Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Британийн Гадаад хэргийн сайд илтгэлдээ Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас онцолжээУншсан17,960

Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трасс Австралид айлчлах үеэрээ Сидней хотын Лоуи институтэд уригдаж, илтгэл тавьсан юм.

Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трасс Австралид айлчлах үеэрээ Сидней хотын Лоуи институтэд уригдаж, илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ ардчилал, эрх чөлөө, дэлхий нийтийн дэг журамд тулгарч байгаа аюулын эсрэг Их Британи, Австрали улсууд хамтран тэмцэх шаардлагатай нүүр тулсан тухай ярьсан байна. Ингэхдээ илтгэлийнхээ эхлэлд Украины хямралыг хөндөхдөө "монгол, татарын түрэмгийлэл"-ийн сэдвийг иш татсан нь олны анхааралд өртсөн. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас ням гаригт мэдэгдэл гаргаж Элизабет Трассын хэлсэн үгийг эсэргүүцэхдээ “Британийн Гадаад хэргийн яамны тарааж буй худал мэдээлэл нь англо-саксончуудын тэргүүлсэн НАТО-гийн орнууд Украины нөхцөл байдлыг хурцатгаж байгаагийн нэг баталгаа боллоо. Бид Британийн Гадаад хэргийн яамнаас утгагүй мэдээлэл тараах, өдөөн хатгахаа зогсоож, оронд нь татар-Монголын байлдан дагууллын үеийн түүхийг судлахыг уриалж байна” хэмээсэн байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трасс монголчууд болон татаруудыг хоёр өөр үндэстэн гэж ойлгодог бололтой, гэсэн хэдий ч зүүн Европ монголчуудын байлдан дагуулалд өвдөг сөхөрч байсан түүхийг лав гадарладаг аж. Тэрээр илтгэлдээ Оросоос байгалийн хийн хараат байдалд орохгүйн төлөө ажиллах ёстойг, Ираны цөмийн хөтөлбөр өндөр түвшинд гарсан, БНХАУ, ОХУ-ын түншлэл, хамтын ажиллагаа урьд байгаагүй түвшинд гарч ирсэн, бид дэлхий даяар авторитар дэглэмүүд нэгдэж байгаа зэргийг онцолжээ. Ингээд түүний Лоуи институтэд тавьсан илтгэлээс хэсэгчлэн хүргэе.

Элизабет Трасс: Бид дэлхий даяар авторитар дэглэмүүд нэгдэж байгааг харж байна

Би Австрали улсыг чөлөөт худалдаа, үг хэлэх эрх чөлөө, хүний эрх, эмэгтэйчүүд, охидын эрхийг дэмжих чиглэлээр хийж буй ажлыг нь хараад урам зориг орж байна. Манай хоёр улсын ойр дотно харилцаа урьд өмнөхөөсөө илүү болсон, бид хамтдаа улам ихийг хийж байна. Түүнчлэн бидний өмнө тулгараад байгаа аюул заналын улмаас манай хоёр улсын найрсаг харилцаа юу юунаас илүүтэй амин чухал болж байна.

Кремль түүхээс сургамж авахгүй байна. Тэд ЗХУ-ыг сэргээх, эсвэл нэг төрлийн "Их Орос"-ыг бий болгохыг мөрөөддөг. Тэд бусдыг заналхийлж, нөхцөл байдлыг тогтворгүй болгохдоо үүнийгээ тогтвортой байдлыг хүсч байгаагаас гэж тайлбарладаг. Ийм байдлаас хэчнээн хүний амь нас хохирч, гай зовлон ирдгийг бид мэднэ. Тийм ч учраас бид Ерөнхийлөгч Путиныг стратегийн томоохон алдаа гаргахаас өмнө Украинаас татгалзаж, ухрахыг уриалж байна. Украин бол олон жилийн түүхтэй орон юм. Тэд өмнө нь монголчуудаас эхлээд татаруудын түрэмгийлэлд өртөж байсан. Төрийн бодлогоор өлсгөлөнд нэрвэгдэж, зовж шаналж байсан. Украинчуудын зовлонг тэсвэрлэх чадвар гүн гүнзгий байдаг. Хэрэв шаардлагатай бол украинчууд эх орноо хамгаалахын тулд тэмцэнэ.

