Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Фордын театр дахь эмгэнэлт жүжигУншсан1,654

Энэ эмгэнэлт явдалд тодорхойгүй үлдсэн зүйл үгүй гэж олон арван жил тооцогдож байлаа. Алуурчин илэрч, олдсон бөгөөд цаазаар авахуулсан юм.

Энэ эмгэнэлт явдалд тодорхойгүй үлдсэн зүйл үгүй гэж олон арван жил тооцогдож байлаа. Алуурчин илэрч, олдсон бөгөөд цаазаар авахуулсан юм. Хуйвалдаанд оролцсон бүх хүмүүс шүүхийн өмнө толгой гудайлгасан бөгөөд өөрт тохирох ялыг сонсоцгоосон. Гэвч тун удалгүй бүх зүйл тийм ч амар хялбар байгаагүй гэсэн яриа гарч эхлэв. Үнэн хэрэг дээрээ бол энэ аллага ихээхэн сонин, ойлгомжгүй зүйл ихтэй байсан аж. Цаг хугацаа өнгөрөх тусам асуултууд ар араасаа урган гарч эхэлжээ...

2015 оны гуравдугаар сард “Левада-центр” гэдэг Оросын судалгааны байгууллага сөрөг хүчний улс төрч Борис Немцовын аллагатай холбоотойгоор нэгэн санал асуулгыг явуултал судалгаанд оролцсон хүмүүсийн 44 хувь нь уг аллагын захиалагчид олдоно гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгджээ. Оросуудын 48 хувь нь уг аллагыг захиалагчид ямар сэдэлтэй байсныг тогтоох магадлал маш бага гэдгийг онцолсон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 27 хувь нь улс төрийн нэг ч аллага бүрэн дүүрэн илэрч байгаагүй хэмээн өгүүлэв. Мөн хүмүүсийн 21 хувь нь урьдын адил буудсан гэх хүмүүсийг олоод, бодит буруутнууд хариуцлагаас мултарна гэж үзэж байгаа аж.

Энэ бүхэн ХХI зуунд хамааралтай, зөвхөн ОХУ-д болж байна гэж бодвол эндүүрэл билээ. Жишээ нь, францчууд одоог хүртэл Гэгээн Еленагийн арал дээр тэдний гол бахархал болсон хүн Наполеон Бонапарт юунаас болж үхсэнийг тодорхой мэдэхгүй байгаа юм. Америкчууд ч гэсэн одоогоос 150 жилийн тэртээ тэдний үндэсний бахархал болсон Авраам Линкольнд юу тохиолдсоныг бүрэн итгэлтэйгээр хэлж чадахгүй болов уу.

 

Фордын театр дахь эмгэнэлт жүжиг

Албан ёсны мэдээллээр бол дараахь зүйл болжээ. 1865 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гаригт Ерөнхийлөгч Линкольн Цагаан ордонд өөрийн ажлын ердийн өдрөө дуусгаад генерал Грант болон түүний эхнэрт өөрийг нь болон тэргүүн хатагтай Линкольныг театрт хүргэж өгөхийг санал болгожээ. Линкольны гэр бүл тэр үдэш Фордын таетрт тоглогдож байсан “Миний америк үеэл” гэдэг хошин жүжгийг үзэхийг хүсэмжилж байлаа. Тус театр Вашингтон хотын төвд орших хамгийн эртний театр билээ. Өөрийг нь чухал ажил хүлээж байгаа гэж хэлээд Грант татгалзжээ. Тэр мөчид мань хүн энэ татгалзал түүний амийг аварна гэдгийг төсөөлөө ч үгүй болов уу.

“Сонгуулийн санал өгөх хуудас галт сумнаас ч хүчтэй эд” гэж Линкольн ярих дуртай байв. Гэвч тэрбээр эндүүрч байсан юм. Учир нь тэр үдэш түүний амь насанд халдлага үйлдэгдсэн бөгөөд мань хүн театрын ложин дотор Өмнөдийнхний талыг баримтлагч жүжигчин эр Жон Уилкс Бутын тавьсан суманд үхлүүт шархаджээ. Уг аллагын албан ёсны тайлбар маш энгийн аж. Бут Линкольны явуулж байсан бодлогыг үзэн яддаг байсан гэнэ. Өмнөдийн талыг баримтлагч энэ хүний бодлоор тэрхүү бодлого Иргэний дайнд хүргэж, Умардынхны ялалтаар өндөрлөхөд нөлөөлсөн аж. Ерөнхийлөгчийн амийг хороохоор шийдэн Бут тусгай бүлгийг байгуулсан бөгөөд түүнд нь Дэвид Херолд, Жон Сарратт, Льюис Пауэлл, Сэм Арнольд, Майкл О’Лафлин, Эдмунд Спенглер, Жорж Этцеродт зэрэг хэд хэдэн хүн багтжээ.

