Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их спорт дахь хүйсийн асуудалУншсан14,970

1938 оны 9-р сарын 21-нд Кёльн хотын вокзал дээр нэгэн сэжигтэй хүнийг цагдаа нар зогсоон бичиг баримтыг нь шалгажээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дора Ратьен

1938 оны 9-р сарын 21-нд Кёльн хотын вокзал дээр нэгэн сэжигтэй хүнийг цагдаа нар зогсоон бичиг баримтыг нь шалгажээ. Дайны цаг үе болохоор цагдаа нарын сонор сэрэмж өндөр, эвгүй харагдсан хүн болгоныг л шалгаж байсан тэр үе. Уг хүнийг сэжиглэсэн шалтгаан нь эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн шиг санагдсан явдал бөгөөд бичиг баримтаа өгч байх үед гар нь бас их үсэрхэг байсан гэнэ. Гэтэл бичиг баримтаараа эмэгтэй байдаг. Тагнуул туршуул байж болзошгүй энэ нөхрийг тэр даруй саатуулан шалгаад үзтэл эр хүний гол бэлгэ тэмдэг болсон нөгөөх нь байсангүй. Бичиг баримт нь хуурамч байж магадгүй гээд нягталтал бүгд ном ёсоороо төдийгүй уг Дора Ратьен гэх нэртэй хүн нь өндрийн харайлтын Европын аварга тамирчин бүсгүй байжээ.

Угаасаа эмэгтэй байхаас залхаж байсан, өөрийгөө эр хүн гэж тооцохыг хүсдэг Дорад энэ явдал харин ч хэрэг болсон буюу хэсэг хугацааны дараа тэрээр албан ёсоор Генрих гэдэг нэртэй эрэгтэй хүн болон хувирсан байна.

Дора

Станислава Власевич

1936 оны Берлиний олимпийн эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд түрүүлсэн АНУ-ын Хелен Стивенсийг эрэгтэй хүн байсан гэсэн яриа тухайн үед ихээхэн шуугиан тарьж байжээ. Тэрээр бусдаасаа дэндүү тасархай түрүүлсэн, зарим эрэгтэй тамирчнаас ч хурдан байсан учир ингэж бужигнаж байсан ба дараа нь нарийн шалгалт хийж үзээд хүйсийн хувьд ямарваа нэг эргэлзээгүй эмэгтэй хүн болохыг тогтоосон байна. Гэсэн хэдий ч Хеленд ялагдаж хоёрдугаар байр эзэлсэн, олон удаагийн дэлхийн аварга Польшийн Станислава Власевич нь үүнийг эсэргүүцэж, Хеленагийн алтан медалийг хураах ёстой гэж ил тод хэлдэг хүн байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь 1980 онд энэхүү польш эмэгтэй маань нэгэн дэлгүүрт үйлчлүүлж байх үедээ дээрэмчдийн суманд оногдож амиа алдсан ба задлан шинжилгээ хийх явцад “Эмэгтэйчүүдийн спортод зөвхөн 100 хувь эмэгтэйчүүд л оролцох ёстой” гэж тэмцдэг байсан Станислава маань өөрөө эр болон эмэгтэй хүний шинжийг давхар агуулсан хүн байжээ. Энэ явдлын дараа түүний гэр орныхон, нэгэн цагт бүтэн жил түүнтэй цуг амьдарч байсан нөхөр нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй гэж хэлжээ. Энд нэмж хэлэхэд дээр дурдсан "хуучин Дора, шинэ Генрих" нь бас 1936 оны Берлиний олимпод оролцож байсан ба түүний хүйсний асуудалд ямар нэг сэжиг ажиг огт гараагүй юм билээ.

Станислава 

 “Ах дүү” Прессүүд

1966 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр тамирчин болгоны хүйсийг заавал тодорхойлох шийдвэр шинээр гарч хэрэгжүүлж эхэлжээ. Үүний дараа Зөвлөлтийн алдартай тамирчид болох эгч дүү Тамара болон Ирина Пресс нар тэмцээнд оролцохоос татгалзсан байна. 1960 болон 1964 оны олимпийн аваргууд маань чухам яагаад тэмцээнд орохоос татгалзсанаа тайлбарлаагүй боловч олон сэтгүүлч нар үүнийг нь хүйсийн хувьд маргаантай нөхдүүд байсан учраас ах дүү Прессүүд татгалзсан байж таарна гэж үзжээ. Гэхдээ энэ хоёр хүнд гадаад төрхөөс өөр эрэгтэй хүний ямарваа нэг шинж тэмдэг байсан тухай ямар ч бодит баталгаа одоо болтол үгүй юм гэнэ лээ.

