Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол бөхийн 33 шинж төгс бүрдсэн даян аварга С.ЦэрэнУншсан10,287

Ядарсан хүнд их тусч, хаана л явна монгол дээлээ голдуу өмсөнө, өнгө нь ч гэсэн ногоон үгүй бол хөх байх жишээтэй.

Сэрээтэрийн Цэрэн (1937 - 1992) нь Булган аймгийн Сайхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм. Тэгш тоотой ойн жилүүдэд одтой барилддаг, ганцхан удаа түрүүлсэн хэрнээ даян аварга цол хүртсэн түүнийг "Их ойн одтой бөх" гэлцдэг. Түүнийг мөн Монгол бөхийн 33 шинж бүрдсэн гэж ярилцдаг байв.

Эцгээс багадаа өнчирсөн С.Цэрэн хүүхэд ахуйгаас нутгийн сайхан бөхчүүдийг бахархан харж, яриаг нь сонсон бөх үзэх мэт болж, хүүхдийн барилдаанд оролцож, суманд болсон наадмын улсын цолтой бөхийн аманд 12 насандаа гарч, тавин хэдэн онд мөн тийм нэгэн барилдаанд өөрийн нутгийн Чимид хэмээх сайн бөхийг өвдөг шороодуулж, 16-тайдаа сумын наадамд гурав давж, 17-тойдоо Баян-Агт сумын наадамд аймгийн арслан цолтой бөхийг хаяж түрүүлсэн явдлууд түүний хүүхэд ахуй үеийн барилдааны гараа нь байжээ. С.Цэрэн хүү нас бие гүйцэж ардын цэрэгт 1957 онд татагдан Улаанбаатар хотноо алба хаах болсон үеэсээ л бие галбир, барилдааны өсөлтөөр олны анхаарлыг татах болсон байна. Шинэ цэрэг байхдаа нэг удаа “Хөдөлмөр” нийгэмлэгийн танхимд болсон барилдаанд чөлөө олдохгүй байсан тул цагаас хожимдон очоод эхний даваанд бас нэг хожимдсон залуутай таарч барилдан давсан нь Сосорбарам арслан байв. Тэрээр энэ барилдааны дараахь даваануудад арслан Бадамсэрээжид, начин Жигмэддорж нарыг давжээ. Уг барилдааныг үзэж байсан нутгитйнх нь ах Ж.Лхагвасүрэн /тэр үед БТС-ийн хорооны дарга хийж байв/ гуай барилдааны дараа зориуд уулзан өөрийг нь магтаж чихэр жимсээр шагнасан нь түүнийг их л зоригжуулан урам хайрласан явдал болжээ.

С.Цэрэн нь цэрэгт ирэхээсээ өмнө өөрийн сумын бөх даншгийн заан Хурган хэмээх Дэмидээр, цэрэгт ирээд Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, Т.Зундуй зэрэг үе тэнгийнхний хамт Түвдэндорж аварга, Бадамсэрээжид арслан нараар Монгол бөхийн арга ухааныг заалгаж улмаар улсын чанартай барилдаануудад оролцож эхэлжээ.

Тэрээр 1959 онд болсон МЗО-ны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд оролцон барилдаж 13 давахдаа Дорнод аймгийн Дугарсүрэн нарын сайчуулыг хаясан нь 20 гаруйхан настай залуугийн хувьд үнэхээр том амжилт байсан ажээ. Түүний улсын их баяр наадмын барилдаан нь 1960 оноос эхэлнэ. Тэр жил байлдагч С.Цэрэн учраануудаас гадна гурвын даваанд өвөрхангайн Шатар, дөрөвт Баянхонгорын Лхагва, тавд Цоодол арслан, зургаад Сосорбарам заан (ирээдүйн арслан) нарыг давж “Улам нэмэх улсын начин” цол хүртэн бөхийн эгнээнд нэг сайн залуу шинээр орж ирж байгааг харуулж билээ.

С.Цэрэн түүнээс эхлэн төрийнхөө далбааны намираан дор улсад 32 жил барилдан уран шаламгай, гавшгай, дайчин барилдаанаараа түмэн олны хайрыг татаж, хишгийг хүртэж байсан бөх юм. Тэр завсарт С.Цэрэн улсын их баяр наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр удаа долоо, зургаан удаа зургаа, гурван удаа тав даван тус тус шөвгөрч 45, 46 насандаа хоёр удаа дөрөв давж байсан байна. Эдгээр барилдаанаас хоёрыг нь онцлон тэмдэглүүштэй.

