Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Батболд: Галдан бошигт цэрэглэн ирэхэд Ламын гэгээн Занабазарын дэргэд бараа болж явжээУншсан5,115

Дашлхүмбийн чанга хатуу дэглэмтэй, ховор нандин номтой агба дацангийн суудал жавданд багтаж, гурван жил шашны зан үйл, Равнай жинсрэг, хот мандлын тиг хэмжээ, өнгө будаг, хурал номын уншлагын ая дан, чагжа, цам тэргүүтний учир ухааныг нарийвчлан судалсан байдаг.

Ярилцсан Л.Батцэнгэл


Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Эрдэнэбандида хутагт Хамба номунхан, Бурханы шашны гурван зулын нэг, одон зурхайг үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцантаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой ноднин тохиосон. “Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал” төвийн тэргүүн, утга зохиолын шинжлэх ухааны магистр Д.Батболдтой уулзаж ярилцлаа.

-Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан гэж эгэлгүй бурхан хүмүүн Монголд мэндэлсэн байдаг. Энэ их хүний намтар цадигаас та хуучлаач?

-Монголын анхдугаар Богд, Халхын Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын наран саран мэт хоёр шавь Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Зая бандида Лувсанпэрэнлэй хоёр юм. Өндөр гэгээн Занабазарыг Монголын төдийгүй дэлхийд суу алдраа мандуулсан соён гэгээрүүлэгч суут их богд гэдгийг хүмүүс мэднэ. Ламын гэгээнтэн бол анхдугаар богдоос дөрвөн насаар дүү хүн. 1639 онд мэндэлж, 1704 онд нирваан дүрийг үзүүлсэн. Өндөр богдын хоёр их шавь бол чухамдаа 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн газар Бурхан багш хэмээх Сайзин хааны хөвгүүн Шонүдондов өөрийн хоёр шавь Шаарийбу, Гунгаабу хоёртойгоо Бурханы шашныг дэлгэрүүлсэн, түүнээс мянга гаруй жилийн дараа Цаст Түвдийн газар Богд Зонхова хэмээх Лувсандагва өөрийн хоёр шавь Жалцавжэ, Хайдавжэ нартайгаа гэлүгбагийн шашныг дэлгэрүүлсэн, түүнээс хоёр зуугаад жилийн хойно Умард Монголын оронд Өндөр гэгээн Занабазар хоёр шавьтайгаа шарын шашныг дэлгэрүүлсэн энэ бүхэн бүтээсэн үйлээрээ хувь сацуу ариун гэгээн зам мөрт юм. Эд бүгдийг Бурханы шашны нэгэн урсгал савд багтаан ярьж болох боловч чухамдаа тус тусын орондоо өөр өөрийн өвөрмөц онцлогтой шашин номын үндсийг тавьсан хэрэг. Халх Монголын газар шашин номын хөлийг суурилуулж, түгээн дэлгэрүүлсэн анхны хүн бол Ламын гэгээн хэмээн алдаршсан Бурханы шашны зүтгэлтэн, гүн ухаантан, нэрт оточ, зурхайч Лувсанданзанжанцан юм.

-Шашин номын талаасаа аргагүй агуу зүтгэлтэн юм. Удам угсааг нь хөөвөл чухам ямархан Монгол хүн юм бол?

-Лувсанданзанжанцантан бээр Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингис ургийн алтан аргамжны үзүүрт залгаанд гучдугаар үеийн Хөндлөн цөхүр ноёны хөвгүүн Номун эзний дүү Эрх цөхүр хэмээхийнд арваннэгдүгээр жарны шаргачин туулай жил (1639 он)-ийн хаврын тэргүүн сарын шинийн арван таванд мэндэлж, таван сүүдэртэйдээ 1643 онд Түвдийн Банчин эрдэнийн эш бошгоор Дашлхүнбэ хийдийн хамбо асан дүвчин Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорч, долоон насандаа 1645 онд Түвдийн газраас Гачин хэмээх зарлигийн багшаар нь залж авчирсан Гачин цорж Лувсан-Яринпилээс тойн хувраг болж, Лувсанданзанжанцан гэсэн сахилын нэр авсан. Ингээд арван долоотойдоо Түвдийн Үй Зангийн газар сургууль ломнир хийхээр одож, Тавдугаар Далай лам Лувсанжамц, Банчин эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан багш шавь барьж, номын мэргэд олноор чуулсан Лхас, Дашлхүмбийн газар сурлага боловсролоо дээшлүүлж, судар тарнийн болон чойрын ном үзэн, эм зурхайн эрдэмд суралцсан байгаа юм.

