Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оны шилдэг байгалийн гэрэл зургуудУншсан334

Гелада бичнүүд шөнийн цагаар эгц хадан дээр бөөнөөрөө цугларч, хамтдаа овоорон унтаад үүр цаймагц уулын зүлэгнээс идэх гэж гарч ирцгээдэг юм гэнэ.

Их Британийн нийслэл Лондон хотын Үндэсний Түүхийн Музейгээс жил бүр тухайн оны Шилдэг Байгалийн гэрэл зурагчинг тодруулдаг уламжлалтай. 1965 онд "BBC Зэрлэг Байгалийн Сэтгүүл"-ийн зүгээс анхлан Оны Шилдэг Байгалийн гэрэл зурагчинг шалгаруулж байв. Харин 1984 онд Үндэсний Түүхийн Музей (ҮТМ) энэхүү төсөлд нэгдэн, улам өргөжүүлсэн түүхтэй. Энэ онд 55 дахь удаагийн шагналыг авахаар дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй орны 50,000 орчим мэргэжлийн болон сонирхогчийн түвшний гэрэл зурагчид оролцжээ.

Өнгөрсөн 10-р сарын 15-ны өдөр Үндэсний түүхийн музейн бэлгэ тэмдэг болсон Хинцийн Танхимд тэмцээний ялагчдыг зарласан. Тэргүүн байрын зургуудыг бүтээлч байдал, үнэнч байдал болон зурагчны ур чадварыг үндэслэн тодруулсан байна.

Дашрамд дурдахад 56 дахь удаагийн "Оны шилдэг байгалийн гэрэл зурагчин"-д оролцох хүсэлтэй зурагчдын материалыг 2019 оны 10-р сарын 21-ний Ням гаригаас эхлэн 2019 оны 12-р сарын 12 хүртэл хүлээн авах гэнэ. Тэмцээн нь дэлхийн аль ч улс, үндэстний, ямар ч насны хүмүүст нээлттэй юм байна.

Төрөл: Сүүн тэжээлтэн амьтад (хоёр ялагч)

 Ёнгкин Бао / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Агшин / The Moment, зурагчин Ёнгкин Бао, Хятад

Хятад улсын Килиан Уулсын дархан цаазат газар болох Чинхай – Түвдийн өндөрлөг уулын нуга дахь маш хүйтэн хаврын эхэн сард дарсан зураг. Тарвага өлссөн байлаа. Тэр өвлийн үс ноосоо ч хаяагүй байхыг нь харвал газар доогуур ухан тэсгим хүйтэн өвлийг сүргийнхэнтэйгээ хамт давсан ичээнээсээ гараад тийм ч удаагүй бололтой.

Тэр бусдаасаа түрүүлж үнэг хэвтэж буйг хараад ичээндээ түргэн буцаж орох дохиог сүргийнхэндээ сануулж, нүхэндээ оржээ. Гэвч үнэг тоосон ч үгүй, байрандаа хэвтсээр байсан гэнэ. Тиймээс тарвага өвс ногоо хайхын тулд аз туршин нүхнээсээ гүйн гарчээ. Үнэг хэвтсээр л байв. Гэтэл гэнэт тарвага руу ухасхийн гүйв. Яг энэ цахилгаан мэт түргэн байдлыг ажигласан Ёнгкин амжин зураг даржээ.

Зурагчны шаламгай хөдөлгөөн үнэгний дайралтыг хальсандаа буулгаж чадав. Тэдний царайнаас үхэл, амьдралын эрчмийг харж болно. Араатан-олзны энэ төрлийн харилцаа нь байгалийн экосистемийн жам билээ.

Тарваганууд зөвхөн үнэг ч биш бусад махчин амьтдын идэш болохоос гадна эрүүл хээрийн системийн гол тулгуур болдог. Мөн тэдний ухсан нүх нь шувуу, гүрвэл, шавж хорхой зэрэг жижиг амьтдын үүр болох, ургамлын зүйлсийн төрлийг нэмэгдүүлэх бичил орчинг бий болгож, нугыг илүү шим тэжээлтэй болгоход нөлөөлдөг. 