Удтал зөвлөлдсөний эцэст хуйвалдагчид хамгийн зөв арга бол олон нийтийн өмнө Ерөнхийлөгчийг хороох явдал гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн тэд үүнтэй зэрэгцэн дэд Ерөнхийлөгч Эндрю Жонсон, Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард нарыг хороохоор төлөвлөв. Ерөнхийлөгч Линкольн театрт очих нь тодорхой болсноор Бут өөрийн сэдсэн зүйлээ гүйцээх гайхалтай боломжоор хангагдсан аж. Тэр хойгуур Льюис Пауэлл, Дэвид Херолд нар сүйх тэргээр явж байгаад тун саяхан осолдож, доод эрүүгээ гартайгаа хугалан өөрийн харшид эмчлүүлэн хэвтэж байсан Сьюардыг хороох учиртай байсан юм. Харин Жорж Этцеродт дэд Ерөнхийлөгчийг хариуцах ёстой байв.

Ерөнхийлөгчийн гэр бүл найзууд болох хошууч Хенри Рэтбон, түүний сүйт бүсгүй Клара Харрис нарын хамтаар тус театрт 20 цаг өнгөрөөгөөд хүрэлцэн иржээ. Жүжиг эхлэсэн хэдий ч тэднийг ирсэнийг мэдсэн үзэгчид сандлаасаа босож, найрал хөгжим ёслолын дуулал тоглосноор жүжигчид тоглолтоо зогсоохоос аргагүйд хүрсэн аж. 21 цаг 30 минутад тас хар өнгийн хувцас өмссөн Бут театрын гадаа морьтой ирж буусан байна. Тэрбээр хутга, хоёр кольт гар буугаар зэвсэглэсний дээр гартаа цэнэгтэй гар буу барьсан байв. Мань хүн Фордын театрт урьдчилж очсон бөгөөд төр, засгийн өндөр албан тушаалтнууд залардаг хэсгийг сайтар судласан аж.

Хамгийн сонирхолтой нь, Ерөнхийлөгчийн хамгаалагч Жон Паркер “гэнэт” лож руу ордог хаалганы дэргэдэх манааны талбараа орхиод зэргэлдээ орших уушийн газрыг зорьжээ. Энэ нь маш ойлгомжгүй үйлдэл байв. Ерөнхийлөгчийн хамгаалагч ажлын байраа орхисон нь гайхал төрүүлж байгаа аж. Үүнийг овжноор ашиглан Бут хүндэтгэлийн лож руу нэвтрээд Линкольны толгой руу бууджээ. Мань хүн тэнд тоглогдож байсан жүжгийн зохиолыг маш сайн мэдэж байсан учраас үзэгчдийн танхимд хүмүүс чангаар инээх мөчийг хүлээж байгаад гохон дээр дарсан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр хошин жүжгийн хамгийн инээдтэй хэсгийг тоглогдохыг хүлээж байсан гэлтэй.

Хенри Рэтбон алуурчныг саатуулахыг оролдон ухасхийжээ. Гэвч цаадахь нь хутга гаргаж ирээд хошуучийг шархдуулаад ложноос тайз руу үсэрч буусан аж. Ингэхдээ тэрбээр хөшгинд орооцолдсоноор хөлөө өвдөгний дээгүүр хугалж орхисон байна. Гэвч Бут театраас түвэггүй гарч чаджээ. Хүнд шархадсан Ерөнхийлөгчийг тун болгоомжтойгоор ойролцоо орших нэгэн байшинд шилжүүлэн аваачив. Дуудлагаар ирсэн эмч түүнд туслах ямар ч боломжгүй болсон байлаа. Маргааш өглөө нь 07 цаг 22 минутад Авраам Линкольн өөд болжээ. Тэр хойгуур Льюис Пауэлл Төрийн нарийн бичгийн дарга Сьюардын гэр рүү нэвтрээд түүнийг хутгалсан аж. Гэвч шарх үхэлд хүргэх хэмжээнд байсангүй. Харин дэд Ерөнхийлөгчийн аминд хүрэх ёстой байсан Жорж Этцеродт зориг орохын тулд хатуу дарсыг дэндүү ихээр хэрэглэсэн тул хулчгар зан нь хөдлөөд хаашаа ч явахгүй байхаар шийдсэн гэдэг.

