Байгаль орчин, лус савдагтай харьцсан хүн төрөлтний тухай янз бүрийн сонин жигтэй нийтлэлүүд wikimon.mn хэмээх сайтад үе үе гардаг. Жил гаруйн өмнө тус сайтад "Ээж мод"-ны тухай нэгэн нийтлэл, сурвалжлага гарсныг бид уншигчдадаа сонирхуулах гэсэн юм.
Хүн байгалийн харилцан шүтэлцээ, харилцааны тухай нэгэн сонин түүх.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос урагш хориод километрт алдарт Тужийн нарсны баруухан талд олны нэрлэдгээр «Авгай мод» буюу "Ээж мод" байдаг билээ. Зүй нь «Авгай» бус «Ээж мод» гэж хүндлүүштэй бус уу? «Авгай мод» гэх нь чихэнд нэг л наалдацгүй. Харин «Ээж мод» хэмээвэл тун хүндэтгэлтэй сонсогдоно. Ээж мод бол хол, ойрынхныг өмнөө сөхрүүлсэн бас нэгэн «ид шидтэн» ажээ. Энд төрийн дээдсээс эхлээд жирийн иргэд хүртэл ирж мөргөн сүсэглэж, есөн хүслээ шивэгнэн байж хэлнэ. Идээ будааныхаа дээдийг өргөнө.
Сүхбаатар хотын иргэн Д.Баттулга:
Би уг нь шашин шүтлэггүй хүн. 1996 оны эхээр ажлаасаа гарч ганзагын наймаа хийсэн боловч ш а т а х нь их байлаа. Эхнэр маань миний өмнөөс Ээж модонд нэг бус удаа очсон юм билээ. Тэгээд «Чи өөрийн биеэр очихоос нааш наймаа чинь бүтэхгүй гэж Ээж мод хэллээ» гэхэд нь «Тэр Ээж мод чинь тэгээд хүний хэлээр ярьдаг юм уу» гэж шоолж байсан. 1998 онд Эрхүү рүү 250 тарваганы арьстай очоод оросуудад д э э р э м дүүлж, өөрөө а м и а алдах шахаж аймаар ш а т с а н. Ийм үед ямар ч хүн элдэв арга чарга хайдаг юм билээ. Хамгийн түрүүнд Ээж мод санаанд орлоо. Ингээд нэгэн найзын хамт Ээж модонд очиж гүн итгэлтэйгээр сүсэглэж, бүх юмыг ёс журмын дагуу үйлдээд дахиад л Эрхүү рүү наймаанд явлаа. Сэлэнгийнхний гол бизнес Эрхүү, Ангарск, УлаанҮд, Новосибирск рүү тарваганы арьс зөөх. Тэр удаа тун амжилттай, орлоготой явлаа. Үүнийг Ээж модны ач тус гэж бодсон. Ингээд наймаанд явах бүрдээ Ээж модонд бараалхдаг болсон. Одоо манайх хувийн хашаа байшин, унах унаа, хүнсний дэлгүүртэй болсон. Энэ нь Ээж модны ач тус гэж бодож явдаг шүү.
Олон жилийн өвчнөөсөө ангижирсан Л.Янжмаа гуай:
Би 49-нийхөө жил дээр хальтирч унаад хөлөө г э м т э э л э э. Олон сар хэвтэрт байсан. Эмнэлэг, домчоор ч их явсан. Ер засал аваагүй. Арваад жил болоход хөлний бэртсэн яс бороолсон ч сүрхий хазагнаж явдаг болчихлоо. Гэтэл нэгэн удаа найз авгай маань уулзаад «Чи ер нь Ээж модонд очдог уу» гэхэд нь «Огт очдоггүй» гэлээ.
Чи Ээж модыг чин сэтгэлээсээ хүндлэн сүсэглэж, хүссэн зүйлээ хэл. Хүсэл чинь биелнэ шүү гэж надад зөвлөв. Миний хүсэл бол муухай хазганаж явдгаа засах гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Эвгүй гишгэхэд бороолсон хөл маань голд ортол өвдөнө.
Тэгээд нөхрийнхөө хамт Ээж модонд бараалхаж, идээ будаа болж ёслоод хүслээ хэллээ. Сэтгэл дагаад тэр үү хөлний маань хазганах багасаад байх шиг. Нэгэн удаа бас эвгүй гишгэтэл сүрхий өвддөг хөл маань арай гайгүй өвдөж байна. Ээж модны ач тус юм байна гэж бодоод дахин очиж, бүр ихээр чин сэтгэлээсээ залбиран мөргөлөө. Иймэрхүү маягаар Ээж модонд хоёр жил дараалан очиж мөргөснөөр олон жил өвдөж зовоосон хөл маань бүрмөсөн эдгэсэн шүү. Энэ бол Ээж модны л ач тус. Чин сэтгэлээсээ сүсэглэж чадсан хүнтэй Ээж мод хүйн холбоо тогтоож, хүслийг нь биелүүлж өгдөг юм шүү.
