Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүрэнжавыг гуларч, мандаж явсныг яриулж, Бадарчийг халааж дуулах, уйлахыг нь харж дөч тавин жил уйдсангүйУншсан71,254

эднийг яривал ч ёстой дуунд гардгаар “Манай хошуугаар хэлцээд барахгүй” байх аа. Цаадуулыг чинь больё гэхэд ганцхан өөрийнхөө аймгийн хэдийг яриад суучихад л сонины зайд халтай юм болно.

-Бүрэнгийн бүрэн найрагч ах минь шилмэл ботио гаргаж аваад нэг хэсэгтээ амсхийж сууна уу. Эсвэл нууцхан бөөн уран бүтээл туурвиж байна уу?

-1966 онд Жамбын Дашдондог “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга байхдаа манай аймгаар ирж, миний найман мөр шүлгийг сэтгүүлдээ тавьж өгсөн, эсвэл Явуу багш “Цог” сэтгүүлийн “Таны шинэ танил” буланд бүлэг шүлгийг минь хэвлэж өгснөөс хойш би их цаас цоохорложээ. Яахав, түүврүүдээ гаргалаа. Тэгэхдээ мах ясанд төрсөн юм гэдэг эзнээ тийм ч амархан бурантгийг нь эвхээд тавьчихдаггүй юм биш үү. Цаасаа нухаж л байна.

-Та анх хэвлэгдсэн шүлгүүдийнхээ тухай хэллээ. Ямар шүлгүүд байв?

-“Залуу үе”-д гарсан нэргүй шүлэг маань

“Хөвөн цэнхэр үүлэн цаснаас

Хөөрхөн чи минь шагайх шиг боллоо

Хөөрөн баясаад ахин харахнаа

Хөх л тэнгэрийн саран байлаа...” гээд өөр нэг бадаг байсан юм. Энд би байгаа юм. Бас нэг хэсэг юм байхгүй байсан цаг юм аа. 1968 онд “Цог”-тоо 11 шүлэг тавьсан. Миний анхны номын нэр “Нутгийн зургаан өнгө”, “Хөдөө”, “Зуны баясал” энэ тэр гээд байсан шиг байгаа юм. Дээр нь,

“Зэлэндээ хэвтсэн сарлагийн бух шиг

Зэрэгцэн хүглийх уулс бараалан

Хавьтсанаа сүлбэмээр эвэр нь гэмээр

Хавирган сар хэцэд нь туяарна” гэх юм уу

“Зан сайтай зун бүсгүй

Зайгүй шөнөжин нэрж хонов уу

Тунгалаг сархад шүүдрийн дусал

Туяхан ишнээ бөнжийн байна.

Захгүй талын энэ нэрмэлийг

Залгилж залгилж согтоо юм уу

Холын уулс зэрэглээнд гуйван

Холдон нийлэн цэнхэрлэж байна” энэ тэр гэж байлаа. Яг л миний төрж өссөн Бүрэнгийн тал нутгийн зураг фокустай, фокусгүй гарч байжээ, хөөрхий.

-Явуухулан хэмээх Монгол найргийн гэрэлт сүмбэрийг хар багадаа бараадсан азтай толгод яах аргагүй мөн дөө, та?

-Нэг мянга есөн зуун жаран зургаан оны зургаан сард Ардын их хурлын сонгууль болж байсан юм. Тэр үед би Төв аймгийн Залуучуудын эвлэлийн хороонд хорин нэгэн настай залуу ажиллаж байлаа. Зохиолчид Ч.Лхамсүрэн, С.Дашдооров, М.Цэдэндорж, М.Ширчинсүрэн өөр хэн ч байлаа автобус дүүрэн улс аймгийн төвд уулзалт хийж явжээ. Намайг урьд нь дуулсан Ш.Сүрэнжав, Явуу багштай цуг над дээр ороод ирэхгүй юу. Тэдэнд хоёр шүлэг уншиж өгч байхад намайг тоож “Цог”-т шүлгийг минь гаргаж болох юм гэсэн. Би ухаандаа цэнээд, хэлсэн дээр нь гэсэн шиг яаран шүлэг барьж гүйгээгүй. Хоёр жил болж байж очсон л доо.