 

Ерөнхийлөгчийн аллага ба түүний үр дагавар

Ерөнхийлөгчийн аллага Америкийн нийслэл хотод ихээхэн самууныг дэгдээжээ. Дэд Ерөнхийлөгч Эндрю Жонсон засаг захиргааг удирдахаас татгалзав. Түүний дараагийн хүн болох Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард эмнэлэгт шархтай хэвтэж байлаа. Тэр мөчид гүйцэтгэх засаглалын тэргүүнээр үндсэндээ Цэргийн яамны сайд Эдвин Стэнтон ажиллаж байсан юм. Гэсэн хэдий ч дөрөвдүгээр сарын 18 гэхэд хуйвалдагсдын дийлэнх нь саатуулагдсан байна. Тэдэн дунд Жон Сарраттын ээж Мэри Сарратт, Майкл О’Лафлин, Сэм Арнольд, Льюис Пауэлл, Жорж Этцеродт нар байсан аж.

Харин Бут яасан байх нь вэ? Театраас хэдхэн бээрийн зайд тэрбээр Херолдтой таарсан бөгөөд хамсаатнууд үзэл санаа нэгтэй Өмнөдийнхний орон гэрт хоргодохын тулд Мэрилэнд мужийг зорьсон байна. Таньдаг эмч нь Бутын хугарсан хөлийг боож өгсөн бөгөөд гэмт хэрэгтнүүд аян замаа үргэлжлүүлэв.

1865 оны дөрөвдүгээр сарын 26-нд хурандаа Лафайетт Бэйкерээр удирдуулсан цэрэг эрс оргон дайжигчдыг Виржини мужийн нэгэн тамхины навч тариалдаг фермийн орчимд гүйцжээ. Дэслэгч Эдвард Догертигийн удирдсан цэргүүд хуйвалдагсдын бүгсэн пинг бүслэсэн бөгөөд сайн дураараа бууж өгөхийг зөвлөсний эцэст амжилт олоогүй тул түүнийг шатааж орхисон байна. Херолд бууж өгсөн бол Бут галд автсан, утаа суунагласан байшингаас гарч зугтахыг оролдох үедээ түрүүч Бостон Корбеттын тавьсан суманд хүзүүндээ шархаджээ. Амьсгал хураахынхаа өмнө Бут “Намайг эх орныхоо төлөө тулалдаж яваад амь эрсэдсэн хэмээн ээжид маань хэлээрэй” гэж хэлсэн аж.

 

Анхны сонин хачин байдлууд

Ерөнхийлөгч Линкольны амь насанд халдаж, түүнийг хороосны дараа энэхүү гэмт хэргийн сэдэл, нууц учиг тайлалтай холбоотой янз бүрийн хувилбарууд гарч эхэлсэн юм. Үнэн хэрэг дээрээ бол албан ёсны мэдээлэлд дэндүү тохиолдлын, үл авцалдах зүйлс олон байсан гэдэг. Уг гэмт хэргийг амь биеэ золин байж хэсэг солиотой нөхөд үйлдсэн гэж үзэж болох ч тийм биш аж.

Алуурчин Бут төр, засгийн өндөр албан тушаалтнууд морилдог лож руу түвэггүйхэн ороод гал нээж чадсан явдал маш их эргэлзээг төрүүлж байгаа юм. Өөрийн албан байрыг орхиж явсан хамгаалагч Жон Паркер албан үүргээ буруу гүйцэтгэж, ажлын байран дээрээ архидан согтуурдаг байсан нэгэн билээ. Гэтэл хожим нь тодорхой болсноор бол дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч орой нь театрт очиж жүжиг үзэхээр шийдэхдээ Батлан хамгаалахын сайд Стэнтоноос өөрийн шадар туслахуудын нэг хошууч Эккартыг бие хамгаалагчаар явуулахыг гуйсан аж. Эккарт маш их найдвартай, шийдэмгий хүн байжээ. Гэвч Стэнтон түүний тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй аж. Тэр үдэш Эккарт өөр газар чухал ажилтай гэж хэлсэн байна. Стэнтон худал хэлжээ. Тэр үдэш Эккарт ямар ч онцгой ажилгүй байсан бөгөөд түүний оронд ложны үүдэнд согтуу толгой Паркерыг зогсоосон гэнэ.

