Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Егүзэр хутагт Ж.Галсандаш гэж хэн бэ?Уншсан12,597

Егүзэр хутагт Ж.Галсандашийн амьдрал, үйлийг наяад оны сүүлч ерээд оны эхнээс л нэг бус хүн судалж, бичиж эхэлсэн гэж хэлж болохоор байгаа юм.

Зарлигаар зарсан Зүүн өмнө хязгаарын Монголчуудыг дагуулан тохинуулах ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн Егүзэр, зан бадарсан эрдэнэ, мэргэн хамба хутагт ялгуусан чин зүтгэлт, үнэн сужигт гэгээнтэн Ж.Галсандаш.

Нэгэн удаа Үндэсний архивын газарт хадгалагдаж буй Ламхайд (Егүзэр хутагт Ж.Галсандашийг нутгийнхан нь ингэж авгайлдаг) холбогдох баримт, материалын зах зухтай танилцах санаатай хүрч очсон юм. Архивын мэргэжилтэн бүсгүйд явдал, учраа хэлбэл,

-Егүзэр хутагт Галсандаш гэж хэн бэ? Хэзээ амьдарч байсан юун хүн юмхэмээн уцаарлангуй асуух нь тэр.

Архивын мэргэжилтний энэ асуулт Егүзэр хутагт судлалын байр, байцыг илэрхийлж байна гэвэл мэдээжийн хэрэг хөнгөн гоомой дүгнэлт болно. Гэвч түүхийн мэргэшлээр их, дээд сургууль дүүргэж, бакалаврын боловсрол олсон, Үндэсний архивын газрын мэргэжилтэн, Богд хаант Монгол Улс, Ардын засгийн үед, тодруулбал гурван ч төрийн сайд (одоогийнх шиг гурван Засгийн газрын сайд биш шүү)-аар тохоогдон ажиллаж байсан хүний тухай мэдэхгүй, нэрийг нь ч дуулаагүй байна гэдэг харамсал төрүүлэм хэрэг биш гэж үү?

ЕГҮЗЭР ХУТАГТ ГЭЖ ХЭН БЭ?

Энэ асуултад судлаачид хариу өгөх, өгдөг учиртай.

Егүзэр хутагт Ж.Галсандашийн амьдрал, үйлийг наяад оны сүүлч ерээд оны эхнээс л нэг бус хүн судалж, бичиж эхэлсэн гэж хэлж болохоор байгаа юм. Энэ тухай доктор Дамбын Цогт-Очир, “Егүзэр хутагт Ж.Галсандашийн үйл амьдралын тухай сүүлийн үед түүх судлаачид, сэтгүүлчид төв болон орон нутгийн сонин хэвлэлүүдэд нэлээд бичиж нийтэлсэн нь түүний түүхт хүн гэдгийг улам тодруулж байгаа юм. Түүхч Д.Сайнхувьт, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, Д.Цэнджав, М.Цэнд-Арслан нар орон нутаг дээр нь сурвалжилж, ахмад настангуудын дуртгалд түшиглэн үнэтэй зүйл бичиж, зарим санал дэвшүүлсэн нь үнэхээр сайшаан дэмжих буяны үйл юм” гэж “Хэлмэгдсэн Егүзэр хутагт Ж.Галсандаш”/1992/ номынхоо оршилд бичсэн байна. Үүнийг тодруулбал, сэтгүүлч До.Цэнджав 1989 онд Егүзэр хутагтын тухай өгүүллээ “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн нь Ламхайн тухай төв, орон нутгийн хэвлэлд гарсан анхны материал юм.

