Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкийг доргиосон хамгийн том үймээнУншсан17,800

Үймээн газар аван замбараагаа алдсан тэр үед хэргийн эзэн Родни Кинг хэвлэл мэдээллээр дамжуулан ”Бид бүхэн үр хүүхэд, настай хөгшчүүдийнхөө төлөө энэ бүх үймээнийг зогсоох хэрэгтэй, бид чадна” гэж хотын оршин суугчдад хэлсэн боловч тоож сонсох хүн байсангүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргааны улмаас жагсагчид Капитоли дахь ордныг эзэлж, бас бус мөргөлдөөн болсноор хэдэн хүн амь насаа алдаж дэлхий даяар л шуугилаа. Дэлхийн олон том хэвлэл, тоймчид энэ явдлыг АНУ-ын түүхийн шинэ үе эхэлж байгаа юм биш биз хэмээн бичиж ярьж байна. Үнэн ч байж магадгүй. Гэхдээ АНУ-ын түүхэнд болж байсан олон арван иймэрхүү явдлын дундаас хамгийн их хохирол учруулж, улс орныг талцуулсан хэрэг нь 1992 онд Лос Анжелост эхэлсэн үймээн байсан юм.

Хэрэг явдал 1992 оны 3-р сарын 3-нд эхэлсэн гэдэг. Тухайн өдөр эргүүлийн цагдаа нар хурд хэтрүүлж яваа нэгэн машиныг зогсоон шалгах гэхэд өнөөх нь зугтааж эхэлжээ. Цагдаа нар ч хөөж барьж аваад үгэнд ороогүй нөхрийг балбаж эхэлсэн байна. Зарим мэдээгээр мансууруулах бодис хэрэглэсэн Родни нь баригдах үедээ хэлэх хэлэхгүй үг хэлж цагдаа нарыг бүр галзууруулсан бололтой. Энэ нөхөр угаасаа явдалтай эр байсан төдийгүй яг тэр үед жижиг дэлгүүр хоршоо дээрэмдсэн хэргээр тэнсэн харгалзах ялтай явсан нөхөр байж. Дэлхийн аль ч улс орны цагдаа нар иймэрхүү нөхдүүдтэй ёсорхоод байх биш.

Гэтэл цагдаа нарын хүн зодож байгааг нэг хүн видео хэлбэрээр бичиж авсан ба тэрхүү бичлэгт цагдаа нар Родниг 56 удаа цохисон, бүр энэ хүн амьдын шинжгүй болчхоод байхад ч нүдээд байсан нь тод харагдаж байжээ. 89 секундийн энэ бичлэг ихээхэн шуугиан тарьсан боловч энэ хэргийг авч хэлэлцсэн шүүх дөрвөн цагдаагийн гурвыг нь ямар ч буруугүй гэж үзсэн байна.

Хар арьстнууд Лос Анжелес даяар үймж эхэллээ. Хотын төв хэсэгт цагдаа нарыг эсэргүүцсэн хар арьстнууд жагсаж эхэлсэн ба иймэрхүү үед болдогчлон гудамжны дээрэмчид, хөөрсөн амьтад, адгийн хулгайч, луйварч нар бас гудамжинд гарч жагсагчидтай нийлж, үймээнийг өргөжүүлэн замбараа цадигийг алдуулж байв. Дайралдсан цагаан арьстнуудыг барьж зодох нь жирийн явдал болж, жижиг дэлгүүр, цайны газрыг шатаан түйвээж, үймээний цар хүрээ тэлсээр бүх л хотыг нөмөрчээ. Дөрөвдүгээр сарын 30-нд хотын мэр Том Брэдли хөл хорионы цаг тогтоосон бол Калифорни мужийн захирагч хотод Үндэсний гвардийн цэргүүдийг оруулж ирсэн байна.

Хэдий тийм боловч үймээний хамгийн оргил үе 5-р сарын 3-нд болсон юм. Энэ өдөр өч төчнөөн байшин сав, машин тэргийг шатааж, олон хүнийг зодож гэмтээсэн бөгөөд үймээн Сан Францискод ч бас халдварласан байдаг. Гэхдээ энд Лос Анжелосыг бодвол эвдрэл гэмтэл, хамрах хүрээ нь бага байсан юм билээ.