-Хэрсүү толгойн л зан даа ...

-Миний сайных биш ээ. Ер нь манай бүрэнгийнхэн аажуу улс. Ялангуяа миний төрсөн хонхор Талын булгаас хэн нь ч байсан тэгнэ. Явуу багш намайг шууд л дэмжсэн юм. “Цог”-т гарсан шүлгүүд “Цог”-ийн оны тэргүүн шагнал авч байлаа. Пүрэвжавын Пүрэвсүрэн бид хоёр адилхан шагнал хүртэхгүй юу. Дараа нь анхны ном гаргаж өгсөн. Хориод шүлэг том дугтуйд хийгээд аймгийн утга зохиолын дугуйлангийн Х.Арьяажаваар “Иймэрхүү юм бичиж оролдож байна” гээд явуулчихсан чинь “Шүлгүүдийг чинь үзлээ. Ном болгож гаргая” гэж надад хэлүүлсэн юм. Өмнө нь Явуу багшаар итгэл урмын сайхан үг бичүүлээд номоо гаргачихсан хүн чинь мандана биз дээ. Дорхноо аймгийн сонинд очоод, сониноосоо сэтгүүлчийн ангид орж, тэндээс Горькийн сургуульд очиж хоёр жил ном уншаад... Одоо ийм нэг өвгөн сууж байна даа.

-Залуу үе, залгамж халаа гэдэг хаврын ногоо шиг л ургаад, түрээд ирэх нь орчлонгийн жам. Та бүхний хойч үе хэр туурвиж байх шиг байна. Таныхаар хэн нь илүү бичиж байх юм бэ дээ?

-Бавуудорж, Ичинхорлоо, Мөнхцэцэг, манай Хулан эднийг одоо хэн залуу гэх вэ. Олон залуу авьяастан байна. Энэ олон радио, сонин, телевиз дунд хэн гэдэг шинэ хүн юу хэлэв, нийтлүүлэв гэдгийг мэдэх боломж бараг ховор юм. Шинэ нь хурдан тодорч, өмнөх нь хурдан бүдгэрдэг сонин цаг ч юм уу. Өөрийн гадарлахаасаа хэлэхэд одоо Архангайд явна уу даа, та нарын цоллоод байдаг “шар” Баттулга, танай сонины Н.Гантулга, цаасан барч, найрагч Цээнзэнгийн Галбадрах, аятайхан өгүүллэгүүдтэй Саюугийн Баттулга, хэнэггүй нь дэндсэнээс биш хэнээс ч дутахгүй М.Амархүү гээд залуус зөндөө байх юм.

-Хуучин андуудынхаа тухай хуучлаач, та?

-Тэднийг яривал ч ёстой дуунд гардгаар “Манай хошуугаар хэлцээд барахгүй” байх аа. Цаадуулыг чинь больё гэхэд ганцхан өөрийнхөө аймгийн хэдийг яриад суучихад л сонины зайд халтай юм болно. Үнэндээ ахмад үе, нөхдөө санах юм аа. Сүрэнжавынд, Бадарчийнд очиж, Сүрэнжавыг яаж гуларч, мандаж явсныг нь яриулж, Бадарчийг халааж “Цэнхэр дурдан алчуур” энэ тэрийг толгойгоо бөнжигнүүлэн дуулах, уйлахыг нь харж дөч тавин жил уйдсангүй. Тангадын Галсан Шинэжинстэд яаж тэмээ хариулсныг нь хуучлуулсан шиг Урианхайн нулимстай яриаг чагнасан шиг, Долгорын Нямаагийн яаж хэвлүүтэхийг харж, ямар сайхан байдгийг залуучууд бол мэдэхгүй л дээ. Муу Пүүжээгээ (П.Пүрэвсүрэн) аль болохоор эргэхийг боддог, эргэдэг ч байлаа. Нэг удаа очиход нөхдөө залууд нь яаж дууддаг байсан янзаараа Ногоон (Сүрэнжав), Дэлдэн (П.Бадарч), Хамар (Т.Галсан) хэзээ ирсэн, удахгүй ирэх байх гэхчилэн яриад “Үгүй хө, хүн гэдэг амьтан чинь олон жил гэрт хэвтэхээрээ ууж, идэхийг бол тоохгүй. Навчаа ч хоол ундандаа зөв юм. Харин та нарыг ирэхгүй бол уйдаж үхэхээ магадгүй юм байна шүү” гэж байсансан. Манай Пүүжээ гутраад “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулаад яваа юм шиг мөртлөө маш их уншдаг хүн байсан. М.Шолохов, Василий Быков, В.Шукшин энэ тэрээс мундаг сайн мэднэ. Шукшин гэснээс тэр намайг нэг удаа очиход Шукшины гурван цэнхэр ботийг бэлэглэлээ. Эхний хуудас дээр нь “Бурхны ерөөлөөр учирсан найз нөхөрлөл хамгаас үнэтэй. Энэ номын баатрууд бол чи бидэн шүү” гэж бичээд гарын үсгээ зурж “2005.05.07” гэсэн байсан юм. Нээрээ л бид Шукшины баатрууд нь үнэн юм чинь. Гэнэн, цайлган, залилуулж ханадаггүй ард түмний өрөөсөн.

