Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Нээрээ би чинь нялх багадаа ээжээсээ өнчирч хоцорсон хүн, ээжийнхээ дурсгалыг босгодог хэрэг”Уншсан2,637

Шинэчлэгдсэн өөрчлөгдсөн Монголын шинэ соёлын нийтийн дууны ая зохиогчид, хөгжмийн зохиолчдын дунд Жамбалын Шараа эрхэм хүндтэй байр суурь эзэлсээр багагүй он цагийг өнгөрөөжээ.


Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын шинэ цагийн нийтийн-уянгын дууны нэрт мастер, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, “Уянга яруухан дэлгэрхэн дэлхий” номын баяр өнөөдөр болох юм. Номын редактороор хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан ажиллаж доктор Ш.Баттөр эмхтгэсэн байна. ХХ зууны жараад оноос урлаг соёлын туурвилыг бид “Алтан үеийнхэн” гэж өргөмжлөн хүндэтгэн бахархдаг.

Учир нь тэд уламжлалаа хадгалж, дэлхий нийтийн үсрэнгүй хөгжиж буй урлаг соёлын бүтээлтэй хөл нийлүүлсэн агуулга, хэлбэрийн шинэчлэлийг хийсэн, ард түмний хүсэн хүлээж буй соёлын тийм үнэт зүйлсийг хүргэж, оюуны хэрэгцээг бүрэн хангаж чадсан билээ.

Шинэчлэгдсэн өөрчлөгдсөн Монголын шинэ соёлын нийтийн дууны ая зохиогчид, хөгжмийн зохиолчдын дунд Жамбалын Шараа эрхэм хүндтэй байр суурь эзэлсээр багагүй он цагийг өнгөрөөжээ. Үнэхээр хөгжмийн зохиолч Ж.Шараа уран бүтээлийн их оргил өөд эгц шулуун авирсан хүн. 1960-аад он бол Монголын нийтийн-уянгын дууны алтан үе байсан. С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд, Т.Чимиддорж, Д.Мяасүрэн зэрэг манай хөгжмийн ахмадууд энэ үеийг эзлэн, бүтээл туурвил нь цэцэглэж байлаа. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж “Дарьганга дархчуудын чамин хийц, Галшарын хурц удам, Шилийн богдын сүр бараа, Ганга нуурын өвөрмөц тогтол эд бүхэн Шараа багшийн маань дуу хуурын ая хөгийн үндэс болж байдаг” гэсэн удаатай. Түүний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дэлгэрхэн дэлхий” зэрэг зүрхэнд наалдаж, сэтгэлд шингэсэн олон дуунуудаас онцлон “Миний ижий” хэмээх дууны талаар товч дурдахад ямархан сонгодог бүтээл болсон нь тодорхой байдаг. “Д.Нацагдоржийн “Миний ээжий” хэмээх олны мэдэх дөрвөн мөртөд урьд нь Д.Лувсаншарав, С.Цоодол нарын гурван хөгжмийн зохиолч ая хийжээ.

1963 онд Шараа уг шүлэгт ая хийснийг Зангад дуулж олонд хүргэсэн. Энэ дууг монголын эхчүүд, бүсгүйчүүдэд босгосон хөгжмөн хөшөө гэж нэрлэсэн нь бий. Өнчин хүн дуучин байдаг гэдэг. Ямар боловч Шараа гуай наймхан настайд нь ертөнцийн мөнх бусыг дагаж одсон хөөрхий ээжээ дурсан байж энэ дууг бичжээ. “Ээжий минь Лянхуа гэж сайхан ч нэртэй, сайхан ч хүн байсан. Зангад маань бас өнчин хүн. Бид хоёрын сэтгэлийн үзүүр энэ дуунд үнэхээр нийлсэн дээ” гэж Шараа гуай өгүүлсэн байдаг.

Одоогоос жар шахам жилийн өмнө авгынхаа арьсан цартай хуур, аавынхаа хулсан лимбийг барьсаар их урлагт хөл тавьсан Ж.Шараа гуай өнөөдөр Монголын төдийгүй монгол туургатны дунд нэр хүндтэй хийсэн бүтээлтэй, хэлэх юмтай алтан үеийн уран бүтээлчид яах аргагүй тооцогдоно. Түүний “Эх орны уянга” гэдэг бүтээл нь Монголд анх удаа чавхдаст найрал хөгжимд зориулж бичсэн бие даасан концерт гэж үнэлэгдсэн байдаг. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийн оюутан байхдаа “Монгол аялгуу” гэдэг анхныхаа бүтээлийг туурвисан түүний төрсөн нутаг нь Сүхбаатар аймгийн Асгат сум.

