Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Холбоотон улсуудын жанждын утгагүй үхлүүдУншсан1,606

1942 оны 3-р сард АНУ-ын 8 том хөлөг онгоц нэгэн цуваа болон Их Британийг чиглэн гарчээ. Цувааг удирдан яваа хүн нь адмирал Жон Уилкокс.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Сталинд 100 сайхан морь өгье, харин тэр Гитлер хүүг ялгаад яахав, 10 морь өгөхөөс” гэсэн онигоо байдагтай адил Тэнхлэгийн орнуудын жанждын тэнэг үхэл хэмээх нийтлэлийнхээ үргэлжлэл болгон Холбоотны улс орнуудын жанждын будлиантай төгсгөлийн тухай энэхүү цуглуулгыг сонирхуулъя.

Генерал Лесли Макнейр. АНУ

1942 оноос генерал Макнейр АНУ-ын Хуурай замын цэргийн штабын дарга болж, тухайн үеийн 780 000 цэргийн тоог 1943 оны дунд үе гэхэд 2,2 сая хүргэх, үүнтэй холбоотой хангамж, сургалт, анги нэгтгэлийн зохион байгуулалтыг шинэчлэх гэх мэтийн хүнд хүчир ажлыг нугалж эхэлжээ. Энэ том генерал дан ард талд “дайтдаг” болохоор зарим нэг нөхдүүд янз янзаар нууцхан хэлдэг тухай хов жив сонсогддогоос тэр үү мань хүн боломж гарвал хамгийн тэргүүн шугамд очиж өөрийгөө харуулах гэдэг зантай нэгэн болж хувирсан байна.

1943 оны 4-р сард хойд Африк, Тунист очиж ажил төрлөө хийж явахдаа тэргүүн шугам дээр хүрэлцэн ирж байлдааны нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж байгаад шархдан нэг гаргүй болсон байна. Уг нь энэ хүнд байлдаан болж байгаа газар очих шаардлага огт байгаагүй гэдэг.

1944 онд Холбоотнууд Оверлорд ажиллагаагаа эхлүүлэн Нормандад үзэлцэж байх үед мань генерал мөн л давхиж очжээ. Холбоотны аймшигт том бөмбөгдөгч онгоцууд Германы хориглолтыг зад бөмбөгдөн, газартай тэгшилж байсан тэр цаг үе байсныг хэлэх үү, ар талын генерал маань ийм мундаг ажиллагааг өөрийн биеэр үзэхээр шийдлээ. 1944 оны 7-р сарын 25-ны өдөр генерал Макнейр тэргүүн шугам дээрээс “нисдэг цайзуудын” бөмбөгдөхийг дурангаар харахаар хүлээн байтал гэнэт эргэн тойрон бөмбөг тэсэрч эхэлсэн нь Америкийн бөмбөгдөгч онгоцнууд манан будангаас болоод дайсныг төдийгүй өөрсдийгөө "балбаж" эхэлсэн хэрэг байжээ. Энэ бөмбөгдөлтөөр америкчууд өөрийн 100 гаруй цэргийг устгаж, 500 гаруйг шархдуулсан бөгөөд үрэгдсэн хүмүүсийн дунд генерал Макнейр байсан гэдэг. Генералаас “үлдсэн юмыг” нутаг буцаах аргагүй жаахан юм байсан учир тэнд нь оршуулжээ.

 

Генерал (маршал) Иван Черняховский. ЗХУ

Маршал болохынхоо дөнгөж өмнөхөн амь үрэгдсэн энэ хүний тухай өмнө нь Генерал Черняховскийн үхлийн нууц хэмээх нийтлэлдээ бичиж байсан бөгөөд энэ бол дайны үеийн хамгийн тэнэг үхлийн нэг яах аргагүй мөн байж таарна.