Афганистаны дайн, Чеченийн мөргөлдөөнөөс эхлээд түрэмгийлэл бүхэн намагт гүн шигдэхэд хүргэдгийг бид харсан. Өнгөрсөн долоо хоногт НАТО-Оросын зөвлөгөөнд бид Украинд цаашид заналхийлэл үзүүлэх нь асар их сөрөг үр дагавар авчрах болно гэсэн тодорхой мессежийг Москвад өгсөн. Энэ долоо хоногт манай улс Украины батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэхийн тулд зэвсгийн тусламж үзүүлж, сургалт хийлээ. Мөн бид Оросын санхүүгийн салбар болон тодорхой хүмүүс рүү чиглэсэн хориг арга хэмжээ авах талаар түншүүдтэйгээ зөвлөлдөж байна. 12-р сард Лондонд болсон өндөр түвшний хэлэлцээний дараа бид Польш, Украинтай гурван талт шинэ харилцааг хөгжүүлж байна. Бид мөн эрчим хүчний хангамжийн өөр хувилбаруудыг эрэлхийлж байна, ингэснээр улс орнууд байгалийн хийн түлшний хувьд Оросоос бага хамааралтай болно. Бид бүгдээрээ урагшлах хэрэгтэй. Бид холбоотнуудынхаа хамтаар Украины талд байж, хурцадмал байдлыг намжаахыг ОХУ-д уриалах болно.

Зүүн Европын нөхцөл байдал дэлхийн хувьд амин чухал. Эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёсонд заналхийлж буй заналхийлэл нь зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн шинжтэй байна. Ираны цөмийн хөтөлбөр хэзээ ч ийм дэвшилтэт түвшинд гарч бидний санааг зовоож байсангүй. БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн нислэг тогтмол үйлдэж байна. Тэд ардчиллыг буланд шахах гэж эдийн засгийн хүч чадлаа ашиглаж байна.

ОХУ, БНХАУ хоёр хамтарсан цэргийн сургуулилт явуулж, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшил ашиглан Номхон далайн баруун хэсэгт ноёрхлоо тогтоох, цаашлаад сансар огторгуйд ноёрхохын тулд хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж байна. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Орос, Хятад хоёр улс сүүлийн 70 жилдээ байгаагүйгээр ойр дотно, сайн харилцаатай болжээ.

Мөн бид дэлхий даяар авторитар дэглэмүүд нэгдэж байгааг харж байна. Беларусь, Хойд Солонгос, Мьянмарын дэглэмүүд Москва, Бээжингээс хамгийн ойрын холбоотнуудаа олоход гайхах зүйл алга. Москва, Бээжин эдгээр үндэстнүүдийг хамтрагч биш, утсан хүүхэлдэй мэт хардаг. Москва тэднийг суртал ухуулгадаа ашиглаж, ардчиллыг тогтворгүй болгохыг хүсч байна. Бээжин Беларусьтай “төмөр ахан дүүс” гэгчийг зарлалаа, Ираны нефтийн хамгийн том худалдан авагч, Пхеньяны худалдааны хамгийн том түнш боллоо. Хятад, Орос улсууд үзэл суртлын орон зайг дүүргэхээр яарч, Хүйтэн дайнаас хойш бидний харж байгаагүй арга замаар тэд зоригтой урагшилж байна.

