Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын тагнуулчдад олзлогдсон япон нисгэгч эцэст нь амиа хорложээУншсан6,061

Япончуудын хувьд олзлогдох гэдэг зөвхөн үхэх ялтай шившиг. Гэтэл 1945 оны намар хэдэн саяараа бууж өгч олзлогдсон гэж маргаж болох юм.

“Халх голын тэнгэрт” цувралын гурав дахь хэсэгт зургадугаар сарын 22-нд болсон агаарын тулалдаанд цохигдон унасан Японы нисгэгч Ётутака Мияжимог Монголын морин тагнуулчид Манжуурын нутагт үхэж байхад нь олж олзлон Зөвлөлтийн талд хүлээлгэн өгсөн тухай бичиж байсан билээ. Энэ нисгэгчийн цаашдын хувь заяаны тухай товчхон өгүүлье.

Японы эзэн хааны арми, нисэх хүчин, флотод олзлогдох гэдэг бол хамгийн дээд шившиг. Ийм байдалд хүрсэн хүмүүс зөвхөн цусаараа л нэрээ бага ч гэсэн цэвэрлэх билээ. Халх голын дайнд Монголын нутагт унасан япон нисгэгчид баригдахын өмнө амиа хорлож, тангаргаа биелүүлэн байсан түүх олон бий.

Зөвлөлтийн баримт мэдээгээр бол Халх голын тэнгэрт нисэж байсан Японы зургаан нисгэгч оросуудын гарт орсон бөгөөд тэдний нэг нь байцаалтын үеэр өөрийнхөө тухай худлаа мэдээлэл өгч байгаад дараа нь гэдсээ хүүлэх хутга өгвөл бүх түүхээ ярихад бэлэн байгаагаа, харакири хийсний дараа япончуудад хүүрийг нь заавал харуулах зэрэг болзол тавьсан тухай мөрдөн байцаалтын протокол интернетэд тарсан нь бий. Энэ нисгэгчийг сүүлд япончуудад хүлээлгэн өгсөн бөгөөд дараа нь хүссэн ёсоороо гэдсээ хүүлсэн гэдэг.

 

Ингэж чадаагүй, амжаагүй, зүрх нь хүрээгүй хүмүүс бас бий бөгөөд Халх голын дайнд Японы зургаан нисгэгч Зөвлөлтийн талд олзлогдсоноос нэг нь туугдаж явах үедээ харгалзагч нарын хутган жад руу өөрөө давхин орж амиа хорлосон байна. Үлдсэн тавыг нь япончуудад  1939 оны есдүгээр сарын сүүлээр хүлээлгэн өгсний дотор дээр дурдсан Ётутака Мияжимо байв.

Эдгээр таван нисгэгчийг нутагт нь аль хэзээний амь үрэгдсэн хэмээн зарласан байсан бөгөөд буцаж ирэхэд нь шившгээ цэвэрлэ хэмээн мохоо хулсан хутга тосгууртай өгч харакири хийхийг зөвлөжээ. Айж хулчийсан нэгийг нь харж үзэн ганц сумтай буу өгсөн гэх бөгөөд ямар ч байсан таван нисгэгчийн дөрөв нь амиа хорлосон бол Ётутака Мияжимо л амьд үлдэхээр шийдсэн байна.

Халх голд байхдаа Зөвлөлтийн байцаалтын үеэр Японы унаж шатаж үхсэн нисгэгч нарын зарим цогцсыг санаатайгаар худал таньж, анги нэгтгэлийнхээ тухай үнэн худал хольсон мэдээлэл өгч толгой эргүүлж байсан энэ нөхөр яагаад ийм зам сонгох болсныг чухам өөрөө л мэдэх байх. Ямар ч бай тэрээр цаашид түүнийг юу хүлээж байгааг сайн мэдэж байсан билээ. Гэдсээ хүүлэхээс татгалзсан нөхрийг япончууд дуу чимээгүй зүгээр л шоронгийн мухарт хаяж мартахаар шийджээ. Дайн болж байхад урвагчид, хулчгарын нэр Японы ард түмэнд сонсогдох ёсгүй. Шоронд хаягдсан Ётутака Мияжимо нь хэнтэй ч харьцах эрхгүй, боломжгүй (бусад хоригдолтой ч харьцах боломжгүй) байсан бол түүний ар гэрийнхний хувьд “Халх голын тэнгэрт эзэн хааныхаа төлөө амиа өгсөн баатар эр” болох тэр хүн нь гэрийнхээ хажууханд, нутагтаа, шоронгийн мухарт хэвтэж байгаа гэж зүүдлээ ч үгүй байлаа.

