Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Айн Жалудын домог: Урвагчдын төгсгөлУншсан5,798

Тулалдаанаас амьд үлдсэн монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав.

 Уншигчдадаа зориулж "Айн Жалудын домог" түүхэн найрууллыг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ дашрамд түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

- Цувралын Нэгдүгээр хэсгийг энд дарж уншаарай:  Энэхүү тулаанд амь эрсэдсэн Монгол баатруудын дурсгалд

-Цувралын Хоёрдугаар хэсгийг энд дарж уншаарай:  Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увайгүй Баронуудын урвалга

-Цувралын Гуравдугаар хэсгийг энд дарж уншаарай:  Амь өрссөн тулаан, Хит Буха ноёны омог бардам төгсгөл


 
 Урвагчдын төгсгөл

 

Тулалдаанаас амьд үлдсэн Монгол гэж бараг үлдсэнгүй. Золоор амь гарсан хэд нь Дамаск, Хам, Баалбекийн зүг зугтаав. Сирийн олон хотуудад захирагчаар сууж байсан цөөн тооны Монголчууд хамгаалалтгүй болж, бужигнаж эхлэв. Хүлэг хааны цэргийн хүч Хойт Армени болон Иранд төвлөрөөд байжээ. Айн-Жалудын тулалдаанаас зугтагсдыг шил даран мөшгөсөн Бибарс ачаа хөсөг, гэр бүлээ аван ухарч байсан Монголын хэсэг бүлэг дүрвэгчдийг ээлж дараалан хядсаар бүр Алеппо хүрсэн байна. Хамад байсан Хит Бухагийн эхнэр хүүхэд, өргөө гэрийг олзолж Күтүзд хүргэсэнд тэрбээр өчүүхэн ч эргэлзээгүйгээр цавчиж орхив. Мөн Монголчуудын талд орсон орон нутгийн ихэс ноёдыг ч баривчлан авчирч эртний сурвалж гарвалыг нь ч үл харгалзан олноор нь цаазалжээ.

Хамгийн ихээр хядуулсан нь Дамаскийн христос шүтлэгтнүүд байжээ. Күтүз ялалтын цуваагаар Дамаскт орж ирээд тэнд Монголчуудын ивээлээр байр сууриа бэхжүүлээд байсан христ мөргөлтнүүдийг толгой дараалан хядаж, Арабын улайрсан лал шүтлэгт Омейядууд болон Фатимид Эйюбидын зэрлэг күрдүүд хүртэл хайрлаад гар хүрч зүрхлээгүй асан Сирийн загалмайтнуудын бүтээсэн соёлын их өвийг үнсэн товрог болгон ялалтынхаа баярыг тэмдэглэжээ. Тэгээд зогссонгүй, Сири даяар Загалмайтнуудыг хомроглох аян өрнөж, “загалмайтнуудын цус Хүлэг хааны довтолгооны үед хөнөөгдсөн Лал шүтлэгтнүүдийнхээс хувь илүү урссан” хэмээн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс бичиж үлдээжээ. Ийнхүү Акра, Тур, Сидоны загалмайтнуудын ашиг харсан урвалтын төлөөсийг тэр дариудаа Сирийн загалмайтнууд өршөөлгүй асгарсан цус болон олон арван жил бүтээн босгож ирсэн соёлын өвөөрөө төлсөн төдийгүй ерөөс төд удалгүй Сири орны баруун умард эрэг орчимд бэхжээд байсан түшиц газраа Загалмайтнууд үүрд алдсан байна.

Айн-Жалудын тулалдаанд оролцсон султануудаа Күтүз толгой дараалан шагнаж, Сири оронд газар бүр эзэмшил олгожээ. Мөн эгзэгтэй цагт урван, Монгол цэргийн зүүн жигүүрийг орхин одож, тулалдааны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Муса султаныг Монголчуудын Сирид орж ирэхэд бууж өгөн дагалдсанаар эрх мэдлээ хэвээр нь хадгалж байсан хуучин эзэмшил газраа үргэлжлүүлэн захирах эрхийг өгчээ. Урвагчид бол олдохуйяа том шан шүү.