Харин Д.Цогт-Очир гуайн хувьд 1950-иад оноос Егүзэр хутагтыг судалсан гэх ба анхны эх сурвалж нь, УАБХЕГ-аас албан хэрэгцээнд зориулан гаргасан “38-ын хэрэг” нэрт ном аж. Энэ ном болон архивын баримт сэлт, хүмүүсийн уулзалт, яриа зэрэгт тулгуурлан “Хэлмэгдсэн Егүзэр хутагт Ж.Галсандаш” номоо 1992 онд хэвлүүлсэн нь Егүзэр хутагт Ж.Галсандашийн тухай өгүүлсэн анхны бүтээл бөгөөд овор хэмжээ охор /3.5 хэвлэлийн хуудас/ ч, ухаж сайн үзвэл утга гүн, агуулга өргөн хийгээд судалгааны суурь, үнэт гарын авлага юм. Тэрхүү номонд, Зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайдын түүх, намтар, Хутагт Егүзэрийн хэргийг шүүн тасалсан, мөн Хутагтын аж ахуйч амьдрах ухаан, эрдэм шидийн тухай өгүүлсэн байдаг.

Ж.Галсандаш хэмээх хүний намтар, цадигийг судалсан бүтээл, туурвил одоогоор энэ “жижиг” номоос давж гараагүй л байна.

Д.Цогт-Очир гуай анхны номоосоо 11 жилийн хойно буюу 2003 онд “Мөнхрөх хутаг” хэмээх намтарчилсан роман хэвлүүлсэн байх бөгөөд өмнөх ном хийгээд архивын бичиг сэлт “бодит баримтад дулдуйдан” уран сайхны аргаар найруулан сийрүүлснээ өгүүлж байсан.

“Мөнхрөх хутаг” нь нэгд, судлаачийн хагас зуун жилийн судлал, шинжлэлийн бодит үр дүн, хоёрт түүхэн баримтуудаа уран сайхнаар баяжуулан туурвисан нь Егүзэр хутагтыг олон түмэнд мэдүүлэх, таниулах оролдлого, чармайлтын нь бас нэгэн илрэл юм.

Судлаач Д.Цогт-Очир, Егүзэр хутагт Монгол орныг тусгаар бие даасан улс байлгах гэсэн чин бодолтой нэгэн байсан …хэмээн “Хэлмэгдсэн Егүзэр хутагт Ж.Галсандаш” номын 7-р талд бичсэн нь бий.

Мөн “Егүзэр хутагтын амьдралын сүүлчийн гучаад жил бол дэлхий ертөнцийн улс гүрнүүдийн харилцаанд ороо бусгаа түвэгтэй үзэгдэл олонтаа байсан тул түүний нөлөөний хүрээнд шашин төрийн нэгэн эрх мэдэлтний хувьд өөрийн эрхгүй татагдан орсон ажээ”. (мөн 7-р талд)

“Егүзэр хутагт Ж.Галсандаш бол Монголын шашин төр, эгэл олон сүсэгтэн, шавь нарынхаа ашиг тусын тулд амь бие, оюун санаагаа чилээсэн нэгэн цаг үеийн том зүтгэлтэн, эх болсон зургаан зүйл хамаг амьтныг жаргуулах нигүүлсэнгүй сэтгэлээр энэрэн хайрлагч бурхны дээд хувилгаан билээ” гэж “Мөнхрөх хутаг” романыхаа төгсгөлд дүгнэн бичсэн байна. Дээрх гурван өгүүлбэрээр судлаач Д.Цогт-Очирын байр суурийг тоймолж болно.

Дашрамд, түүний бүтээлүүдээс зарим судлаачид тааруугаар хэлбэл “хуулахдаа”, таатайгаар хэлбэл эшлэхдээ судлаачийн нэр, бүтээлийг дурьдахгүй байгаад өвгөн судлаач сэтгэл дундуур явдгийг хэлэхийн сацуу эш үндсээ ичиж, зоволгүй бичих нь нэгд, уншигч-хэрэглэгчид итгэл үнэмшил төрүүлэх сайн талтай, хоёрт, оюуны үлэмж их соёл, гүн хүндэтгэл гэдгийг хэлье. Үгүйдээ л “буух эзэн, буцах мөртэй” шүү дээ.

