Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөрсдийнхөнтэйгөө халз үзэлцсэн ньУншсан18,221

1788 оны 9-р сарын 17-нд энэ дэлхийн түүхэн дэх “хамгийн утга учиргүй тулалдаан” хэмээн алдаршсан нэгэн мөргөлдөөн болсон билээ. Энэ мөргөлдөөнийг Карансебешийн тулалдаан хэмээн нэрлэдэг бөгөөд Австри Туркийн хооронд болсон дайны үеэр тохиолдсон явдал юм.

Нийтлэлч Чалчаа саарал


1788 оны 9-р сарын 17-нд энэ дэлхийн түүхэн дэх “хамгийн утга учиргүй тулалдаан” хэмээн алдаршсан нэгэн мөргөлдөөн болсон билээ. Энэ мөргөлдөөнийг Карансебешийн тулалдаан хэмээн нэрлэдэг бөгөөд Австри Туркийн хооронд болсон дайны үеэр тохиолдсон явдал юм.

1787 онд Оросын эзэнт гүрний холбоотон болох Австри улс холбоотны үүргээ биелүүлж Туркийн эсрэг дайнд нэгдэн оржээ. Олон улс үндэстний хөлсний болон бусад цэргээс бүтсэн Австрийн арми бараг 100 000 гаруй хүнтэй байсны ихээхэн хэсгийг герман, унгар, хорват, серб, италийн цэргүүд бүрдүүлж байв. Энэ холион бантан болсон, хоорондоо хэл нэвтрэлцэх байтугай, нэгнийгээ өөрийн тал уу  дайсан уу гэдгээ ялгахдаа муухан арми явсаар өнөөгийн Румын улсын нутаг дэвсгэр дээрх Тимиш голын эрэг дээр хүрэлцэн ирлээ.

Толгойн сэргийлэх болох цөөн тооны гусарууд (нэгэн төрлийн морин цэрэг) гол гатлан Туркийн талыг тандахаар явж байхдаа хэсэг цыгануудтай таарч тэдний хийж зардаг архийг нь бөөний үнээр тооцон овоо хэдэн торх худалдаж авч.

Толгойн сэргийлэх ангиуд чимээгүй болохоор нь дайсан ойрхон байхгүй нь гэж ойлгосон Австрийн цэргийн жанжид явган цэргүүдийг гүүрээр гол гаргаж эхэлсний эхний хэсэг нь архидан согтуурч байгаа гусаруудтай таарлаа. Холын аянд ядарсан явган цэргүүд өөрийн талын морьтнууд жаргаж цэнгэж байгааг хараад атаа жөтөө нь хөдөлж, ихээхэн ширүүн дуугаар архи нэхжээ. Морин цэргүүд юу гэж дайны олзоо зүгээр өгөх вэ. Улмаар муудалцаж зодоон цохин болж байгаад сүүлдээ хутга шөвөгтөө тулан тооны хувьд цөөхөн морин цэргүүд хоосорсон торхоороо нэгэн төрлийн тойрсон хамгаалалт хийхэд архинд шунасан шунал, дээрэнгүй ганган морин цэргүүдийг сургаад өгөх гэсэн хүслээ дарж чадахаа байсан явган цэргүүд дайрч орон балбалцаж байх явцад хэн нэг нь энэ будлианыг зогсоох гэж дээшээ хий буу тавьсныг зодолдож, нүдэлдэж байгаа цэргүүд ойлголгүй, буудлаа гэж үзэн өөд өөдөөсөө буудалцан дайтаж эхэллээ. Тэр тусмаа шөнө болж харанхуйлж байсан гэж байдаг. Олон ч хүн үрэгдэж, шархадсан энэ тулалдааны дундаас шөнийн харанхуйг далимдуулан хэд хэдэн гусарууд мултарч гаран өөрийн ангиуд байрлаж байгаа эрэг дээр гарч ирэх үедээ яагаад ч юм туркууд гэж хашхирсан байна. Магадгүй согтуу гусарууд дайрч байгаа явган цэргүүдийг туркууд гэж бодсон байж ч болох юм. Эрэг дээр байсан олон мянган хүнтэй арми энэ нөхдүүдийн хашхирсан аймшигт үгийг сонсоод сандарч тэвдэн, зарим нэг нь зугтаж эхэллээ.

