Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Монголын тусгаар тогтнолыг хэлэлцсэн их гүрнүүдийн сүүлчийн хэлэлцээрУншсан13,021

Хэлэлцээрийн явцад БНМАУ-ыг Хятадын бүрэлдэхүүнд оруулах тухай асуудлыг хөндсөн хятадуудын бүхий л оролдлогыг И.Сталин няцааж “хэрвээ Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг авч хэлэлцэхгүй тохиолдолд бусад асуудлыг бид авч хэлэлцэхгүй хэмээж байв.

Манай улсын мөнхийн хөршүүд болох Орос, Хятад хоёр улсын хооронд Монголын эрх ашгийг хөндсөн олон гэрээ хэлэлцээр хийж, түүнээс улбаалан Монголчуудын ирээдүйд ихээхэн өөрчлөлт орж байлаа. Энэ бол түүхийн үнэн. Эртнийхээс нь дурвал тухайн цаг үедээ Хятадыг мэдэж байсан Манж Чин гүрэн болоод Хаант Оросын дунд болсон Нерчугийн гэрээ, Монгол улсын хил хязгаарыг өөрчилсөн Буурын гэрээ, сүүлд Богд хаант Монгол Улс Таван замын байлдаан хийж ӨвөрМонголоо өөртөө дахин нэгтгэхийн даваан дээр ирээд байсан түүхийн эгзэгтэй мөчид хийгдсэн хэлэлцээр зэргийг нэрлэж болно.

Тэгвэл Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашгийг хөндсөн хоёр улсын сүүлчийн хэлэлцээр дэлхийн 2-р дайнд Гитлерийн Герман унасаны дараахан хийгдсэн юм. Энэ түүхийг дэлгэрүүлэн өгүүлье.

Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар 1945 оны 6 дугаар сарын сүүлээр Хятадын Ерөнхий сайд ба ГЯЯ-ны сайд Сунь Зывэнь болон Ван Шизе, Зян Зинго нарын өндөр албаны төлөөлөгчдийг урьж, ЗХУ, ДИУ-ын хооронд холбоо, найрамдлын тухай гэрээ байгуулах, бас Крымийн Бага Хурлын шийдвэрт тусгагдсан асуудлаар Москвад хэлэлцээ хийжээ. Энэ хэлэлцээрийн үндсэн асуудлын нэг нь БНМАУ-ын статус-кво байв.

Хэлэлцээрийн явцад БНМАУ-ыг Хятадын бүрэлдэхүүнд оруулах тухай асуудлыг хөндсөн хятадуудын бүхий л оролдлогыг И.Сталин няцааж “хэрвээ Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг авч хэлэлцэхгүй тохиолдолд бусад асуудлыг бид авч хэлэлцэхгүй. Тэгэхгүй бол хэлэлцээг зогсооё” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

Хятадын удирдагчдаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах нь зүйтэй хэмээн И.Сталин тооцсон бололтой. Ийм ч учраас Москвад ЗХУ, ДИУ-ын хэлэлцээр болж байх үед буюу 1945 оны 7 дугаар сарын 4-нд БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийг урьж ирүүлэн төрийн өндөр хэмжээнд угтан авчээ. Энэхүү дээд хэмжээний айлчлал нь:

  • БНМАУ-ыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгийг Хятадын дипломат албаныханд харуулах
  • Зөвлөлт- Хятадын хооронд яригдаж буй асуудлаар Монголын төлөөлөгчдөд мэдээлэл хийх
  • Эцэст нь Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах асуудлыг тохиролцон /МАХЦ-ийн Өмнөд бүлгийн командлагчийг томилох, бүлгийн анги, нэгтгэлүүдийг байлдааны техник зэвсэглэл, эд материалаар хангах/ шийдвэрлэхэд оршиж байв.

Айлчлалын үеэр Х.Чойбалсан, И.Сталин нарын уулзалт болж, Зөвлөлт-Хятадын хэлэлцээ болон ЗСБНХУ, БНМАУ Японтой дайтах асуудлаар илэн далангүй ярилцжээ. Ярианы явцад БНМАУ-ыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай ЗСБНХУ ба Хятадын хамтарсан Тунхагийн төслийг маршал Х.Чойбалсанд танилцуулсан байна.

Маршал Х.Чойбалсан эх орондоо ирээд МАХЦ-ийг Японтой явуулах дайнд бэлтгэх ажилд шуурхайлан орж, эдийн засаг, батлан хамгаалалтын чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авчээ. Үүнд, МАХЦ ба Хилийн цэргийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулж, ЗХУ-аас зэвсэг техник авч шилжүүлсэн байна. Мөн ажилчин албан хаагчдын ээлжийн амралтыг зогсоож, ажлын цагийг уртасган, хөдөлмөрийн дайчилгаа явуулжээ. Хамгийн чухал нь БНМАУ-аас Японд дайн зарлах тухай Тунхаглал, цэргийн дайчилгаа явуулах тухай шийдвэрийг Монгол Улсын түүхэнд анх удаа гаргасан явдал юм.

БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 45 минутад эхэлсэн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах Тунхаглалыг баталжээ. Уг хурлыг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд удирдаж, Ерөнхий сайд Х.Чойбалсан японд дайн зарлах болсон шалтгаан, учир холбогдлыг тайлбарлаж товч үг хэлснийг хуралд оролцогчид дэмжиж үг хэлцгээжээ. Дараа нь БНМАУ-аас Японд дайн зарлах тухай Тунхаглалыг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан уншиж танилцуулжээ. Ийнхүү БНМАУ-ын Бага Хурал ба Засгийн газраас Японд дайн зарлах тухай Тунхаглал бичгийг 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарын цагаар 1 цаг 40 минутад нэгэн дуугаар баталж, гарын үсгээ зурцгаажээ.

Тунхаглалыг баталсны дараагаар маршал Х.Чойбалсан үг хэлж, Монголын ард түмэн, Зөвлөлтийн ард түмний хамтаар Японд дайн зарлах тухай гаргаж байгаа энэ шийдвэр бол “их түүхт хэрэг... хэзээд ч мартагдахгүй, түмэн үед дуурсагдаж үлдэх зүйл мөн” хэмээн онцлон хэлжээ.

Ингээд Тунхаглал бичгийг тэр дор нь ЗХУ-д нот бичиг болгон илгээж, мөн өдрөө маршал Х.Чойбалсан Монголын ард түмэнд хандан радиогоор үг хэлж Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн өргөн цуглаан дээр тайлбарлан таниулсан байна.

ЗСБНХУ-ын Гадаад явдлын яамны ардын комиссар В.Молотов: БНМАУ-ын Бага Хурал, Сайд нарын зөвлөлийн хамтарсан онц хурлаас манай нийтийн дайсан Японы эсрэг дайн зарлах тухай анхаарал бичгийг /энд Тунхаглал гэж бичээгүй/ уламжилсан Х.Чойбалсангийн нотыг баяртайгаар хүлээн авснаа нотлоод Москвад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ж.Самбуугаар дамжуулан Монголын Засгийн газарт мэдэгджээ.

Улмаар энэ Тунхаглал бичиг 1945 оны 8 дугаар сарын 10-нд Монголын, 11-нд нь Зөвлөлтийн тогтмол хэвлэлд нийтлэгдсэн байна.

Тунхаглал бичгийн эхний хэсэгт:

Монголын ард түмний хэдэн зуун жилийн турш өөртөө бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнохын төлөө зорьж ирсэн санаа сэтгэлийг дагуулан, Монгол овогтон нэгэн гэр болж, айл зэргэлдээ ардчилсан улсуудтай найртай сайхнаар оршин суухыг хүсэж ирснийг үндэслэж, ЗХУ-ын ард түмэнд ах дүүгийн найртай сэтгэлийн үүднээс 1936.03.12-ны өдөр байгуулсан ЗСБНХУ, БНМАУ хоёрын харилцан туслалцах гэрээн дэх үүргээ үнэнчээр биелүүлэн нийтийн дайсныг түргэнээр бүрмөсөн цохиж устгах гэсэн ардчилсан улсууд ба эрх чөлөөг эрмэлзэгч дэлхийн ард түмний нэгэн санаа зорилгоор бахархан зоригжиж, Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн тус нэмрийг оруулахын тулд Япон улстай байлдах ариун дайныг эрхэмсгээр зарлан буйгаа мэдэгджээ.

Дунд хэсэгт: Японы хуанди хаант улс ба түүний дайн өдөөгч фашистын харгис этгээд нь БНМАУ-ын хилд 1935 онд Буйр нуур орчим, 1939 онд Халхын голоор хулгайн ёсоор довтлон байсныг тэмдэглэжээ.

Сүүлийн хэсэгт: Халх, дөрвөд, торгууд, ойрд, буриад, барга, өвөрМонгол, цахар, ордос, харчин, дарьганга, алшаа, дээд Монгол зэрэг Монгол овогтон, БНМАУ-ын нутаг, жич Японд түр эзлэгдсэн газар оршин буй Казах, урианхай нар хэл бичиг, үндэсний соёл юугаа эрхэмлэн үндэсний хэв заншил, шашин суртахууныг сахиж, өөрийн улсын бүрэн эрхт, тусгаар тогтнох байдлыг улмаар бататган боловсруулж аж амьдрал юугаа эрх чөлөө, тусгаар тогтнолын ёс зүйд нийлүүлэн зохиохын тулд мөн энэхүү ариун дайнд нэгэн зэргээр хөдлөн босоцгоохыг уриалсан байна.

Хожим нь “Тунхаглал бичиг”-ийг Монгол, орос хэлээр хэвлэхдээ энэ хэсгийг хасдаг болсон юм. Учир нь Японд дайн зарласнаас 3 хоногийн дараа Зөвлөлт-Хятадын хэлэлцээр дуусаж, найрамдал ба холбооны тухай Гэрээнд гарын үсэг зурж, гадаад яамдын хэмжээнд нот солилцсон байна.

Хятадын ГЯЯ-ны нотод “Гадаад Монголын тусгаар тогтнолыг, түүний одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэжээ.

Харин Зөвлөлтийн нотод болохоор “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /Гадаад Монгол/-ын төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болно” гэсэн байдаг. Энэхүү хоёр нот бичгийн агуулга нь “Тунхаглал бичиг”-ийн сүүлийн хэсгийн агуулгатай зөрчилдөж байсан тул хожим нь хассан байна.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 10 сар 22. 18:45
zo

stalin tuushtai baij ih uureg guitsetgesen

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]