Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дорнод фронтын Як-1Уншсан13,348

Энэ бүхний үр дүнд Як хурдан өндөр авах, маневрлах чадварынхаа хүчээр Мессер-үүдийг гүйцэж дайрах, хурдтай өндөр аван зугтах боломжтой болсон буюу дахин өрсөлдөгч болж чаджээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайнд оролцсон Германы Ю-88, Америкийн P-39 Aircobra, Японы A6M-Zero онгоцнуудын тухай өмнө нь бичиж байсан бөгөөд энэ удаа Зөвлөлтийн Як-1 онгоцны ээлж.

1939 онд Зөвлөлтийн нисэх хүчин дэлхийн бусад хүчирхэг улсуудаас хоцорч байгаа нь тодорхой болж яаран сандран ажиллаж эхэллээ. Олон шинэ зохион бүтээх товчоо байгуулагдан хууччуулыг шахаж эхэлснээр залуучуудад боломж бий болсон ба тэдний нэг нь спортын онгоц зохион бүтээдэг Яковлевын удирдсан баг байв. Тухайн үеийн Зөвлөлтийн удирдлагууд тэдгээр зохион бүтээх товчоонуудад шинэ сөнөөгч онгоц хийх даалгавар өгөн тактик-техникийн шаардлагыг боловсруулан тараасан байна. Энэ нь

-6000 метрийн өндөрт -620 км/цаг хурдтай

-Алслал-600 км

-Өндөр -11-12 км

-10 000 метрийн өндөр авах хурд нь- 9-11 минут

-зэвсэглэл-12,7 мм-ийн нэг пулемёт, 2 синхрон 7,62 мм-ийн ШКАС пулемёт (синхрон буюу сэнсний эргэлтийн завсраар буудах)... гэсэн олон үзүүлэлт байлаа. Гэхдээ энэ бүхэн нь шинээр хийгдэж байгаа М-106 мотортой хамаатай байв.

Гэсэн хэдий ч М-106 мотор бүтээгүй учир Зөвлөлтийн инженерүүд нь байгаа хуучин моторуудаар дээрх үзүүлэлттэй ойртож чадах онгоц бүтээх хэцүү бэрхшээлтэй тулгарсан байна.

Залуухан зохион бүтээгч Яковлев богино хугацааны дараа И-26 онгоцыг бүтээн, туршилт хийж эхэллээ. Тухайн үеийн Зөвлөлтийн бусад онгоцыг бодвол хамаагүй илүү цэвэрхэн аэродинамик, боломжийн бүхээгийн тоноглол, цилиндрийн голоор буудах боломжтой 20 мм-ийн ШВАК их буу суурилуулсан М-105 П мотор бүхий энэ онгоц 1940 оны 1-р сард анх агаарт гарсан байна. Анхны туршилт нислэгээр хүлээж байсан тактик техникийн үзүүлэлтэд огт хүрээгүй, найдвартай байдал гэх юм бараг үгүй тийм  онгоц болж гэдгийг мэдсэн ба цаашид дэндүү олон зүйл дээр ажиллах шаардлагатай нь тодорхой болжээ. Аливаа нисэх онгоцны туршилтын нислэгээр “нялхсын өвчнүүдийг” үй түмээр нь олж илрүүлж, засварлан сайжруулж өөрчилдөг ч И-26-ийн хувьд энэ нь дэндүү их байлаа. Онгоц хэдийгээр удирдахад хөнгөн, зарим нэг алдааг үл тоон, тэнцвэртэй байдлаа хадгалж чадаж байсан ч тосны системийн ажиллагаанаас болж мотор халах, гацах зэрэг явдлууд байнга болж байсан ба туршин нисгэгч Пионтковский эхний 15 нислэгийн үед ганц ч удаа төлөвлөсөн програмаа биелүүлж чадаагүй төдийгүй дан ослын буулт хийж байсан гэдэг нь байдал ямархуу байсныг тод харуулж байгаа байх. Тосны системийг, хөргүүрийн системийг олон янзаар хийж тавьж нислэгт гаргаж байсан ч олигтой амжилтад хүрч чадалгүй байсаар 1940 оны 4-р сарын 27-ны өдрийн туршилт буюу 43 дахь удаагийн нислэгээр Пионтковский онгоцоо аварч чадалгүй үрэгджээ.

Ослын дараа энэ онгоцны болохгүй бүтэхгүй бүх л зүйлийг бүгдийг нь гарган жагсаахад асар олон хуудас болсон гэдэг. Радио холбоо, генератор, шөнийн гэрэлтүүлэг, шөнө буулт хийх систем, хөл анги найдваргүй, бүхээгийн агааржуулалт байхгүй, зэвсэглэл, өнөөх тосны систем...гээд тоочоод баршгүй гэмээр.

Зөвхөн пулемётоор буудахын тулд гох дээр 27 кг-ийн даралт өгөх хэрэгтэй байсан гэдгийг харахад энэ онгоцыг сөнөөгч гэх байтугай, байлдааны онгоц гэж хэлэхэд ч хэцүү байлаа. Дээр нь тосны системээс болж хурдаа гүйцэд авах боломжгүй төдийгүй...

