Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сент-Хеленс галт уулын дэлбэрэлт ба хоёр хүний сүүлчийн түүхУншсан21,552

Галт уул оргилон тэсрэх үед холбоогоор “ Ванкувер! Ванкувер! Эхэллээ шүү...” гэж баярлан хашхирч байсан энэ хүний цогцсыг дараа нь олоогүй юм.

АНУ-ын Вашингтон мужийн Скамания хэмээх тойрогт байрлах Сент-Хеленс галт уул 123 жилийн дараа сэрж, ойр ойрхон газар хөдөлж эхэлсэн үе бол 1980 оны гуравдугаар сар байлаа. Иймэрхүү ойр ойрхон газар хөдлөх нь уг галт уул маш хүчтэй оргилон тэсрэх шинж тэмдэг гэж хэвлэл мэдээллээр шуугиж эхэлсэн байна. Удалгүй уулын тогооноос үнс хий оргилон гарч эхлэхэд галт уул судлаач нар, жирийн сонирхогч хүмүүс байгалийн бас нэг аймшигт том үзэгдлийг судлах, үзэх гэж цуглаж эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын турш үнс нурам оргилсоор байснаа гэнэт зогсож чимээгүй болсон ч уулын хойд хэсэг бага багаар, өдөр болгон л нэмэгдэн, 200 гаруй метр дээшилсэн нь яг л хөөс томорч байгаа мэт өндөрсөж байсан гэдэг (өдөрт 1,5 метр орчим). Гэсэн ч галт уулын магм урсан гарч ирэхгүй байгаа нь уг галт уулын тогооны дээд хэсэг өмнө нь царцсан, хатуурч бэхэжсэн лаваар битүүрсэнтэй холбоотой байж. Магм улам бүр хуралдаж байсан учраас уулын доторх даралт ч өдөр ирэх тутам нэмэгдсээр.

Галт уул өмнө ба дараа нь

Хэзээ мөдгүй дэлбэрэх болсон энэ уулын оргилох үеийн зургийг авах гэж гэрэл зурагчин Роберт Ландсберг  аль  дөрөвдүгээр сарын эхээр энэ ууланд иржээ. Тэрээр өдөр болгон ойр хавийн ууланд авирч галт уул дэлбэрэх үед зураг авч болох хамгийн сайн цэгийг хайсаар байсан бөгөөд тавдугаар сарын дундуур хүссэн газраа олсон байна.  Энэ бол тавдугаар сарын 18-ны өдөр байлаа. Галт уулаас 6 км-ийн зайтай, аюулгүй байдал хангалттай мэт санагдаж байсан учир зураг авах хөлөө байрлуулан аппарат хэрэгслээ ч бэлдэж бүх юм бэлэн болжээ.

Хүсэн хүлээж байсан уул ч гэнэт тэсрэн оргилж бүхнийг залгих үнс нурам тэнгэрт хөөрөн, пирокластик урсгал буюу халуун хий, үнс, чулуу, шатсан агаарын урсгал Робертын байгаа газрыг чиглэлээ. Бодож тооцож байснаас хамаагүй хүчтэй энэ аймшигт хүчит урсгал өөрийг нь хэдхэн минутын дараа хучин авна гэдгийг, энэ урсгалд өртсөн хүн байтугай эд зүйл ч үгүй болохыг ойлгосон зурагчин маань нэгэнт дууслаа гэдгээ ойлгосон учир цаг байгаа дээр хэд хэдэн зураг дарж, хальсаа буцаан хураан аваад цүнхэндээ хийн өөрөө даран хэвтсэн байна. Түүний сүүлийн мөчид дарж амжсан хэдэн зураг нь гэмтэлгүй үлдээсэй гэсэндээ ингэжээ. Мөн цүнхэндээ өөрийнхөө бичиг баримтыг ч бас хальстайгаа адил боож баглан хийсэн байсан гэдэг.

17 хоногийн дараа түүний цогцос байж болох зүйлийг олсон бөгөөд тэрхүү түрийвч, түүн доторх баримт бичгээр хэн гээч хүн энд амиа алдсаныг тодорхойлсон байна. Хамгийн гол нь түүний амьд байх үеийн сүүлчийн хүсэл болох галт уулын дэлбэрч байгаа гэрэл зураг бүхий хальс нэлээд хэмжээгээр гэмтсэн боловч буулгаж болох хэмжээнд хадгалагдсан байсан явдал юм. Хальсыг угаан тодруулахад галт уулын тэр айхтар урсгалын халуун, даралт зэргээс болж энд тэндээ зурагдсан, зурвас гэрэл орсон, халж хөөсрөн хуурсан байдалтай байжээ. Эдгээр зураг нь чухам галт уул судлаачдад хэр их хэрэг болсныг мэдэхгүй ба талийгаачийн дурсгалыг бодож тэр үү “галт уул судлалд асар их мэдээлэл өгсөн” хэмээн бичсээр байдаг билээ.