Егүзэр хутагтын тухай хоёр дахь, тодруулбал “Хэлмэгдсэн Егүзэр хутагт”-ын дараа гарсан ном нь Гандантэгчилэн хийдийн цорж лам Г.Диваасамбуу, хүү Д.Тайвансайханы хамт бичсэн “Агваанлувсанданзан ээбэмбалсамбуу дор мөргөмүй” хэмээх мөн л овор хэмжээ бага ном юм. Тэрхүү номыг тоймолбол шашны том зүтгэлтэн талаас нь судлан харуулахыг хичээсэн байх ба Егүзэр хутагт Ж.Галсандашийн өмнөх гурван дүрийн тухай, тэдний зохиосон номыг гаргаж ирснээрээ үлэмж ач холбогдолтой санагдана.

Хутагтын тухай гурав дахь бүтээл нь эрдэмтэн Хаянхярваагийн Гүндсамбуу агсны бичсэн “Егүзэр хутагтын экологийн менежмент” ном болно. Нийгмийн ухааны нэрт эрдэмтэн Гүндсамбуу агсан “Егүзэр хутагт бол хос ёсны биелэл шашин-төрийн зүтгэлтэн. Богд хаант төрийн зүүн өмнө хязгаарыг тохинуулах сайд, Егүзэрийн хэрэг гэгчийн хувьд түүхийн, үзэсгэлэн төгс дархан цаазат Лханчинвандад уулаар бэлчиж яваа буга ч юм уу, Эрдэнэцагаан сумын төвийн баруунтаах Хуранд тарвага нутаглуулсны учир амьтан судлалын, Монголын ээрэм талын нугачаа, сархиа, гуу жалганд эмийн элдэв ургамал тарьсны хувьд ургамал судлалын, Хурц ван Түдэнтэй зэрэгцэн шавь хошуугаа захирч байсны хувьд орон судлалын хүн байх нь гарцаагүй. Егүзэр хутагт шашны дээд зиндааны мяндагтай ч жасын аж ахуй эрхлэлт, байгаль хамгаалал, хязгаар нутгийн тохинол, төр-шашны үйл хэрэгт оруулсан хувь нэмрээрээ Дорнод Монголын бас нэгэн түүхт хүн, Халхын То ван хэмээн алдаршсан Тогтохтөр лугаа эн зэрэгцэхүйц, үнэндээ давж гарахуйц шинэчлэгч юм” хэмээн дүгнэсэн байна.

Эдгээр гурван бүтээлээс үзвэл доктор Д.Цогт-Очир Егүзэр хутагт Ж.Галсандашийг төрснөөс төгсөх хүртэл бүхэлд нь судлахдаа төр, нийгмийн зүтгэлтний нь хувьд илүү их гаргахыг чармайсан бол цорж лам Г.Диваасамбуу, Хутагтын шашны үйл хэрэг, бурхны шашны томоохон төлөөлөгчийн нь тухайд судалжээ. Харин эрдэмтэн Х.Гүндсамбуу аж ахуйн удирдагч, байгальч талаас нь судлан бүтээл туурвисан нь хэлцэж тохирсон хэрэг биш байх, хэрэг учир ингэж тохиогоо юм болов уу хэмээн мунхаглана. Ямартай ч дээрх гурван чиглэлээр судлан үзэх эх үндсийг тавьжээ гэж хэлж болохоор байна.

Яг өнөөдрийн байдлаар Егүзэр хутагтын талаарх судалгааны тухайлсан ном товхимол болж нийтийн хүртээл болсон нь дээрх гурван эрдэмтний, дөрвөн ном болно.

Харин Монголын түүхийн ном, сурах бичгүүдэд Егүзэр хутагтыг Зүүн хязгаарын сайдаар томилсон тухай, мөн Хятадууд баривчлан одсон тухай ганц, нэг өгүүлбэрээс үл хэтрэх аж.