(Султан Кутуз нь Айн-Жалудын тулалдаанаас 40 гаруй жилийн өмнө Монголчуудад эзлэгдэн дагаар орсон Хорезмын түркмен гаралтай)

Харин тулалдаанд голлох үүрэгтэй оролцсон төдийгүй Алеппо хүртэл Сириг нэвт амжилттай давшиж, олон хотуудад Монголчуудын засаглалыг унагасан гол хүн Бибарсад Күтүз төдийлөн таатай хандсангүй. Угаас тэр хоёрын дунд өнө эртний өш зангидаатай байжээ. Учир нь Сири дахь Бахричуудын эзэн захирагч Актайн аллаганд Күтүз оролцсон бөгөөд Бибарс нь Актайн дотнын хүн байсан гэх. Энэ хоёр эр Монголчуудын эсрэг энэхүү өс хорслоо түр хойш нь тавьж нэгдсэн байжээ.

Бибарс алдар гавьяаных нь төлөө Күтүз өөрийг нь Алеппогийн султанаар тавих болов уу хэмээн харж байсан нь талаар болсонд тэдний хоорондох хуучны өш хонзон дахин хэзээ ч эвлэхгүйгээр босч ирсэн хэмээн бичсэн нь ч бий. Эрх мэдэлд дуртай, хүчтэй Бибарсад эрх мэдэл өгч, боломж олгох нь Күтүзэд аюултай байсан биз.

Күтүз Сири дахинд хийсэн амжилттай аянаа өндөрлөөд буцах замдаа ан хийжээ. Туулай /үнэг/ харвасанд Бибарс урьдаас бэлтгэсэн нэгэн хүнийг Күтүз рүү гүйлгэжээ. Тэр хүн өмнө нь алах ялд унасан байсан ч Күтүзийн өршөөлөөр амь хэлтэрсэн нэгэн байж. Тэр этгээд Күтүзийг алсан ангийнхаа дэргэд мориноосоо буух үед гүйн очиж өмнө нь сөхрөн унаад, амь хэлтрүүлсэнд талархаж, үүнээс хойш үүрд өөрт нь үнэнч байхаа тангараглан, баруун гараараа биед нь хүрч адислахыг хүсчээ.

Хар сэр аваагүй Күтүз гараа сунгах агшинд өнөөх этгээд гараас нь зууран барьж, дэргэд нь явсан Бибарс Күтүзийн гарыг тас цавчин, улмаар тэнд нь хороосонд Күтүзийн ойр дотнын бүх хүмүүс гэлмэн цочиж, улмаар Бибарсыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчуудыг ялсан их ялалтын алдрыг Күтүз биш Бибарс хүртэж, Кайрын гудамжинд хөөрсөн олноор тосуулжээ.

Өөрийг нь өсгөн Мамлюкийн армийн команд-лагчийн зэрэг дэвд буюу Мисирийн хоёрдугаар хүний суудалд гаргаж ирсэн Айбег султанаасаа урваж, хүүг нь хороон, хаан суурийг нь булаан авсан Күтүз тийнхүү бас нэгэн урвагчийн гарт алуулж, урвагчийн үхлээр буюу нохойн үхжээ. Айбег султан ч мөн Мисирийн хууль ёсны эзэн султаныг алж цэргийн эргэлтээр 1250 онд хаан суудалд заларч байсан ажээ.

Хит Буха ноёнтон Күтүз болон түүний эзнийг урвагч хэмээн яллан донгодож байсан нь урвагчдийн хувь заяа Тэнгэрийн зургаар болохыг зөгнөсөн хэрэг байлаа.

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 16. 6:51
Зочин

Сайтар дэлгэрэнгvй бичлэг бна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]