Адмирал Жон Уилкокс. АНУ

1942 оны 3-р сард АНУ-ын 8 том хөлөг онгоц нэгэн цуваа болон Их Британийг чиглэн гарчээ. Цувааг удирдан яваа хүн нь адмирал Жон Уилкокс. Адмиралын хувьд нэг сонин онцлог байсан нь далайн шуурга, давалгаа ихтэй үед өрөөндөө биш хөлгийн тавцан дээр л байдаг явдал байв. Энэ хүн байгалийн сүртэй үзэгдэлд дуртайдаа биш, харин далайн өвчтэй учраас ийнхүү тавцан дээр гардаг байсан бөгөөд далайн давалгаа жаахан их болохоор л хөлгийн хашлага давуулан бөөлжиж эхэлнэ. Далайчин, тэр тусмаа адмирал хүн далайн өвчтэй байна гэдэг нэг талаар сонин ч юм шиг.

3-р сарын 7-ны өдөр далайн салхи, давалгаа ширүүссэнээр адмирал ч хашлага түшин элэг бөөрөө гартал бөөлжсөөр. Хэсэг хугацааны дараа туслах нь адмиралд өгөх ёстой шинэ мэдээг ирснийг дуулгах гэж байсан газар нь очтол мань хүн байсангүй. Бөөлжиж байгаад далайд шидэгдсэн байжээ.

 

Генерал Гастон Бийот. Франц

 1940 оны 5-р сард германууд Францын хамгаалалтыг сэт татан дайрч байсан тэр цаг үе. Францын болон холбоотны жанжид цугларч Германы Клейстийн танкийн бүлэглэлийг хэрхэн зогсоох талаар ярилцаж зохих шийдвэрт хүрээд тарцгаалаа. Харин генерал Бийот буцаж ирсэнгүй. Бүтэн өдрийн турш эрж хайсны үр дүнд мань хүнийг цэргийн эмнэлэгт байгааг олсон боловч генерал ухаан оролгүй байсаар өнгөрсөн гэдэг.

Генералын үхлийн шалтгаан нь авто осол байсан ба Английн нэгэн жолооч-цэрэг шөнийн цагаар зам дээр давхин явж байгаад нэгэн суудлын машинтай халз урдаасаа мөргөлдсөн байв. Англи цэрэг жолооч маань “урсгал сөрсөн нэг суудлын машин урдаас ирээд мөргөчихсөн” гэсэн тайлбар өгсөн  гэдэг. Яахав Англи, Францын замын хөдөлгөөний дүрэм “жаахан өөр” гэдгийг энэ цэрэг таг мартсан бололтой.

 

Хошууч генерал Афанасий Лапшов. ЗХУ

1943 оны зун Улаан арми  “Орловын дайрах ажиллагааг” эхлүүлэх үеэр Германы танкийн том бүлэглэл сөрөг дайралт хийхэд Зөвлөлтийн 16-р гвардийн буучид эсэргүүцсэн тулалдсаар зогсоож, хэд хэдэн Барс танкийг устгасан байна. Энэ тухай мэдээ авсан корпус командлан захирагч, хошууч генерал Афанасий Лапшов Германы шинэ танкуудыг үзэхээр яаран явахдаа дэслэгч генерал Мазановыг хань татсан бөгөөд жолоочтойгоо гурвуулхнаа л уг газарт очсон гэдэг.

Гэтэл тэнд нь шөнө болохыг хүлээж, харанхуйг далимдуулан өөрсдийнхөн рүүгээ очих гэсэн Германы хэдэн цэрэг бөөгнөрөн байжээ. Ганц машинтай Зөвлөлтийн офицеруудыг хүрч ирэхэд нь шууд буудаж 2-г нь алаад нэгийг нь олзлоод алга болсон ба алагдсан хүн нь хошууч генерал Лапшов, түүний жолооч хоёр байсан гэдэг. Харин олзлогдсон генерал Мазанов нь хорих лагерийн хүнд хэцүүг нэр төртэй давж, цэргийн албаа цаашид үргэлжлүүлэн хаасан түүхтэй хүн.

Генерал Баграмян энэ тухай “Дайны үеэр зөндөө л юм болдог. Гэхдээ маш чухал довтолгооны эхний өдөр л корпус командлан захирагч, артиллерийн дарга хоёр нь байхгүй болно гэдэг дэндүү хэцүү. Тэр тусмаа ийм утгагүй тохиолдлоор шүү...” хэмээн харамсан бичиж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]