Түүний сүүлчийн гэрэл зургуудын нэг нь

Энэ хүн баатар эр үү, бардам тэнэг хүн үү хэмээн янз бүрээр л ярьдаг. Хүн болгоны үзэл бодол өөр байх биз. Зарим нэг нь ууланд хэтэрхий ойртсон, үхлээ хүлээж хэвтэх биш эцсээ хүртэл тэмцэж, нүх сүв олж хэвтэн амиа аврах ёстой байсан болохоос бууж өгөх ёсгүй байсан гээд олон янзаар ярьж бичнэ. Бүр түүний галт уул оргилон дэлбэрэх үеийн зургийг бусад зурагчныхтай харьцуулан үзээд хэрэггүй хоосон зүйлийн төлөө амиа алдсан байна гэж дүгнэх нь ч бий. Хэрэггүй шахам зүйлийн төлөө амиа алдсан гэдэг талаар мэдэх юм алга. Харин энэ хүн үхэл тулан ирлээ, хаашаа ч зайлах аргагүй боллоо гэдгээ ойлгох үедээ харин ч баатарлаг эр зориг гарган өөрөөс нь үлдэх бүх л зүйлийг боож баглаж, хадгалж үлдэж чадсан гэдэг л ойлгомжтой. Хэдхэн секундын дараа үхнэ гэдгээ мэдэж байсан ч элдэв юм баглан боож сууна гэдгийг төсөөлөхөд бас л амаргүй байх биз ээ.

Энд нэмэн хэлэхэд тэрхүү “pyroclastic flow” буюу  пирокластик урсгал гэдэг нь галт уулын янз бүрийн хий, үнс нурам, чулуу зэргийн холимог болсон маш халуун урсгал бөгөөд  цельсийн 800 хэм хүртэл халуун, цагт 700 км/цаг хүртэл хурдтай тархдаг зүйл гэнэ. Энэ том уулын тэр айхтар дэлбэрэлтийн дараа бий болох энэ урсгалаас ямар нэг аргаар зайлах зугтах газаргүй байсан нь ойлгомжтой.

Сент-Хелен галт уул оргилон дэлбэрэх үеэр нийт 57 хүн амь үрэгдсэн гэдэг бөгөөд тэдний дотор бас онцгойлох ёстой  нэг хүн бий. Тэр бол галт уул судлаач Дэвид Жонстон юм. 

Дэвид нь галт уул судлаачийн хувьд Сент-Хелен хэрхэн томрон хөөсөрч байгааг, чухам юунаас болж ингэж байгааг, ямар аюул заналхийлж байгааг хамгийн сайн мэдэрч байсан хүн боловч тэрээр 18-ны өдөр өөрийн ажиглах цэг дээр ганцаар үлдсэн байжээ. Хамт ажилладаг хүмүүс урд өдөр нь аюулгүй байдлаа бодон явах үедээ “ганцаараа ч хамаагүй үлдэн, уулаа манасаар байх хүсэлтэй” Дэвидийн инээж байгаа зургийг хальсанд буулган явсан гэдэг. Энэ бол түүний сүүлчийн зураг байжээ.

Галт уул оргилон тэсрэх үед холбоогоор “ Ванкувер! Ванкувер! Эхэллээ шүү...” гэж баярлан хашхирч байсан энэ хүний цогцсыг дараа нь олоогүй юм.

Галт уул ингэж нэг сайн үнс, утаа цацаж аваад санаа амарсангүй, тавдугаар сарын 25-нд бас нэг оргилж авсан нь 18-ны өдрийнхөөс илүү ширүүн догшин болсон гэдэг. Зургадугаар сарын 12-нд мөн л оргилж, үнс цацахад энэ нь 10 000 метрийн өндөрт хөөрч байжээ. 1990 онд дахин оргилохдоо нийт 21 удаа дэлбэрч лав чулуу цацсан бөгөөд байнга л утаа униар савсуулан байсан уул маань 2008 онд дахин нэг сэргэсэн байна.

Пирс Броснан, Линда Хэмилтон нарын тоглосон Данте уул (Dante's Peak) хэмээх нэгэн сонирхолтой кино байдгийг олонх нь үзсэн байх. Энэ киноны зургийг идэвхтэй байсан Сент Хеленс уулын хажууд авсан бөгөөд 1980 онд болсон дэлбэрэлтээс уг киноны санааг олсон билээ.

Галт уул оргилсны дараа Дэвидийн машин
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]