэн нарын хамт их шөвгийн гурван бөхөд шалгаран үлдээд есийн даваанд Л.Чимэд арслан / тэр үед улсын заан цолтой байсан/ гоц мөргөхөд Г.Намжилваанчиг заан Ш.Гомбосүрэнтэй тунан барилдаж өвдөг шороодсон бол 1936 онд улс хувьсгалын15 жилийн ойгоор 1024 бөх зодоглоход найм даван их шөвгийн дөрөвт шалгаран үлдээд урд жил нь улсад түрүүлэн улсын арслан цол хүртсэн Л.Чимэд арслантай есийн даваанд мөн тунан баридлаж өвдөг шороодсон байдаг. 1937 оны улсын их баяр наадамд896 бөх зодоглоход 5 даван шөвгөрсөн бөгөөд энэ нь түүний улсын наадмын оноо дансандүлдсэн сүүлчийн баримт болсон байдаг юм. Г.Намжилваанчиг нь өндөр нуруутай, бие зузаантай, давхраатай, том хар нүдтэй, сайхан бие галбиртэй, өв тэгш хөгжсөн бөх байжээ.

 

Чи ядаж эр хүн байна, бидэнтэй хамжаа болооч

1961 оны намрын нэг өдөр Пүрэв начингийнд ирсэн Төмөр Замын Техникумын багш Гомбосүрэн бидэнд нэгэн сонирхолтой юм ярьсан юм.

"1930-аад оны эхээр арван нэгтэй банди би нутгийн хэдэн хүний хамт "Зис-5" гэдэг модон кабинтай тэргэний дээр сууж нийслэл хотыг зорилоо. Таних танихгүй хүмүүсийн дунд лам хар янз бүрийн хүмүүс байна. Жолооч, гүү барьсан айл харагдахаар зам муруйн хурдалж "Айраг гүзээлэх" учир залуус, хүүхэд бид мэт нь дэмий л дотроо хий бухимдан нийслэл хотынхоо барааг харах сан гэж яарна. Нэг өдөр ус тунарсан шавар тойрохоос залхуурсан жолооч шууд давхин ороод гатлахын даваанд хаашаа ч үгүй яг гацлаа.

Энэ үед хүмүүс эр, эм, их, багагүй улсын баяр наадам дөхөж байсан болоод тэр үү учиргүй ундууцан "Ямар үйлс нь хазайсан лоймол эр вэ. Нэг бол айраг, авгай эргүүлээд, айлын бараагүй газар халуун наранд хатааж шатааж алах нээ" гэлцэн хараалын үг урсгав.

Тэгтэл тэрэгний кабинд явсан ганган хүүхэн, дээр сууж явсан лам хувцастай залуу хоёр ус туучин зам гэтлэн хоёр довон дээр хоёр тийшээ харан сандайлаад суучихав. Хүүхэн тольдож, залуу эр алсыг ширтэнэ. Бид ядартлаа ноцолдоод тэргээ гаргаж амжсангүйд албаны байрын бор хүн ихэд уурсан

- Ганган хүүхэн ч яах вэ, гар нь цэврүүтэж нүүр ам нь түлэгдэх биз. Чи ядаж эр хүн байна, бидэнтэй хамжаа болооч хэмээн лам өөд агсрав. Лам ч шаламгайлан босч ирээд тэргэний араас мөрлөх аядсанаа:

-Зузаахан юм байвал өгөөч гэхэд гудас, дээл байдаг бүгдээ авчирч өглөө. Лам маань хэдэн гудас шилж мөрөндөө жийрэг бариад "Нэг, хоёр, гурав..." гэж хашгирах агшинд "Зис-5" тэргийг ховх татан түрсээр хуурай газар гаргахад бүгд алмайран, амаа ангайн ширтэж билээ. Бид цөмөөрөө лам залууг хүндэтгэн гол дундаа суулган хэр барилддаг вэ гэлцэн шалгаав. Өнөөх залуу "Энэ жил нэг барилдах бодолтой явна" гэснээс илүүг нуршсангүй. Улмаар тэр наадмынхаа тавын даваанд Завханы "Нахиу" хэмээх Санжсүрэн арсланг харцагадан дайрч даваад, зургаад "Бүрхэг" хэмээх Дэндэв заанд амлуулан барилдаж хүч тэнцэн нэлээд удаан үзэлцээд унажээ. Энэ бөх бол хожим "Гандангийн бүрхэг" хэмээн олон түмэндээ алдаршсан Гунгаагийн Намжилваанчиг арслан байсан билээ" хэмээн хуучилсан юм.