Амьд үлдэх асар их хүсэлтэй болохоор тэр үү Ётутака Мияжимо энэ чулуун саванд зургаан жил яс суусан боловч галзуурч солиоролгүй эрүүл ухаантай гарч ирлээ. 1945 оны намар америкчууд түүнийг шоронгоос гаргаж байгаа нь энэ.

Шоронгоос гараад нутагтаа ирж гэр орныхонтойгоо уулзах гэтэл тэд түүнийг огт хүлээж авсангүй. Дайнд хүүгээ явуулахдаа “эзэн хааныхаа төлөө амиа өгөөрэй“ гэж үдэж, захидаг хүмүүс ингэх нь ч аргагүй биз ээ. Гэр орныхон төдийгүй нутаг усныхан, ойр дотны найз нөхөд нь ч түүнийг үзэн ядаж, харьцахгүй байлаа. Аргаа барсан Мияжимо нутгаа орхин тэнүүчилж эхэлсэн ба түүний хаа явсан газар нь “олзлогдоод амиа хорлоогүй” хэмээх шившигт нэр нь дагалдаж явна. Ийм хүнийг ажилд авах байтугай, харьцах хүн ч олдохгүй. Ямар нэг байдлаар ажилд орж өл хоол залгаж эхлэх үед нь өнөөх цуутай явдал ил болох бөгөөд ажил олгогч гэнэт санхүүгийн болон бусад шалтгаанаар шинэ хүмүүсээ халахаас өөр аргагүй болсон тухай хэлж мань эрийг хаалганы цаана гаргасаар. Ийм байдлаар гурван жил тэнэсэн эр шившгээ дийлэлгүй боож үхсэн тухай олон жилийн дараа Японы түүхч Икухико Хата бичиж нийтэлсэн юм гэдэг. 

P.S.

Цэрэг эр дайсандаа олзлогдох явдалд хандах хандлага зарим улс орнуудад их өөр. АНУ-ын хувьд  Prisoner of War Medal хэмээх зүйл бий бөгөөд энэ медалиар дайнд болон бусад нөхцөлд дайсагнагч талдаа олзлогдсон бүх хүнийг шагнана. Нэг сонирхолтой зүйл нь олзлогдох явцдаа дайсагнагч талтай зарим нэг байдлаар хамтран ажиллаж байсан бол энэ медалийг өгөхгүй байж болно гэж дүрэмд нь заасан байдаг.

ЗХУ-ын хувьд энэ талаар Сталины 270-р зарлиг гэж нэг айхтар хэрүүлийн алим бий. Үүнийг олзлогдсон цэрэг дайчин болгоныг эх орноосоо урвагч гэж нэрлэн устгаж байх, гэр орныхныг нь хэлмэгдүүлж байх ёстой гэсэн тушаал мэтээр олон хүн тайлбарладаг. Үнэндээ энэ зарлиг нь арай өөр утгатай бөгөөд захирагч нар тулалдаанаас зайлсхийн анги нэгтгэлээ орхих,нуугдах, таних тэмдгээ устгах, сайн дураар бууж өгөх, тулалдааны өмнө оргох зэрэг зөрчил гаргавал тушаал бууруулж жирийн цэрэг болгох, онцгой нөхцөлд газар дээр нь буудан алах, ийм захирагч нарын ар гэрийг улсын янз бүрийн хангамжаар хангахгүй байх тухай зарлиг юм.  Товчхоноор бол санаатайгаар бууж өгч, урваж байгаа захирагч нарт хамаатай зүйл болохоос шархтаж, ухаангүй болсон зэрэг янз бүрийн шалтгаанаар хүчинд автаж олзлогдсон хүн болгоныг устгаад буудаад байх зарлиг биш билээ. Дайны үеэр олзлогдож байсан боловч оргож, чөлөөлөгдөөд эргэн тулалдаж том том гавьяа шагнал хүртэж байсан түүх хэдэн зуу, мянгаараа бий нь үүний нэг баталгаа.

Япончуудын хувьд олзлогдох гэдэг зөвхөн үхэх ялтай  шившиг. Гэтэл 1945 оны намар хэдэн саяараа бууж өгч олзлогдсон гэж маргаж болох юм. Энд нэг ялгаа бий бөгөөд 1945 оны намар эзэн хааныхаа тушаалыг биелүүлж бууж өгөх нь  тулалдааны талбарт олзлогдохоос ихээхэн өөр зүйл билээ. 1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ Японд дайн зарлаад хагас сарын цахилгаан дайн хийх явцад ердөө 200 гаруйхан япон цэрэг олзолж авсан тухай мэдээ бий. Гэтэл Германы арми Франц болон бусад Европын улсууд, ялангуяа ЗХУ-тай хийсэн дайны эхний саруудад саяар тоологдох цэрэг олзолж байсантай дээрх тоог харьцуулахад япончуудын хувьд олзлогдох гэдэг ямар зүйл байсан нь ойлгомжтой.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]