Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XX зууны хамгийн том луйврын нэгУншсан16,400

1971 онд Филиппиний Минданао арлын хүрч очиход хэцүү хэсэгт хүй нэгдлийн үеийн нөхцөлд амьдарч байгаа нэгэн омгийг олсон тухай сураг гарч дэлхий дахины олон хэвлэл мэдээллүүд энэ тухай бичиж нийтэлж эхэлжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1971 онд Филиппиний Минданао арлын хүрч очиход хэцүү хэсэгт хүй нэгдлийн үеийн нөхцөлд амьдарч байгаа нэгэн омгийг олсон тухай сураг гарч дэлхий дахины олон хэвлэл мэдээллүүд энэ тухай бичиж нийтэлж эхэлжээ. Энэ омгийг Тасадаи хэмээн нэрлэсэн бөгөөд омог нь ердөө л 26 хүнтэй, дэлхий ертөнц гэж ямар уудам тухай огт мэддэггүй, өвс ургамал түүж, жижиг ан амьтан агнаж амьдардаг, өмсдөг хувцас нь зөвхөн ичимхий эрхтнээ нуусан навч төдий, хэрэглэдэг багаж зэвсэг нь чулуу янзалж хийсэн болхи алх, хутга ...

Телевизийн хэд хэдэн баримтат кино гарсан ба энэ кинонд уг омгийнхны хэн нэг нь идэх хоолгүй бол бусад нь бас юм идэхгүй цугтаа өлсдөг, юм өгөхөд хүн болгон л нэгийг авах ба илүү гарсан зүйлийг хэн ч авдаггүй, хоорондоо хэзээ ч муудалцаж зөрчилддөггүй... гэх мэтээр хачин сонин юм зөндөө байж.

Хүн төрөлхтний нэгэн хэсэг болсон энэ омгийг хамгаалах, байгаа байдлаар нь авч үлдэх тухай янз бүрийн юм ярьсан хүмүүс өч төчнөөнөөрөө гарч ирэх нь ч мэдээж. Энэ омгийг олсон, Филиппиний түшмэл Мануэль Элизальде нь удалгүй эрдэмтдийг өөрийн нисдэг тэргээр арал дээр авчирч судалгаа шинжилгээ хийлгэж, сурвалжлагч сэтгүүлч нарт ч үзүүлж харуулж байсан бөгөөд энэ их шуугианы сургаар алдартай хүмүүс ч их ирж байсны дотор Жина Лоллобрижида (Холивудын алдартай жүжигчин), Чарльз Линдберг (Атлантын далайг ганцаараа даван ниссэн анхны нисгэгч) гэх мэтийн хүмүүс байлаа. Бүр Жон Рокфеллер хүртэл уг омгийг хамгаалах, туслах сан байгуулж өч төчнөөн мөнгө хандивласан гэдэг.

1972 онд Филиппиний Ерөнхийлөгч Маркос нь Тасадаи омгийн байгаа газар нутгийг дархан цаазат бүс болгон тусгаарлаж, цэргийн хамгаалалттай болгосноор тэр нутагт хэн дуртай нь очих боломжгүй болсон байна. Зөвхөн шинжлэх ухааны зорилгоор, эсвэл баян тансаг хүмүүс л мөнгийг нь төлж чадах экскурс хийх л боломжтой болсон ба энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүн нь Элизальде. Хүй нэгдлийн үеийн амьдралтай омгийг хамгаалан сахигч Элизальде.

Ийм байдлаар 15 жил үргэлжилсний дараа Маркосын засаглал уналаа. Урьдын юм ул болдог зарчмаар Маркосын хийсэн зүйл болгон муу муухай учир хамаг зарлиг шийдвэрийг нь хүчингүй болгосны тоонд Тасадаи омгийг хамгаалах шийдвэр ч бас орсон байна. Одоо цэргийн хамгаалалтгүй, хэн хүссэн нь очиж болох боломжтой болсон учир хүй нэгдлийн хүний амьдралыг харах гэсэн хүмүүс бөөн бөөнөөрөө уг арал дээр очиж эхэлжээ. Гэтэл тэнд хэн ч байсангүй. Хоосон агуй, хэзээ нэгэн цагт хүн амьдарч байсан болов уу гэхээс өөр ул мөр байдаггүй. Арай тэд маань үхэж үрэгдээд дууссан юм биш биз дээ гэсэн яриа гарч эхэлсэн бөгөөд энэ бүхний учрыг олохоор Шведийн антропологич Освальд Итен нь Филиппиний сурвалжлагч Жой Лозанотой цуг арал дээр очиж судалгаа хийж эхэлжээ. Арлын нөгөө хэсэгт хэсэг бусаг хүн олсон нь зүгээр л нутгийн оршин суугчид.

Дэлхийн хаа сайгүй л таардаг “жинс өмссөн, мөнгө нэхсэн, ядуухан амьдралтай” тийм л хүмүүс. Освальд энэ хүмүүстэй уулзаж ярилцах үедээ уг хүмүүсийн царай зүсийг их анхааралтай ажсанаар тэдгээр нь нөгөө хүй нэгдлийн үеийн хүмүүсийн тухай баримтат кинонд гардаг нөхдүүдтэй тун адилхан байгааг тогтоолоо. Бас л мөнгө төгрөг амлаж байж хамаг юмыг нь яриулахад өнөөх алдарт Элизальде нь энэ хүмүүсийг хөлсөлж жүжиг тоглуулсан байж. Тухайн хүмүүсийг агуйд амьдарч, ядуу зүдүү байдалтайгаар харагдах юм бол их мөнгө өгнө гэж амласан ба үнэхээр ч нэг хэсэгтээ төлж байсан бололтой. Чулуун зэвсэг, бусад эд хэрэгслийг судлаад үзэхэд бүгд хуурамч эд зүйл байгааг тогтоож том хэмжээний луйвар явагдсан байна гэдгийг дэлхий дахинд зарлалаа. Өнөө Элизальдег хайтал бараа сураггүй алга болоод хэдэн жил өнгөрч байсан бөгөөд мань эр “Байгаль эхийн хүүхдүүд” хэмээх Тасадаи омгийг хамгаалах зорилготой сангийн 35 сая долларыг аваад талийж одсон байж. 15 жилийн турш цугласан энэ мөнгөөр Мануэль Элизальде нь Коста-Рикод тансаг сайхан амьдарч байсан юм гэнэ лээ. Сонирхолтой нь Элизальде нь хэсэг хугацааны дараа эх орондоо эргэн ирсэн бөгөөд энэ хүнд зохих шийтгэл оногдуулсан юм байж. Тэр зохих шийтгэл гэдэг нь Филиппин улсыг төлөөлөн Мексик улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд. Яах аргагүй “зайтай” эр.

Хорьдугаар зууны хамгийн том луйврын нэг болсон энэ явдлын дараа иймэрхүү маягийн бас олон луйвар явж байсан бөгөөд зарим нь луйвар гэхээсээ хэн нэг сэтгүүлчийн нэрд гарах гэсэн, багахан мөнгө амархан хийчих гэсэн арга төдий зүйл байсан ба “Амазоны эрэг дээрх чулуун зэвсгийн үеийн хүмүүс”, “Хорт хавдар тусдаггүй онцгой үндэстэн” гэх мэтийн олон худал мэдээлэл гарч байсан, гарсаар ч байх бололтой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]