-Ном гэхээр чинь саналаа. Тэр жил таны уран бүтээлийн цэнгүүн Дуурийн театрт болоход Бавуугийн Лхагвасүрэн гуай танд шилмэл ботиудаа дурсгаж байхыг би харсан. Ахмадууд бие биедээ ном их дурсгадаг сайхан заншилтай байж дээ?

-Тэр цэнгүүнийг би ч гэсэн санаж л явдаг. 2008 оны арванхоёрдугаар сарын аравдаар болсон юм. Манай Д.Пүрэвдорж, П.Бадарч, Д.Нямаа, Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Д.Төрбат, Ц.Бавуудорж, Х.Сүглэгмаа, А.Эрдэнэ-Очир гээд олон найрагч цуглаж би баярлаж гүйцсэн. Нэгдүгээр эмнэлэгт мэс засалд ороод хэвтэж байсан Ш.Сүрэнжав боолтоо ч авахуулаагүй ирсэн гээд л бод. Тэтгэвэрт гараад бие тааруу байсан Б.Цэдэндамба, хэвтэрт байсан П.Пүрэвсүрэн хоёрыгоо жийпэнд ачиж авчраад уншигчидтай нь уулзуулахад олон хүн баярлаж тэр оройны “од” нь бараг мань хоёр болж байлаа. Пүүжээ бүр тэргэнцэртэйгээ тайзан дээр заларсан юм чинь. Дамбаа тайзан дээр гараад өнөөх бүдүүн дуугаараа “Ойрд бие муу. Үхлийн хар нохой надад ойртон оцойж суучихаад байгаа юм. Энд цугласан нөхдийнхөө шүлгээ уншихыг сонсоод хөгшин буриад хөөрч гүйцлээ. Хар нохой нэг онь буцав бололтой” гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэж хайртай найрагч нь өтөлсөн явааг хараад өрөвдсөн байлгүй, зарим хүн нулимсаа арчиж байсандаг. Тийм ээ, Лхагвасүрэн надад номоо өгч байлаа. “Цоодолынхоо цэнгүүнд би ирэхгүй бол Бүрэнгийн улаан уулс намайг таалахгүй” гээд шилмэл ботиудаа өгч байлаа. Муу нөхрөө гээд ярайтал цуглаад ирсэн нөхдөдөө би баярлахаас яахав. Уулзаагүй удсан олон найрагч, тэдний уншсан шүлгүүд хүмүүст их сайхан санагдсан байх. Орой долоод эхэлсэн уулзалт шөнийн хоёр шахуулж тарсан юмдаг. Өвлийн хүйтэнд хүмүүс яаж ийгээд харьсан хэрэг.

-Миний л мэдэхийн та ийм нэг дүнжгэр эр байсан. Одоо ч хэвээрээ явах юм. Нууц нь юунд байна?

