Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Салхиар яригсадУншсан13,309

Дэлхийн 2-р дайнд АНУ татагдан орж япончуудтай дайтаж эхлэх үед холбооны нууцлалтай холбоотой олон бэрхшээлүүд тулгарчээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайнд АНУ татагдан орж япончуудтай д а й т а ж эхлэх үед холбооны нууцлалтай холбоотой олон бэрхшээлүүд тулгарчээ. Америкчууд дайсандаа ойлгогдохгүйгээр чөлөөтэй ярьж болох олон янзын холбооны нууц хэл-түлхүүр зохиох ч удалгүй япончууд түүнийг тайлж уншсаар. Энэ нь яваандаа маш нарийн төвөгтэй хэл болон өргөжсөн ч арлын орны нууц түлхүүр тайлагчид тун удалгүй учрыг нь олсоор л байлаа. Яваандаа Америк цэргүүдийн хоорондох холбоо харилцаа нь өөрсдөө ойлгоход ч бэрхтэй зүйл болж хувирсан ч хамгийн гол үүрэг болох нууц байдал нь хангалтгүй хэвээр байв. Энэ бүхний учир нь Америк болон Европын томоохон сургуулиудад боловсрол эзэмшсэн, эдгээр нутгуудад амьдарч бичгийн болон ярианы хэлнүүдийг гарамгай эзэмшсэн түлхүүр тайлагчид Японд олон тоогоор байсантай холбоотой юм.

Америкийн зэвсэгт хүчинд тулгарч байгаа энэ бэрхшээл ил болж хэвлэл мэдээллээр гарсныг Филип Жонстон гээч хуучин цэрэг эр уншиж таарч. Гэтэл энэ хүн нь багадаа Навахо омгийн индианчуудын резервацид өссөн, энэ омгийн хэлийг мэддэг хүн байлаа. Нутгийн индианчуудыг эс тооцвол Жонстонтой адил Навахо хэл мэддэг хүн Америк даяар ердөө 30 хүн байсан бололтой. Учир нь индианы энэ омгийн хэл нь ямар нэг цагаан толгой байхгүй, бичгийн хэлгүй, аливаа нэг хэлний дүрэм гэж юм байхгүйтэй адил бөгөөд энэ хэлийг зөвхөн тухайн нутагт олон жил байж, ярилцаж байж л сурах боломжтой байв. Бас энэ хэлэнд аливаа үгийг 4 төрлийн авиагаар хэлэх ба авиа болгон тэс өөр утга агуулж байжээ. Тухайн хэлийг мэдэхгүй хүмүүс навахочуудын яриаг сонсоод “Усан дотор ямар нэг хий гаргаж байгаа юм шиг”, “Асар том ачааны галт тэрэг хажуугаар хурдтай өнгөрч байгаа юм шиг”, “Хуучин муу шүүгээг шалаар чирэн зөөж байгаа юм шиг” гэх зэргээр тодорхойлж байсан нь уг хэлний тухай тодорхой ойлголт өгөх болов уу.

Филип Жонстон тэр даруй Америкийн цэргийн  э р х т н ү ү д т э й  уулзаж Навахо хэлээр холбоо барих боломжийн тухай танилцуулахад олонх нь анхаарч үзээгүй ч нэгэн генерал сонирхон туршиж үзэхээр шийджээ.

Тэрээр Жонстоны олж ирсэн дөрвөн навахог хоёр хоёроор нь тус тусад нь өөр өрөөнд оруулаад эхний хоёрыг англи хэлээр өгсөн мэдээг навахо дээр орчуулах, орчуулсан хэсгийг нөгөө хоёр нь буцаан англи болгох даалгавар өглөө. Хэдхэн минутын дараа өгсөн мэдээ буцан англи хэл дээр ирэхдээ ямарваа нэг алдаагүй яг таг байлаа. Хамгийн гол нь энэ бүх аман холбоо нь ердөө хэдхэн минутын дотор л болж өнгөрсөн ба Америкийн цэргийн холбооны нууц түлхүүр ашиглавал (бичиг, дохио зэрэг) хэдэн цагийн турш нааш цааш хөрвүүлэх хэрэгтэй болох байв.

Навахо хэлний бас нэг онцлог болох дуудлага нь цэргүүдийн хувьд бас их чухал зүйл байж болохыг Жонстон анхааруулсан бөгөөд энэ нь навахо хэлийг хүүхэд байхаасаа сураагүй хүн (унаган хэл биш бол) насанд хүрсэн хойноо сурахад дуудлага аялга нь хэзээ ч уугуул индианчууд шиг болдоггүй явдал байв. Өөрөөр хэлбэл дайснууд хуурамч мэдээлэл өгч будлиулах боломжгүй гэсэн үг.

