Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жамсран хувилгаанУншсан67,143

1937 онд Гандан дээр Цэрэндондог гэвш гэж эрдэмтэй лам байж гэнэ. Лам нарыг барьж эхэлж гэнэ. Цэрэндондог айгаад нэг өдөр Бизьяагийн багшид очоод “Одоо яах билээ?” гэж айлтгаж гэнэ.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын /Мишиг гүний хошууны/ өвгөн Бямбадоржийн яриаг Ц.Дамдинсүрэн гуай ийн тэмдэглэж авчээ.


АЧААТАЙ ҮХЭР

Чөтгөрийг үзье гэж шохоорхох хэрэггүй гэж би боддог. Учир нь чөтгөр ер нь хийморь нь доройтсон согогтой хүнд л харагдахаас биш, хийморьтой сайн яваа хүнд харагддаггүй бололтой юм билээ.

Би 1930-аад оны үед нэг зун манай хошууны (хуучин Мишиг гүний) хүрээн дээр лам нараар хэсэж шимийн архи уугаад жаахан халамцуу гэртээ харих гэж мордох гэж байлаа. Манайх бараг л өртөө шахуу газар байгаа юм. Тэгсээр байтал харанхуй болчихлоо. Мордох гэж байтал Түмтийн Улаан гэдэг миний үеийн залуухан банди, гэр нь манайтай ойрхон юм. “Чи мордох гэж байгаа юм уу?” гэж асуулаа. “Тийм” гэлээ. Тэр бас гэртээ харих гэж мордох гэж байгаа юм гэнэ. Хоёул хамт мордоод явлаа. Хоёул замдаа элдэв юм ярилцсаар явлаа. Залуу байсан болохоор голдуу л хүүхэн ярилаа. Хүн оршуулдаг сэжигтэй газар хүрч очлоо. Сайхан ногоотой тал газар юм. Шөнө харанхуй байсан, гэвч нүх шиг харанхуй арай биш, нүд сайн болохлоор хавь ойрын юм харагдахаар байлаа. Улаан маань над гэнэт хэллээ. “Хөөш тэр юу вэ?” гээд гараар зааж байна. Гэтэл над юу ч харагдахгүй юм. “Тэр, тэр чи харж байна уу?” гээд гараар зааж байна. Түүний гарын байдлыг харахад тэр юм нь хойноосоо урагшаа явж байгаа бололтой. “За тэр гүвээний цаад руу орчихлоо” гэж байна. Тэр гүвээн дээр нь бид хоёр гараад очлоо. Цаана нь юу ч байхгүй, юу ч харагдахгүй юм. Тэгээд хоёулаа цааш явлаа. Би асуулаа: “Ямар юм харагдаа вэ чамд” гэлээ. Өнөөх чинь хэлж байна: “Нэг ачаатай үхэр л харагдсан даа” гэх юм. Түүнд харагддаг, над харагддаггүй тийм нэг юм бидэнд дайралдсан даа. Тэр худал хэлэхгүй томоотой сайн залуу байсан. Энэ бол зун болсон хэрэг. Намар нь Улаан өвдөөд үхсэн. Би тэгээд боддог юм. Хүнд муу ёр орохлоор элдвийн муу юм харагддаг байх. Муу ёр нь ороогүй, хийморьтой яваа хүнд элдвийн муусайн юм харагддаггүй, дайралддаггүй байх.

1974.3.14.

 

ЖАМСРАН ХУВИЛГААН

Би 1969 онд Дорнод аймгийн төвд сууж байлаа. Тэнд цагдан сэргийлэхийн цагдаа Хоргоо /чухамдаа Хургаа/ гэдэг хүн байлаа. Шажин шүтлэг огт байхгүй айхавтар хувьсгалч хүн юм. Жамсран хувилгаан гэдэг архи их уудаг жаахан дүвчин янзтай өвчтэй зовлонтой хүнийг аргалж өгдөг тийм хүн байдаг юм. Түүнийг өнөөх Хоргоо их хавчиж хяхдаг “Барина, хорино” гэж загнадаг байжээ.