 Инго Арнт/ Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Тэнцүү хүч / The equal match, Инго Арнт, Герман

Шилүүс тэмээн хяруул руу дайралт хийх үед түүний үс тасран унаж буйг дээрх зургаас харж болно. Ингогийн хувьд зургийг буулган авахын тулд Чили улсын Патагониа мужийн Торрес дель Пейний өмнөд туйлын хүйтэн цаг агаар, хавирга нэвт салхийг тэсвэрлэн, долоон сарын турш шилүүсний мөрийг дагаж, ажиглан явсны эцэст бий болгосон бүтээл юм.

Ингогийн зургийн гол бай, тэнд байсан шалтгаан нь шилүүс байв. Гэвч тэр дайралтын зургийг авахын тулд шилүүснээс гадна олзыг нь ч мөн тэвчин хүлээх шаардлагатай болов. Үүний тулд боломжит цэгийг олох хэрэгтэй байв. Гэтэл жижиг толгод дээр сүргээсээ зайтай бэлчээрлэж яваа том, эр тэмээн хяруулыг олж хараад Инго салхины дор, шилүүсийн ирж болзошгүй зүгт харан байрлажээ. Магадгүй түүний харж чадахгүй зүгээс шилүүс гарч ирвэл тэр агшинг алдахгүйн тулд хоёр талдаа байршил болон дуу хэмжигч байрлуулав. Шилүүс урт, уян нурууныхаа ачаар (ирвэстэй адил) богино замыг маш түргэн туулах чадвартай амьтан. Хагас цагийн турш шилүүс тэмээн хяруул руу сэм гэтэв.

Инго маш зөв байрлалаа авсны сацуу, нарны туяаг үүл бага зэргийн халхалсан ч зураг дарах гэрэл хангалттай сайн, нэг үгээр төгс болжээ. Олзноос 10 метр хүрэхгүй зайд ирмэгцээ шилүүс ойрын зайд маш хурдан гүйж, олз руу үсэрчээ. Махчны сарвуу тэмээн хяруулын биед хүрмэгц олз хажуу тийш атирч, цуглуулсан ам дүүрэн өвс нь салхинд цацагдсан байна.

Тэмээн хяруул бүх жингээрээ унахад шилүүс үхсэн гэж бодон олзоо газар тавьжээ. Гэтэл тэмээн хяруул огло үсрэн босч, шилүүсийг тийрээд маш хурдан зугтаан явсан байна. Энэ бол таван шилүүсний дөрөвт тохиолддог амжилтгүй ан билээ.

Төрөл: Шувууд

Аудун Рикардсен / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Бүргэдийн нутаг, Аудун Рикардсен, Норвеги

Зурагчин Аудун хойд Норвеги дэх гэрийнхээ ойролцоох далайн эрэг дээр байрлалтай өндөр хавцал дээр гарч, алтан бүргэдийг ажиглах төгс байршил хайн камераа хөгшин модны мөчир дор болгоомжтой гэгч нь нуужээ. Маш сайн зураг дарахын тулд тэрээр камераа гурван хөлт тулгуурт суурилуулж, хөдөлгөөн болон гэрэл мэдрэгчийг холбож. Дараагийн гурван жилийн турш алтан бүргэд камер руу бага багаар ойртож, камерыг далдалж байсан мөчир дээр сууж, доорхи далайн эргээ ажигладаг болсон байна. Ихэнх тохиолдолд алтан бүргэдүүд маш өргөн газар нутагт, уулархаг арлуудаар амьдардаг. Харин хойд Норвегийн алтан бүргэдүүд далайн эрэг орчмоор амьдардаг байна.

Тэд загас, хоёр нутагтан амьтад, шавж хорхой зэрэг жижиг амьтдаас эхлээд дунд зэргийн хэмжээтэй үнэг, туулай гэх мэт амьтдыг идэш болгодог. Түүнчлэн нас бие гүйцсэн цаа бугыг ч хүртэл агнаж байсан гэнэ. Тиймээс Норвегийн малчид сүүлийн үед хонь мал, цаа бугаа хамгаалах гэж бүргэдийг агнаж, хөнөөх нь элбэг болсон байна.