Малчин ард Жамбалын найм дахь хүү нь болон төрсөн Шараа бага наснаасаа ээж, ааваасаа өнчин хоцорч, ах дүү нарынхаа хайр халамжаар эрдмийн мөр хөөж, эрийн цээнд хүрсэн билээ. Урлагийн ахмад ажилтан Л.Цэнд-Очир жаалхүүг урлагийн дунд сургуульд анх шалгуулж байснаар манай хөгжмийн урлагийн түүхэнд Шараа гэдэг хийлч нэмэгдэж, хожим нь чадварлаг хөгжмийн зохиолчоороо ард түмэн бахархах болсон юм. Шараагийн зохиосон “Гэгээн өглөө, сайн байна уу” гэдэг дуу Монголын радиогоор эгшиглэж, өглөөний мэндийн дуу нь болсныг ард түмэн сайн мэднэ. Түүнтэй олон жил уран бүтээлийн жаргал зовлонгоо хуваалцаж яваа ардын жүжигчин Б.Зангад “Шараа аливаа ажилд шалмаг, шуурхай хүн. Түүний энэ байдал нь уран бүтээл дээр нь ч ажиглагддаг. 1960-аад оны үед юмсан. Бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байлаа.

Тэр үед ээжийн тухай нэг сайхан дуу дуулмаар санагдаад болдоггүй. Тэгэхээр нь Д.Нацагдоржийн “Миний ээж” гэдэг шүлгийг аваад Шараа дээр орж “Чи энэ шүлгэнд нэг ая хийгээд үзээч. Би дуулъя” гэв. Тэр үед уг шүлгэнд хөгжмийн хэд хэдэн зохиолч ая хийчихсэн байв. Шараа маань эхлээд баахан зүрх алдах шиг болсон. Тэгснээ “Нэг сайн шүлгэнд хэчнээн ч хүн ая хийж болно шүү дээ. Ард түмэн тэдгээрээс аль сайныг нь л шилээд дуулчихна. Зөвлөлтөд А.С.Пушкины зарим шүлгэнд хэд хэдэн хүн ая хийсэн байдаг юм шүү” гэх мэтээр зоригжууллаа. Тэгтэл ч Шараад нэг юм бодогдов бололтой “Нээрээ би чинь нялх багадаа ээжээсээ өнчирч хоцорсон хүн. Ээжийнхээ дурсгалыг босгодог хэрэг” гэсэн юм. Ингээд л бараг ганц хоногийн дотор өнөөх шүлгэнд ая хийчихсэн. Дараа нь би радиод бичүүлсэн. Одоо хэр нь энэ дуу зөвхөн Шараагийн ээжид ч биш “Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүдэд” зориулсан шилдэг дууны нэг болон эгшиглэсээр байна. Энэчлэн сонин түүх яривал, манай Шараагийн уран бүтээл бүр нь өөрийн гэсэн өвөрмөц түүх намтар, өнгө аястай байдаг” гэж өгүүлсэн байдаг.

Ж.Шараагийн уран бүтээлийн санд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн            

“Нүдэнд торох бараагүй

Нуурын ус цэнхэртэнэ

Нүцгэн уулс чимээгүй

Өнгөн дээр нь сүүдэртэнэ” хэмээх алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуу үлэмж байр суурь эзэлнэ. Исгэрэх салхины намуухан аясаар сэтгэлийн доторх уйтгарт бодол сэдрэн амилж, хэн хүн нууцхан хайлна.

Дууг сонсож суухад үнэхээр нэг намар цаг, нуурын эрэгт нөмгөн цамцтай зогсоод салхи сөрөх шиг. Яагаад ч юм халиуран шуугих шагшуургын чимээ сонстох шиг болохуй нүдэнд торох бараагүй хэрнээ нуурын ус цэнхэртэн харагдаж сэтгэл эмзэглэнэ. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа “Жаран нэгэн он. Монголын залуучууд оюутны II их наадамд зориулсан уран бүтээлийн уралдаан дүгнэж байсан цаг. Хөгжмийн зохиолч Шараагийн “Хар ус нуурын шагшуурга”-ыг Зангад дуулаад орхисон чинь хэмжээ хэмнэл нь солигдоод нэг л сонин болоод явчихлаа. Зохиогч нь тэгж бичив үү, дуучин нь тэгээд дуулчихав уу гэдгийг мэдэхийн тулд нотыг нь бичүүлж шалгалаа. Тиймээ, хэмнэл солигдсон боловч үгийн утгыг яв цав илэрхийлээд зогсоогүй, манайд тогтсон нэг хэмт загварыг эвдэж шинэчлэл хийсэн байв. Энэ нь уул бүтээл уралдаанд түрүүлэхийн гол үзүүлэлт болсон юм” гэж дурсан өгүүлжээ.