Тухайлбал, Н.Пунцагноровын “Монголын Автономитын үеийн түүх”-д “ӨвөрМонголын ихэнх хушуу (49-өөс 35) нь Монгол Улсад дагаар орсон тул зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдын тусгай газрыг байгуулжээ. Олноо өргөгдсөний Гуравдугаар оны (1913 оны 7 дугаар сард) 6-р сарын 30-нд Богд гэгээний зарлигаар Егүзэр хутагт Галсандашийг зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдад томилжээ. Шашны томхон хэргэмтний нэгийг тийм чухал тушаалд тохоон томилсон явдал бол дээд лам нар нь Монгол орны улс төрийн асуудалд тэргүүлэх рольтой байсныг гэрчилж байна…(Н.ПУНЦАГНОРОВ. “Монголын Автономитын үеийн түүх” 1955 он, 63-р тал) гэжээ.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс жараад оны сүүлчээр эрхлэн гаргасан БНМАУ-ын түүхийн гурван ботийн хоёрдугаарт, …Богд гэгээний зарлигаар зүүн хязгаарыг тохинуулах сайдаар Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилжээ. Өвөр Монголтой холбогдсон элдэв чухал бичиг, мэдээ сэлт энэхүү Галсандашийн гараар дамжин гардаг байжээ(Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх-II боть, 1968 он. 447 тал)гэж бичсэн байна.

Мөн хүрээлэнгээс саявтар буюу 2004 онд эрхэлсэн Монгол Улсын Түүхийн таван ботид дээрхтэй утга ижил өгүүлбэр байх ба “Монголын Автономитын үеийн түүх”-ээс эшлэснээ зохиогчид тэмдэглэжээ.

Түүхийн II ботид Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд, Егүзэр хутагт М.Галсандашийг Хятадууд баривчлан одсон тухай цухас өгүүлэн өнгөрчээ.

Тухайлбал, Монголын гадаад яамны нэгэн бичигт үзвэл, 1915 оны өвөл цаг дундад улсын цэрэг, морьт хулгай Бавуужав нарыг нэхээр явна гэж шалтгаалцан сайд Егүзэр хутагтын сүмийн газраа шууд ирж сүм хийдийг сүйтгэн, эд хөрөнгийг цөлбөн авсан ба бас харьяат хутагтыг арваад шавь нарын хамтаар барин одлоо гэж тэмдэглэсэн байдаг гэжээ.

… Монголын гадаад яамнаас Хүрээнд суугаа Хятад сайдаас, хятад цэргийг нэн даруй эргүүлэн гаргах, Егүзэр хутагтыг суллуулах шаардлага тавьжээ…

… 1915 оны 12 сарын 27-нд Гадаад яамнаас Бээжин рүү утас цохихдоо, “бээжинд Егүзэр хутагт лугаа учирмагц … эмээх явдалгүй даруй нутаг буцваас зохихыг нарийвчлан хэлэх ажаамуу” гэжээ.

… 1916 оны эхээр Сэцэн хан хамт дагалдаж явсан Цэргийн яамны дэд сайд Жамьяандорж тэргүүтэй арваад бараа бологсдоо авч, мөн Егүзэр хутагтын хамтаар нутаг буцжээ… (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх-II боть, 1968 он. 534-536 тал)

Мөн тэнд (Улсын архив, 5-29-52; Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх-II боть, 1968 он.530-531 тал),…Бавуужаваас 1915 оны 3-р сард Хүрээ рүү илгээсэн захидалд, “Өршөөлт бүрэн эрхт сайдууд танаа, … урьд Егүзэр ламаас Герман улсын хоёр хүн хятад, Монгол хүний хамт сайд гүн Бавуужавын цэргийн хорооноо ирж, түүний дорд түшмэдтэй учирч… Оросын төмөр замыг эвдсүгэй хэмээв хэмээн мөнхүү гүн Бавуужаваас сайд Егүзэр хутагтад захиж ирүүлсэн тухайд сайд хутагтаас … энэ хэрэгт туслалцаж үл болмуй хэмээн “ гэж хойш захижээ… гэснээс гүн Бавуужав, хутагт хоёрын хоорондын харилцаа, Хятад, Германы ашиг сонирхол, мөн Хутагтын Орост “талтай” байсан зэргийг харж болно.

