Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Cүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир ба мах, шүүстэй холбоотой цээрлэх ёсонУншсан4,626

Ирсэн зочин идээ шүүснээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг өгдөг заншилтай. Өндөр настан, хүүхэд 2 цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай байдаг.

Зориуд урьсан хүнийг зочин, заавал айлчлах учиртай хүндэт хүн болон ах дүүсийг гийчин, гэнэт таарч хоноглосон хүнийг хоноц, зорьж ирэн золгосон хүнийг айлчин гэдэг. Гэвч ямар ч зочин, гийчин, айлчин, хоноцыг байгаа хүнсээрээ дайлж баярлуулаад үдэх ёстой байдаг.  Амсар нь эмтэрхий аяганд цай хийж хүнд барих, аягыг хөмөрч тавих, аяганы амсрыг нь хуруугаараа дарж барих, аяга шаазанг харшуулан дуугаргах, аяга шаазанг зориуд хагалах, аяганы үлдэгдлийг гэр дотроос гадагш цацах, аягалж өгсөн цайг амсахгүй тавих, аягандаа шавхруу үлдээх, аяганд савх хатгаж тавих, аяганд цай хийхдээ бялхаах, аягатай хоолоо зайлж уух, давсгүй хоол цай аягалах, зочинд цай аягалахдаа асгаж цутгахыг цээрлэнэ.

Мах шүүс чанах, идэх, хөндөх зэрэг нь маш өргөн хүрээтэй ёс бөгөөд ахас ихэсээ хүндэлж, хүүхэд багачуудаа хайрлаж буй ёс заншил юм. Богино хавирга, хүзүү, чөмгийг дангаар нь таваглаж зочин гийчинд өгвөл тухайн зочноо боол зарц мэт дорд үзсэн хэрэг болно. Ясыг мөлжүүртэй үлдээвэл хомхой ховдог, ядуу даржин хүний шинж, үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно нохой мэт дорд амьтан болно, мах эвдэхдээ ясыг хутга мэсээр бус гараараа хугалах аваас өөрийн яс бэртэнэ хэмээн цээрлэдэг.

Ирсэн зочин идээ шүүснээс гэрт байгаа хүүхэд болон өндөр настай хүнд хишиг өгдөг заншилтай. Өндөр настан, хүүхэд 2 цатгалан байсан ч хишиг хүртэх дуртай байдаг. Хүүхдэд бөөр, зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмгийг хишиг болгож өгдөг бол өндөр настанд дал, өндөр хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой. Хишгийг заавал хоёр гараа тосч аваад хүүхэд багачууд “гялайлаа”, настангууд “буянаа нэм, надаас их наслаарай” хэмээн ерөөж талархдаг. Зочин хүн мах шүүснээс зооглосны дараа хутгаа авч үлдсэн мах шүүсийг зохих ёсоор байрлуулдаг нь “би цадлаа” гэсэн утгыг илэрхийлдэг. Идээнд хүрэхийн өмнө өрөм тосонд эхэлж хүрэх ба аль болох хонхойлгохгүйг хичээдэг нь тэгш байлгах ёс юм.

Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй учирна, хий юм шүглэнэ хэмээн цээрлэдэг.

Сүүжний ястай холбоотой монголчуудын дунд ихэд тархсан нэгэн аман домог, хууч яриаг хүргэе.

Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. "Хээр хонох болох нь" гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж "Энэ муу чөтгөр ямар хаашаа юм, хүн зүгээр байлгахгүй" гээд аманд нь атга хөмүүл чихсэн чинь "Яасан гашуун юм" гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,

- Одоо яаж байна? гэж асуусан чинь,

- Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,

- Одоо яаж байна? гэж асуухад,

- Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй.

Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,

- Одоо яаж байна? гэж асуутал,

- Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салья даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж, Чөтгөрөөс салсан нь

- Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад,

- Одоо яаж байна? гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь "Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз" гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,

- Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь, Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Үүнээс хойш монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.

Далны яс, толгойг хазаж зулгааж идвэл өстнийхөө толгойг хазаж залгина, чөмөг ташихдаа тэг дундуур нь хугалбал “тэнэг хүн тэг дундуур нь” гэдэгтэй адил болно, чөмгийг хувааж идвэл малын чөмөг дундарч бээрнэ, мах шүүсийг эвдэж хөндөхдөө хутганы ир, үзүүрийг хүн рүү зүглүүлбэл тухайн хүнийг мэсээр занаж байгаатай адил болно хэмээн цээрлэдэг. Хутгыг махан дотор тавибал ховдог шунахай болно, мах гэдэс хоёрыг хамт таваглавал зочиндоо хайнга хандсан санаа болно, эрүүний ясыг ташиж дуугаргавал хэл ам хэрүүл тэмцэл ирнэ, айлын ганц хүү залаа чөмөг идвээс ор ганцаар явахын цондон, ямааны мах идээд хүйтэн ус ууваас өвчин олно гэх мэтээр цээрлэж ирсэн.