Алтан бүргэд хэмжээний хувьд ердөө л гэрийн тэжээвэр муур шиг боловч түүний сүрлэг далавч нь 2 метрээс ч урт. Түүнчлэн энэ бол гайхамшигтай хурдан, шалмаг, өндөрт дүүлэн нисч, доош халин буудаг, усанд шумбадаг төдийгүй ер бусын, долгиолсон нисэлттэй сүрлэг амьтан билээ.

 Төрөл: Хоёр нутагтан ба хэвлийгээр явагчид

 Мануел Плаикнер / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Цөөрмийн амьдрал /Pondworld/, Мануед Плаикнер, Итали

Мануел сүүлийн хэдэн арван жилийн турш Италийн өмнөд Тиролд хавар бүр болдог мэлхийний томоохон нүүдлийг дагаж яваа нэгэн. Хавар болж, цаг агаар дулаарахад хад чулуу, мод, овоолсон шороон дор өвлийг өнгөрүүлсэн мэлхийнүүд гарч ирэн, хөдөлгөөнд ордог.

Тэд үржилд орж, усан доогуур түрсээ гаргах хэрэгтэй. Хос олох үедээ эрэгтэй нь түрүүлж эмэгчнээ олж, нийт 2000 гаруй өндөг гаргах хүртэл нь нуруундаа үүрч явдаг байна. Мануел энэ үеийг алдахгүйн тулд төгс тохирох гэрэлтэй, хамгийн боломжит байрлалыг, зөв цагт нь олох хэрэгтэй байв.

Хэдийгээр энэ төрлийн мэлхийнүүд Европ тивээр өргөн тархсан байсан ч гэсэн одоо тэдгээрийн тоо толгой улам цөөрсөөр байгаа. Харин Өмнөд Тиролд харьцангуй цөөн хэдхэн цөөрмүүдэд мэлхийнүүд энэ мэтчилэн маш олноороо цугларч, түрсээ шахаж, хэдэн өдрийн турш маш идэвхитэй байцгаадаг байна.

Мануел нэгэн ойн захад маш томоохон цөөрөм бүхий байршилд хэсэг ажиглалт хийсний эцэст хэдэн зуун мэлхийнүүд цэвэр усанд цуглараю. Тэрээр толгойдоо төсөөлж байсан байгалийн зөөлөн гэрэл, өнгөний зохицолдолгоо, олон зуун мэлхий болон мөрөөдлийн мэт зураглал нь бүрдэх хүртэл түрс шахах процессыг ажигласаар л байжээ. Зураг авснаас хэд хоногийн дараа бүх мэлхийнүүд явж, боловсорсон өндөгнүүд цөөрмийн гадаргуу дээр гарч ирсэн гэнэ.

  Даньел Кронаур / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Архитекторын арми /The architectural army/, Даньел Кронаур, АНУ

Даньел зүүн хойд Коста Рикагийн Ла Селва Биологийн Цогцолборын ойролцоох ойд үдшийн бүрэнхийд 400 гаруй метр зайд нүүдэллэн яваа нүүдэлчин шоргоолжнуудын мөрийг ажиглажээ. Хэдийгээр гадаа харанхуй болж байсан ч гэсэн шоргоолжнууд хатан шоргоолж болон авгалдайнууддаа зориулсан шинэ гэр барих ажилд бүгд биеэ дайчилж байв.

Тэд эхлээд өөр хоорондоо хөл, гараараа холбогдон маш том гүүр төст торыг бий болгосон ба ингэснээр хатан шоргооолж болон авгалдайнуудыг хуучин үүрнээс нь шинэ рүү зөөх боломжит гарц бий болсныг дээрх зургаас тодорхой харж болно. Энэ их ажил дуусч, үүр цаймагц ажилчин шоргоолжнуудыг хоол хайх их даалгавар хүлээж буй.

Даньел уг зургийг дарахын тулд тэдгээрийн үүрнээс хэдхэн сентиметрийн зайд, өргөн өнцөгт дуран бүхий камераа газар дээр тавин, тэрхүү орчныг төгс илэрхийлэхийг зорьжээ.

