Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Онгоцны цонхонд гацсан түүхУншсан94,680

...мар ч байсан яаран доошилсоор хөөрснөөс хойшхи 25 дахь минутад Саутгемптон хотын буудалд энэхүү өвөрмөц цонхны хаалт бүхий онгоц маань газардлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1990 оны зургадугаар сарын 10-нд British Airways компанийн онгоц Бирмингемээс нисэх үед бүхээгт 81 зорчигч, багийн зургаан гишүүн, нийт 87 хүн байжээ. Онгоцны дарга Тимоти Ланкастер 5000 метр хүртэл өндөрт гараад суудлын даруулгаа суллаж, үйлчлэгч нар ч хоол хүнс зорчигсдод тараан нислэгийн үеэр болдог тэр л зүйл ёсоороо явагдаж байв. 5273 метрийн өндөр  авч байх үед буюу авто нислэгийн горимд шилжсэний дараа, газраас тасарснаас хойш 13 дахь минутад гэнэт тэсрэх мэт дуу гарч онгоцны даргын талын цонх бүлт үсрэн гадагшаа шидэгдсэн байна. Онгоц доторх агаарын даралт гаднах даралтаас их учир суудлын даруулгаа сулласан байсан онгоцны дарга шилгүй болсон цонхоор орилон гадагшаа шидэгдэн сорогдох үед хөл нь сулласан суудлын даруулга, онгоцны залуур хүрдэнд орооцолдож тээглэсэн бөгөөд нисэх экипажийн байранд орж ирээд байсан үйлчлэгч хөлийг нь тас тэвэрч аваагүй бол чухам юу болох байсныг төсөөлөхөд хэцүү биш биз. Хамгийн сайхандаа гэхэд л онгоцны хөдөлгүүр рүү сорогдон орж хэдэн мянган хэсэг болон бутарч, онгоц ч сүйрэх байсан нь тодорхой.

Даргаа тэнгэрт тавиад туучихгүй гэсэн үйлчлэгч хөлийг нь тас тэвэрч зуурсан боловч шилгүй болсон цонхоор орж ирэх хүйтэн агаараас болж гар нь мэдээ алдах үед, тэсрэх мэт чимээг сонсон гүйж орж ирсэн бусад үйлчлэгч нар бас л тэр хөлөөс зүүгдсэн байна. Дарга нэгэнт үхсэн нь тодорхой мэт боловч хоёрдугаар нисгэгч онгоцонд орж ирэх гадны хүчит урсгалыг жаахан ч гэсэн хааж буй даргын биеийг тавьж болохгүй, буун буутал тэврээд бай гэж тушаал буулгасан учир тэвэрсээр. Буцааж татаж оруулж ч бас болохгүй гэж хэлсэн гэдэг. Чадах ч үгүй байсан биз ээ.  Дарга ч дуу чимээгүй (орилж хашхирсан байлаа ч сонсогдохгүй нь ойлгомжтой), ямар нэг хөдөлгөөн хийхгүй таг чиг, аажимхан боловч гадагшилсаар байсан бөгөөд бүр хажуугийн цонхоор амьгүй гэмээр болсон нүүр царай нь харагдаж эхэлсэн байна.

Хоёрдугаар нисгэгч Аластар Атчинсон болсон явдлыг тэр даруй газарт мэдээлж хамгийн ойрхон буудалд ослын буулт хийх болсон тухайгаа мэдэгдсэн боловч агаарын их урсгалаас болж газраас чухам юу хэлээд байгааг бараг ойлгоогүй байна. Ямар ч байсан яаран доошилсоор хөөрснөөс хойшхи 25 дахь минутад Саутгемптон хотын буудалд энэхүү өвөрмөц цонхны хаалт бүхий онгоц маань газардлаа. Даргыгаа хамгийн түрүүн барьж авсан үйлчлэгч Найжел Огдены хоёр мөр мултарч, нүүр нь хөлдсөн байсан бөгөөд дарга аль хэзээний бурхны оронд заларсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй байв. Хамгийн хачирхалтай нь жинхэнэ утгаараа тэнгэрт гарсан даргыгаа буцааж онгоцонд оруулж ирэх үед тэрээр амьдын шинж тэмдэг үзүүлж эхэлжээ. Дахиад л бөөн сандраан болж түргэн, эмнэлэг болсон ба дарга маань их хэмжээний хөлдөлт, осголттой, баруун гар хугарсан гэх мэтийн олон бэртэлтэй байв.