-Уухайс даа, хөгшин хүнийг хөөргөж алах нь уу. Олон жилийн өмнө Гүржийн ууланд 129 настай Ширьли Мислимов гээч байсан гэдэг юм. Түүнээс “Комсомольская правда”-гийн сурвалжлагч их насалсны нь нууцыг асуужээ. Тэгэхэд Мислимов “Би 129 насныхаа сүүлчийн зууд нь өдөр бүр усан үзмийн дарс уусан. Миний энэ үгийг булшин дээр минь бичээрэй” гэсэн гэж сониноос харж байлаа. Би Мислимов биш харин ч амархан өтөлж яваа нэг муу ядарсан шүлэгч.

-М.Цэдэндоржийг та сайн таньдаг байв уу?

- Миний анх амьдаар нь харсан зохиолч Цэдэндорж юм. 1963 оны хаврын зүс бороотой сайхан өдөр М.Цэдэндорж, Д.Намдаг, З.Баттулга анд гурван гоё амьтан Зуунмод хотын гудамжаар алхаж явсан юм. Цэдэндорж гутал дээр өмд дараад өмсчихсөн, эрээн цамцтай, Намдаг нь хээ шаагүй, З.Баттулга нь гоё хар сахалтай, хээнцэр сайхан эр. Амьтад дагаж хараад сүйд ээ. Тэдэнтэй би яаж ойртох вэ. Хэзээ нь ч буцсан юм бэ. М.Цэдэндоржийн бичсэн “Утга зохиол, урлаг” сонин дээр “Далан худалчийн отгон дүү” гээд шог найруулал гараад ирсэн байлаа. Учрыг мэдэхнээ манай аймгийн соёлын хэлтсийн дарга тэдэнтэй уулзъя энэ тэр гэж хүлээлгээд уулзалгүй алга болсон тухай байжээ. Цэдэндорж бас миний анхны номын нэрийг өгсөн хүн. Яруу найргийн зөвлөлөөр анхны номыг минь хэлэлцэх үед нэрийг нь Цэдэндорж өгсөн юм билээ. Сүүлд Явуу багш “Чиний номын нэрийг Миша өгсөн юм. Өөрөөр хэлбэл, чиний сангийн лам нь Цэдэндорж” гэж байлаа. Өөр олон сайхан дурсамж бий. Р.Гамзатовын “Миний Дагестан” номыг орчуулсан эх нь болох “Роман газета”-г надад өгч “Чамайг хэрэгтэй юм сурахад чинь нэмэр болно гэж энэ ухаант хүний номыг дурсгав. 1970.05.01” гэж бичиж өгсөн. Миний оросоор хальтчуулсан анхны ном “Миний Дагестан” гээд л ярьж болно. Одоо нөхдөө санах юм аа. Шүлэг хүртэл бичнэ гээч.

“Европ арьстай Монгол зүрхтэй Цэдэндорж

Ёвроод авах шиг үнэн үгээ түн түн хэлэх

Ёстой гоё байлаа, найрагчид амьд байлаа

Гоцлон дуулаач шиг Гайтав салхи тавьтал ерөөх

Гонойж муруйлдан зогсоод Чойном сахал доороо хараах

Гоё байлаа, найрагчид амьд байлаа

Горьгүй хэлгий хүүхэд шиг Ширчинсүрэн

Горхи урсах мэт хайрын шүлгээ шулганах

Гоё байлаа, найрагчид амьд байлаа...” Уйдсан хүн чинь ингэж л суух юм даа.

-Ойрдоо ямар сайхан ном уншив?

-Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд харлаа. Одоо гэхэд Луугийн номыг уншиж байна.

-Луу гэж хэнийг хэлээд байна?

-Яагав дээ, “Луу”-гаа мэддэггүй юм уу. Лувсандамбын Дашням л байхгүй юу. Дашням үзэг нэгт нөхдийнхөө тухай “Байх, байх үгүйн дунд” гэсэн сайхан ном бичжээ. Дурсамжийн ном зөндөө гарч байна. Луу арай л шийр заасан байна.