-Голчлон ямар ном эрдэмд шамдсан байдаг бол?

-Дашлхүмбийн чанга хатуу дэглэмтэй, ховор нандин номтой агба дацангийн суудал жавданд багтаж, гурван жил шашны зан үйл, Равнай жинсрэг, хот мандлын тиг хэмжээ, өнгө будаг, хурал номын уншлагын ая дан, чагжа, цам тэргүүтний учир ухааныг нарийвчлан судалсан байдаг. Түвдийн Лхас, Дашлхүмбийн газарт зургаа долоон жил суугаад 24 насандаа 1662 онд Халхын нутагтаа эгэн морилж орон хүрээг үүсгэн, Түвд Дашлхүмбийн дэгээр хуврагийн аймаг дацан сургуулийг байгуулсан байна. Бөөрөлжүүтийн газар Цэрэлжүд буюу Насны шим үрэл шинэ хийд Гандандашгэпэллин хэмээхийг цүглэж, гурван дацанг үүсгэн Дашлхүмбэ, Сэра хийдийн жаяг дэгээр тогтоосон нь Зая бандидын үед хурсан хуврагын тоо зургаан зууд хүрч байж. Ламын гэгээнтэн 1686 оны барс жилийн цагаан сарын ерөөлөөр Хүрээнд ирж олон гүүш хэлмэрчийг цуглуулж “Дагег-самдог” гэдэг толь бичгийг орчуулах ажлыг удирдсан.

-Үнэхээр хэтийдсэн эрдэмтэй гэгээнтэн байжээ?

-Барс жилийн намар Заг-Байдрагийн голын уулзвар Хүрэн бэлчирийн газар болсон долоон хошууны чуулганд морилж, долоон хошууны гурван хаад голлосон олон ноёдыг шашин, төрийн хэрэгт гэмгүй байлгахын тулд Өндөр гэгээн Занабазар, Галдан ширээт хоёр удирдан оролцоход Ламын гэгээн зарлигийг орчуулж уриалан зарлаж байсан байдаг. 1694 оны өвөл Өндөр гэгээнд бараалхахаар Хүрээнд ирээд олон шавь нарт эм тан, зурхай тэргүүтнийг зааж өгсөн. Энэ үеэр Их Хүрээний олон хуврагт гэцэл, гэлэнгийн санваар өгөхөд Өнгөр гэгээнээс Лувсанданзанжанцанд “Хамба номун хан” цол олгож, олбог түшлэг, ямба нэмсэн удаатай. Их Хүрээний олон шавь нарт сахил санваар өгсөн явдалд Өндөр гэгээн баясаж уг цолыг олгосноос хойш “Ханчин Чойжил” гэж алдаршсан тухай судар цадигт тэмдэглэсэн байдаг. Халхын Их Хүрээний анхны хамба номун хан нь манай гэгээнтэн байсны учир энэ.

-Галдан бошигт хаан цэрэглэн наашлахдаа “Ламын гэгээний сүм хийдүүдээс нэгийг ч бүү оролд” гэсэн тушаал буулгаж байсан гэдэг. Тэр үед гэгээнтэн хаа байсан бол?