Цэргийнхэн энэ хэлний ач холбогдлыг маш сайн ойлгож, дайн байлдааны үеийн холбооны хэл болгох тал дээр, ялангуяа байлдааны үйл ажиллагаа явагдаж байгаа нутаг оронд хэрэглэхэд маш тохиромжтой юм байна гээд 200 гаруй навохо индианчуудыг холбооны арга ажиллагаанд сургах хүсэлтийг дээд газарт явууллаа. Аль ч газрын дээд дарга нар хаяагаа манах дуртай хойно эхний ээлжид 30 хүнийг л сургаж бэлтгээд, зохих шалгалтыг давбал гэсэн болзол тавьжээ.

Ингээд 1942 оны 5 дугаар сард Сан-Диего дахь цэргийн бааз дээр “навахо сургууль“ хэмээх 30 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг сургалтад хамрагдаж эхэлсэн ба тэдгээр индианчууд өөрсдийгөө “салхиар яригчид” (windtalkers) хэмээн нэрлэсэн байна.

Сургалтын үеэр англи-навахо хэлний жижигхэн нууц толь бүтээж үүндээ навахо хэлэнд байдаггүй ч цэргийн холбоонд хамгийн их хэрэглэгдэх үгнүүдийг оруулжээ. Жишээ нь онгоц-дуут шувуу, танк-яст мэлхий, шумбагч онгоц-төмөр загас... гэх мэт.

Гурван сарын дараа “салхиар яригсад” маань сургалтаа дуусгаж Гуадалканал дахь дайн тулалдаанд холбоочны үүрэгтэйгээр оролцож эхэлжээ. Хээрийн нөхцөлд тэсвэртэй, ажигч гярхай, зүг чигээ олохдоо сайн индианчууд үүргээ дэндүү сайн биелүүлж байгааг генерал Александр Вандегрифт богино хугацаанд ойлгож дахиад 200 гаруй ийм холбоочныг нэн даруй бэлтгэхийг тушаалаа.

1945 он гэхэд нийт 500 гаруй навахо дайчид тулалдаж байсан бөгөөд тэдний оролцоогүй ганц ч том тулалдаан болоогүй юм. Алдарт Ивожима арлын төлөөх т у л а а н д   6 навахо эр хамгийн тэргүүн эгнээнд байж бүх л удирдлагыг холбоогоор хангаж байсан ба уг тулалдааны нэг баатар болох хошууч Ховард Коннер гэдэг хүн “Навахочууд байгаагүй бол тэнгисийн явган цэргүүд Ивожимаг хэзээ ч авч чадахгүй байсан” гэж хэлж байжээ.

Япончуудын хувьд Америкийн олон янзын холбооны хэл дохионы учрыг олж чадаж байсан боловч Навахо холбоочдын яриаг тайлж чадалгүй байсаар дайнд ялагдсан билээ. Америкчууд ч гэсэн ийм чухал холбоогоо дээд зэргээр хамгаалж байсан бөгөөд ямар нэг Навахо холбоочныг хамгаалсан нэг бус цэрэг байнга дагадаг хамгаалдаг байж. Тэдгээр хамгаалагчид нь хэрэгтэй үед буюу о л з л о г д о х зэрэг а ю у л тулгарсан үед индиан холбоочноо  н у д р а х  нууц тушаалтай байсан тухай яриа бий. Дэндүү чухал нууцаа дайсандаа алдахгүй гэсэн аргагүйдсэн тушаал л байсан болов уу.

Дэлхийн их дайны томоохон театр болох Номхон далайн дайнд индианчуудын оруулсан (өөр бусад омгийнхон ч мөн дараа нь жижиг анги нэгтгэлийн холбоочноор ажиллаж байв) хувь нэмрийг үнэлж баршгүй бөгөөд тэрхүү алдарт холбоочдыг нууцын зэрэглэлээс 1968 онд л гаргасан гэдэг. Гэсэн хэдий ч 1980-аад он хүртэл эдгээр баатар холбоочид өөрийнхөө тухай ярих эрхгүй байсан билээ.

1982 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы зарлигаар 8-р сарын 14-нийг Навахо холбоочдын алдрыг дурсах бүх нийтийн өдөр болгон зарласан гэдэг.

P.S

2002 онд Жон Вугийн найруулсан, Николас Кейжийн гол дүрд нь тоглосон Windtalkers хэмээх киног олонх нь үзсэн болов уу. Навахо эрчүүдийн тухай энэ киног үзээгүй бол заавал үзээрэй гэж зөвлөх байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]