Зүүн гараас С.Цэрэн аварга, Л.Хишигсүрэн начин, дүүгүүр Д.Гомбосүрэн начин нар. 1970-аад он

Ардын хувьсгалын 40 жилийн ойг тэмдэглэсэн 1961 оны их баяр наадам нь үнэнхүү онцлогтой болж өнгөрсөн түүхтэй. Энэ наадамд барилдсан хүчит 512 бөхийн дотор улсын дархан аварга хоёр, даян аварга хоёр, улсын аварга нэг, улсын арслан долоо, улсын заан 14, улсын начин 25 оролцож 30 настай дархан аварга Дамдин, 25 настай арслан Чойжилсүрэн, 23-29 настай тэр цагийн заан Мижиддорж, Бээжин, Жамъяндорж, Дэмүүл, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Санжаа нарын хүчтнүүд үзүүр түрүүнд хүрэх зорилго тавин, наадамчин олон ч эдгээр бөхчүүдийг онцлон ширтэж байв. Гэвч энэ барилдаанд 24 настай улсын чимэгтэй начин С.Цэрэн нэг, хоёрын давааны ам бөхчүүдээс гадна, гуравт Ядмаа, дөрөвт Цэдэвсүрэн, тавд Самданжигмэд арслан, зургаад Зундуй, долоод Дугарсүрэн начин, наймд Бээжин заан (ирээдүйн аварга) нарыг давж, үзүүр түрүүнд дархан аварга Дамдинтай үлдэн түүнийг өвдөг шороодуулж од хийморьтой онцгой сайхан барилдан түрүүлжээ.

Энэ нь Дамдин аваргын таван жил завсаргүй түрүүлээд байсан гайхалтай амжилтыг зогсоосон явдал байв. Цэргийн бөх шууд ес даван түрүүлж аварга цолонд хүрсэнд олон түмэн ч их баярлаж байв.

Энэ үед Ардын хувьсгалын тэгш ойг дунд шөвгөөс дээш давсан бөхөд олгох цолыг нэгэн шатаар ахиулдаг журам үйлчилж байсны дагуу С.Цэрэн улсын начин цолоос улсын заан, арслан цолуудыг алгасан Монгол Улсын аварга хэмээх өндөр дээд алдар цолыг шууд хүртсэн нь Монгол бөхийн сүүлийн хэдэн зуун жилийн түүхэнд гарч байгаагүй шинэ үзэгдэл болж байлаа.

Мөн 1971 он буюу Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмын барилдаанд 34 настай С.Цэрэн гарамгай сайн барилдаж Х.Баянмөнхөд унаж үзүүрлэн даян аварга хэмээх өндөр цолыг хүртжээ. Ингэж С.Цэрэн ардын засгийн жилүүд дэх гурав дахь даян аварга цолтой бөх болжээ. Мөн тэрбээр чөлөөт бөхийн улсын аваргаар 1966, 1967 онд шалгарч байв.

1971 оны наадмын барилдаанд түрүүлсэн Х.Баянмөнх, үзүүрлэсэн даян аварга 34 настай С.Цэрэн

Улсын заан Т.Зундуй гуай С.Цэрэн аваргын тухай нэгэн сайхан дурсамж ярьж үлдээсэн байна.

“Аварга бид хоёр нэг үеийнх, чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчид. Үй зайгүй нөхөрлөж “Армийн таван халуун” гэгдэж явлаа. “Армийн таван халуун” гэдэг нь Цэрэн, Эрдэнэ-Очир, Том Санжаа, Зундуй, Бага Санжаа бид тавыг хэлдэг байсан юм, биднээс ч бөхчүүд бэргэдэг, таарахаасаа халширдаг байсан үе. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн зохиогддог байсан бол манай хүн лав хэд хэд түрүүлэх байсан байх шүү. Бидэн дунд зогсож байгаа нь арай цэвэрхэн, үзэмжтэй. Мориор бол юу гэмээр ч юм дээ “Зодог шуудаг, малгайгаа өмсөөд засуул дээрээ гараад зогсож байгааг нь харахад уяан дээр нэг сайхан эмээл хазаартай дэлийг нь зассан сайхан морь, тэнзэн ташуурыг нь шондож уясантай дүйцүүлмээр санагддаг”.

Ядарсан хүнд их тусч, хаана л явна Монгол дээлээ голдуу өмсөнө, өнгө нь ч гэсэн ногоон үгүй бол хөх байх жишээтэй. Цэнхэр тэнгэр, хөрст ногоон дэлхийдээ хайртай хүн байж дээ. Би найзынхаа хийж өгсөн сайхан зодог шуудгийг өмсөж улсдаа шөвгөрч л явлаа. Ханилж явахад ханилгаатай, эрийн жудагтай хүн дээ” хэмээн өгүүлж байжээ.

Монгол бөхийн 33 шинж төгс бүрдсэн даян аварга С.Цэрэн, дархан аварга Х.Баянмөнхийн хамт
Домогт аваргууд: Цаашаа харан дэвж буй нь дархан аварга Б.Түвдэндорж, доошоо харан шавж буй нь даян аварга С.Цэрэн, уран дэвээ хийж буй нь Ч.Бээжин аварга

    1960 онд 6 давж улсын начин цол хүртсэн

    1961 онд 9 давж түрүүлэн шууд улсын аварга цолтой болов

    1964 онд 7 давсан

    1965 онд 6 давсан

    1966 онд 6 давсан

    1967 онд 7 давсан

    1968 онд 5 давсан

    1971 онд 8 давж үзүүрлэн даян аварга цол хүртэв

    1972 онд 6 давсан

    1973 онд 6 давсан

    1974 онд 5 давж шөвгөрчээ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]