Прессүүд

Үүнээс хойш

-1968 оноос тамирчдыг хүйс тодорхойлох энгийн үзлэгт оруулах биш харин илүү нарийн генийн шинжилгээнд оруулж эхэлснээр байдал бүр ч замбараагаа алдсан байна. Хаанаас ч харсан сайхан эмэгтэй тамирчид маань эр хүний хромосомтой байх явдал маш олноор гарч ирсэн ба уулын цанын алдарт тамирчин Эрика Шинеггерийн асуудал гээч будлиан үүсч, удалгүй энэ хүн Эрик гэсэн эрэгтэй нэртэй болж хувирснаар асуудал дуусаж байв. Мөн Нидерландын Диллема Фукье, Испанийн Мария Хосе Мартинес-Патиньо нар ч “эмэгтэй биш учир” тэмцээнээс хөөгдөж байв.

 Харин үүнээс цааш эр, эмийг тодорхойлох арга, тодорхойлогч нөхдүүд ч өөрсдөө будилж эхэлсэн гэдэг. Ингэсээр 1999 оноос хромосомын шинжилгээг зогсоохоос өөр аргагүй болсон ба энэ шинжилгээний аргыг цаашид үргэлжлүүлбэл яваандаа эмэгтэй тамирчид олоход ч хэцүү нөхцөл байдал үүссэн байна.

2009 онд дахин шинэ шуугиан гарч ирсэн нь олимпийн хоёр удаагийн аварга Кастер Семенятай холбоотой. Энэ тамирчныг бид бүгд мэдэх бөгөөд ер бусын булчинлаг бие, эршүүд хөдөлгөөнийг нь санаж байгаа байх. Кастер нь эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү гэж шуугиж шуугиж, шинжилж шинжилж  эцсийн хариу гарахад Өмнөд Африкийн энэ тамирчин нь ерөнхийдөө эмэгтэй хүн мөн боловч эрэгтэй хүний даавар ихийг агуулдаг юм байна гэсэн хачин дүн гарчээ. Ингээд шинэ дүрэм гаргаж эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох юм бол тестестероны (эр бэлгийн даавар) хэмжээгээ багасгаж байж оролцох боломжтой болсон байна.  Кастер ч энэ дүрмийг ягштал биелүүлж “муусайн хүүхнүүдийг” будаа болгосоор. Саяхан мань хүн өөрийнхөө эцэг болсныг зарласан тухай мэдээ харагдаж байсан бөгөөд чухам өөрийнх нь биологийн хүүхэд үү, эсвэл үрчилж авсан хүүхэд үү гэдэг нь мэдэгдэлгүй өнгөрсөн юм. Бодвол энэ тухай элдэв тайлбар гарсан л байх.

Кастер

Өнөөдөр эмэгтэй тамирчдын аливаа тэмцээнийг үзэхэд байнга л элдэв эргэлзээ төрдөг болжээ. Эмэгтэй гэхэд “манай улсын начныг” ч айлгаж мэдэхээр булиа хүүхнүүд нь уяхан туяхан өрсөлдөгчөө “талаар нэг тарааж” байхыг хараад допинг уу, эсвэл эрэгтэй хүн үү гэсэн бодол төрсөөр.

Хүн анх хорвоод мэндлэхдээ эр, эм шинжийг давхар агуулсан төрөх нь цөөнгүй. Харин тэд маань спортын уралдаан тэмцээнд орох болохоор иймэрхүү хэцүү нөхцөл байдал үүсдэг нь нэг талаар шударга бус гэмээр. Тэд ч гэсэн адилхан л хүн учраас бусадтай өрсөлдөж, тэмцэлдэхэд ямарваа нэг саад хязгаар байхгүй баймаар. Гэхдээ харин хэнтэй?

Энэ асуудлыг шийдэхгүй бол олимпийн хөдөлгөөн, их спорт гэдэг зүйлийг допинг, хүйсийн шинжилгээ гэсэн хоёр зүйл сүйрүүлж болзошгүй гэж олон мэргэжилтнүүд хэлж ярих биш бүр хашгирч гуугалан зарладаг боллоо. Дээрээс нь хүйсээ солиулсан хүмүүсийн асуудал нэмэгдээд ирэхээр...

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 17. 19:15
Зочин

польш, герман, оросууд тамирчиддаа элдэв даавар бэлдмэл ихээр хэрэглүүлж байсанаас ийм гажигууд илэрсэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]