-“Туршилтын онгоц тасрах зурвас дээр очих үед хөдөлгүүр халж эхлэх ба 10-15 минут унтраан хөргөж байгаад дахин асааж агаарт гарч байлаа...” гэж туршин нисгэгч нь ярьж байсан гэдэг.

Гэсэн хэдий ч Яковлевын онгоц ЗХУ-ын нисэх хүчний шинээр авах онгоцны нэг болсон ба бусад хоёр нь ЛаГГ-3, Миг-3 (Миг-1) байв. Эдгээр хоёр онгоны хувьд ч болохгүй бүтэхгүй юм Як-1-ээс ялгаагүй шахам. Дэлхий дахины байдал хурцдаж их дайн эхлэх нь тодорхой болсон үед ЗХУ-ын удирдагчид нэг биш гурван сөнөөгч зэвсэглэлд авах шийдвэр гаргасан нь зөв байсныг цаг хугацаа харуулсан ба эдгээр 3 онгоцноос хэн нэг нь дайн байлдааны үед шалгарч үлдэх болно гэж дээрх аз туршсан шийдвэр гаргасан байна.

Техникийн үзүүлэлтийн хувьд Як-1 нь Миг-3-ийг бодвол удаан, Лагг-3 шиг хүчирхэг зэвсэглэл байхгүй гээд тухайн үеийн сөнөөгч онгоцны хамгийн гол чанаруудаар нөгөө хоёроосоо дутуу болохоор “байгалийн шалгарлыг давж чадахгүй эхэлж сөхрөх онгоц бол И-26 буюу Як-1” гэсэн бодолтой олон хүмүүс байсан гэдэг.

Яковлев ажилласаар, тосны системийг тэр чигээр нь 7 удаа, хийн системийг 4 удаа, моторын хаалт хавхлагыг 2 удаа, агаарын компрессорыг олон хувилбараар тавьж үзсэн, хөл ангийг олон удаа сайжруулан өөрчилсөн, бүхээгт шинэ цонх хийсэн, моторын хөргөлтийн системийг бүтнээр өөрчилсөн буюу зөвхөн 1940 оны 2-р сараас 10-р сар хүртэл нийт 306 өөрчлөлт хийсэн ба зураг дээр бас 3950 өөрчлөлт хийсэн байна. Энэ хэр их тоо вэ? Энэ бол дэндүү их тоо. Бараг хэдэн онгоц хийж байгаа юм шиг ажилласан гэсэн үг юм гэсэн. Ингээд ч зогссонгүй цаашдаа ч өөрчлөлтүүд үргэлжилж  1941 оны эхэн гэхэд дахид шугам зургийн 7460 өөрчлөлт хийсэн байна. Энэ бүхний үр дүнд онгоц ихээхэн өөр болж жинхэнэ байлдааны техник болон хувирч, бөөнөөр үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Гэхдээ эхэлсэн байна гэдэг үг бас л маапаантай. Зарим үйлдвэр Як-1-ийн шинэ хувилбарыг хийж байхад өөр нэг нь батлагдсан Як-1-ийг үйлдвэрлэнэ. Энэ будлианаас болж хангалтын асуудлууд гэж бөөн будлиан. Үүнийг шийдэхийн тулд шинэ загварыг Як-7 гэж нэрлэн 301-р завод дээр үйлдвэрлэж эхэлсэн ба онгоц үйлдвэрлэх төслийн ажлын нэр нь “Як-1 загварын Як-7 онгоц” болсон байна. 1942 онд онгоцны нэрийг илүү тодорхой болгож Як-7А гэж нэрлэжээ. “Ганц нэг үсэг тооны зөрөө л байна, юун их юм ярьдаг, ядаргаатай юм” гэж зарим уншигч бодож байж магадгүй. Ингэх учир байгаа юм. Як-1 загварын Як-7 онгоцыг ардын комиссират дээр Як-3 гэж нэрлэж байжээ. Нэг ёсондоо Як-1 гэдэг чинь Як-7 загварын Як-1 буюу Як-7А, гэхдээ Як-3 байхгүй юу гэмээр.

Зүгээр уншихад л юу гээд байгааг нь ойлгоход хэцүү ийм байдалтай онгоцыг үйлдвэрлэхэд ямар олон будлиан байсныг зөвхөн энэ нэрээр ойлгуулах гэж оролдсон юм шүү. Цаашдаа Як-7 маань бүр тусдаа шинэ онгоц болон өөрчлөгдөн сайжирсаар Як-9 хэмээх хүчирхэг онгоцны “аймаг” болон салсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Харин Як-3ын тухайд бол дараа нь заавал ярьж таарах ба энэ удаа ганцхан зүйл хэлэхэд Як-3 нэртэй 4 өөр онгоц байсан юм шүү буюу алдарт Як-3 ын өмнө ийм нэртэй онгоцнууд бас байжээ. Нэг иймэрхүү бантан...