-Өнөөгийн манай яруу найргийн талаар цөөн үг хэлээч?

-Яруу найраг амьдралтай, хаанаас нь ч харсан Монгол найраг байгаасай. Агуулгын хувьд гүнзгийрээсэй. Хэлсэн юмгүй бол хэлбэр хөөгөөд юу гавих билээ. Хэлбэр гэдэг бол ердөө л хувцас. Архи, дарсаар яривал лонх нь гэсэн үг. Уулаасаа муу гарсан сувсыг “морь-сарлаг”-ийн шилэнд хийлээ гээд хувирахгүйтэй л адилхан.

Цаг хугацаа минь-чөдрийн ганц минь

Дуулим хорвоогийн өдрүүд сүрэг олон адуу

Дураараа бид цөмийг нь нэг нэгээр унах юм даа

Нарны доор миний залуухан ижий

Намайг төрүүлэхээр нэгий нь унаад ирж байсан

Зүйргүй сайхан чамтайгаа уулзах билээ гэж

Зүрхэндээ дуулаад би нэгий нь унаад очиж байсан

Замбуулингийн гунигтай, баяртай олон өдөр

Заавал аль нэгийг нь бид унаж явдаг

Шивээ Хиагт руу Сүхбаатар ухаа хонгороо эмээллээгүй

Шийдэх тулаанд хорин нэгэн оны өдрүүдийг унаж явсан

Суут Дандар Японы өөдөөс алаг мориор дайраагүй

Сум сөрж гучин есөн оны дөрөөн дээр явсан

Гүррагчаа дэлхийгээс “Союз” хөлгөөр биш

Гүн тэнгэрээд 81 оны хаврын өдрүүдийг унаж явсан

Шинэ Монголыг урласан бидний алтан өвгөд

Шилээд цаг цагийн өдрүүдээр хөлөглөж явсан

Бурхны номонд сайжрахаар Утай, Гүмбэнг зорьсон

Буурал эртний гэлэнгүүд үүргэвчтэй явган гэлдрээгүй

Буухиа цагийн унаагаар газар хороож явсан.

Шоолол жигшлийн бай-хамгийн муу ялтан ч

Шорондоо нэг л өдрөөр унаажиж хүрдэг

Түргэнийхэн дохиотой машинаар дуудлаганд явдаггүй

Түгшиж яарсаар цагийн нуруунд давхиж явдаг

Өдөр хоног гэдэг ачтай унаа үгүй сэн бол

Өрх нь бүтээлгээстэй орчлон дугжрах байсан

Санаандгүй яваа хойчид минь чиний цаг дуусвал

Сартай орчлон өмнө чинь хаалгаа барилаа гэсэн үг

Мөнхрөх биш өнхрөх толгой хүмүүс та нар минь

Мөнгө, мөнгө гэж юунд дандаа амьтана вэ

Зон олонтойгоо жаргах, хайрлах заяагий чинь өгч

Зорьсондоо хүргэх унаа-чөдрийн ганц

Зогсолтгүй гэлдрэгч морио юунд үл хайрлана вэ.

Матадмаа

Халгиа цэнхэр горхи хажуугаар минь өнгөрөхдөө

Хамгийн хөөрхөн хүүхэн Матадмаа, Матадмаа гэлээ

Хавийн олон залуучууд ханарч дагаад үлдэхдээ

Хараад л суумаар хүүхэн Матадмаа, Матадмаа гэлцлээ

Гангар гунгар гэсээр ангир галуу дуулахдаа ч

Ганцхан хөөрхөн хүүхэн Матадмаа, Матадмаа гэлээ

Гадаа гэртгүй хүмүүс сэтгэл алдаад ярихдаа

Галыг минь түлдэг ч болоосой Матадмаа, Матадмаа гэлээ

Далай тэнгэрийн одод тооноор шагайж хэлэхдээ

Дагаад явчмаар хүүхэн Матадмаа, Матадмаа гэлээ

Далдхан сэтгэл минь уясаж ганцхан түүнд шивнэхдээ

Дандаа хоёулаа жаргая даа Матадмаа, Матадмаа гэлээ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]