Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зургаан залуу зааны зул задарсан наадамУншсан8,534

Үе үеийн бөхчүүд өөр өөрийн гэсэн өнгө төрх, ааш авир, адал явдалтай байж бөх сонирхогч түмэн олны сэтгэл зүрхэнд хадагдан үлдсэн байдаг.

Үе үеийн бөхчүүд өөр өөрийн гэсэн өнгө төрх, ааш авир, адал явдалтай байж бөх сонирхогч түмэн олны сэтгэл зүрхэнд хадагдан үлдсэн байдаг. “Хоёр Мөнх”, “Хоёр Эрдэнэ” хэмээх хэллэгийг зөвхөн Монгол хүн л ойлгож мэдэрнэ. Хоёр Мөнх үнээ саалгалгүй нутгийн авгайн ажлыг алдуулж, Хоёр Эрдэнэ гэрэлтүүлэггүй төв цэнгэлдэхийн гэмийг мэдрүүлж, шөнө дөл дөхтөл хөлс хүчээ шавхан барилдсан нь Монгол бөхийн нэгэн домог. Тэгвэл хожуу “Зургаан залуу заан” хэмээх хэллэг гарч ирсэн. Хэн нь ч хэнийгээ давж мэдэх, хэзээ ч ямар ч ахиу цолд хүрч чадах энэ зургаан залуу бөх нэгэн үе улсын заан цол дээр уягдсан нь ард түмэн энэ хэллэгийг үргэлж санаж бас санааширч явах хэмжээнд хүргэсэн билээ. Бат-Эрдэнэ аварга босоо дархалж, түүнийг харих үед энэ залуус бүгд ор суурийг нь эзэлж, улсын наадмын түрүүг хүртэхээр тулж ирчихээд байлаа.

2000 оны наадмаар өнөөх зургаан залуу заан бүгдээрээ улсын наадмын дунд шөвөгт үлдэв. Тэдэнтэй хамт “Хоёр Эрдэнэ” шалгарсан байлаа. Аргагүй л шинэ үе түрэн гарч ирснээс хамгийн хүчтэй, хамгийн аюултай залуус нь ийнхүү шилэгдэн гарч ирсэн нь гайхалтай. “Хоёр Эрдэнэ” “Зургаан залуу заан” ингэж нэгэн наадмаар таарсан нь энэ.

Бат-Эрдэнэ аварга залуусын хэнийг нь ч авалгүй, таван жил дараалан есөн хөлт цаг тугийг дагаж тойрсон арслангаа амлалаа. Харин зургаан залуу зааны магнай Ц.Цэрэнпунцаг гарьд тэр жил ихэд зузаарч, өнгө зүс тун сайтай харагдсан Б.Гантогтохыг амлалаа. Цэрэнтогтох аваргын нэгэнтээ шүүмжилж хэлсэнчлэн Цэрэнпунцаг бол тэвчээргүй барилдаантай бөх. Тэр тэсэрч мэх хийж, яарч барилддаг. Харин Гантогтох хар багаасаа бөхийн хүрээнд өсч, нялхаараа барилдааны амт шимтийг мэдэрсэн тул хашир сууж, илүү дутуу хөдөлгөөн хийж, тэвдэж яардаггүйгээрээ онцлогтой.

Пунцагаагийн дараа Г.Өсөхбаяр ам авлаа. Тэр Баруунтурууны баруун зүүнгүй хавирдаг Б.Ганбатыг амласан. Увсын наадам дээрээс Баянаа аваргын “урвуулж” улсад авчирсан энэ хүү Ганбат осолд орж, дараа нь шарлаж нэг хэсэг барилдахгүй байж байгаад зодоглосон нь энэ. Нэг л хар цагаан хэл амнаас гарахгүй байсан Ганбатыг удамт аваргын хүү Г.Өсөхбаяр удаж төдөлгүй дайраад хаячихлаа.  Ингээд Д.Сумъяабазар А.Сүхбат нарыг хэн ч амлалгүй туналаа. Бат-Эрдэнэ аваргатай ширүүн барилдаж, илт зузаарч, бие болоод сэтгэлийн тэнхээ нэмсэн А.Сүхбатыг тэр наадмаар хэн нэгэн зогсооно гэхэд хэцүү санагдаж байсан. Ноднин жилийн наадмаар Сумьяабазарыг яарч татаад дээрээ алдсан А.Сүхбат энэ удаад золгоод ганцхан гар ачаад давчихлаа. Гар ачаанд унана гэж төсөөлөөгүй явсан Өвөрхангайн заан ихэд харамсаж байгаа нь илт. Уг нь наадмын өмнөхөн болсон Хасуу барилдааны үеэр мөн нисэлттэй гар ачуулж байсан юмсан. Гэвч наадмаар дахин тэр мэхэнд уначихна чинээ санаагүй биз.