 

 Төрөл: Бэлчээрийн амьтад

 Шанзен Фан / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Цаст өндөрлөгийн нүүдэлчид, Шанзен Фан, Хятад

Хятад улсын Кумукули цөлд байх Алтун Шан Дархан цаазат газрын цасаар хучигдсан налуу газарт бэлчин явж буй эр Чиругийн жижиг сүрэг. Энэ зүйлийн туруутан амьтад түргэн шаламгай хөдөлгөөнтэй, эр нь урт, нарийхан хар өнгийн эвэртэй байдаг бөгөөд Түвдийн Чинхайн өндөрлөгөөс л зөвхөн энэхүү амьтныг олж болдог байна.

Голлон өндөрлөг нутгаар бэлчин амьдардаг учраас өвөлдөө -40˚C-өөс ч хүйтэн байдаг 5,500 гаруй метрийн өндөрт амь гарахын тулд маш хөнгөн, дулаахан үс ноосоор хучигдсан байдаг. Түвдийн өргөн уудам нутагт эдгээр амьтдын тоо сая гаруйд хүрдэг байсан бол 1980-аас 1990-ээд оны үед хулгайн ан эрчимжиж одоо ердөө 70,000 хүрэхтэй үгүйтэй болжээ.

Шанзен тэдний зургийг дарахын тулд олон жилийн турш хүнд бэрх бартаатай замыг туулсаар ирсэн байна. Дээрх зураг маш их хэмжээний цас орсны дараах өөгүй тунгалаг агаартай өдөр гэрэл зургийн хальснаа буужээ. Чирунууд ийнхүү сүлжилдсэн мөрөө үлдээн яваа зорилго нь толгод даваад л харагдах элсэн тасархай бүхий дулаан газар ажээ.

 Төрөл: Усан дор

 Девид Дубилет / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Могой загасны хүрээлэн /The Garden of Eels/ Девид Дубилет, АНУ

Филиппиний алдарт Шүрэн Гурвалжингийн нэг булан болох Дауины ёроолын элсэн дээр Девид урд өмнө хэзээ ч харж байгаагүй маш том хэмжээний (хөл бөмбөгийн талбайн гуравны хоёртой дүйхүйц) могой загасны цугларлыг усан доорхи камераар харжээ. Тэрээр шууд зургийн төхөөрөмжөө суурилуулахаар шумбан орсон байна. Тэр энэ мөчийг их удаан хүлээж, төлөвлөж байв.

Энэ бол маш эгзэгтэй үе. Учир нь дулаан усны эдгээр могой загаснууд маш ичимхий бөгөөд ямарваа нэгэн гадны биетийг мэдэрсэн даруйдаа элс рүү шурган алга болдог. Тэрээр сүргийн дунд маш болгоомжтойгоор камераа байрлуулж, өөрөө тэднээс хол байрлах сөнөсөн завины үлдэгдэл рүү орж нуугджээ. Ингээд 12 метрийн зайнаас камераа удирдан, хамгийн тохиромжтой үе ирэх хүртэл хэдэн цаг хүлээсний эцэст боломж олджээ.

 

Зэрлэг байгалийн гэрэл зураг: Дан зураг

 Алехандро Прието / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Торны цаадах цагаач /Another Barred Migrant/, Алехандро Прието, Мексик

АНУ – Мексикийн хилийн хашлагын бүс дэх эр шар ирвэсийн сүрлэг зургийг хэдэн сая оддын дор гайхалтай зохицуулан даржээ. 20-р зууны турш шар ирвэсийн тоо толгой хүний нөлөөллийн (ан агнуур) улмаас маш ихээр буурч, амьдрах орчин нь сүйтгэгдэж байсны улмаас 1997 онд уг зүйлийг устаж буй амьтны жагсаалтад бүртгэн, тусгай хамгаалалтад авчээ. Өнөөдрийн байдлаар Шинэ Мексик болон Аризонагийн хилийн зурвас орчим хоёр эр шар ирвэс амьдарч байгаа, баруун хойд Мексикийн дархан цаазат газарт харьяалагдаж байгаа юм байна. Аризонад бүртгэгдсэн хамгийн сүүлийн эмэгчин ирвэсийг 1963 онд анчин буудан агнаснаас хойш одоог хүртэл нэг ч эмэгчин бүртгэгдээгүй байна. Хэрэв хоёр улс хилийн зурвасын маргаантай асуудлаа шийдэж чадвал үржлийн популяци үүсгэх боломж бий.