Босгон дээр чөмөг таших, чөмгийг хувааж идэх, далыг шүдээрээ зулгаах, хуудсыг ганцаараа идэх, мөгөөрс идэх, дэлүүг хазаж идэх, дэлүүг махтай нь хаях, далны ясыг буурин дээр ил орхих, сархинагны ам идэх, хүүхдэд өрөөсөн бөөр, нугас самалдаг, чөмөг, баатар хуйх, хамар, аймхай мөгөөрс, эргүү малын тархи идүүлэх, их өлссөн хүнд бууз, хуушуур, банш гэх мэт битүү хоол идүүлэх, жигнэсэн битүү хоол идчихээд шууд гарч явах, амаржсан эмэгтэй сарын дотор өөх тос, давс, сэрүүн идээ идэх, хөөрүүлсэн сүү уух, бие давхар эмэгтэй тэмээний мах идэх, архи дарс уух, үхсэн малын мах, өвчтэй малын мах, хүйтэн нойтон идээ, гашуун исгэлэн үнэр амт нь хувирсан идээ идэх, хэтэрхий цадтал идэх, хэтэрхий өлсөж байгаад нэг дор идэх,  хоол шөл идэхдээ хүчтэй сорох, их чимээ гаргах, асгаж цутгах,  рашаан усыг зоргоороо уух, хөлдөж осгосон, хэтэрхий даарч бээрсэн хүнд халуун хоол цай өгөх,  өлөн элгэн дээрээ архи уух, тамхи татах, хүнд хоол идэх, өлссөн хүн гэнэт их хоол идэх, өөх тостой буюу царцуу хоол идэх,  хусман дээр цай хийж уух,  махны шөлийг буцламгай халуунаар уух, хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлэхийг цээрлэнэ.

Хооллохын өмнө хирээ угаа, хоноглохын өмнө амаа угаа, гар бузар, хөл цэвэр гэх мэт сургамж үгнүүдээс үзэхэд хоолны ариун цэврийг сахидаг уламжлалтай байжээ. Хооллох үед их ярих аваас хоол амтгүй болно, босож суух аваас хоол унд тогтворгүй болж хомсдоно, таг дуугүй байх аваас уй гашуу учирна гэх мэтээр цээрлэнэ. Мөн бохир, муу муухай үйл явдал ярих, хараал зүхлийн үг хэлэхийг цээрлэнэ.  Сайхан хооллоорой, амттай байна, гялайлаа гэх мэтээр талархаж, “буян заяа нь дэлгэр, өгсөн хоол тань шингэцтэй, өөх тосны нүнжигтэй байг” гэх мэтээр ерөөлийн үг хэлдэг. Хоолны үеэр цаг агаарын байдал, ойр орчмын сонин сайхан, аян замын үйл хэргийг ярих ба урт түүх намтар, үлгэр домог ярьдаггүй заншилтай. Хоол цайны үеэр чонын тухай ярьж болдоггүй бөгөөд чонын шүд хурц болж мал хорогдоно гэж үздэг.

Дуутай борооны үеэр айраг бүлэх, дээж идээ таваглан засах, амсахдаа толгой нүцгэн байх,  малд явахдаа мах авч явах, идээ будаагаар тоглож наадах, идэж уухын хооронд гиншиж, ёолох, эвшээх, суниах, найтаах, мах шүүс тавихдаа эх толгой талыг буруу харуулах, тогоотой махыг хутгаар сүлбэн гаргах,  боорцог боов хийх гурилыг хүйтэн усаар зуурах, галд сүү дусаах, давс харамлах, давс галд хийх, задгай давсыг гараар авах ба өгөх, гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулах, хоол ундыг голох, ямаа болон тэмээний махыг тахил шүүс өргөхөд хэрэглэх, үлдээсэн хоолыг ил задгай тавьж хонуулах, хэвтээгээрээ юм идэх, цагаан идээ идэхдээ савх хэрэглэх, цагаан идээг ядам хуруунаас бусад хуруугаар амсах, цацал өргөх, цагаан идээг зогсоогоор явуут амсах, идэх, цай нүдэхдээ тоолох, яаруу сандруу идэж уухыг хориглоно.

Айлаас савтай юм аваад савыг хоосон буцааж өгөх, амандаа юм зажилж гадагш гарах, сав суулга, аяга тавган дээгүүр харайн гарах, билүүг гараар өгөх ба авах, савх, халбага сэрээгээр аяга таваг тогших, савхыг аяга тавагны амсар давуулан тавих, таваг долоох, хавтгай ёроолтой саванд цай хийж уух, тогоон дотор шанага хөмөрч тавих, хутга дүрэх, өрөөсөн савх хүнд өгөх, ганц савхаар хоол идэх, хоол идээд аяга шаазан тогоо шанагыг хэлхэлдүүлэн орхих, хоолны аягыг долоохгүй тавих, хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, цай хоол барихдаа ганц гараар өгөх авах, үүдэндээ хоосон сав суулга дээш харуулан тавих, шанагыг газарт тавих, тогооны ирмэг, тагны ирмэг дээр ташуу тавихыг цээрлэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]