Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Agent Orange" буюу Вьетнамын дайны гэмт хэрэгУншсан7,517

Вьетнамын дайны үеэр Америкийн нисэх хүчинд тулгарч байсан нэг том бэрхшээл нь асар их хэмжээний ногоон ой байлаа. Тэр ойд вьетнамчууд орж нуугдчихаад хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, таамгаар бөмбөгдөөд үр дүн бараг үгүй.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Вьетнамын дайны үеэр Америкийн нисэх хүчинд тулгарч байсан нэг том бэрхшээл нь асар их хэмжээний ногоон ой байлаа. Тэр ойд вьетнамчууд орж нуугдчихаад хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, таамгаар бөмбөгдөөд үр дүн бараг үгүй. Тоохгүй хаяхаар тэндээсээ гарч ирээд “яршиг төвөг” болж байсан учир ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. Мөн хойд Вьетнамын цэргүүд  болон сайн дурынхныг хоол тэжээлээр хангаж байгаа асар өргөн их тариан талбай зэргийг үгүй болгож, хүнсний хангамжийг тасалдуулах хэрэгтэй боловч тэр их талбайг зүгээр тэсрэх бөмбөгөөр бөмбөгдөөд үр дүн гэж олигтой юм гарахгүй. Америкчууд энэ бүхнийг шийдэх хэрэгтэй байсан бөгөөд шийдэл ч оллоо.  

Химийн зэвсэг. Гэхдээ энэ химийн зэвсэг нь хүн шууд хордуулж алаад хаях эд биш харин мод ургамлыг навчгүй сайхан нүцгэлээд өгдөг, тариа будаа нэг хэсэгтээ ургахгүй болгодог... гэх мэтийн ид шидтэй, нэг үгээр хэлбэл энгийн газар тариаланд хортон мэрэгчтэй тэмцэхэд хэрэглэдэг тэр бодисуудыг арай чангаруулсан тийм л зэвсэг байв. Зориулалтаасаа болоод янз бүрийн нэртэй байх ба эжент оранж, эжент блю, эжент грин... (agent orange, agent  blue, agent green) гэх мэт олон янз. Өнгөний нэрээр нэрлэдэг нь тухайн бодисыг агуулах саванд тавьсан тэмдгээс болж гарсан болохоос уг бодис нь ямар ч өнгөгүй эд байжээ.

Ингээд анхны туршилт хийн Вьетнамын тэр шигүү ойд цацсаны дараа, зарим мэдээгээр бараг 5-6 цагийн дараа тэр ой юу ч үгүй болж нүцгэрч, сэртийсэн шон бүхий амьгүй цөл мэт болж байсан байна. Навчгүй болсон модны навч хэрвээ ургах бол хэдэн сар, жилийн дараа л ургаж байж.

Одоо энэ бодисоо хэрхэн яаж цацах талаар арга тактик боловсруулан сайжруулсаар энэ ажилд хамгийн тохирох онгоц, арга боловсруулсныгаа ихээхэн доогтой нэртэй Ranch Hand (фирмийн эзний гар) хэмээн нэрлэж хэрэгжүүлжээ. С-123 онгоцоор (нийт цацсан бодисын 90 хувийг энэ онгоцоор цацсан) энэ бодисыг 50 метрийн өндрөөс цацахад 80 метрийн өргөнтэй, 16 км урттай газрыг 4, 5 минут хүрэхгүй хугацаанд “бордож” байв. Харин яг байлдааны даалгавар биелүүлэх үедээ 4-5 онгоц нэг групп болж дайрагч болон сөнөөгч онгоцны хамгаалалт дор даалгавраа биелүүлж байжээ.

Бараг 10 жил үргэлжилсэн иймэрхүү дайралтын дараа Вьетнамын олон газар нутгийн экологи ихээхэн өөрчлөгдөж, олон төрлийн ургамал, амьтан, микроорганизм үгүй болсноос гадна Лаос болон Кампучийн зарим нутаг ч бас ийм халдлагад өртсөн байдаг. Гэхдээ энэ хамгийн аймшигтай нь биш...

Вьетнамын нийгэмд бүхэл бүтэн нэг үеийг "Оранж үеийнхэн" хэмээн нэрлэх болжээ.

(Редакц: Доорхи тайлбарууд бүгд зургийн тайлбарууд бөгөөд нийтлэлчийн илгээсэн тэрхүү зургууд нь вьетнам хүүхдүүдийн үнэхээр элэг эмтрэм, аймшигтай, эмгэнэлтэй, хүн гэхэд эргэлзмээр гэрэл зургууд буй тул нийтэлж зүрхэлсэнгүй болно. Гүүгл хайлтын системээс agent orange vietnam хэмээн хайхад асар их илэрц бий.) 

-14 настай Нген Фам болон 15 настай Хун Вон Фам нар өөрсдийг нь усанд оруулахыг хүлээн суугаа нь. Тэд дайнаас олон жилийн дараа төрсөн боловч “эжент оранж” хор нөлөөг насан туршдаа амсах хувь заяатай төрсөн хүүхдүүд.

-“Эжент Оранж”-ийн гурав дахь үеийн хохирогч Нгуен Фам нь дүлий, сохор, ярьж чадахгүй, байнга байх орон дотроо л нааш цааш хөдөлж чадна.

-Вьетконгийн цэрэг байсан эр өөрийн 12 настай хүүхэд Нгуен Ван Зунгийн цаана зогсож байна. Хүүхдийн гар хөлийг боож хүлсэн байгааг анзаараарай

-Нгуен Куанг гэртээ, орон дээрээ.

-“Эжент оранж”-ийн гурав дахь үеийн бас нэг хохирогч Фирум Унг, Камбож

“Эжент оранж” хэмээн ерөнхий нэрээр нэрлэсэн тэр хорны гайт уршгийг үзүүлсэн иймэрхүү  зүрх эмтрэм муухай өчнөөн олон зураг байх бөгөөд тэдгээрээс хамгийн энгийн цөөхөн зургийг сонгон авч үзүүллээ.

Улаан загалмайн нийгэмлэгийн гаргасан тооцоогоор Вьетнамын сая гаруй хүн “Эжент Оранж”-оор хордсон бөгөөд одоо 150 000 хүүхэд энэ бодисын нөлөөгөөр төрөлхийн элдэв өвчин, гаж хөгжилтэй байна. 

Вьетнамын Диоксины Хохирогчдын холбооны мэдээгээр бол энэ хорт бодисын хохирогч болох 3 сая хүн байгаа бөгөөд 2 болон 3 дугаар үеийнхэн нь 18 нас хүрэлгүй тахир дутуу болж, удамшлын элдэв өвчнөөр шаналж, үхэж, өвчтэй хүүхдийн удам судар болсоор...  Эдгээр хохирогч нарын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлт шаардлага ямар ч амжилтад хүрээгүй байна.

АНУ хойд Вьетнамд нийт 72 сая литр энэ хорыг цацсанаас гадна хүчиллэг бороо оруулагч янз бүрийн хий, ширэнгэн ойд түймэр гаргах химийн бодис цацах гээд зөвхөн ургамал ногоотой нь холбоотой олон ажил хийжээ. Эдгээрийн үр дүнд энэ химийн бодисоор хордсон хүмүүсийн дараагийн үеүд болох  аймшигтай тахир дутуу, ухаан санаа хомс, үр хүүхэд гаргах чадваргүй, чадсан ч дутуу дулимаг, эрхтэн дутуу, хагас хугас хүн гаргах эрсдэлтэй 4,8 сая хүн Вьетнамд бий ажээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]