-Луу жилд Галдан бошигт цэрэглэн ирэхэд Өндөр гэгээн буруулах байдлаар зүүн зүгт морилоход дэргэд нь бараа болж явсан. Могой жил Хатан голын орчим залрахад Ордос хавийн Монголчууд бүгдээрээ өргөл хүндлэлийг дэвхэрлэж, ном айлтган шүтсэнд Ламын гэгээнтэн Хатан гэцэл Дарад зарлиг айлтгаж, Гонганданравданлин хийдийг байгуулж, хурал номыг удирдаж байж.

-Гэгээнтэн Монголын нөлөө бүхий хаад ноёдын багш байсан гэдэг бил үү?

-Монголын төр, шашинд нөлөө бүхий Очирай Түшээт хан, Жамба Дайчин ван, Хөндлөн ван, Пунцаг ван, Зая бандида Лувсанпринлэй, Дарба бандида Содовжамц, Жалханз хутагт Лувсанданзанжамц, Наран хутагт зэрэг ноёд, лам нарын багш байсан нь түүнийг Монголын төр, шашинд зохих ёсоор нөлөөлж байсныг гэрчилдэг. Тэр 1700 онд Өмнөд Монголоос ирж, төрсөн нутаг (Баянхонгор, Өвөрхангай)-таа суурьшсан байдаг.

-Ламын гэгээн бүтээл туурвил хэр үлдээсэн бол?

-Судар, тарни, эмнэлэг, зурхайн тайлбар дөрвөн боть зохиолыг түвд хэлээр бичсэн нь хятад болон Монгол бараар нийтэд ихэд тархсан. Энэхүү дөрвөн ботид багтсан зохиолуудыг нь төрөл зүйлийн хувьд ялган үзэх юм бол зарлигийн ачит багш, бурхад догшдод өргөсөн залбирал магтаал, зориулгын ерөөл, сургаалын шүлэг, гүр дуулал, “тайлбар” хэмээх судар тарнийн номуудын үг утгыг нээн шинжилсэн бүтээл, эм зурхайн ухааны сурах бичиг, гарын авлага, нэмэлт тайлбар” шашны зан үйлийн бясалгал бүтээлийн арга, балин тахил өргөхийн ёсон, нууц увдисын эрхэшийг нээх хөтлөх, даган соёрхлыг өгөх, хүртээхийн ёсыг товч, дэлгэр тайлсан олон бүтээл байна. Миний Ламын гэгээнтний ”Зарлигийн ачит хамба номунхан Лувсанданзанжанцан сайн цогтод соёрхол талбихуй” хэмээх бүтээлийг Монголчилж, түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, зурхайч Л.Тэрбиш багш маань ариутган шүүсэн. Лувсанданзанжанцан бол Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үлэмж их гавьяа байгуулсан ууган оточ гэж зүй ёсоор нэрлэгдэх эрдэмтэн. Тэр “Нисваанист тачаангуйгаас хий, уур хилэнгээс шар, мунхгаас бадган гарах бөгөөд тэдгээрийн үр дагавар 404 өвчний ерөндөгт номлосон “Цог төгөлдөр дөрвөн үндэс” хэмээх номын шим буюу үндэс адил нь “Язгуурын үндэс” хэмээн алдаршсан түүнийг энд номлож үйлдэх болой хэмээн “Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар тодруулагч зул хэмээх оршвой” хэмээх тэжээхүй ухааны номыг Монгол оронд дэлгэрүүлэн хөгжүүлсэн, Оточ Манал бурхантай ялгал үгүй эрдэм увдис эзэмшсэн их оточ байсан юм билээ.

-Ламын гэгээний хэдэн дүр хувилаад байна?

-Ламын гэгээн Лувсанданзанжанцангаас хойш Лувсанбанчинбалбар, Лувсанцэвээнжавцог, Лувсанбалдандамбацүлтим, Лувсанпэрэнлэйтогмэд, Жамьяндорж, Цэрэндорж, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн нар тодорсон. Наймдугаар Ламын гэгээнтэн маань эдүгээ Энэтхэг оронд эрдэм номд шамдаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]