Бас нэг сонин зүйл гэвэл хөл нь хугархай Бут хотоос яаж түвэггүй гарсан байж таарах вэ? Нөгөөх л Стэнтоны өгсөн анхны тушаалууд ёсоор бол хотоос гарах бүх зам, гарцуудыг хаах ёстой байсан аж. Төмөр замын буудлуудыг цагдаа нар хяналтдаа авсан бол Потомак голыг цэргийн хөлөг онгоцнууд эргүүлдэж байв. Вашингтон хотоос гардаг зургаан замыг цэргийнхэн хаажээ. Хамгийн сонирхолтой нь, Стэнтон оргон зайлагчдад хоёр нүх сүвийг үлдээсэн аж. Тэд хоёул Мэрилэнд рүү хүргэх байв. Нэг зам нь тийшээгээ урт модон гүүрээр хүрэх байлаа. Тэрхүү гүүрийг үргэлж харуулууд хамгаалдаг байсаг бөгөөд үдшийн 21 цагт түүнийг хаадаг байв. 22 цаг 45 минутад тэрхүү гүүрэн дээр Ерөнхийлөгчийн алуурчин гарч иржээ. Түрүүч Кобб түүнийг зогсоогоод, нэр ус болон аяллынх нь зорилгыг лавласан байна. Бут өөрийн жинхэнэ нэрийг хэлээд, гэртээ харихаар явж байгаа гэдгээ өгүүлэв. Түрүүч түүнийг нэвтрүүлэхийг үүрэгдсэн байна. Дэвид Херолдыг ч ийм арга замаар түвэггүйхэн нэвтрүүлжээ.

Гурав дахь сонин зүйл бол саатуулах үедээ буудаж хороосон Бутын цогцсыг Вашингтон хотод хүргээд түүнийг биечлэн таньдаг байсан хэд хэдэн хүнд үзүүлжээ. Тэдэн дунд цагтаа Бутын хүзүүний хавдрыг авч байсан эмч байсан гэдэг. Мэс ажилбараас үлдсэн сорви нэмэлт нотолгоо болсон аж. Эмч Бутыг таньсан хэдий ч ийм асар богино хугацаанд цогцсонд айхтар хүчтэй өөрчлөлтүүд гарсанд ихэд гайхжээ. Дээр нь цогцсыг яагаад ч юм Бутын ах Эдвинээр таниулаагүй аж. Чухам тэр үед л саатуулагдах үедээ хороогдсон хүн бол Бут биш, үүнийг амласан шагналын мөнгийг авах зорилгоор хийсэн зүйл, Ерөнхийлөгчийн жинхэнэ алуурчныг барьж чадаагүй Засгийн газрыг эвгүй байдлаас гаргахын тулд хийсэн үйлдэл гэсэн ярианууд гарсан билээ. Өөр сонин зүйлүүд олон байдаг ч тэр болгоныг өгүүлэх юм бол сонины маань хуудас хүрэлцэхгүй л болов уу.

 

Аллагын гол сэдлүүд

Линкольны аллагын сэдэл ч өөрөө нэг л авцалдахгүй байгаа юм. Бут Өмнөдийнхнийг ялсаных нь төлөө Линкольноос өшөө авахаар шийдсэн гэж үздэг билээ. Дайн дуусгавар болж, Умардынхан ялалт байгуулсан. Гэвч улсын хоёр хэсэг урьдын адил нэг нэгнийгээ үзэн ядаж байсан бөгөөд Умардынхан үгэнд ордоггүй Өмнөдийнхнийг яаж зүйл дуусгах талаар мөрөөдөж байсан гэдэг. Тэгвэл чухам Ерөнхийлөгч Линкольн л үзэн ядах сэтгэлийг үгүй хийж, Өмнөдийн мужуудад өөрөөр хандахыг албатуудаасаа гуйж байсан аж. Тэрбээр “Дайн дууссаны дараа хэн нэгнийг мөрдөж, мөшгих хэрэггүй. Цуст аллагуудыг зогсоох ёстой” хэмээн хэлсэн байна.

