Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гагаринаас өмнө сансарт ниссэн нисгэгчид гэж...Уншсан8,416

Гэхдээ энэ удаа саран дээр хүн буусан эсэх талаар биш харин Юрий Гагаринаас өмнө олон хүн сансарт нисэж үхэж үрэгдэж байсан гэдэг маргааны тухай.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Сансар судлалтай холбоотой олон үнэн худал нь үл мэдэгдэх яриа, цуу үе үе дэгдэж олон хүний тархи толгойг эргүүлдэг бөгөөд үүний хамгийн том жишээ нь “Америкчууд саран дээр буугаагүй” хэмээх дэмий гэхэд ч багадмаар яриа юм. Гэхдээ энэ удаа саран дээр хүн буусан эсэх талаар биш харин Юрий Гагаринаас өмнө олон хүн сансарт нисэж үхэж үрэгдэж байсан гэдэг маргааны тухай.

Гагаринаас өмнө хүн нисэж байсан тухай яриа анх гарахад 1961 оны 3-р сарын 22-нд болсон аймшигт осол ихээхэн түлхэц болсон гэдэг. Тухайн өдөр Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн багийн нэг гишүүн болох Валентин Бондаренко туршилтын камерт шатаж өнгөрсөн бөгөөд энэ тухай “Амьдаараа шатсан астронавтууд" нийтлэлдээ бичиж байсан билээ.

Валентин Бондаренко

Тухайн үеийн ЗХУ-ын баримталдаг зарчмаар энэ явдлыг олон түмнээс нууж, Бондаренкогийн бүхий л фото зургийг засаж янзлах, энэ хүний нэр орсон алив нэг нийтлэл, баримт бичгийг мөн өөрчлөх зэргээр ажиллаж байсан гэдэг. Гэхдээ л янз бүрийн цуу гарах нь мэдээж. Цааш тархах тусам давс хужир нь улам бүр нэмэгдэх ба энэ цуу ямар нэгэн байдлаар Москва дахь гадаадын сурвалжлагч, тусгай албадын сонорт хүрэх нь ойлгомжтой. Дараа нь барууны янз бүрийн шар бор хэвлэлүүдэд бичигдэх ба яваандаа “Оросууд Гагаринаас өмнө хүн нисгээд тэр нь үхсэн юм байна шүү дээ” гэсэн ойлголт болж хувирна.

Сергей Королев, Юрий гагарины ард Валентин Бондаренкогийн зогсоогүй энэ хувилбар ихэд тархсан
Григорий Нелюбов

Гал дээр тос хийх гэгчээр иймэрхүү цуу яриа дэлхий дахинд тарж байх үед ЗХУ-ын гурав дахь сансрын нисгэгч болох ёстой байсан Григорий Нелюбов сансрын нисгэгчдийн отрядаас хасагдсан явдал болжээ. Тэр нөхөр мөн отрядын Филатьев, Аникеев нарын хамт нэлээд халамцуу явж байгаад эргүүлийнхэнтэй таарч муудалцан (сансрын нисгэгчдийн хотхон бол онцгой бүс учир жирийн эргүүл биш цэргийн эргүүл ажиллана) зодоон цохиондоо хүрсэн байна. Энэ явдлынхаа төлөө уучлал гуйхаас татгалзсан учир, сансрын нисгэгч байх эрхгүй гэж үзээд мань нөхрийг отрядаас хөөжээ. Нэгэнт отрядаас шившигтэйгээр хөөгдсөн учир энэ хүн Гагарин, Титов мэтийн Зөвлөлтийн шүтээн болсон хүмүүстэй цуг зургаа авахуулсан байж таарахгүй болж дахиад л бөөн засвар. Мөн л бодит байдлаас ихээхэн зөрүүтэй цуу яриа дахиад гарах нь мэдээж. Гэхдээ энэ бүх цуу яриа нь ямар нэг хэмжээгээр бодит байдалтай өчүүхэн ч гэсэн сэжмээр холбогдож байгааг уншигчид анзаарсан байх. Тэгвэл бодит байдлаас даанч зөрүүтэй зүйлүүд бүр эртнээс эхэлж байжээ.

Гагарин, Титов, Нелюбов

Гагаринаас өмнө хүн ниссэн тухай анхны яриа бүр 1959 онд гарсан гэдэг бөгөөд Чехийн нэгэн нөхөр Италийн тусгай алба, бас Continentale хэвлэлийн газарт маш нууц мэдээ дамжуулсан юм байж. Уг мэдээлэлд ЗХУ сансарт хэд хэдэн удаа хүн гаргах гэж оролдсон ба бүгд бүтэлгүйтэж, сансрын нисгэгчид нь амиа алдсан гэжээ. Сэтгүүл ч ийм мэдээг яаран сандран нийлэхгүй яав гэж. Энэ мэдээллийг үнэн гэх ямар ч баталгаа байхгүй гэсэн нэг зовлон байх ч нийтлэл шуугиан тарьж чадлаа.

1965 онд мөн л энэ хэвлэлийн газар Гагаринаас өмнөх сансрын нисгэгчдийн тухай маш чухал мэдээлэл олж авснаа зарласан бөгөөд Италийн хэдэн радио сонирхогч нар сансарт шатаж байгаа Людмила хэмээх нисгэгчийн радио холбоогоор ярьсан яриаг замаас барьж авсан юм байх.  Дөрвөн жилийн өмнө болсон явдал яагаад ч юм 1965 онд ил гарна гэдэг ядаж л сэжигтэй гэмээр.

Энэ бүх элдэв яриа нийлээд Гагаринаас өмнө хүн сансарт нисэж, үрэгдэж байсан тухай яриа үнэн бодит зүйл шиг санагдах нь тодорхой. Удалгүй бүр ч нарийн, тодорхой мэдээлэл цацагдах боллоо. Алексей Ледовский гэдэг хүн 1957 оны 11-р сарын 1-ний өдөр анх сансарт гараад тэндээ амиа алдсан, 1958 оны 2-р сарын 1-нд Сергей Шиборин мөн сансарт үрэгдсэн, 1959 оны 1-р сарын 1-нд Андрей Митков сансарт хөөрч байх үедээ...

Энэ гурван хүний нас барсан он сарыг харахад сонин байх биз. Бүгд л сар болгоны эхний өдөр ниссэн байдаг. Тэр тусмаа бүр 1-р сарын 1-нд сансарт ниснэ гэдэг үү. ЗХУ-ын хувьд шинэ жил гэдэг юу болохыг огт мэдэхгүй хүн л ийм юм бичих байлгүй дээ. Ийм өдрүүдэд Зөвлөлт даяар архи ууж, шартаж, салатандаа хордож байдаг үе.

Дан эрчүүдийг үхүүлээд байх дэмий санагдсан бололтой хүүхнүүдийг бас “намнаж” эхэллээ. Мария Громова гэгч эмэгтэй сансарт нисэж яваад өнгөрсөн юм байх. Дараа нь өмнө дурдсан Людмила...

Иймэрхүү байдлаар цуу яриа газар авч, тэр нь улам бүр баяжсаар өнөө үеийг хүрсэн ба цаашдаа ч энэ сэдэв улам бүр илүү “нарийн тодорхой” зүйлүүдээр баяжих нь тодорхой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]