Алехандрогийн дарсан дээрх зураг дээрх шар ирвэс бол Мексикийн ирвэс бөгөөд зурагчин маань энэ зургийг дарахын тулд хилийн зурвасын хоёр талд төхөөрөмжүүдээ байрлуулж, хоёр жил гаруй ажиглалт хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын АНУ-Мексикийн хил дээрх өндөр хэрэм зэрлэг ан амьтдын нүүдэлд нэвтэршгүй хаалт болж, цаашлаад АНУ дахь шар ирвэс мөхөлд хүрнэ гэдгийг тэрээр зургаараа онцлон үзүүлэхийг хичээжээ.

 Суурин газрын зэрлэг амьтад

Чарли Хэмилтон Жеймс / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Хархны сүрэг /The Rat Pack/, Чарли Хэмилтон Жеймс, Англи

Нью-Йоркийн Бага Манхэттэний Сувдан гудамжинд бор хархнууд дүүрэн хоолны хаягдал бүхий овоолсон хогны уутнаас гэр рүүгээ хоол зөөн гүйж буйг дээрх зурагт харуулжээ. Өнөө үед суурин газар дахь хархны тоо толгой маш түргэн өсч байна. Мэрэгч амьтад сайн сэлж, малтаж, үсэрч бас тэнцвэрээ барьдаг учраас хотын амьдралд ихэд зохицон амьдарсаар ирсэн. Тэд ядаж л бохир усны сувгаар хэрхэн төөрөхгүй явахаа мэдэхүйц ухаантай.

Харин тэд өвчин тараагч эх үүсвэр болдог. Хэдийгээр тэдний тоо толгойг бууруулахад чиглэгдсэн маш их үйл ажиллагаа явуулдаг ч төдийлөн амжилт олдоггүй. Хор тогтмол цацах нь илүү тэсвэртэй хархнуудыг бий болгож байна.

 Мод ба мөөгөнцөр

Зорика Ковецевик / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Амьдарлын хээ /Tapestry of Life/, Зорика Ковецевик, Серби/АНУ

АНУ-ын Калифорнийн далайн эрэг орчим Монтерэе агар мод дээр байрлах энэ маш жижиг, хамгаалагдсан газар бол байгалийн нөхцөлийг ид шидийн мэт дүрслэлтэй хослуулах дэлхий дээрх цорын ганц газар. Хэдийгээр Монтерэе агар модыг олон газар үндэслүүлэн суулгасан хэдий ч уугуул нутаг нь Калифорнийн эргийн хоёр шугуйд л зөвхөн байдаг.

Дээрх зурган дээрх мөөгөнцрийн төрөл зүйл нь мөн өргөн тархсан байдаг хэдий ч Калифорнийн Пойнт Лобос дахь Монтерэе агар модон дээр далайн чийг, манан зэргээс бий болсон илүү таатай агаар, тэжээл, чийгшил байдаг учраас илүү олноороо энэ модон дээр амьдардаг ажээ.

 Хар цагаан

Макс Вах / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Цасан дунд /Snow Exposure/, Макс Вах, АНУ

Yellowstone-ийн Үндэсний Парк дахь өвлийн нэвсийсэн цагаан цасан дунд Америк бизон бух ганцаараа цасан шуургыг тэсвэрлэн, чимээгүй зогсож буй дүр зураг. Yellowstone-ийн хахир хүйтэн өвлийн саруудыг даван гарахын тулд бизонууд цасан дороос өлөн өвс, ургамал зулгаан иддэг. Цасан дороос бэлчээрийн өвс олж идэхийн тулд тэд маш хүчирхэг хүзүүний булчингуудаа ашиглаж нүсэр том толгойгоо хоёр тал руу хөдөлгөж, цасыг ухдаг байна. Макс цасыг бүдэгрүүлж, бизоны хажуу шугамаар сүүдэр зурахдаа түүний хөдөлгөөний хурдыг удаашруулж, бизоны нам тайван байдлыг цасны хөдөлгөөнтэй хослуулан хийсвэр (абстракт) зургийг бүтээжээ.