 

 

 

Хүч гаргаад байгаа нь мэдэгдэхгүй хэр нь гараа авч нэг л болохгүй байсан

Т.Балсан арслан хэсэг нөхдийн хамт Эрээнцавын дамжлага баазаас Дорнод аймгийн төв хүртэл жин тээж явах замд нэгэн жижиг модон гүүрээр гарахаар хоёр гал жинчид зэрэгцэн ирж хэнийх нь түрүүлж гарах талаар маргалдаж сүүлдээ зодоон болоход хүрч нудрагадах буюу барьж авах гэсэн тэдгээр хүмүүсийг Т.Балсан арслан төдийлөн анзаарсан ч үгүй нэг гараараа хоёр хүний дээлийн ханцуйнаас холбон барьж тэрүүхэнд нь аргацаан хорьж байжээ.

Энэ үед Балсангийн хөсөг тэрэг гүүрээр гарч явахдаа сүүлчийн тэрэгний өрөөсөн дугуй гүүрийн хажуу руу орж тээглэн хөлөлсөн тэмээ нь уяагаа тасдуулан үлдэхэд Т.Балсан арслан та нараас болж тэмээний хамар авч тэрэг эвдэх нь гэсээр тэднийг тавьж гүүрийн зүг гүйжээ.

Ар талд нь хоцорсон омголон залуучууд тэр хар юм тэргээ яасан ч гаргаж чадахгүй бид тэрэг тэмээг нь гүүрийн хажуу руу түлхэж унагаад гаръя хэмээн ярилцаж байтал Т.Балсан арслан гурил ачсан 12 мөөртэй төмөр тэрэгний арлын ар үзүүр доогуур өрөөсөн гараа оруулан тэргээ гүүрэн дээр өргөн тавьжээ.

Үүнийг харж байсан нөгөө аянчид нь энэ хар юм чинь их эд байх нь чамайг орой буудал дээр чинь очоод үзүүлээд өгье хэмээн шүд зуун занасаар гүүрээр гарч үдлэх буудлаа тэдэнтэй зориуд саахалтаж унд хоолоо хийж байтал зэргэлдээ буудалласан Т.Балсангийн галын нэгэн нь тэднийхээр буухад Та нар хаанахын хэн хэн гэгч аянчид явна вэ? гэж буриад аялгаар асуухад нь, тэр хүн бид Чойбалсан сумаас Т.Балсан арслан нарын хэсэг хүмүүсийн хамт явж байна. Аймгийн төв хүрнэ гэхэд тэд: Тэр арслан чинь ямар янзын хүн байна? гэж сонирхоход нь та нартай гүүрэн дээр муудалцаад байсан хүн шүү дээ. "Хумбаан хар" гэж мэдэхгүй, дуулаагүй юм уу? гэжээ.

Ирсэн хүнийг явсны дараа буриад аянчид сандарцгаан тэгнээ тэр тансран гадартай эр хонины шинэ нэхий дээлийн ханцуйг өм атгасан, заримых нь дээлийн нударга тасарсан, хүч гаргаад байгаа нь мэдэгдэхгүй хэр нь гараа авч нэг л болохгүй байсан зэргээ ярилцах тусам улам сүрдэж тэр ХУМБААН ХАР чинь одоо ороод ирвэл өнгөрөх нь тэр, юун ууж идэж амрах ч гайгүй хэмээн дороо майхнаа буулган хөдлөж зам буруулан хоногийн газраар хоцрон аймгийн төвд ирж байсан гэдэг.

Өмнөговь аймгийн арслан Багахүү начин болох хүсэлтэй улсдаа ирж барилдаад барсангүй. Буцаж очихдоо тун их урам муутайг ажигласан бөхчүүд сэтгэлийг нь засч янз янзын үг хэлж, сургаал айлджээ. Удтал таг дуугүй суусан Дэмүүл арслан:

- Ганцаараа очоод барахгүй бол хойтон хоёулаа очно. Хэн хэнд маань дөрвийн давааны хувь байх байлгүй гэж хэлээд босоод явчихжээ. Арслан эр хүний зангаар хэлсэндээ хүрч барилдахаар ирээд бөхчүүд арсланг хүндэтгээд сүйд. Багахүүгээ начин болоход хөлийн өвчнөө мартсан арслан ч хөөр баяр дүүрэн байв. Багахүүг тугаа тойроод ирэхэд Дэмүүл зодог малгайгаа өмсөж "Багахүүдээ баяр хүргэе. Начин болсныхоо дараа алганы амт үзүүлж ачилдэг улс даа. Арай чи тэр нь биш байвал сайн сан" гээд үнсэхэд тэнд зогссон цөөнгүй начингийн хацар алим болсон аятай улайрч ягааран харагджээ.

Үүнийг нийт залуу бөхчүүдэд өгсөн том сургамж гэлтэй.

Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]