Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цусны даралт ихсэх өвчний тухай (төгсгөл хэсэг)Уншсан725

Цусны даралтыг бууруулахад өдөр тутмын амьдралын дадал зуршил чухал үүрэгтэй байдаг. Үүний нэг нь амьсгалын дасгал юм. Кеио их сургуулийн багш Сүзүки Тэцүя агших хэлбэрийн цусны даралт ихсэх өвчний үед мэдрэлийн системд нөлөөлөх дасгалыг санал болгож байна.

Цусны даралт ихсэх өвчний тухай NHK телевизийн бэлтгэсэн эрүүл мэндийн нэвтрүүлгийн цуврал дугаарын агуулгыг хүргэж байна.

Эхний хэсэг: Цусны даралт ихсэх өвчний тухай

Бөөрнөөс авахуулаад дотоод эрхтнүүдийн ажиллагаа цусны даралт ихсэхэд хэрхэн нөлөөлж байгааг судлаж буй Кавасаки анагаахын сургуулийн профессор Кашихара Наоки цусны даралт ихсэх өвчний эмчилгээний талаар зөвлөж байна.

Цусны даралт ихсэх өвчний эмчилгээ

Агших хэлбэрийн цусны даралт ихсэх өвчний үед бөөрөнд ренин хэмээх фермент ялгарч даралт ихэсгэх нөлөө үзүүлдэг. Иймд симпатик мэдрэлийн системд нөлөөлөх эмийн эмчилгээг голлон хийж, ARB, ACE зэрэг эмүүдийг хэрэглэнэ. Мөн судасны ханыг зөөллөх үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэдэг. Эдгээрээс гадна энэ төрлийн цусны даралт ихсэх өвчний эмчилгээнд нэвтэрч эхлээд байгаа ихээхэн найдлага тавьж буй мэс заслын аргын тухай өмнө мэдээлж байсан билээ.

Тэлэх хэлбэрт шээс ялгаралтыг дэмжих үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэж, давс, усны хэсгүүдийг бөөрнөөс ялгаруулна. Энэ тохиолдолд цусны илүүдэл эзлэхүүн багасч, судасны тэлэх нөлөөг арилгаснаар даралт бууж тогтворжино. Энэ хэлбэр нь мөн бөөр зэрэг дотоод эрхтнүүдийн өвчлөлөөс шатгаалдаг учир тэдгээрийг эмчлүүлж эрүүлжүүлэх шаардлагатай. Цусны даралт ихсэх өвчний төрлөөс хамааран зөв эмчилгээг хийвэл 1 сарын дотор цусны даралт хэвийн хэмжээнд хүрдэг. Мөн хооллолтод анхаарах шаардлагатай бөгөөд даралтад нөлөөлж болох хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгавал үр дүн нь 2-3 сарын хугацаанд ажиглагддаг байна.

Цусны даралтыг бууруулахад өдөр тутмын амьдралын дадал зуршил чухал үүрэгтэй байдаг. Үүний нэг нь амьсгалын дасгал юм. Кеио их сургуулийн багш Сүзүки Тэцүя агших хэлбэрийн цусны даралт ихсэх өвчний үед мэдрэлийн системд нөлөөлөх дасгалыг санал болгож байна.

Дасгалыг хийхийн тулд түшлэгтэй сандалд налж суугаад биеэ суллана. Мөн бүс, тэлээ зэргийг суллана. Гэдсэн дээрээ 2 гарын алгаа зөрүүлж тавиад 5 секундийн турш амьсгал авна. Дараа нь 10 секундын турш амьсгалаа гаргана. Амьсгал гаргахад хэцүү байвал лаа унтраах мэт уруулаа бага зэрэг цорвойлгож, үлээх маягаар гаргана. Амьсгал авах, гаргах үйлдлийг 1 цогц гэж тооцоод 2-3 удаа хийхэд хангалттай. (Өмнө нь тус блогт даралт бууруулах массажны тухай мэдээлж байсан билээ)

Жишээ. Өвчтөн А, 70 настай эмэгтэй. Хоол идэж байгаад их хэмжээгээр хөлөрч, гэнэт ухаан алдан унажээ. Шалтгаан нь тухайн өдөр даралт нэлээд өндөр байсан тул эмч нь хүчтэй эм өгч, түүний нөлөөгөөр даралт хэт буурсан байв. Өвчтөний цусны даралт ихсэх өвчин агших хэлбэртэй байжээ. Даралт бууруулах эмийн тун хэмжээг сонгоход өвчтний нас, биеийн жин, улирал зэрэг үзүүлэлтийг харгалзаж үздэг. Зун цагт цусны даралт буурдаг байна. Мөн цусны даралтын хамгийн өндөр хэмжээг бус, хэд хэдэн хоногийн дундаж хэмжээг харгалзах үзэх шаардлагатай. Өндөр настай хүмүүс хооллох, усанд орох, архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа даралт буурдаг.

