Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1985 онд Вашингтон дахь Зөвлөлтийн Элчин сайдын яам руу нэгэн хүн орж ирээд үүдний жижүүрт дугтуйтай зүйл өгөөд гараад явжээ. Элчин сайдын яаманд ажилладаг Зөвлөлтийн тагнуулчийн нэр дээр хаягласан энэ дугтуйг задлан үзэхэд дотор нь АНУ-ын талд ажиллаж байгаа Зөвлөлтийн хоёр урвагчийн нэрийг бичээд 50 мянган доллар гэсэн тоо тавьсан байв. Бас энэ зурваст уг захидлыг бичсэн хүний нэр байхыг харсан оросууд тэр дор нь шалган үзтэл ёстой санаанд оромгүй явдал боллоо. Уг хүний нэр нь Олдриж Эймс буюу АНУ-ын ТТГ дахь Зөвлөлтийн асуудал хариуцсан хэлтсийн сөрөг тагнуулч хүн байжээ.
Өөрсдийнх нь дайсан болсон хүн ийм юм хийнэ гэж, тэр тусмаа Элчин сайдын яаманд өөрөө ирж нууц мэдээлэл өгнө гэдэг үнэхээр санаанд багтамгүй хэрэг байсан учир оросууд барьц алдлаа. Америкчууд ямар гээч занга тавих гэж байгаа юм бол? Юу ч гэсэн өгсөн хоёр нэрийг шалгах үед тэд нар нь үнэхээр урвагч байсан бөгөөд мөн Олдриж Эймс Зөвлөлтийн Элчин сайдын яам болон НҮБ дахь Зөвлөлтийн ажилчдын дундаас АНУ-ын талд ажиллах хүн олох ажил хийж байгааг мэдэж авчээ. Туршуул олох нэрээр халхавчилж өөрөө Зөвлөлтийн талд ажиллах гэж байгаа хүн байж магадгүй нь...
Удам залгасан тагнуулч Олдриж Эймс 1983 онд өөрийн эхнэрээс салахдаа гэр бүлийн бүх өр, хүүхдийн тэтгэвэр гээд их хэмжээний мөнгийг гурван жилийн турш сар бүр төлөх ёстой болжээ. Энэ нь 40 мянган доллар орчим болох ба жилдээ 50-60 мянган долларын орлоготой хүнд том цохилт болсон байна. Дээр нь өөрийгөө илүү том ажил хийх чадвартай гэж үздэг ч дарга нар нь тэр бүр үнэлдэггүй... зэрэг гомдлууд хуралдсаар. Нэгэн удаа тэрээр тохиолдлоор өөрийн аавын талаархи ТТГ-ын үнэлгээг олж харсан байна. Түүнд бичсэнээр бол “Карлстон Эймс нь тагнуулчийн хувьд ямар ч үнэ цэнэгүй, ирээдүйд өсөн дэвжих чадваргүй...” гэсэн байлаа.
Гэр бүл салсан, өөрийн ажил төрөл ахиц муутай, мөнгө болон тансаг амьдралд дуртай шинэ эхнэртэй болох гэж байгаа дээр зэрэгцээд аавынх нь тухай ийм муухай доромж дүгнэлт харсан Эймс хариугаа авахаар шийдсэн байна. Тэрээр оросуудад нэг л удаа мэдээ өгч бүх өр төлбөрөө дарахаар бодож байсан боловч амташсан хэрээ олон дахьдаг хуулиар хэсэг байж байгаад л мэдээ өгч мөнгө авдаг болж. Сүүлдээ бүр том цүнхээр дүүрэн бичиг цаас өгч авалцдаг болсон ба КГБ ч зүгээр суусангүй энэ хэрэгтэй нөхрийг гартаа улам бүр лавшруулан оруулж авснаар хамаг зам мөр нь шулуудлаа.
1985 оны сүүлээс эхлэн Тагнуулын Төв газрын Зөвлөлт дэх тагнуулууд ээлж дараалан илэрч баригдаж эхэлсэн ба америкчуудын хувьд энэ нь дэндүү том сүйрэл байсан гэдэг. Янз бүрийн арга замаар шалгасаар тагнуулуудыг нь илчилж байгаа гол хүн бол Эдвард Ли Ховард гэж үзсэн боловч сүүлд илэрсэн хоёр ч тагнуулыг Ховард мэдэх үндэслэл огт үгүй байв. Дээр нь оросууд өөрсдийн илрүүлсэн тагнуулуудыг тэр даруй баривчлан цаазалж байгаа нь бас маш хачирхалтай. Аливаа тагнуулын байгууллага ийм ажлыг нэлээд зайтайгаар, аажмаар хийдэг бол КГБ их л яарч байгаа юм шиг хачин аашилсаар.
