Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Япончууд сүүлийн боломжоо ашиглах гэж оролдсон ньУншсан5,006

Зөвлөлтийн талтай Халх голын дайны талаар яриа хэлэлцээ хийж эвлэрэлд хүрэх ёстой Японы төлөөлөгчид Москвад ирж уулзалт яриа хийж эхэлж байх үед Японы агаарын хүчнийхэн гэнэт огцом идэвхжин Монголын дорнод тал дахь нисэх буудлуудыг дайрч эхэлсэн байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Нийтлэлч "Чалчаа саарал" тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийн төгсгөлийн хэсгийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халх голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Зургаа. Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

Долоо. Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлаа

Найм. Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөв

Ес. Наймдугаар сарын 20-21-ний тэнгэрт

Арав. Их довтолгооны үеийн агаарын тулалдаан

1939 оны есдүгээр сар эхлэхэд Халх голын орчим дахь дайн үндсэндээ дуусан Японы үлдэгдэл цэргүүдийг хилээс хөөн гаргасан байлаа. Гэсэн ч тэнгэрт тулаан үргэлжилсээр.

Есдүгээр сарын 1-нд Зөвлөлтийн 188 сөнөөгч онгоц Японы 120 Ки-27-той тулалдсан гэдэг бөгөөд Зөвлөлтийн талын мэдээгээр тэд дайсныхаа 20 онгоцыг унагасан, харин япончууд Зөвлөлтийн 33 онгоцыг унагасан гэж мэдээлж байж. Батлагдсан тоо нь Зөвлөлтийн гурван И-16, Японы таван Ки-27 буудуулж унажээ. Энэ өдрийн тулалдаанд Зөвлөлтийн хоёр нисгэгч эрсдэж, нэг нисгэгч шүхрээр буухдаа япончуудад олзлогдсон бол Японы хоёр ас болох Такаёри Кодама, Токуя Суда хэмээх арав давсан ялалттай нисгэгчид бас амь үрэгдсэн байдаг.

Дараагийн өдөр япончууд “хөгшин” Ки-10-аа тулалдаанд оруулж Зөвлөлтийн давуу хүчний өөдөөс үзүүлэх эсэргүүцлээ бага ч гэсэн нэмэх гэж хүчилсэн боловч давхар далавчит, хуучин энэ онгоц ямар нэг нэмэр болсонгүй. Харин 4-ний өдөр болсон тулалдаанд Японы 20 гаран Ки-10 нь Зөвлөлтийн 11 И-16, долоон И-153-тай тулалдаж аль аль талаасаа нэг онгоц алдсан байна.

Наймдугаар сарын төгсгөлд амссан үлэмж их хохирол дээр нэмэгдээд есдүгээр сарын эхээр амссан хохирол нэмэгдсээр япончууд тэр үед байлдах чадвартай 140 гаран онгоцтой үлдсэн бол тооны хувьд олон дахин давуу Зөвлөлтийн нисэх хүчин бас нэг нэмэлт эскадрилийг татан авчирснаар Халх голын тэнгэрт байлдааны үүрэг гүйцэтгэж байгаа онгоцных нь тоо 550 давж, япончуудаас тооны болон чанарын хувьд бараг 3,5 дахин их болжээ. Хэдийгээр дайн дуусаж байсан боловч агаарт байдал ихээхэн ноцтой хэвээр байсныг энэ нэмэлт шинэ эскадриль авчирснаар харж болох байх. Алдарт Ворожейкин ч энэ дайны төгсгөл хэрд агаарт байдал буруу тийшээ эргэх өндөр  магадлалтай байсан тухай өөрийн дуртгалдаа бичсэн байдаг билээ.

Цаг агаарын байдлаас болж 9-ний өдөр хүртэл тэнгэрт нам гүм байх үед япончууд Халх голын бүсэд байгаа нисэх хүчиндээ өөрчлөлт хийн олон дарга цэргийг сольж халсан байна. Энэ нь төв буюу Токио уг мөргөлдөөнийг зогсоож, гэрээ хэлэлцээ хийх талыг баримтлах болсонтой холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл япончууд агаарт ч бас ялагдлаа.

Есдүгээр сарын 12-нд Смушкевич тэргүүтэй 20 гаруй нисгэгч Халх гол дахь томилолтоо дуусган нутаг буцсан бөгөөд тэд Монголын тэнгэрт япончуудыг хашраасан баатрууд.  Анх 5-6 саруудад Японы туршлагатай нисгэгч нар Зөвлөлтийн нисгэгч нарыг ёстой талаар тараан цацаж байхад тэд ирж богино хугацаанд агаарын ноёрхлыг эргүүлэн авсныг энэ цуврал нийтлэлдээ олон бичсэн учир энэ удаа тэднийг зөвхөн баатрууд хэмээн хэмээн магтаад өнгөрөөе.