Ж.Шараа “Хар ус нуурын шагшуурга” дууны тухайд “Дуу бүтсэн түүх нь сонин. Обо (яруу найрагч Н.Очирбат) Б.Явуухулангийн ийм нэртэй дууны үгийг гар бичмэлээр нь надад авчирч өгөөд “Багшийн үг, сайхан дуу болно” гэсэн. Ая биччихээд Явуухулан гуайд утастаж ирж сонсохыг хүссэн. Том ч зүрхтэй байж. Явуухулан гуай тэр дороо гүйгээд ирсэн. Эртний томчууд яасан ч даруухан улс байсан юм бэ. Төгөлдөр хуур дээрээ тоглож өөрөө дуулж өгсөн. Сайхан дуу болж гэнэ. Тэгэхээр нь зориг ороод “Та намайг уучлаарай, шагшуурга гэдэг чинь угтаа юу гэсэн үг юм бэ” гэсэнд Явуухулан гуай инээгээд “Чи баруун аймгийн хүн биш учраас мэдэхгүй байж мэднэ” гэснээ “Чамд яавал амархан ойлгуулах вэ” гээд хэсэг бодсоноо “Шараа чи Туул голын шугуйд очиж үзсэн үү?” гэв. “Үзсэн” гэсэнд “За тэгвэл Туулын бургас шуугихыг хэлж байгаа юм. Манай Хар ус нуурын дунд намар зэгс нь салхины аясаар шуугихыг шагшуурга гэдэг юм” гэж билээ.

Дуугаа улам сайжруулахад Явуухулан гуайн энэ тайлбар надад их тус болсон. Би салхины аясаар ганхах бургасны ширхгийг бодоод дууны бичлэгийн нэг хэмт загварыг эвдсэнээрээ нэгэн ёсны нээлт хийсэн гэж боддог. Энэ дуугаараа би Монголын залуучууд оюутны II их наадмын тэргүүн шагнал хүртсэн.1964 онд Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал хуралдлаа. Хүлээн авалт “Улаанбаатар” зочид буудалд болсон юм. Зангад бид хоёр доогуурхан, үүд хавьдуу байлаа. Аваргууд дээгүүр байв. Нэг хартал Явуухулан гуай хундагатай архи барьчихсан Зангад бид хоёрыг шууд чиглэж ирээд бид хоёрт хандаж оросоор “Хар ус нуурын шагшуурга не повторимое приозведение. Спасибо вам большое. За это выпим” гэж билээ. Үүнээс том үнэлгээ гэж тэр үеийн залуу уран бүтээлч бид хоёрт байх уу даа. Би урамшаад Явуухулан гуайн “Сартай шөнийн дуу”-нд ая хийсэн. Зангад дуулсан. Хожим нь Б.Явуухулангийн “Би хаана төрөв өө”, “Эх орны тухай дуу”, “Ганга нуур”-т ая хийсэн. Урам хайрлахад бүтээл ундардаг юм билээ” гэсэн байдаг.

Түүний уран бүтээлийн салшгүй нэгэн жигүүр бол дан хөгжим юм. Хийл хөгжим чамгүй эзэмшсэний хувьд тэрээр энэ зэмсэгт зориулан “Хийлийн концерт”, “Хийлийн гурвалсан концерт” болон гоцлол, цөөхүүл, чуулгад олон арван бүтээл туурвижээ. Мөн симфони найрал, чавхдаст найрал хөгжмийн бүтээл, том хэлбэрт ч эрч хүчээ сорьсон юм. Хөгжмийн зохиолч Ж.Шараагийн дууг зөвхөн Зангад дуулаад байсангүй. “Дэлгэрхэн дэлхий”-г гавьяат жүжигчин Оросоо, “Амар түвшин”-г нь алдарт дуучин Адарсүрэн, “Мөрөөдөл”-ийг ардын жүжигчин Түмэндэмбэрэл дуулж тайзнаа мөнх амьдруулсан түүхтэй. Улсын гавьяат жүжигчин А.Загдсүрэн, Н.Отгон, Д.Тунгалаг нар ч олон дууг нь дуулсан. Ийм гандан бууршгүй зуу гаруй дуутай, 50 гаруй дан хөгжмийн зохиолтой хөгжмийн зохиолч хэр олон байдаг билээ.