1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд болсон танхимын хурал дээрээ тэрбээр эвлэрлийн тухай ярьсан бөгөөд яг тэр өдөр нь түүнийг солиотой этгээд буудаж хороосон болж таарч байна. Тэр этгээд Өмнөдийн эрх ашгийг бусдаас илүү хамгаалж, илүүд үзэж байсан тийм хүнийг хороосон болж таарна. Линкольны хүрээлэлд байсан хүмүүс бүгд түүний баримталж буй байр суурийг зөвшөөрч байсангүй. Жишээ нь, Батлан хамгаалахын сайд Эдвин Стэнтон Өмнөдийг булаан эзлээд, тэнд өшөө авах хатуу бодлогыг явуулах ёстой гэж үздэг байсан аж.

Зарим нэг хүмүүс Бутыг Умардынхны сөрөг тагнуулын албаны туршуул байсан гэж үздэг. Ямар учраас тэр вэ? АНУ-ын архиваас армийн командлагч генерал Грантын Ерөнхийлөгч Линкольнд илгээсэн захидал олджээ. Түүн дотор ийм үгнүүд байсан юм. “Би цаашид энэ утга учиргүй аллага, эд хөрөнгийн сүйтгэлийг үргэлжлүүлж чадашгүй нь. Би Өмнөдийн зоригт цэрэг эрсийн нүднээс эцсээ хүртэл тэмцэх шийдэмгий байдлыг олон удаа олж харсан. Энэ бүх утга учиргүй хохирлууд Өмнөдийхнийг хүсэл үгүй байж нэгдсэн улсад эргэн ороход нөлөөлж чадна гэж үү?” хэмээн генерал Грант бичсэн байдаг аж.

Грантын бичсэн үгс Линкольныг гүн бодролд оруулсан учраас 1865 оны хоёрдугаар сард тэрбээр нууц хуралдааныг явуулсан байна. Тэрхүү хурлын үеэр Өмнөдийн мужуудын холбооны Ерөнхийлөгч Жефферсон Финис Дэвист тэдний тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрсөн гэдгийг илтгэх шийдвэрийг гаргажээ. Гэвч дөрөвдүгээр сард генерал Роберт Эдвард Лигийн удирдсан Өмнөдийн цэрэг бууж өгсөн ч энэ нь Линкольны бодлыг өөрчлөөгүй юм. Холбооны Засгийн газрын өмнө Өмнөдийнхөнтэй шинэ дайн хийх бодит аюул тулгарч эхлэв. Тэр дайн он удаан жил үргэлжилж магадгүй байлаа.

Нууц хуралдаанаас гарсан шийдвэр дэд Ерөнхийлөгч Эндрю Жонсоны хувьд нууц зүйл биш байв. Тэрбээр тун ч удахгүй Өмнөдийн 13 мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн баримт бичиг Ерөнхийлөгчийн ширээн дээр хэвтэх болно гэдгийг мэдэж байсан юм. Энэ нь АНУ-ыг дайсагналцсан хоёр том хэсэгт хуваагдахад хүргэнэ гэдгийг Жонсон сайтар ойлгож байлаа. Тэр тохиолдолд олон жил үргэлжилсэн цуст Иргэний дайны бүх хохирол талаар болсон байж таарах байв. Умардынхан ялалт байгуулсан хэдий ч энэ нь ямар ч хэрэгцээгүй зүйл байсан мэт санагдахаар байжээ. Үүнийг хэрхэвч зөвшөөрөх боломжгүй байсан учраас “туршуул” Бут гох дарах эрхийг олж авсан болов уу.

 

“Хуйвалдагч” Эдвин Стэнтон

Ийнхүү Вашингтон хотод Линкольны эсрэг жинхэнэ хуйвалдаан эхлэсэн бөгөөд түүний гол хөдөлгөгч хүч нь Эдвин Стэнтон болсон юм. Ерөнхийлөгчийн амь насанд халдсаны дараа тэрбээр үндсэндээ улсынхаа гол удирдагч болжээ. Мань хүн гэмт хэрэг үйлдэгдсэн газар тэр даруй ирж, улмаар цагдаагийн газрын дарга, Дээд шүүгч зэргийн үүрэгт ажлыг хийн, хуйвалдагчдыг олж илрүүлэх тухай үүрэг даалгавруудыг өгч байв. Чухам Стэнтон л оргон дайжсан Бут, Херолд нарт туслалцаа үзүүлсэн хэн боловч цаазаар авах ялаар шийтгүүлэх болно хэмээн мэдэгдсэн билээ. Стэнтон л Бутыг барьж ирсэн хүнд 100 мянган доллар, Херолдын толгойг авчирвал 25 мянган долларын шан өгнө гэдгээ амласан юм.