Дээр өгүүлснээ дүгнэн хэлэхэд,

Нэгд,Егүзэр хутагт М.Галсандашийн амьдрал, үйлийг судалсан байдал цөөн хүн, тухайлан хэлбэл Д.Цогт-Очир нарын Хутагтын нутаг ус, овог аймгийн эрдэмтэн, судлаачдын хүрээнд “эргэлдэж” байна. Энэ нь муу гэсэн үг биш. Гэхдээ, судлаачдын хүрээг өргөжүүлэх, өргөн царт судлал, шинжлэлийн төсөл хэрэгжүүлэх нь зүйд нийцнэ. Нөгөө талаас Егүзэр хутагт нь нэг сум, нэг овог, нэг аймгийн хэмжээний бус, бүх Монгол Улсын төр, шашны том зүтгэлтэн гэдгийг юуны түрүүнд санах учиртай.

Хоёрт, Егүзэр хутагтын амьдрал, үйлийг илтгэх баримт, материалууд ил гарч хараахан дуусаагүй бөгөөд шинэ баримт хайх, судалж шинжлэх шаардлага байсаар байна. Үүнийг доорх зөрүүтэй мэдээллүүд илтгэнэ.

-Егүзэр хутагтыг зарим судлаачид тэмдэглэхдээ, Тамгатай долоон хутагтын нэг гэдэг бол зарим нь 13 хутагтын нэг хэмээдэг. Ш.Галсанбаатарын Егүзэр ламхай шүлэгт бүр “Тамгат найман хутагтын нэгэн бээр” гэх мөр бий. Эрдэмтэн судлаачид баримт үзэн нэг мөр ойлголт өгөх нь мань мэтийн жирийн иргэдийг төөрөгдлөөс гэтэлгэнэ.

-Зүүн хязгаар, Зүүн өмнөд хязгаарын сайд гэх баримтууд байгаа нь зөвхөн “зүг”-ийн зөрүү төдий бус гэдгийг хэлье. Зүүн болон Зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд гэвэл онож мэдэхээр байна. Тухайлбал, Гадаад Монгол дахь Хятадын цэргийн эрхтэн нарын зөвлөсөн ёсоор Богд гэгээн зарлиг буулгаж, цагаантныхантай тэмцэх зорилгоор Манзшир хутагтыг 1920 онд зүүн хязгаарын сайдаар, Жалханз хутагтыг баруун хязгаарын сайдаар тус тус томилж байв… (Б.ШИРЭНДЭВ. Монгол Улсын хувьсгалын түүх, 1969 он. 124 тал) гэж бичсэнээс үзвэл Егүзэр хутагт Зүүн хязгаарын сайдын албаа хэзээ ч юм өгөөд, харин 1921 оны долдугаар сард Зүүн өмнөд хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайдаар томилогдсон бололтой.

-Ж.Галсандаш нь Егүзэр хутагтын дөрөв дэх дүр үү, эсхүл долоо дахь дүр үү. Цорж лам Г.Диваасамбуу нарын номоос үзвэл дөрөв дэх дүр мэт, гэсэн атал “Хэлмэгдсэн Егүзэр хутагт Ж.Галсандаш” номонд долоо удаа залагдсан гэх. Зөвхөн Монгол тодорсон дүрүүдийн тухай Г.Диваасамбуу гуай өгүүлэв үү гэтэл тэдгээр нь дөрөв бус гурав гэж Ламхай өөрөө мэдүүлсэн байх. Энэ мэт толгой эргэх зүйл мундашгүй байна.