Цусны даралт ихсэх өвчинтэй холбоотой асуулт, хариулт

Асуулт. Өглөө сэрэх үед цусны даралт 180 орчим байдаг бол бие зассаны дараа 140 болж буурдаг, энэ хэмжээ аюултай юу.

Хариулт. Цусны даралтын хэвийн хэмжээ 140/90 байдаг. Харин нэгэнт 180 хүрч байгаа бол бууруулах арга хэмжээ авах ёстой. Даралт хэлбэлзэж байгаа нь хэвийн бус үзэгдэл бөгөөд хэлбэлзлийн зөрүүг багасгаж, тогтворжуулах шаардлагатай. Тухайлбал хүн өдөрт сэрүүн байдгаас стрест орох нь элбэг учир симпатик мэдрэлийн систем хэт ачаалж даралт ихэсдэг. Харин орой тийшээ стрес багасч, даралт буурдаг. Мөн хүн өглөө сэрэх үед мэдрэлийн систем хүнийг сэрээхийн тулд их хэмжээний ачаалал авч даралт ихсэх нөлөө үзүүлнэ. Иймэрхүү огцом хэлбэлзэл нь тархинд цус харвах болон зүрхний имфрактад хүргэдэг учир анхаарах ёстой. Цусны даралтыг хэмжих үед 1-2 минут хугацаанд сууж тайвширсны дараа хэмжих нь зөв. Мөн хэмжигчийн боох хэсгийг зүрхтэй адил түвшинд байрлуулбал хэмжилт зөв болно. Хэмжилт хийж байх үед ярьж, хөдлөхгүй байх нь зүйтэй.

Асуулт. 70 настай эмэгтэй, гар нь хэт нарийхан учир даралт хэмжих үед боох хэсэг хэт хавчиж, өвтгөдөг. Яаж хэмжвэл зохих вэ.

Хариулт. Ихэнх даралт хэмжигчийн боолт нь 20-30 см диаметр бүхий гарт таардаг. Нарийхан гартай хүнд өвдөлт үүсгэдэг бол бүдүүн гартай хүмүүст буруу хэмжих тохиолдол байдаг. Боолтын хэсэг нь гарны хэмжээнд тохирсон хэд хэдэн төрлийн хэмжээтэй байдаг учир тохирохыг олж авах хэрэгтэй.

Асуулт. 76-тай эрэгтэй, баруун зүүн гарт хэмжихэд өөр өөр зааж зөрүү нь 20 хүрдэг. Аль хэмжилтийг зөв гэж тооцох вэ.

Хариулт. Цусны даралтыг аль ч гарт хэмжсэн болно. Зөрүүтэй зааж байгаа нь судас нарийссан байгаагаас шалтгаалж байж магадгүй. Эмчид хандаж шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Асуулт. Унтаж байх үеийн даралт хэмжих үүднээс шөнө сэрэнгүүтээ орон дотроо хэмждэг, энэ арга зөв үү.

Хариулт. Унтаж байх үед даралт ихэсвэл тархинд цус харвах, зүрхний имфракт болоход хүргэх магадлалтай. Шөнө хэмжилт хийх нь зөв боловч нойрноос сэрж хэмжих нь буруу. Нэгэнт сэрсэн бол унтаж байх үеийн хэмжилт биш болно. Иймд 24 цагийн турш хэмждэг зориулалтын хэмжүүрийг ашиглах нь зөв. Жижиг оврын иймэрхүү хэмжүүрүүд нь биед бэхлэх боломжтой, унтаж байх үеийн хэмжилтийг зөв хийдгээрээ онцлогтой байдаг.

Асуулт. 52 настай эмэгтэй. Дээд даралт 120 буюу хэвийн боловч доод даралт 90-ээс буудаггүй. эмчилгээ хийлгэх шаардлагатай юу.

Хариулт. Дээд даралт нь цус шахах үеийн даралт бол доод даралт нь судас тэлж, түүн дотор  цус хадгалагдаж байх үеийн даралт юм. Аль аль нь өндөр байх нь аюултай боловч залуу хүмүүст зөвхөн доод даралт ихсэх тохиолдол элбэг байдаг. Харин нас ахих тусам судасны хана хатуурч дээд даралт аажим нэмэгддэг. Залуу хүний судасны хана зөөлөн байдаг ч нарийн судаснууд хатуурч эхлэхэд доод даралт ихэсдэг бол дээд даралт хэвийн хэмжээнд байх тохиолдол элбэг. Энэ өвчтний тохиолдолд эмийн нөлөөгөөр зөвхөн дээд даралт буусан байх магадлалтай учир хэрэглэж буй эмийн төрлийг өөрчлөх ёстой.

Эх сурвалж, NHK

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]