Бас нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр зугтагсдыг Вашингтон хотоос өмнөд зүгт 125 километр зайд илрүүлсэн билээ. Бут, Херолд нарыг пин дотор оруулж бүслэсний дараа тэднийг заавал ч үгүй амьдаар нь барих тушаалыг өгчээ. Гэсэн хэдий ч хуйвалдааныг зохион байгуулсан гол хүн болох Бут бууж өгөхөөр гарч ирэх үедээ буудуулж хороогдсон билээ. Түүний биеэс өдрийн тэмдэглэл олдсон бөгөөд түүнийг нь Батлан хамгаалах яамныханд өгсөн гэдэг нь хожим тогтоогдсон аж. Гайхалтай нь, хуйвалдагсдыг шүүх хуралдааны үеэр Бутын тэр өдрийн тэмдэглэлийг хэн ч дурсаагүй бөгөөд тэр дэвтэр маш чухал нотолгоо баримт байсан нь мэдээж юм. Гэвч тэр дэвтрийг хэн ч дурсаагүй байна.

Хэдэн жилийн дараа Бригадын генерал цолтой болсон Лафайетт Бэйкер гэгч Бутын өдрийн тэмдэглэлийг өөрийн дарга Стэнтонд өгсөн бөгөөд түүнээс буцааж авахад нь дэвтэр дотор хэд хэдэн хуудас байхгүй болсон байсныг мэдэгджээ. Тэгэхэд Стэнтон хариуд нь маш ууртайгаар “Бэйкер надад тэр дэвтрийг өгөх үед тэдгээр хуудаснууд байгаагүй юм шүү дээ” хэмээн хэлсэн аж. Хамгийн сонирхолтой нь, тэрхүү дэвтрээс нийт 18 хуудсыг нь урж авсан байлаа. Тэр бүх хуудаснууд Ерөнхийлөгч Линкольны амь насанд халдах явдлын өмнөх өдрүүдийн үйл явдлуудыг бичиж үлдээсэн хэсгүүд байсан гэдэг.

 

Гэрчүүдийг хороосон нь

Хуйвалдааныг зохион байгуулсан бусад хүмүүсийг шүүхээр оруулсан бөгөөд шүүх тэднийг аллагын хамсаатан гэж үзээд цаазаар авах ял ноогдуулжээ. Дөрвөн хүнийг цаазласан бөгөөд тэд бол Дэвид Херолд, Льюис Пауэлл, Жорж Этцеродт, Мэри Сарратт нар юм. Тэднийг мөн оны долоодугаар сарын 07-ны өдөр дүүжлэн хороосон аж. Ийнхүү Мэри Сарратт гэдэг эмэгтэй Холбооны шүүхийн шийдвэр ёсоор цаазлуулсан анхны эмэгтэй болсон билээ. Хүн амины хэрэгт биечлэн оролцоогүй ч Сэм Арнольд насаараа цөллөгийн ажил хийх шийтгэлийг сонсчээ. Майкл О’Лафлин, Бутын хугарсан хөлийг эмчилсэн эмч ч түүнтэй ижил ялыг сонссон аж. Харин Эдмунд Спенглер алуурчинд тус хүргэснийхээ төлөө зургаан жил өргөст торны цаана суух ялаар шийтгүүлжээ. О’Лафлин шоронд амьсгал хураасан гэдэг.

Тэдгээрээс зөвхөн Жон Сарратт л Канад руу зугтаж чадсан байна. Зарим нэг түүхчид чухам Стэнтон л түүнд зугтахад нь тус болсон гэж үздэг юм. Хамгийн гайхалтай нь, хилийн чанадад хэн ч түүнийг эрж хайгаагүй бөгөөд хожим нь тэрбээр цагааджээ. Тангаргын шүүгчдийн найм нь түүнийг буруугүй гэсэн бол дөрвөн хүн ял үүрэх ёстой гэж шийдсэн аж. Тэгээд ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг 25 мянган долларын барьцаатайгаар суллан явуулжээ.