Таван хүүхдийн ээж Б.Нарангэрэл:
Бид Дархан хотод амьдардаг. Нөхөр маань компанийн захирал. Манайх дөрвөн охинтой байж байгаад 2001 онд хүүтэй боллоо. Гэтэл хүүг маань өвчин ороогоод салдагүй. Гал голомт сахих отгон хүүгийнхээ төлөө бид бүхнийг зориулж, бараг л яваагүй эмнэлэг, уулзаагүй эмч домчгүй боллоо. Хүүгийн маань бие нэг л сайжирч өгөхгүй байв. Байсхийгээд т а т а ж унана. Нэг найз хүүхэн маань Ээж модонд очиж мөргөхийг зөвлөв. Ингээд нөхөртэйгээ Ээж модыг зорин давхилаа. Ээж модонд очоод мөргөж, ёсыг үйлдэж байтал Ээж мод гэнэт сууриараа хөдлөх шиг болохыг нөхөр бид хоёул харсан.
Учрыг ололгүй гайхаж суутал нэгэн хүн дөхөж ирээд «Ээж мод сууриараа хөдлөхийг нь би бас харсан. Танайд нэг хүнд өвчтэй хүн байдаг юм аа даа. Тэр хүнээ биеэр нь авчирч Ээж модонд бараалхуулах хэрэгтэй юм байна» гэж зөвлөсөн. Долоо хоногийн дараа бид хүүгээ аваад Ээж модон дээр ирж бүх ёс журмыг гүйцээгээд буцлаа. Гэтэл долоо хоногтоо 23 татаж унадаг хүү маань огт таталгүй, цовоо сэргэлэн байсаар 14 хонолоо. Нэг татахдаа удаан хугацаагаар биднийг болон өөрийгөө зовоосонгүй. Тэгсхийгээд зүгээр болов. Бид Ээж модонд гүнээ сүсэглэж баярлаж эхэлсэн. Хүүгээ дагуулан Ээж модонд есөн удаа бараалхсаны дараа хүү маань цоо эрүүл болсон шүү. Ээж мод бидэнд шинэ амьдрал хайрласан. Ээж модонд мөргөж яваарай гэж хүмүүст зөвлөе.
Бидний хэдэн нөхөд 2002 оны зун Сэлэнгэ нутагт явж байхдаа Ээж модонд бараалхсан юм. Хүн бүр дор бүрнээ хүслээ хэлж, ёслолыг үйлдээд хөдлөхийн алдад нэгэн хувцас муутайхан эр хүрч ирээд Ээж модонд гурвантаа мөргөөд бидний Ээж модонд өргөсөн архинаас хэний ч зөвшөөрөлгүй хээвнэг ууж эхлэв. Учрыг мэдэх нутгийн нөхөр маань гайхсан бидэн рүү хараад «Энэ хүн Ээж модыг асран тойлогч, бас буян хишгийг хүртэх эрхтэй энэ хонхорын ядарсан хүн байгаа юм. Түүнд бүү олон юм ярь. Ээж модны ивээлд хамгийн ихээр багтсан хүний нэг» гэлээ. Ашгүй өнөө эр өөрийгөө Баатар гэж танилцуулаад өөрөө яриа хөөрөө дэлгэлээ.
Ээж модны буянг хүртэгч нутгийн иргэн Л.Баатар:
Би энэ нутгийн ядарсан нэгэн. Ээж модныхоо буян хишгийг нэлээд хэдэн жил хүртэж сууна. Заримдаа Ээж мод дээр маш олон хүн ирж хүндлэхээсээ илүү д о р о м ж и л ж байгаа юм шиг баахан хог хаячихаад яваад өгдөг. Тэднийг явсны дараа би ирж хогийг нь жимбийтэл цэвэрлэж Ээж модоо «баярлуулдаг», дараа нь Ээж модондоо гурвантаа мөргөн гуйж байгаад идээ ундаанаас нь хүртдэг. Иймэрхүү маягаар Ээж мод бид хоёр бие биедээ «тусалдаг» юм. Өнгөрсөн жил нэг архичин «Ээж»-ээс мөргөж гуйлгүй архийг нь уугаад х о р д л о г о д орж, нөгөө е р төнцөд одсон. Ер нь ээжээс сайн мөргөж гуйвал хүсэл чинь бүтнэ дээ гэж бидэнд зөвлөж билээ.
Биднийг Ээж модны дэргэдээс хөдлөхөд өнөөх эр «Ээж»-ийнхээ эргэн тойронг жимбийтэл цэвэрлэж байгаа харагдсан шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй.....
сумтай гарууд
Хүн гэж сэтгэлийн амьтан шүү дээ, ийм болохоор л дотороо бодож, сэтгэлдээ шивнэн үлдээсэн тэр үг нь оюун санаанд нь нөлөөлөөд өөрөө өөрийгөө эдгээдэг зүй тогтолтой шиг санагдаад байдаг юм. Манайханы сүсэг бишрэл хааяадаа ихдэхээрээ байгаль эх дэлхийдээ сөрөг үр дагавар үзүүлэх юм даа.., иймээс аливаа зүйлийн жорыг тааруулна гэдэг шиг хэтэрхий туйлшрахгүй өөрсдийн бодолтой байвал аяндаа бүх зүйл оюун санаагаа дагаад сайхан болдог юм шиг санагдаад байдаг юм..,
Одоо энэ мод байдаг юм болов уу?!
baigaa. Huuchin teevriin tovchoon deerees mshinuud yavdag bsan daa. Odoo haanaas yavdgiig ni medehgui bn.
Байдаг. Хүмүүс байгал эхээ хайрлавал ээж шиг нь хайрлана.