Тэгээд байж байтал Хоргоогийн нэг жаахан хүүхэд өвдөөд үхчихжээ. Хоргоо түүнийгээ морин тэргэн дээр тавиад хөдөөлүүлэх гэж явж гэнэ. Тэгтэл өнөөх Жамсран морьтой давхиад ирж гэнэ. “Хөөе, та нар зогс” гээд хашгирч гэнэ. Хоргоо “Энэ согтуу золиг юу гэж тэнэж яваа юм?” гэж бодоод зогсохгүй яваад л байж. “Хөөе, зогс гэм, зогс” гэж дахиад бархирч. Тэд нар зогсож гэнэ. Жамсран хэлжээ: “Та нар амьд хүн оршуулах гэж явна шүү дээ. Аль вэ! Авсыг нь онгойлго” гэж. Тэгээд авсыг онгойлгоод хүүхдийг шүүрч аваад дөрвөн мөчөөс нь өрөөлдүүлэн хоёр удаа сунгаж татаад авсанд нь хийчихжээ. “За та нар үүнийгээ аваад харь. Хучаад орон дээр нь унтуулчих!” гэж гэнэ. Хорго хүүгээ харсан чинь нээрээ амьд ч юм шиг байжээ. Аваад харьж, орон дээр хучаад хэвтүүлчихжээ. Тэгээд хүү нь зүгээр сайхан хүү гүйж явна билээ. Түүнээс хойш Хоргоо Жамсранг хичнээн согтуу явлаа ч гэсэн “Барина, хорино” гэж загнахаа больсон доо.

1974.3.16.

 

ЦЭРЭНДОНДОГ ГЭВШ

1937 онд Гандан дээр Цэрэндондог гэвш гэж эрдэмтэй лам байж гэнэ. Лам нарыг барьж эхэлж гэнэ. Цэрэндондог айгаад нэг өдөр Бизьяагийн багшид очоод “Одоо яах билээ?” гэж айлтгаж гэнэ. Багш нь айлджээ: “Чи одоо хөдөө яв. Богд уулын зүүн сугаар даваад баруун тийшээ яв. Тэгээд амьтанд тусалж яваарай” гэж гэнэ. Тэгэхлээр Цэрэндондог багшийнхаа зарлигаар Богд уулын өврөөр баруун тийш явж Өнжүүл суманд хэд хонож гэнэ. Их өлсөж байжээ. Дэргэд нь ус байсан тул цангасангүй гэнэ. Нэг өдөр нэг өвгөн ирж гэнэ. Түүнд айж зугтаж яваа учраа хэлж гэнэ. Тэр өвгөн түү-нээс хойш хоол унд нууцаар залгуулаад байдаг болжээ. Цэрэндондог тэр агуйд 7 жил хоргодон суугаад тэндээс баруун тийш явж Туулын гүний хүрээн дээр очиж Осоржам гэдэг эрдэмтэн хүнтэй танилцаж тэднийд бас нэг жил сууж гэнэ. Тэндээс Улаанбаатар хотод ирээд Гандан дээр жаахан гэр бариад хэдэн жил сууж байсан. Тэгэхдээ ярьж байсан: “Намайг Төв аймаг дээгүүр сураглаж байна гэнэ. Осоржам л мэдээлж орхив уу?” гэж байсан.

Тэр ер нь яггүй хүн байсан юмдаг. Норжий гэдэг өвгөнийх гэртээ зургуул суудаг юм байжээ. Зургуул шаралчихжээ. Норжий Цэрэндондогоос очиж “Одоо яах билээ” гэж асуужээ. Тэгэхэд хэлжээ: “Би та нарыг эмчид битгий оч гэж хэлж чадахгүй” гээд зургаан долоо дөчин хоёр ёотон тарнидаж өгөөд “Өдөр бүр нэг ёотон ууж байгаарай” гэж хэлжээ. Тэр ёотонгий нь долоо хоног уугаад зургуул цөм эдгэсэн байж билээ. Тэд нар “Эмчид битгий оч гэж хэлж чадахгүй” гэсэн үгийг “Эмчид очоод хэрэггүй” гэсэн үг гэж ойлгоод эмчид очоогүй эдгэсэн юм байжээ. Түүнээс хойш удалгүй Дамбадаржай дээр байдаг нэг шавь нь ирж хоёул ярьж хоносон юм байжээ. Хоёул тэр шөнө үхсэн юм. Зарим хүн тэр хоёрыг нүүрсэнд хордож үхсэн гэдэг. Зарим хүн тэр хоёрыг Төв аймгаас сурвалжилж байна гэж мэдээд зориуд үхсэн гэдэг. Чухам учрыг бид мэдэхгүй юм даа. Энэ бол 1940 хэдэн онд болсон хэрэг.