Жеймс Эймс нь өөрийн илрүүлж өгч байгаа тагнуулуудыг аль болох хурдан устгавал өөрийг нь илрүүлэх боломж төдий чинээгээр бага байх болно гэж үзсэн учир оросуудад ийм хүсэлт тавьж байсан гэдэг юм билээ.
Америкчууд урвагчийг хайсаар. Гэтэл Олдриж Эймс их л ганган хувцас өмсдөг болсон, гоё сайхан байшин худалдаж авсан... мэтийн тухай цуу Тагнуулын Төв газрын үйлчлэх ажилтнуудын дунд явдаг болсны дараа Тагнуулын Төв газар анхаарч эхэлсэн байна. Урьд өмнө маш даруухан, бараг л ядуу дорой хувцасладаг байсан тэр нөхөр дандаа өөрт тааруулж хийсэн захиалгын хувцас өмсдөг болж, 540 мянган доллараар тансаг байр худалдаж аваад 100 мянган доллараар засвар хийсэн, шив шинэхэн ягуар машин авч (долоон жилд гурван удаа шинэ машин), сардаа 6000 долларыг утасны төлбөрт зардаг зэрэг сонирхолтой материалууд гарч иржээ. Утсанд төлсөн тэр их мөнгөний ихэнхийг шинэ эхнэр нь төрсөн нутаг Колумб руугаа ярихад зарцуулдаг гэдгийг ч удаж төдөлгүй тодруулсан байна. 60 мянган долларын орлоготой хүн шүү дээ.
1993 оноос Холбооны Мөрдөх товчоо ч Эймсийг тагнаж эхлэн гэр орон ажлын байранд нь чагнах төхөөрөмж тавьсан боловч юу ч олж чадсангүй. Харин гэрийн гадаа байх хогийн савнаас нэлээд сэжигтэй урагдсан цаас олжээ. Үүний дараа Холбооны Мөрдөх товчоо түүний гэрийн гадаа байх хогийн савыг хяналтдаа авч Эймсийн гэрээс гарч байгаа хог бүрийг нь бүртгэх ба хүн харахааргүй үед адилхан хогоор дүүргэсэн хогийн савыг жинхэнэ савтай нь сольж тавьж эхэлсний дараа бүх юм ойлгомжтой боллоо. Удаан хайсан, Америкийн тагнуулын байгууллагад дэндүү их гай болсон хүн бол Олдриж Эймс мөн байв.
АНУ-ын тагнуул болсон Зөвлөлтийн 30 гаруй урвагчийг барьж өгсөн, Тагнуулын Төв газрын 100 гаруй нууц ажиллагааны тухай мэдээг КГБ болон Оросын тагнуулын шинэ байгууллагад өгсөн энэ эрийг баривчлан гэрийг нь нэгжихэд эмэгтэй хүний 60 гаруй үнэтэй цүнх, 500 хос гутал, 165 ширхэг эмэгтэй хүний шилэн оймс олдсон гэдэг.
Сүүлд гаргасан тооцоогоор Эймс ЗХУ болон ОХУ-аас нийтдээ 4,5 сая (зарим тоогоор 2 сая орчим) доллар авсан ба цаана нь Швейцар болон бусад улсын банкинд шилжүүлсэн багагүй мөнгө байсан бололтой. Дэлхийн хамгийн том баячуудын эхнэр шиг амьдрах гэсэн эхнэрээсээ болж баларсан нь энэ бөгөөд тэрээр бүх насаараа хоригдох ял авсан юм.
P.S
Эймс нь “тагнуул туршуул” гэхэд дэндүү тэнэг зан гаргасан мэт танд санагдаж байж магадгүй. Тэгвэл эхнэр нь болох Марие дель Росарио Каса Дюпуй буюу өнөө олон зуун өмд, гутлын эзэн болох бүсгүй нь бас л Тагнуулын Төв газрын тагнуул хүн байсныг юу гэх вэ... Өмнөх эхнэр нь ч бас Тагнуулын Төв газрын ажилтан.