Зөвлөлтийн талтай Халх голын дайны талаар яриа хэлэлцээ хийж эвлэрэлд хүрэх  ёстой Японы төлөөлөгчид Москвад ирж уулзалт яриа хийж эхэлж байх үед Японы агаарын хүчнийхэн гэнэт огцом идэвхжин Монголын дорнод тал дахь нисэх буудлуудыг дайрч эхэлсэн байна. 9-р сарын 14-ний өдөр 45 сөнөөгчөөр хамгаалуулсан 10 бөмбөгдөгч онгоц нисэх буудал руу дайрах үеэр өөдөөс нь 90 сөнөөгч онгоц цаг алдалгүй агаарт гарчээ. Хохирол, Зөвлөлтийн тал дайсны гурван онгоцыг унагасан гэх бол япончууд дайсныхаа есөн онгоцыг унагасан гэх. Гэтэл үнэндээ энэ өдрүүдэд аль ч тал нь ямар нэг хохирол хүлээсэн тухай аливаа баримт үгүй билээ.  15-ны өдөр япончууд бүр илүү их хүчээр буюу нийт 200 гаруй онгоцоор Тамсагбулагийн нисэх зангилааг бөмбөгдөхөөр хөөрсөн бөгөөд энэ удаа оросууд анхаарал алдаж дайсны том хүч ирж байгааг дэндүү оройтож мэдсэн байна.

Агаарт гарч байгаа Зөвлөлтийн сөнөөгчийг Японы сөнөөгчид дайран дөрвөн ч онгоц унагасан бөгөөд ийм үед тэднийг хамгаалах ёстой зэргэлдээ байрлах сөнөөгч нар хоцорсон ч гэсэн яаран ирсэн учир бүр ч аюултай сүйрэл болохоос зайлсхийж чаджээ.  Зөвлөлтийн сөнөөгч нарыг газарт хавчиж байх үед нь нам өндрөөс нисэх буудлыг бөмбөгдөх төлөвлөгөөтэй байсан бөмбөгдөгч нар нь хоцорч, бөмбөгдөж амжаагүй байх үед зэргэлдээ байрлах хамгаалалтын И-16 амжиж ирсэн учир япончууд бас л их өндрөөс, хурдтай нөхцөлд бөмбөг хаях хэрэгтэй болж газарт байсан таван машиныг л ямар нэг хэмжээгээр гэмтээж чадсан байна. Гэсэн ч Зөвлөлтийн “Илжиг”-нүүд үүний хариуг нь агаарт өгч энэ өдөр япончууд есөн сөнөөгч, нэг бөмбөгдөгчөө алдсаны дотор Халх голын дайнд анхнаас нь оролцож 27 агаарын ялалт аваад байсан Кенжи Симада, 20 ялалттай Бунжи Ёсияма нар амь үрэгдсэн билээ. Энэ бол Халх голын тэнгэрт болсон сүүлчийн агаарын тулалдаан байлаа. Москвад болж байгаа хэлэлцээнд гартаа барих олигтой хөзөртэй болох гэж хийсэн агаарын хоёр ч довтолгоон нь амжилтад хүрэлгүй хоосон хоцорсон нь энэ.

Дараагийн өдрүүдэд хэлэлцээрийн дагуу хил эргэж байгаа Зөвлөлтийн болон Японы олон онгоцнууд хилийн дагуу зэрэгцээ чиглэлд нисэж, харилцан “муухай харалцан” байсан гэдэг. Энэ бол Халх голын тэнгэр дэх дайн дуусчээ гэдгийн илрэл байлаа.

Халх голын дайны тэнгэрт ямар явдал болж байсан тухай өөрийн уншиж харж байсан хэдэн зүйлээ эвлүүлэн бичиж цувралаа дуусгалаа. Халх голд чухам юу болж байсан тухай зарим нэг хүнд бага ч гэсэн шинэ ойлголт өгөх биз ээ хэмээн найдаж байна. Хамгийн гол нь энэ дайнд оролцсон Зөвлөлт Японы нисэх хүчин яаж тулалдаж, ямар ялалт, ялагдал хүлээж байсныг тус улсуудад бичиж тэмдэглэж үлдээсэн арвин их баримт материал байдаг бол Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон энэ дайнд манай нисэх хүчин яаж оролцсон талаар юу ч байхгүй. Зөвлөлтийн зарим мэдээллээр бол зургадугаар сарын 22-ны их тулалдааны дараа манай нисэх хүчин шөнийн бөмбөгдөлт хийж байсан болох тухай тун ч цухас зүйл ганц нэгхэн харагдана. Харин манай түүхчид таг чиг байдаг учир үнэн худал нь үл мэдэгдэх гэх үү, эсвэл уриа лоозон гэх үү, ам дамжсан яриа л хаяа нэг сонсогдоно.

Хэзээ нэгэн цагт түүхчид маань энэ дутагдлыг засан хэн, хэзээ, ямар байлдааны даалгавар биелүүлж, ялж ялагдаж явсан тухай баримт материалыг гаргаж ирэн түүх сонирхогч биднийгээ нэг баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 5. 11:22
Зочин

ЧАЛЧАА СААРАЛД: MIdway /2019/ гээд шинэ киног үзээрэй. 2-р дайны үеийн Шүрэн тэнгист болсон тулааны тухай. Улиг болсон Холливуудын стиль боловч онгоцны тулаан зөндөө гарч байна лээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]