1974.6.15.

 

ЧӨТГӨРТЭЙ НОЦОЛДСОН НЬ

Манай нутагт Лувсандаш гуай гэж томоотой өвгөн лам байлаа. Залуудаа барилдаж бөх болмоор хүч чадалтай эр байжээ. Тэр Лувсандаш гуайг чөтгөртэй ноцолдсон юм гэнэ билээ гэж хүн ярилцаад байдаг юм. Чухам хаана яаж ноцолдсоныг би мэдэхгүй байсан тул асууж ярилцах юмсан гэж боддог боловч нэг л аятайхан ярилцах эв олдохгүй байлаа.

Би нэг юманд явж байгаад оройтож нэг айлд хонох хэрэгтэй боллоо. Нэг айлд буусан чинь, аз болоход Лувсандаш гуайх байлаа. Гаднаас өөр хүнгүй байна. Үдэш би Лувсандаш гуайгаас асуулаа: “Та чинь урьд чөтгөртэй ноцолдсон юм гэл үү? Хүн тэгж ярих юм” гэсэнд “За чи яах нь вэ? Чөтгөртэй ноцолдох гээ юу?” гэж байна. Би хэллээ: “Та хаа хэдийд чөтгөртэй яаж ноцолдсоноо ярьж өгөөч. Би зүгээр сонирхож байна” гэлээ. Лувсандаш гуай жаахан инээгээд “Нээрээ шүү. Би урьд нэг чөтгөртэй ноцолдсон юм” гээд ярьж эхэллээ. Лувсандаш гуай ярьж байна: “Би ид залуу, хорин хэдтэй, барилдвал бөх ч болж болох болов уу гэж боддог байсан цаг юм. Нэг өдөр их хүрээ орох гэж нутгаасаа гараад шогшиж явлаа. Хүрээ хол болохлоор хэд хоног явж хүрнэ шүү дээ. Газрын дунд л орж явлаа. Тэгтэл зам дээр нэг могой хөндлөн хэвтэж байна. Зам дээр могой хөндлөн хэвтэхийг муу ёр гэдэг юм. Тэр могойг яваад өнгөрөх болов уу гэж бодоод мориныхоо амыг татаад хүлээсэн чинь могой хөдөлдөггүй. Үхсэн юм уу? гээд харсан чинь амьд юм. Тэгэхлээр би тэр могойг алахаар шийдлээ. Амьтан алахгүй гэсэн гэлэн сахил маань ч хамаагүй болж байна. Мориноос буугаад дэргэд нь очлоо, могой хөдөлдөггүй. Хулсан ташуураа далайж байгаад голоор нь цохиод авлаа. Могой атираад үхэхгүй байв. Дахиад хэд цохиж байж арай гэж голоор нь тасдаж хаялаа. Зэвүүн муухай санагдаж байна. Сэжиглэж ч байна.

