Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

430 мянган жилийн өмнө Антарктикийн тэнгэрт аварга солир дэлбэрчээУншсан7,355

66 сая жилийн өмнө том солир манай дэлхийд унаснаас болж динозаврууд мөхсөн билээ.

Антарктикийн уулын оргилоос олдсон жижиг хэлтэрхийнүүд нь 430 мянган жилийн өмнө 90 гаруй метрийн диаметртэй солир агаарт дэлбэрсэн, түүнчлэн тэрхүү солироос цацагдсан өөр гарагийн биетүүд мөсөн гадаргыг бүрхсэнийг нотлох баримт болоод байгаа талаар нэгэн судалгаа хэвлэгджээ.

Агаараас солирын жижиг хэсгүүд унах үзэгдлийг том хэмжээтэй солир газарт унаж тогоо үүсгэхээс хамаагүй түгээмэл тохиолддог гэж үздэг бөгөөд 66 сая жилийн өмнө том солир манай дэлхийд унаснаас болж динозаврууд мөхсөн билээ.

“Бага гараг гэмээр хэмжээтэй солир агаар мандал руу орж ирэхийн тулд асар том хэмжээтэй, маш хурдтай байж л тогоо үүсгэх боломжтой. Харин жижиг биетүүд агаар мандалд дэлбэрчихдэг болохоор тогоо үүсгэдэггүй” гэсэн тайлбарыг Шинэ Мексикийн их сургуулийн судлаач Марк Бослов хэлжээ. Кентийн их сургуулийн Физикийн шинжлэх ухааны тэнхмийн судлаач Маттиас ван Гиннекен Антарктикийн зүүн хэсэгт орших Сор Ронданийн уулсаар судалгаа хийж явахдаа энгийн нүдээр харах боломжгүй ердөө нэг мм хүрэхтэй үгүйтэй хар өнгийн 17 ширхэг хэлтэрхийг цуглуулжээ. “Хэлтэрхийнүүдийг хараад би хайлсан болохоороо л хоорондоо ингэж наалдаж дээ гэж бодсон. Маш өндөр температурт ийм болох боломжтой. Асар том хэмжээтэй солир унаснаас үүдэлтэй гэж тайлбарлах боломжтой” хэмээн өнгөрсөн лхагва гарагт Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлын үндсэн автор Маттиас ван Гиннекен ярьсан байна.

Маттиас болон олон улсын эрдэмтдээс бүрдсэн судалгааны багийнхан микроскопоор харахуйц жижиг хэлтэрхийнүүдийг шинжилж үзээд манай дэлхийн агаар мандалд эрт дээр үед солир орж ирэхэд чухам юу болж өнгөрснийг мэдэж чаджээ. Хэлтэрхийнүүдийн химийн шинж чанар, никелийн агууламжийг судалж үзсэний эцэст огторгуйн уудмаас ирсэн гэсэн санааг дэвшүүлээд байгаа юм байна. Судлаачид эдгээр хэлтэрхийнүүдээ эртний геологийн нөхцөл байдлыг мэдэхэд ашигласаар ирсэн мөсний дээжээс олдсон ижил төрлийн хэлтэрхийнүүдтэй харьцуулжээ.

Тархалт, нягтаршил зэргийг нь тооцоолж үзээд уг хэлтэрхийнүүдийг 430 мянган жилийн настай, хэмжээний хувьд 90-100 метрийн өргөн байсан гэж дүгнээд байна. “Уг солир нь тогоо үүсгээгүй ч гэсэн бусад агаарын дэлбэрэлтүүдийн нэгэн адилаар маш халуун хийг үүсгэж тэр нь газарт асар хурдан жигд цацагдсан” гэж ван Гиннекен эрдэмтэн ярьсан юм. Хүн амын нягтаршил ихтэй бүсэд ийм зүйл болсон бол сая сая хүн амь насаа алдаж, ойр орчмын хэдэн зуун километрийн зайд хүчтэй хохирол учрах байжээ. Сүүлийн хэдэн жилд болж өнгөрсөн жижиг хэмжээтэй агаарын дэлбэрэлтийг нүдээр үзсэн гэрчүүд байгаа бөгөөд эдгээр тохиолдлуудын аль алинд нь манай дэлхийн гадаргуу дээр хэлтэрхийгээ хүргэж чадалгүй агаарт ууршсан байна.

2013 онд ОХУ-ын Челябинск мужид унасан солир бол нэлээн өвөрмөц. Агаарт дэлбэрэхдээ нарнаас ч илүү хурц гэрлийг үүсгэсэн байдаг. Үр дүнд нь 7000 гаруй байшин барилга гэмтэж, мянган гаруй иргэн гэмтэж бэртсэн. Унасан солирын үүсгэсэн давалгаа 90 гаруй километрийн зайд байсан байшингийн цонхыг юу ч үгүй үйрүүлж орхисон ч солирыг олж илрүүлж чадаагүй юм. Челябинскийн солирыг 1908 онд унасан Тунгусын солироос хойш дэлхийн агаар мандалд нэвтэрсэн хамгийн том солир гэж үздэг бөгөөд уг үйл явдал нь АНУ-ын Рөүд-Айленд муж улсын дөрөвний гуравтай тэнцэхүйц хэмжээний ой модыг газрын хөрстэй тэгшилж үгүй хийсэн.

Энэ удаагийн судалгаанд оролцоогүй ч Челябинскийн солирын дэлбэрэлтийг судалж яваа Шинэ Мексикийн их сургуулийн эрдэмтэн Бослов “Эл судалгааны ажил уг солирыг 430000 жилийн өмнө Антарктикт унасан гэдгийг нотлох хангалттай баталгааг гаргаж өгсөн. Хэлтэрхийнүүдийн хэлбэр, бүтэц, химийн найрлага, минералогиос нь юу болж өнгөрснийг нарийвчлан тодруулж чадсан” гэж ярьсан юм.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]