Дараа нь тун сонин зүйл болсон гэдэг. Жишээ нь, Бутыг яагаад ч юм буудан хороосон түрүүч Бостон Корбетт ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. Мань хүн ямар учраас тушаал зөрчин гал нээсэн вэ гэж түүнээс асуутал Корбетт “Дотоод хүн маань надад тушаасан” гэж хариулжээ. Дараа нь тэр амиа хамгаалах үүднээс тийм алхам хийсэн гэж мэдүүлгээ өөрчилсөн аж. “Хэрэв би түрүүлж буудаагүй бол Бут намайг алах байсан. Тиймээс би өөрийгөө зөв үйлдэл хийсэн гэж боддог” хэмээн Корбетт өгүүлжээ. 1887 онд түүнийг Канзас мужийн хууль батлах хурлын ажилтнаар ажилд авсан ч нэг нарлаг сайхан өдөр мань хүн уг газрын байранд гал нээснээр түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн юм.

Театр дотор алуурчныг зогсоож чадаагүй хошууч Хенри Рэтбон дараа нь мөн л тэр ложинд сууж байсан Клара Харрис гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. Улмаар тэд Герман Улс руу нүүж суурьшсан байна. 1883 онд Рэтбон хүүхдүүдийнхээ амийг таслах гэж оролдоод бүтэлгүйтсэнийхээ дараа эхнэрээ үхтэл нь зодчихоод амиа хороохыг оролджээ. Үлдсэн амьдралаа тэр мөн л галзуугийн эмнэлэгт өнгөрүүлсэн юм.

Бутын өдрийн тэмдэглэл бүхий дэвтэр байдаг гэж ярьсан генерал Лафайетт Бэйкер рүү хэд хэдэн удаа буудсан бөгөөд хулгайлахыг оролдож байсан аж. 1868 оны долоодугаар сарын 03-ны өдөр тэр хүн ердөө 41 насандаа гэнэт таалал төгсчээ. Түүнийг яаравчлан оршуулсан бөгөөд авсыг нь нээж үзүүлээгүй гэдэг. Хожим нь задлан шинжилгээг нөхөн хийтэл түүнийг хорт бодисоор хордуулж алсан нь тодорхой болсон билээ. Цагдаа Жон Паркер 1868 онд ажлаасаа халагдсан бөгөөд хаашаа ч юм алга болсон аж.

Эдвин Стэнтоны хувьд тэрбээр 1869 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөн л тодорхой бус шалтгааны улмаас нас баржээ. Тэр дөнгөж 55 настай байсан бөгөөд зарим нэг түүхчид экс сайд амиа хорлосон гэж үздэг билээ. Линкольны аллагын тухай дэндүү ихийг мэдэж байсан хүмүүс бүгд эмгэнэлтэйгээр таалал төгссөн нь сонирхол татахгүй байна гэж үү?

Мэдээж, өнөөдөр хэн ч Ерөнхийлөгч Линкольны аллагыг Эдвин Стэнтон зохион байгуулсан гэдгийг нотолж чадахгүй. Иргэний дайны үед Стэнтон Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүний нэг байсан юм. Дээр дурдагдсан сонин зүйлүүд нөхцөл байдал тэгж таарсан хэмээн тодорхойлогдож болох ч бүгд л маш сонин бодлыг төрүүлдэг нь дамжиггүй юм. Тиймээс Авраам Линкольны аллага чухам хэний зохион байгуулсан зүйл байсан вэ гэдэг нь өнөөдөр яг таг тодорхой болоогүй зүйл билээ.

Их Британийн нэгэн түүхч эрдэмтэн хошигнон энэ бүх нөхцөл байдлыг “Кантри маягийн эмгэнэлт аллага” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, мань хүн тухайн цаг үеийн Америкийн тусгай албадын чадвар муу, тун ч бүдүүлэг байсныг өгүүлсэн хэрэг байж. Гэхдээ магадгүй энэ бүхний цаана Ерөнхийлөгч Линкольны аллагын үнэн бодит байдлыг нуух гэсэн хүсэл нуугдаж байж мэдэх юм. Тиймээс Жон Уилкс Бут, түүний ард нуугдаж байсан өндөр албан тушаалын хүмүүс үнэн хэрэг дээрээ зөв зүйлийн төлөө тэмцэж, эх орноо задрал, бутралаас хамгаалсан байж мэдэх талтай.

Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]