Тэгээд би яваад Хүрээ орж хэрэг ажлаа бүтээгээд буцаад харьж явлаа. Өнөөх могой алсан газрын орчимд хүрч явлаа. Өдөр нартай юм. Замын хойт талд нэг хүн сууж байгаа харагдана. Анзаарсан ч үгүй явж л байлаа. Нэг харсан чинь өнөөх хүн чинь зам хөндлөн огтолмоор чигтэй явж байна. Эхнэр хүн явган явж байна. “Юун эхнэр юм бол?” гэж бодтол юу юугүй дэргэд хүрээд ирлээ. Өрөөсөн тал үстэй, ер нь тал биетэй юм шиг харагдлаа. Зэвүүцээд мориныхоо амыг эргүүлэх гэтэл намайг шүүрээд мориноос минь аваад хаячихлаа. Газар ойчоод бостол өнөөх чинь намайг бариад авлаа. Хоёулаа ноцолдож гарлаа. Дээр дороо ороод ноцолдсоор байгаад бүр тэнхээ тасарч бие дийлдмээр болж байлаа. Манай хошуу Хүрээ Гомбо сахиустай юм. Гэнэт миний санаанд Гомбо сахиус маань орлоо. “Гомбо сахиус минь авар!” гээд би хашгирлаа. Тэгтэл миний хүч нэмэгдээд өнөөхийг чинь дороо дараад авлаа. Өнөөх чинь ноцолдох чадалгүй болох шиг боллоо. “Гомбо сахиус минь авар!” гээд дахиад залбирлаа. Тэгсэн чинь би ганцаараа сууж байна. Их амьсгаадаж байна. Доошоо харсан чинь эхнэр хүний уранхай өгөр дээл, өнөөх могойн тасархай хүүр хоёр л байлаа. Өөр юм байдаггүй. Хажуу тийшээ харсан чинь миний морь өвс идээд зогсож байна. Босож дээлээ сэгсрээд морио бариад мориндоо арай л гэж мордлоо. Хамаг биений тэнхээ байдаггүй. Баахан зодуулчихсан хүн шиг л байх юм. Хэд хоног явж арай л гэж гэртээ хүрч ирсэн. Гүрэм дором уншуулж байж сэхсэн. Гэсэн ч урьдын хүч тамир ердөө байхгүй болсон. Барилдах байтугай морь уургалж ч чадахгүй зэвхий цагаан юм болж хэдэн жил болсон. Тэгээд яв явсаар бие сайжирсан. Гэвч барилдах чадал ердөө ороогүй. Ингэж би нэг удаа чөтгөртэй ноцолдсон юм. Чөтгөр ч гэж тэр маань лус савдаг ч байсан юм уу? мэдэхгүй. Могойг лус савдаг гэдэг юм. Дахиад тийм юмтай бүү дайралдъя гэж бурханд залбирч явдаг даа. Ер нь Хүрээ орох замд би дахиад тэр газраар ойрхон ердөө гардаггүй, заавал холуур тойрч гардаг. Нэг л зэвүүцээд байдаг юм”.

1974.9.29.

 

ЭМЧ ЛУВСАНЦҮЛТЭМ

1937 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд эмч Лувсанцүлтэм гэж аргагүй сайн эмч байлаа. Би тэднийд нэг өдөр эм авах гэж орсонд тэр эмч ярьж байна: “Би удахгүй үхэх байхаа. Муухай зүүд зүүдэллээ” гэж байна. “Ямар зүүд зүүдлээ вэ?” гэсэнд хэлж байна: “Би Жанчшаамтайгаа цогчин дуганаас гарч байна гэж зүүдлэх юм” гэв. Түүнээс хойш удалгүй Лувсанцүлтэм баригдаад явчсан даа.

1974.6.21.

 

ДЭЭЛ НАМЖИЛЫН ЭХНЭР

Төв аймгийн Дэлгэрхаан сумын дээл Намжил гэдэг хүний эхнэр хүний арьс тохоод тэмээ унаад зүүн хойш явж байна гэж хэд зүүдэлсэн гэнэ. Үүнийгээ нөхөртөө хэлэхэд нөхөр нь: “Манайх хэдэн тэмээтэй, чи хааяа тэмээ унаж явдаг болохоор түүнийгээ зүүдэлж байгаа нь тэр” гээд хайхардаггүй байжээ. Түүнээс хойш удалгүй эхнэр нь гэнэт өвдөөд үхсэн дээ. Тэмээ унаад зүүн хойш явж байна гэж зүүдлэх ер нь их муу юм байдаг шүү.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]