-Егүзэр хутагт Галсандаш Монгол, хятад, манж, түвд хэл мэддэг тухай өгүүлсэн нь бий. Тийм атлаа түүний бичиж тэмдэглэсэн, бүтээж туурвисан гэх зүйл одоогоор олж мэдэгдээгүй байгаа нь эрхгүй анхаарал татна.

-Богд хаан Ж.Галсандашийг Зүүн хязгаарын сайдаар тохоон томилоод бичгийн эрдэмд өндөр боловсорсон Дашням гүнг дэргэд нь суулгасан нь ямар учиртай вэ?

-Хутагтын дэргэд арав орчим жил суусан Дашням гүн Хутагтын тухай бичиж үлдээв үү?

-Хятадууд Морьт хулгай (Түүхийн II ботид), Харчин гүн Бавуужавыг нэхээд үл гүйцэхдээ суурин суусан Зүүн өмнөд Хязгаарын сайд Егүзэр хутагтыг баривчлан одсон нь жирийн хэрэг гэж үү?

-Егүзэр хутагтын сүүлчийн гучаад жилийн амьдрал бүрэн бус ч судлагдсаар ирэв. Түүнээс өмнөх үеийг судлах шаардлага, ач холбогдол үгүй гэж үү? гэх мэт үй түмэн асуулт байна.

Мөн Эрдэнэцагаанчуудын дунд домог мэт ярианууд бий. Тухайлбал, Хутагт Ленинтэй уулзсан гэлцдэг. Мөн Хутагтыг буудах гэсэн хүмүүсийн нүд юу ч харахгүй байсан гэх. Энд номын ид шид байв уу, эсхүл худал, дэгс дөвийлгөлт үү.

Энэ бүхэн Егүзэр хутагтыг илүү нарийн, бүрэн судлах, Егүзэр хутагт судлалыг хөгжүүлэх шаардлага бийг харуулсан хэрэг юм.

Гэгээнхорин Сундуйн МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 5. 8:16
DaiChin

Сохирхолтой сэдьийг алаад хаячихсан байна. Бичвэл олиг юм бичиж бай

2017, 12 сар 15. 15:20
Bolor-erdene AmarsanaaFacebook-р нэвтэрсэн

Hyataduud ali ert 70 d onii suulchees zah zerld orson shuu...hamt orson gechijee durak chine...

2016, 9 сар 2. 22:35
Зочин

ene hunii tuhai zondoo sudalgaa bii. olj unshitsgaa.

2016, 9 сар 2. 20:07
зочин

архивын газрын ажилтан шаардлага хангахгүй байна

2016, 9 сар 2. 16:45
Зочин

Цогт-Очир гэж мэдрэл муутай өвгөн олигтой бичиж чадаагүй ээ. Санаанаасаа зохиогоод үнэн зөнөг өвгөн

2016, 9 сар 2. 16:12
Зочин

егзгөр байна уу түгжгэр байна уу одоо наадахь чинь хэнд хэрэгтэй юм бэ түүний оронд хятадын хөгжлийн нууцыг судлаад энэ залуучуудад хүргэвэл дээргүй юу хээ хэ

2017, 12 сар 15. 5:45
Зочин

Дутуу бодолтой гэдэг үг өөрт чинь багадна цаадах үгийг өөрөө бодож олоорой.

2017, 2 сар 13. 13:19
Зочин

егүзэр хутагт гэж зөв биччих эхлээд түүхээ мэдэхгүй бол сармагчин

2016, 9 сар 2. 18:31
эзэны боол

анх зах зээлд хятад,монгол 2 нэг зэрэг орсон.тэгэхэд хятадууд бүсээ чангална гэж ярж байхад манай очир ерөнхийлөгч бид бүсээ чангахгүй гэж ярьж байсан тэгээд одоо юү болов

2016, 9 сар 2. 17:53
Болдоо

Муу жунгаа

2016, 9 сар 2. 17:53
Болдоо

чи өөрөө ***** байхаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]