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилсэн энэ үймээнээр нийт 5500 байр шатаж, 1,8 тэрбум долларын хохирол учирсан ба 55 хүн алуулж (63-66 гэх нь ч бий) 2000 хүн хүнд гэмтэж, 12000 хүн баривчлагдаж байв.

Энд тэндгүй шатах байшин барилгаас болж тэнгэрт асар их утаа, үнс хөөрч агаарын тээвэрт ч аюултай байдал үүсгэсэн учир (харагдах орчин муугаас онгоц буух боломжгүй, онгоцны хөдөлгүүрт үнс орж гэмтээх аюултай болсон г.м.) нисэх буудлыг тэр чигээр нь хааж байсан гэхээр үймээний хамрах хүрээ ямар хэмжээтэй байсан нь ойлгомжтой болов уу.

Үймээн газар аван замбараагаа алдсан тэр үед хэргийн эзэн Родни Кинг хэвлэл мэдээллээр дамжуулан ”Бид бүхэн үр хүүхэд, настай хөгшчүүдийнхөө төлөө энэ бүх үймээнийг зогсоох хэрэгтэй, бид чадна” гэж хотын оршин суугчдад хэлсэн боловч тоож сонсох хүн байсангүй.

Цагаан арьстны эсрэг харуудын тэмцлээр эхэлсэн энэ үймээнд яваандаа латин америкчууд, азийнхан, бас хар арьстны тэгш эрхийн төлөө тэмцэгч цагаан арьстнууд ч оролцож эхэлсэн байна. Энэ бүх элдэв өнгөтэй арьстнууд дээрэмдэж, эвдэж, шатааж байхдаа ер бусын эв нэгдэлтэй байсан юм гэдэг.

Гэхдээ энэ үймээнийг эсэргүүцэж өөрийн гэр орон, бизнесээ хамгаалахаар гартаа буу барин тэмцэж байсан олон хүмүүс бий бөгөөд “харууд”-ын дүүрэгт байсан цөөхөн хэдэн солонгосчууд энэ үед өөрсдийн зохион байгуулалт, шийдэмгий байдлаараа ялгарч байсан гэдэг.

Цагдаа нарыг шүүх хурал дахин болж, тэдгээр офицеруудыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн ажлаас нь халах шийтгэлийг яаран сандран оногдуулсны дараа удалгүй үймээн зогслоо. Үнэндээ хөөрсөн олон хүмүүс ядарч, хот орноо юу болгосноо ойлгож эхэлсэн учраас боломж гарангуут үймээнээс зугтаж зайлсхийснээр энэ явдал дууссан гэж үздэг тоймчид байдаг билээ.

Хэргийн эзэн болох Родни Кинг 56 сая долларын нөхөн олговор нэхэмжилсэн бөгөөд цагдаа нар энэ хүнийг 56 удаа цохисон учраас, цохилт болгоныг 1 сая доллар гэж тооцсон учраас ийн нэхэмжилжээ. Харин шүүх түүнд 3,8 сая доллар олгох шийдвэр гаргасан байна.

Ийнхүү баяжиж, тансаг сайхан амьдралтай болсон Родни 2012 онд өөрийн гэрийн усан санд живж нас барсан байдалтай олдсон ба мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэт ихээр хэрэглэснээс болж ийнхүү дууссан гэнэ.

P.S.

Саяхан Капитолийг дайрсан үйл явдлын үеэр манай хэвлэл мэдээлэл ёстой нэг гайхашрууллаа. Бүр юу ч болоогүй юм шиг, эсвэл хэдэн хүүхэд түлхэлцсэн төдий юм шиг л таг чимээгүй. Өмнөхөн нь  Беларусь, Гонконг мэтийн нутагт болсон, нарийн яривал хаа ч болдог жагсаал цуглааныг тарааж байгааг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг” гэх нь холгүй сүрлэг үгсээр буруутгаж бичиж байсан ч энэ удаа хэсэгтээ таг чиг. Яахав дараа нь богинохон хуурай мэдээ гаргасан болоод өнгөрч байгаа бололтой.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 28. 17:35
Зочин

сайхан нийтлэл байна ямар мэргэжлийн хүнд өөрийн эзэмшсэн мэргэжлийн баяр ёслолын өдөр гэдэг бахархам сайхан агшин байдаг.

2020, 2 сар 3. 19:22
Зочин

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм судлаад ирвэл нарийн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]