Юу болоод байгааг ойлгохоо байсан зарим офицерууд цэргээ зогсоох гэж аргаа барж, хашхирч гуагалж байсан ч тэдний үгийг сонсох, эрэмбэд орох хүн байсангүй. Харин герман офицер Halt! (германаар зогс гэсэн үг) гэж орилсныг герман хэл мэдэхгүй бусад үндэстний цэргүүд “аллах” гэж сонсон бүр ч замбараагаа алдлаа. Туркийн цэргийн уриа болсон энэ үгийг сонслоо гэж ойлгосон өөр нэг их бууч офицер нь туркууд дайрч байна бодоод уг дуу гарсан зүг рүү бүх л их буугаараа гал нээхийг өөрийн цэргүүддээ тушааснаар энд тэндгүй том жижиг буу дуугарч хөл толгойгоо алдсан байна. Бөөн бөөнөөрөө гайхаж мэгдсэн олон цэргүүдийн дунд их бууны олон арван сум тэсэрч эхлэхэд энэ том армийн ерөнхий удирдагч Иосиф II хаан сэрж, яаран мориндоо мордон бужигнаж байгаа цэргүүдийн дунд давхин орох үедээ бусад цэргүүдэд түлхэгдэн голын усанд унасан нь түүний хувьд азтай хэрэг байжээ. Чухам голд унасны хүчээр л амьд үлдсэн байна. Эзэн хаантай цуг давхин ирж, мөн л түлхэгдэн унасан туслах нь харин голд биш газар дээр унаснаас бусад морьт цэргүүдийнхээ хөлд үрэгдсэн байдаг.

Замбараа цадигаа алдаж хөл толгойгүй болсон энэ үед зодоон цохион эхлүүлсэн явган цэргүүд ч бас дайсан ирлээ гэж ойлгон өөрийн талын байгаа нөгөө эрэг рүү бөөн бөөнөөрөө гүүрээр гарах гэж зүтгэж эхэлжээ. Мэдээж өөдөөс нь “муусайн туркуудыг хяргаад өгцгөөе” гээд буудаж таараа. Гүүрэн дээрх цэргүүд "тулалдаж" байх тэр үед олон их бууны суманд оногдсон гүүр ч нурлаа. Ийм байдлаар Австрийн арми өөрөө өөртэйгөө эр зориг гарган тулалдсаар бүтэн шөнөжингөө байлдаж. Зугтах нэг нь зугтаж, живэх нэг нь живж, шөнөжин байлдсан армиас өглөө гэхэд тун ч өчүүхэн хэсэг үлдсэн буюу арми, байлдах хүч гэхээр юм байхгүй болсон байв. Бут цохиуллаа гэж ойлгосон олон арван мянган цэрэг нь талаар нэг тарж оджээ. Зөвхөн цэргүүд тарах биш армийн хангамж, зэр зэвсэг ч үрэн таран болж, эвдэрч, голд хаягдсан байв. Нэг ёсондоо ямар ч жинхэнэ тулалдаанд хүлээж болох хохирлоос их хохирлыг Австрийн арми энэ шөнө амссан байна.

Гурван хоногийн дараа Туркийн арми тулаан болсон газарт иржээ. Хэчнээн уран сэтгэмжтэй байсан ч ийм юм болно гэж төсөөлөөгүй Туркийн армийнхан нь нэг нууцлаг шинэ холбоотонтой болжээ гэж баярлан хашхиралдаж байсан гэдэг бөгөөд тэрхүү нууцлаг холбоотон болох Австрийн арми нь ийнхүү өөрөө өөртэйгөө байлдаж, өөрөө өөрийгөө бут цохисон түүх энэ буюу.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 4. 10:59
Зочин

Ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]