Эрх чөлөөг эрхэмлэгч ардчилсан улсуудын хувьд бид эдгээр аюул заналхийллийг даван туулахын тулд босох ёстой. НАТО-гийн зэрэгцээ Австрали, Энэтхэг, Япон, Индонез, Израиль зэрэг түншүүдтэйгээ хамтран дэлхийн эрх чөлөөний сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Түрэмгийлэгчид амлалт, үүргээсээ буцаж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг тогтворгүй болгож, түүнийг үндэслэсэн үнэт зүйлсээс татгалзаж байна. Гэхдээ тэглээ гээд тэдэнд олон улсын тогтсон дэг журмын оронд санал болгох сайн хувилбар алга л байна. Угтаа бид тулгараад байгаа томоохон асуудлуудыг тэдэнтэй хамт, ширээний ард шийдвэрлэхийг хүсч байна. Хятад, Оростой худалдаа хийх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Ираныг хэлэлцээрийн ширээний ард суулгах зэрэг чиглэлээр.

Чөлөөт ертөнц бол өөр. Бид юуны эсрэг байгаагаараа бус, харин юуны төлөө байгаагаар тодорхойлогддог. Бид эрх чөлөө, ардчилалд итгэдэг. Хувь хүний эрх чөлөө бол дэлхий дээрх хамгийн том хувиргагч хүч гэдэгт бид итгэдэг. Хүмүүс өөрсдийнхөө амьдралыг сонгох эрхтэй, эрх чөлөө, боломж байгаа үед тэд гайхалтай амжилтад хүрдэг.

Бид Хятадын эдийн засгийн албадлагын бодлогод санаа зовниж буйгаа илэрхийлж, Оросын түрэмгийллийг буруушаахаар нэгдлээ. Бид хамтдаа дэлхий даяар эрх чөлөө, ардчиллын төлөө мөр зэрэгцэн зогсох хүсэл зоригоо харуулсан. Өнгөрсөн жил Их Британийн хувьд Хүйтэн дайн дууссанаас хойшхи батлан хамгаалахын зардал хамгийн их нэмэгдсэн он боллоо. Австрали улс аюулгүй байдлын төлөө амлалтд хүрч байгааг харахад таатай байна. Бидний хамтын ажиллагааны хүч чадал олон удаа нотлогдсон. Европ, Газар дундын тэнгис, Хойд Африк, Номхон далайн түүхэн тулааны талбарт эрх чөлөөний төлөө амиа өгсөн Австрали, Шинэ Зеландын иргэдийг бид үүрд дурсах болно.

АНУ-тай хүчээ нэгтгэснээр бид бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах шийдэмгий байдлаа харуулж байна. Бид Австрали улсад цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцтой болоход тусалж байгаа бөгөөд мөн АНУ, Их Британи, Австрали улсууд кибер, хиймэл оюун ухаан, квант физикийн зэрэг салбаруудад дэвшилт гаргах талаар гүнзгий хамтран ажиллаж байна. Бид Энэтхэг болон Номхон далайн түншүүдтэйгээ тогтвортой байдлыг хангахад туслахын тулд олж авсан мэдлэгээ ашиглахыг хүсэж байна.

Би маргааш Их Британи, Австралийн хамтарсан шинэ төрлийн 26 фрегат онгоцыг барьж босгож буй Аделаида дахь усан онгоцны үйлдвэрт зочлохыг тэсэн ядан хүлээж байна. Эцэст нь бид технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Нүүр царайгаар таних програм хангамж, хиймэл оюун ухаанаар дамжуулан кибер халдлага, өндөр технологийн тандалтын төлвийг бий болгох зэргээр ирээдүйн технологиудыг хор хөнөөлтэй зорилгод ашиглахыг бид зөвшөөрч болохгүй. Тийм ч учраас бид шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх замаар илүү хурдацтай урагшлахыг хүсч байна.

Австрали улс Huawei-гийн 5G сүлжээг хориглосон шиг бид дэд бүтцээсээ хасаж байна. Мөн бид Австралийн туршлагыг ашиглаж байна, тухайлбал, Лондонгийн метронд хамгийн сүүлийн үеийн 5G сүлжээг бий болгох зэргээр. Энэ долоо хоногт Австрали улстай Кибер технологийн түншлэлээ эхлүүлж байгаадаа баяртай байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]