Яковлев ажилласаар, 1942 он гэхэд нийт 5098 өөрчлөлт хийсэн ба энэ нь онгоцоо сайжруулах гэж зохион бүтээх товчоо болгоны хийдэг өөрчлөлтөөс нэг том ялгаатай байлаа. Аливаа онгоцыг бүтээсэн зохион бүтээх товчоо яваандаа моторын хүч нэмэгдэх хэрээр (шинэ мотор, сайжруулан өөрчилсөн мотор г.м.) зохих өөрчлөлтийг хийдэг бол Яковлев яг эсрэгээр явж байлаа. Хуучин мотортой, шинэ нь бүтэхгүй нь тодорхой болсон тул онгоцны хурд, маневр, бүхээгийн хэрэгслийг сайжруулахын тулд онгоцоо хөнгөлөх хэрэгтэй. Онгоц хөнгөлнө гэдэг бол зэвсэглэл суларч, алслал багасаж, бүхээгийн хэрэгсэл цөөрч, хамгаалалт багасаж, хамгийн гол нь онгоцны бат бөх чанар эрс муудна гэсэн үг. Тэр тусмаа бөөнөөр үйлдвэрлэхэд зориулж, төмөр маш бага орсон (байгаа бүх металлуудыг бөмбөгдөгч, дайрагч онгоцонд зориулж байлаа), мод даавуу голлосон онгоцыг хөнгөлнө гэдэг бол бүтэшгүй гэмээр. Гэсэн ч Яковлев онгоцоо сайжруулсаар дайны эхэн үед Германы алдарт Мессер-ийн эсрэг сөргүүлэх онгоц бүтээж чадсан гэдэгтээ итгэлтэй байсан ба үнэхээр ч тийм байсан юм.

Байсан юм...

1942 оны эхэн гэхэд Як-уудын өөдөөс Эмил биш харин Фридрих, тэр тусмаа Фридрих 3-4 онгоцнууд тулалдаж эхэлсэн ба бүр удалгүй Густавууд гарч ирсэн юм. Эмилийн техникийн үзүүлэлтийг харан байж хийсэн Як-1 нь Густав байтугай Фридрихтэй үзэлцэх чадал хүрэхээ байлаа.

Дахиад л өөрчлөх ёстой. Ямар ч үнээр хамаагүй...

Онгоцоо дахиад л хөнгөлж бараг 120 кг хасч чадсан боловч үр дүнд нь угаасаа муу радио станц бүр байхгүй, РС харвах суурь үгүй, хэнд ч хэрэггүй гэж болох ч ямар нэг хэмжээгээр зэвсэг болох ШКАС пулемёт байхгүй... Энэ нь гэсэн ч хангалтгүй, дахиад хөнгөлөх ёстой. Зүтгэж байж 160 кг хасаж чадлаа. Үр дүнд нь хурд 23км/цаг-аар өсч, 5000 метрийн өндөрт өмнөхөөс 1,1 минутаар хурдан хүрдэг (4,7 минут) болж. Дээр нь мотортой холбоотой зарим өөрчлөлтийг тус зохион бүтээх товчооны санаачлагаар хийснээр хөдөлгүүрийн өндрийн чадвар муудсан ч нам өндөрт хүч нь нэмэгдлээ. (Энэ тухай Яковлев өөрийнхөө номд маш тодорхой, сонирхолтой бичсэн байдаг билээ) Мөн онгоцны их биеийн жижиг сажиг зай завсрыг таглаж, эд ангиудын хоорондох залгааг цэвэр хийж чадвал дахиад 15 км/цаг олж авах боломжтой гэж тооцож зүтгэсээр.

Энэ бүхний үр дүнд Як хурдан өндөр авах, маневрлах чадварынхаа хүчээр Мессер-үүдийг гүйцэж дайрах, хурдтай өндөр аван зугтах боломжтой болсон буюу дахин өрсөлдөгч болж чаджээ. Харин зэвсэглэл... ганцхан их буу гэдэг ганцхан их буу. Удалгүй УБС пулемётыг буцаан тавьсан гэдэг. (Гэхдээ ийм онгоцыг Як-1Б гэж нэрлэж байсан ба бас Як-1М гэж онгоц байлаа. Як-1- тэй холбоотой нэрээр орооцолдох нь ямар будлиантай байдаг тухай түрүүн хэлсэн учир энэ удаа тэрхүү Б болон М үсгийн ялгааны тухай ярилгүй орхисон нь зөв болов уу)

Як-1 онгоцыг 1943 он хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд энэ бол дайны эхэн үеийн хүнд цагийг нуруундаа үүрч гарсан, дараа дараагийн хүчирхэг онгоцыг гарч ирэх үндэс суурь болсон онгоц байлаа. Як-1 байгаагүй бол Ла-5, Ла-7, Як-3, Як-9 үүд ч байхгүй байх байсан юм шүү гэж зоригтой хэлж болох биз ээ. “Як ярьж байхад Ла-5, Ла-7” ямар хамаатай гэж болох ч Лавочкины онгоцны тухай ярих үедээ бид дахиад энэ талаар дурдах боломж гарах байх гэж найдаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]