Хөгжмийн зохиолч Ж.Шарааг зөвхөн нийтийн дууны их мастер гэж ойлговол, төө сөөм дутуу үнэлэлт болох байх. Хийл, төгөлдөр хуурт зориулан “Монгол аялгуу”, “Элегия”, “Цоглог аяз”, “Бүүвэйн дуу” зэрэг олон арван бүтээлээ туурвисан юм. Эдгээр бүтээлийг нь гадаад дотоодын олон хөгжимчин тоглосон байдаг. Ж.Шараа 1938 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1948-1952 онд Асгат сумын бага сургууль, 1952-1955 онд Улаанбаатар хотын театр хөгжимйн дунд сургуулийг хийл хөгжимйн мэргэжлээр төгссөн. 1955-1961 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн дээд сургуулийн хийл хөгжмийн анги, 1968-1973 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус тус төгсчээ. Тэрээр Москва хотын бүжгийн дунд сургуульд багш, 1975-1977 онд МҮЭ-ийн соёлын төв ордонд уран сайхны удирдагч, 1981-1984 онд Дархан хотын хөгжмийн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1986-1988 онд Монголын пионерийн ордоны уран сайхны удирдагч, 1990 оноос Улаанбаатар хотын хөгжмийн коллежийн багш зэрэг ажлыг хийж байжээ.

Уралын хөгжмийн дээд сургуульд орж суралцан гадаадад хийлийн мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтний диплом өвөрлөж иржээ. Манай ихэнх хөгжмийн зохиолч анхны уран бүтээлээ дуугаар эхэлсэн бол Шараа дан хөгжмөөр эхэлсэн аж. Тэрбээр оюутан ахуйдаа “Монгол аялгуу” нэртэй хийлийн гоцлол бичиж улсын шалгалтаа өгсөн нь өндөр үнэлэгдэж Н.А.Шварц багш нь Свердловскийн радиод бичүүлсэнийг хожим манай радиогийн урын санд авсан гэдэг. Тэр үеийн сонсогчдын сэтгэлийг булгилуулж байсан “Хавар ирлээ шүү, Хүүхнүүд ээ”, “Миний ээж”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дуучин болов оо, би”, “Сартай шөнийн дуу” нь одоо ч үе үеийнхний дуртай дуу болон дуулагдсаар. Шараа хүүхдийн ордонд хоёр жил багшлахдаа “Авьяас” гэсэн ардын чуулгатай болгож, ятга, лимбэний хэдэн сайн хүүхдийг хөгжим, бүжгийн дунд сургуульд оруулсан аж.

Соёлын яамны томилолтоор Дарханд хоёр жил ажиллахдаа хөгжмийн оройн сургуулийн суурийг тавилцаж, Дуурийн театрын дэргэд дуурийн дуучин бэлтгэх анхны студи байгуулагдахад Уртнасан, Баадайжав, Насанбуян, Гэцэл нарын оюутнуудад хөгжмийн цагаан толгой зааж байжээ. Тиймээс түүнийг багшаа гэж бахархан дурсах шавь олон. Ж.Шараа Л.Мөрдорж гуайн жинхэнэ гарын шавь нь юм. Тиймдээ ч тэрүү “Шараа нэг юм хүртчихвэл миний санаа амрах нь тэр. Ийм авьяастай хүн хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй яваад би харамсдаг” гэж ярьсан байдаг. Ж.Шараагийн уран бүтээлийн тухай өгүүллэгийн мастер Ж.Лхагва, улстөрийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав, хөгжим судлаач, доктор Бадамжавын Батжаргал, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нарын олон хүн бичжээ. Наян насныхаа босгонд уянга яруухан дэлгэрхэн дэлхийгээ аргадаж яваа уянгын дууны нэрт мастер Жамбалын Шараагийн тухайд товчхон өгүүлэхэд ийм буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]