Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэгтийн дэвсгэртийн нуугдмал арслан хожим ил болсон ньУншсан4,949

1966 онд гүйлгээнд оруулсан шинэ мөнгөн дэвсгэртийн нэг төгрөгийн тухайд олон янзын сонирхолтой хууч яриа, түүх домог байдаг билээ.

1966 онд гүйлгээнд оруулсан шинэ мөнгөн дэвсгэртийн нэг төгрөгийн тухайд олон янзын сонирхолтой хууч яриа, түүх домог байдаг билээ. Олны ам дамжсан яриагаар бол уг нэг төгрөгийн нүүрэн талд арслангийн толгойн дүрсийг чадмаг нууцлан дүрсэлсэн байдаг тул “арслантай төгрөг” хэмээн нэрийдэх болжээ. Мөн зарим хүмүүсийн яриагаар бол нэг төгрөгийн нүүрэн талд монгол орны газрын зургийг дүрсэлсэн гэх нь ч бий. Нээрээ л сайн ажиглан харвал мөнөөх нэг төгрөгийн нүүрэн талд монгол орны газрын зураг, арслангийн толгойн дүрс сэлт аль, аль нь харагдах нь ч бий. 1966 оны мөнгөн тэмдэгтийг урласан “уран” Ц.Минжүүр гуай төгрөгийн нүүрний нэг гэсэн тооны эргэн тойрон дахь хээ чимэглэл, нарийн жигд зураасан дунд амгалан сүрлэг арслангийн нууц дүрсийг гайхам уран аргаар зурсан аж.

 

Улсын мөнгөн тэмдэгтэд арслангийн нууц тэмдэг дүрс хийх санааг түүнд анх эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай хэлж өгсөн гэдэг. Ц.Дамдинсүрэн гуай “Манай өвөг дээдэс арслан бол амгалан, хүчирхэг, итгэлтэй хамгийн гол нь шуналгүй амьтан гэж бэлгэшээн тамганы хайрцаг, авдар, сан хөмрөгийн хайрцагны нүүрэн дээр зурж урладаг байж. Зураач “бурхан” Минжүүр мөнгөн тэмдэгтийн зураг зурах нууц даалгавар аваад юм асууя гэж ирэхээр нь арслан зурж болох юм. Аргыг нь олж байгаад оруулчих. Хэтэрхий хичээж тайлбарлавал хуучны юм сэргээх гэлээ гээд өөрчилчихнө шүү. Харин зургийнхаа эхийг хүнд үзүүлсэн тухай битгий яриарай гэж захиад явуулсан. Минжүүр их уран зурсан байна билээ” хэмээн дурсан ярьж байжээ. Тэр цагаас хойш учир мэдэх хүмүүс арслантай нэгтийг “Минжүүрийн төгрөг” гэж хэлэлцэх болсон бөгөөд хожим Завхан аймгийн харьяат зохиолч Ц.Сайннямбуу үгийг нь бичсэн “Арслантай төгрөг” хэмээх дуу “төрж” дуучин А.Баяржаргал дуулж билээ. Сая төгрөг ч нэг төгрөгнөөс эхэлдэг билээ. Миний түрийвчинд 1966 оны нэг төгрөгийн дэвсгэрт байнга явдаг юм. Энэ “арслантай” төгрөгийг харах тоолонд Ц.Дамдинсүрэн гуайн хурц ухаан, холч бодол, Ц.Минжүүр гуайн уран гарыг бахдан бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм даа.

Хожим шинэчлэгдэн хэвлэгдсэн 1-тийн дэвсгэртэд арсланг шууд бодитоор нь дүрслэн зурсан билээ.

Соронзон

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]