Энэ явдлын тухай хийсэн баримтат киноны хэсэг

Эмгэнэлтэй, зарим талаар инээдтэй ч юм шиг энэ явдал яагаад болов? Мөрдөн шалгалтаар бас л хүний хүчин зүйлээс шалтгаалжээ гэж тогтоосон байна. Албаны энэ хуурай, хүйтэн үгний цаана их олон юм нуугдан байдаг. Энэ удаа засварчдын хайхрамжгүй ажиллагаанаас болсон гэдгийг тогтооход ядах юмгүй байсан бөгөөд тухайн нислэгийн өмнөхөн яг тэр онгоцны цонхыг сольжээ. Засварчид нийт 90 боолт боох ёстой байснаас 84 нь бага диаметртэй, үлдсэн 6 нь байх ёстой хэмжээнээс богинохон байж. Тэд цонх солих үедээ заавар харалгүйгээр хуучин боолттой адил хэмжээтэй гэж үзсэн боолтуудыг (нүдэн баримжаагаар) шууд хэрэглэж эхэлсэн учир  нислэгийн үеэр даралтын ялгаанаас болж цонх мулт үсэрсэн нь тэр байв.

Даргын хувьд амьд үлдсэн ба болсон явдлын тухай дараа нь ярихдаа “Онгоцны дарга хүн гэдэг шаардлагатай үед зорчигч нарыг аврахын тулд хагархай цонхыг ч биеэрээ хаах чадвартай хүнийг хэлдэг юм” хэмээн инээж суусан гэдэг.  Энэ хүн уг болсон явдлаас хойш таван сарын дараа дахин ажилдаа орж 2005 онд тэтгэвэрт гарах хүртлээ онгоц “жолоодсон” хүн билээ.

Мөн киноны хэсэг

Даргыгаа тэнгэрт өргөөгүй үйлчлэгч Найжел Огден энэ явдлын улмаас бий болсон “гэмтлийн дараах стрессээс” (Posttraumatic stress disorder гэдэг юм гэнэ) болж ажлаа орхисон байна.

Ийнхүү 87 хүнтэй онгоц хөөрөөд 86,5 хүнтэй эргэн буусан хачирхалтай, эмгэнэлтэй, инээдтэй гэмээр түүх сайнаар дууссан билээ.

Онгоцны ослын тухай их бичиж, муу ёрлож байгаа тухай зэмлэлийг үүнийг бичигч хааяа сонсох бөгөөд хүний мууд дуртайдаа ингэж байгаа юм биш шүү. Монголоор дүүрэн “нүд гэж дуран” гэж итгэдэг, нүдэн баримжаагаар юмыг үнэлж дүгнэж, оношилдог, техникийн алив заавар дүрэм журам баримтлах нь муугийн шинж гэж тооцдог, "өндөр мэдлэгтэй” засварчид, механикчидтай зөндөө тохиолдоно. Энэ түүх нь ”Сүртэй шд” гэж алив зүйлийг завхруулдаг бидэнд ямар нэг байдлаар сургамж болох болов уу.

Нисэх багийнхан
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 20. 16:06
Зочин

Тийм шүү. Мэргэжлийн хүн гэж бага юман дээр хашраад ямар ч юмыг нарийн шалгадаг хүнийг л хэлнэ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]