Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийг "ухаж" гаргасан ньУншсан55,786

Адольф Гитлер, түүний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын Аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ.

Адольф Гитлер, түүний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын Аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ.

Оросын цэргүүд Берлинийг эзлэн авсан 1945 оны тавдугаар сард нацистын гол гол толгойлогчид өөрсдийнхөө хувь заяаг хэдийнэ шийдчихсэн байв. Гитлерийн үхлийн нууц түүх 1945 оны тавдугаар сарын 2-ноос эхэлдэг. Тэр өдрийн 17.00 цагт ЗХУ-ын армийн буудлагын 79 дүгээр корпусын сөрөг тагнуулын тасгийн дарга хошууч Клименко Германы хоёр гэрчийг байлцуулан Геббельс болон эхнэрийнх нь шатсан цогцсыг олсон тухай баримт үйлдсэн байдаг юм.

Ингээд тэд Гитлерийн эрэлд гарчээ. Гэхдээ тэд Гитлер хэдийнэ амиа хорлосон талаар мэдээлэлтэй байсан болохоор түүний цогцсыг л хайж байсан хэрэг. Хангалттай хүчээр хоёр хоног хайгаад олсонгvй. Харин тавдугаар сарын дөрвөнд Гитлерийн нуугдаж байсан бөмбөгнөөс хоргодох байрны нууцлаг мухраас эрэгтэй эмэгтэй хоёр хүний цогцос олжээ.

Цогцсуудыг шатаасан байсан учир Гитлер болон тvvний эхнэрийнх гэж танихад бэрхтэй байв. Иймээс шинжилгээнд явуулах шаардлага гарчээ. Оросын цохилтын гуравдугаар армийн сөрөг тагнуулын хэлтэст цогцсуудыг даруй хүргүүлсэн байна. Тэнд тэдгээрийг таниулах ажиллагааг явуулсан гэх. Шүүх эмнэлгийн шинжилгээ нотолгоог хийсний дараа шарилыг Германы Бух хотын ойролцоо оршуулжээ. Гэвч тэнд удаан байлгасангүй. Энэ нь нууцлалтай холбоотой байсан байж болох. Адольф Гитлерийг эрэн хайх ажиллагааны нууц материалд дурдсанаар бол тэднийг Бух хотын ойролцоох булшнаас нь дахин ухан авч Финов хотын орчимд, дараа нь тэндээс дахин зөөж Ратенов хотын ойролцоо 1945 оны зургадугаар сарын гурванд оршуулжээ.

Харин түүнээс хойш булшийг нэг хэсэгтээ хөндөөгүй бололтой юм. Шарилнуудыг модон хайрцагт хийж 1.7 м-ийн гүн нүхэнд булсан бөгөөд фюрерийн нохойг нь бас зэрэгцүүлэн оршуулсан тухай Холбооны аюулгүй байдлын албаны тэмдэглэлд бичин үлдээжээ. Дээрх бичиг баримтад Гитлер болон түүний эхнэрийг оршуулсан газрыг шинж тэмдгээр нь маш тодорхой бичсэн аж. "Төмөр замын гүүрээс 325 м-ийн зайд 111 тоот чулуун баганаас зүүхэн хойно.... дараагийн багана хүртэл 55 м.

Энэ баганаас зүүн тийш 26-м-т гэхчлэн зай хэмжээнүүдийг нэг бүрчлэн дурджээ. Булш газрын гадаргатай тэгшхэн бөгөөд дээр нь жижигхэн нарсан мод суулгасан. Модон дээр 111 гэсэн тоо буй" гэж шинж тэмдгийг нь мөн протоколд тэмдэглэжээ. Гитлерийн шарил хэрхсэн талаар дэлхий нийт ихэд сонирхдог байсан ч ЗХУ энэ нууцаа хагас зууны турш хадгалсаар ирсэн юм.

Нууцлаг бүхэн элдэв цуу яриа, таамаг дагуулдаг жамтай. Тэгээд ч тэр үү, энэ хооронд янз бүрийн цуу яриа гарсаар байлаа. Тухайлбал Гитлер амьд байгаа гэсэн таамаглал маш их яригддаг байлаа. Түүнийг Өмнөд Америкт байгаа тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ л шуугисан. Тухайн цагт нацистуудын толгойлогчдын дүрвэх ажиллагааг зохион байгуулж байсан "Одесса" сүлжээний талаар ч янз бүрийн таамаг яригддаг байлаа. Харин энэ бүхэнд Москва таг дуугүй л байв. Ямар ч тайлбар, ямар ч няцаалт өгөлгүй дүлий царайлсаар суусан.

Юрий Андропов

Энэ нь тэдний гарт хөдөлшгүй баримт нотолгоо байсных байх. Хэрэгцээ шаардлага гарвал очоод үзүүлчих шарил тэмдэгт газартайгаа тэдний мэдэлд байв. Гэвч тухайн vед Улсыг Аюулаас хамгаалах газрын тэргүүн байсан Юрий Андропов энэ бүхнийг нэгмөсөн зүйл дуусгахаар шийдвэрлжээ. Тэр Улс төрийн товчоотойгоо зөвлөлдсөний үндсэн дээр 1970 оны гуравдугаар сарын 20-нд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл "Архив" гэж нэрлэсэн нууц ажиллагаа явуулах төлөвлөгөөг дэмжжээ. Ажиллагааг маш нууцалж байв. Хурандаа Коваленкогоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг 15 хоногийн дараа Германы Магдебург хотын Вестендштрассийн районы 36 дугаар байранд хүрэлцэн иржээ. Гитлер, Браун нарын шарилыг тэмдэгт газраас дахин ухан энд авчирсан байна. Хурандаа өөрийн гараар үйл ажиллагааны протоколыг хөтөлжээ.

 

"Тэмдэгт газар очиж газрыг ухахад авсны таг байв" гэхчлэн үйл явдлын процессийг дараалан тэмдэглэсэн энэ ажиллагааг 1970 оны дөрөвдүгээр сарын дөрөвний шөнийн турш гүйцэтгэжээ. Шарилын үлдэгдэлтэй хайрцгийг тавны өглөө хатуу чанга хяналтын дор устгалд оруулсан байна. Дараа нь Магдебург хотоос 11 км-ийн зайд Шенбеккийн районд аваачин дахин чандарлажээ.

Үүнээс үлдсэн багахан хэмжээний үнсийг голын усанд цацсан тухай протоколд дурджээ. Харин ямар голд гэдгийг нь бичсэнгүй.

Гэхдээ тэр хавиар ганцхан Эльба мөрөн л урсдаг. Гитлер, Браун нарын сүнс ингэж хагас зууны дараа сая нэг мөнхийн амарлингуйг олжээ. Энэ талаархи Холбооны аюулгvй байдлын маш нууцын зэрэглэлд багтаж байсан зарим нэг баримтууд ийн эхнээсээ ил болж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]