 Портфолиогийн Өсөж буй од Шагнал

 Жереми Виллет / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Хөлдсөн мөч /Frozen Moment/, Жереми Виллет, Франц

Өвлийн цав цагаан ноостой хоёр эр Даллийн хонь бие биенийхээ эсрэг түлхэлцэж, цасархаг налуу дээр салхины өөдөөс хөдөлгөөнгүй зогсож байгааг Жереми харжээ. Хоёр хонь эгц өндөр уулан дээрх маш хүчтэй шуурга, тэсгим хүйтнийг тэсч зогсох ёстой байсан тул тэмцэлдээнээ түр зогсоон, хамтарч эхэлжээ. Зурагчин олон жилийн турш яг үүн шиг цав цагаан ноостой Хойд Америк хонины зураг дарахыг мөрөөдөж явжээ. Жереми Юкон руу аялж, бүхээгтэй машин түрээсэлж аваад сарын турш Даллийн хонийг дагажээ.

Жереми ч мөн хөлийн хуруунуудыг нь хөлдөөж, камерны дуранг тогтооход саад болж буй энэхүү ширүүн уур амьсгалтай тэмцэлдэж байв. Гэвч толгойндоо төсөөлсөн тэрхүү зургаа бүтээхийн тулд осголт, хөлдөлтийг үл тоож байжээ. Яг мөрөөдөж байсан шигээ уулын хонины эвэр, нүүр царайны илэрхийлэмж, цагаан фон гээд бүгдийг багтаасан зургийг тэр нэг л удаа дарж чадсан нь энэ байлаа.

 15-17 насны ангилал

Рикардо Марчигани / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Эртэч шувуухай, Рикардо Марчигани, Итали

Рикардо өөрийн буусан газрынх нь яг дэргэд нэг долоо хоногтой зулзагаа хэвлийдээ үүрсэн эмэгчин гелада сармагчин явж өнгөрмөгц өөрт ийм аз тохиосонд нүдэндээ ч итгэсэнгүй гэнэ. Тэрээр Этиопийн Симиений Уулсын Үндэсний Хүрээлэнд аав болон найзынхаа хамт зөвхөн Этиопийн Өндөрлөгт амьдардаг өвсөн тэжээлтэн гелада бичийг харахаар ирсэн байжээ.

Гелада бичнүүд шөнийн цагаар эгц хадан дээр бөөнөөрөө цугларч, хамтдаа овоорон унтаад үүр цаймагц уулын зүлэгнээс идэх гэж гарч ирцгээдэг юм гэнэ. Нэгэн өдөр геладанууд сэрэхээс урьтаж, нар мандахаас хэдэн цагийн өмнө Рикардо болон түүний хөтөч нь гелада байрлаж буй газар руу явж очжээ. Рикардог аз дайрлаа. Түүнийг эгц хадан дээр байрлалаа авснаас нь ердөө цагийн дараа бүлэг сармагчингууд ойролцоох хаднаас гарч ирцгээв. Тэднээс бага зэргийн зайд, маш болгоомжтойгоор хүлээж байх зуур нь дээрх зурагт буусан эмэгчин гелада түүний яг өмнүүр гүйн өнгөрсөн гэнэ.

 11-14 насны ангилал

Круз Эрдманн, Шинэ Зеланд

Шөнийн гэрэл, Круз Эрдманн, Шинэ Зеланд

Индонези улсын Умард Сулавесид байрлах Лембех Далайн хоолойд Шинэ Зеландын гэрэл зураг сонирхогч буюу шумбагчийн авсан үзэсгэлэнтэй уран бүтээл. Усан доорх 3 метрийн гүнд энэ зургийг авчээ.

10 ба түүнээс бага нас

Томас Истербүк / Оны Шилдэг Байгалийн Гэрэл Зурагчин

Дүнгэнэх гэнэтийн бэлэг, Томас Истербүк, Англи

Дулаахан зуны үдэш Томас Франц улсад гэр бүлээрээ амралтын өдрийн оройн хоол идэж байв. Гэнэтхэн эрээн дальт шувуу жижигхэн урт далавчаа дэвэн дүнгэнэх чимээ үүсгэхийг сонсжээ. Тэр шувуухай цэцэгнээс цэцэг  дамжин түргэн гэгч нисэх зуур Томас дээрх зургийг дурандаа буулгажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]