Харин Цэрэнпунцаг Гантогтох хоёр нэлээд удав. Пунцагаа удах угаасаа дургүй тул санаанд орсон мэхээ хийсээр эцэстээ давхар шуудагнаас барьцаа алдангуутаа тохоод эргүүлж даруулан өвдөг шороодлоо.

Ийнхүү зургаан залуу заанаас гурав нь үлдэх нь тэр. Ц.Цэрэнпунцаг, Д.Сумьяабазар, Б.Ганбат нар наадмыг орхиж харин Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар босоо аварга Б.Бат-Эрдэнэтэй шөвгийн дөрөвт үлдлээ. Бат-Эрдэнэ аварга тэр жил ноолууран цагаан дээлээр гоёж, наадмаа чимсэн ч наймын даваанд Б.Гантогтоход зүгээр л тахимаа өгчихөв.

Ингээд Гантогтох гар амар нэг давж, Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн нь давахыг л хүлээх үлдлээ. Аварга аавын буянаар их шөвөгт ийнхүү даваа авсан Гантогтохтой хэн нь барилдахаа шийдэхээр хоёр заан өрлөө. Сүхбат суйлаад, ард нь гараад, өрсөлдөгчийнхөө хөлийг гараараа “сүлжин” дөрвөн хөллүүллээд өвдөг шороодуулав. А.Сүхбат ийнгэж давчихаад гуйвж дайван арай чүү дэвж, дараа нь алхаж ядан тахимаа авахыг нь харвал дараагийн даваанд Гантогтоход амар болсон шиг. Хоёр заан зүүн баруун талын засуулуудыг сөгдүүлэн дэвэн гарч ирлээ. Төв цэнгэлдэхийн үзелиэр гавьяат жүжигчин Равдан гуай энэ үед гайхалтай үг хэлж олныг ихэд шуугиулсан. Тэр “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын үгийг сануулсан санагдана. Учир нь улсын наадмын түрүү булаалдах хоёр заан ах дүү хоёр. Гэлээ ч нутаг ус ондоо гэдгийг тэгэхэд хэлсэн билээ. Ингээд Сүхбат давхар шуудагнаас шахаж татаад тавимагцаа баруун хутгаж Гантогтохыг давж, улсын арслан цолны болзол хангалаа. Энэ даваанаас хойш өнөөх “Зургаан залуу заан” хэмээх хэллэг улирч, зөвхөн дурсамж байдлаар яригдах болов. Учир нь арслан цолтон тэдний дотроос мэндэлчихлээ.

Х.Баянмөнх аварга энэ наадмын дараа А.Сүхбатын маш хурдан сэргэсэн тухай сэтгүүлчийн асуултад “Наадмын өмнө бэлтгэл хоёр хүү маань маш сайн хийсэн. Арван минут амраад л дахин сэргэж барилдаж чадахаар хэмжээнд бэлтгэлийг нь базаасан юм. Тэгэхээр Сүхбатын тэгж хурдан сэргэж, сайн барилдсанд гайхах зүйлгүй” гэж хэлсэн.  Ингээд зургаан залуу заан хэмээх хэллэг утгаа алдсан ч тэр зургаан залуугийн тэмцэл ид оргил үедээ орлоо. Бат-Эрдэнэ аварга түрж гарч ирсэн залууст боломж олгож, өөрөө үзүүр түрүүний төлөө барилдахаас татгалзснаар зургаан залуугийн зам дардан болсон ч гэж хэлж болно.

Хойтон нь А.Сүхбат дахин түрүүлж, улсын аварга цол хүртснээ төв цэнгэлдэхийн дэвжээгээ тойрч гүйн тэмдэглэсэн. Харин дараа жил Г.Өсөхбаяр түрүүлсэн. Ингэсээр өнөөх зургаан залуу заанаас дархан аварга хоёр, улсын аварга нэг, улсан арслан нэг, улсын гарьд хоёр төрсөн билээ. Тиймээс зургаан залуу заанаас заан цол дээрээ үлдэх бөх үлдсэнгүй. Зургаан залуу зааны зул задарсан наадмыг эргэн дурссан минь энэ.

Р.Гэгээ

2016 он

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]