Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голд тулалдсан Япон ханхүүУншсан4,229

Халх голын дайнд Японы хан хүү Морихиро Хигашикуни оролцож байсан түүх байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Халх голын дайнд Японы хан хүү Морихиро Хигашикуни оролцож байсан түүх байдаг аж. Энэ дээдэс нь хүнд артиллерийн 1-р хороонд батарей командалж байсан, түүний мэдлийн 4 ширхэг 150 мм-ийн гаубиц нь цөөнгүй сумыг Монгол Зөвлөлтийн цэргүүд рүү тавьж байсан бололтой.

Дарга нар нь энэ офицерыг дан сайн сайхнаар үнэлэх бөгөөд ихэмсэг зангүй, цэргүүд болон адил цолтой офицеруудтай найзархаг харилцдаг, цэргүүддээ урам зориг хайрладаг... гэх мэт. Холын ч гэсэн хааны удмын хүн, дээр нь эзэн хааны том охины сүйт залууг хэн муу хэлэв гэж дээ. Ингээд байлдаж тулалдаж явсаар 7-р сарын 24 боллоо. Зөвлөлт Монголын дайчдын эсэргүүцэл улам бүр ширүүсэж, байдал өөрөөр эргэж байсан тэр өдрүүдэд хан хүү цэргүүдтэйгээ Халх голын дээгүүр тавьсан гүүрийг устгаж гавьяа байгуулсан юм байх. Хариуд нь Зөвлөлтийн их буучид тэдний байрлалыг буудаж хэд хэдэн цэргүүдийг устгасан ба Хигашикуни “азаар” гэмтэж бэртсэнгүй. Гэхдээ л сүйд болох шахсан бололтой.

 Удалгүй дээгүүр доогуур бөөн юм болж энд тэндгүй утас холбоо хангинаж байсан ба Японы жанжин штабаас энэ тухай нарийн мэдээ ирүүлэхийг, арга хэмжээ авахыг шаардсаны дараа Хайлаар хотоос 200 ширхэг бүдүүн дүнз мод (төмөр замын дэр мод бололтой) авчирсан нь ханхүүг хамгаалах байр барихад зориулсан зүйл байжээ. Мундаг нуувчаа ч барьж. Гэхдээ хан хүүгийн дарга энэ гайтай нөхрөөс салахын мөрөөдөл болж байсан ба гай түй болбол өөрөө ч бас сүйд болох магадлалтай хойно арга ч үгүй биз. Дээгүүрх дарга нар нь ч гэсэн ялгаагүй.

Долдугаар сарын 27-ны өдөр ханхүүг гэв гэнэт Хайлаар хот руу явуулж, тэндээ тодорхойгүй хугацаагаар “саатахаар” болсон тухай мэдээ цэргүүдийн дунд тарсны дараа мэдээж янз бүрийн муу яриа нуувчаар гарч таараа. 29-ний өдөр Квантуны армийн командлагч Уэда фронт дээр анх удаа ирсэн ба түүний ирсэн онгоцонд өнөө хан хүү байлаа. 23-р дивизийн захирагч Комацубарагийн бичсэнээр бол ханхүү “цагийн байдлыг ажиглах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх” зорилготой ирсэн гэх боловч тэр өдрөө буцаад Хайлаар ниссэн гэдэг.

Генерал Уэдаг даган явж байсан хурандаа Терада гээч нь хан хүү буцсаныг дуулаад “Энэ бол тун байж боломгүй үйлдэл шүү” гэж 23-р дивизийн захирагч Окатомотод уурлаж байсан ба хан хүү нь дээдсийн хүүхэд, самурайн үр садын гаргаж боломгүй үйлдлийг хийж, хулчгар зан гаргалаа гэж үзсэн бололтой.

Харин хүнд артилерийн 1-р хорооны захирагч Мишима нь хан хүү Хигашикунийг буцахыг өөрийн биеэр тушааж, өнөөх нь ч аргагүй эрхэнд тушаал биелүүлсэн гэнэ. Энэ тушаалыг өгөхдөө дээд дарга нартайгаа ч ярьсан гэдгээ бас заавал дурддаг байв. Түүний хэлснээр бол хан хүү нь өөрийн тулалдаж явсан хороо нь хүнд хохирол хүлээж, олон цэргүүд нь амь үрэгдсэнийг сонсоод тэднийгээ дурсах гэж, хүндлэл үзүүлэх гэж фронт руу амь хайргүй зүтгэсээр ирсэн юм байж. Аль нь үнэн, аль нь худал болохыг хэн мэдлээ.

Гэхдээ 23-25-ны өдрүүдэд Зөвлөлтийн их бууны дайралт маш ширүүн болж, аймхай хулчгар хүмүүс тулалдаан дуусахаас өмнө зугтахаар айхтар хэцүү байсан боловч хан хүү тэргүүн шугамд байсаар, 27-ны өдөр л Хайлаар руу татагдсан гэдэг нь бас нэг юм хэлж байгаа байлгүй. Ямар ч байсан Япон улсад хангалттай олон дэслэгч байсан бол Аматэрасу бурхны үр сад болсон хан хүү дэндүү цөөхөн байсан нь л үнэн.

P.S

Энэ ханхүү 8-р сарын 2-нд Токиод ирж хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 1941 оноос ахмад цол хүртэж байсан бөгөөд 1942-1943 онуудад Японы эзэн хааны армийн цэргийн академид суралцаж, хошууч цолтой төгсөөд шууд бэлтгэл офицер болсон гэнэ. 1943 онд шүү!

Манай нутаг дэвсгэрт халдаж орсон япон цэргийн бүрэлдэхүүн дотор явсан ханхүүгийн тухай түүх энэ буюу.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]