Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Эгч дүүстэй суусан базууд үзүүр түрүүнд бие биедээ бууж өглөө"Уншсан18,591

Ийнхүү ид сайхан жагсаж бяр хүч жигдэрсэн үед П.Аюушийн урмыг хугалж, зоригийг мохоосон нь түүний барилдааны амжилтад маш муугаар нөлөөлөөд зогсоогүй их бөхөөс үнэн чанартаа хөндийрүүлжээ.

НИСЭХИЙН ХЭМЭЭХ П.АЮУШ АРСЛАН

Монгол ард түмний дунд “Нисэхийн” хэмээн алдаршсан П.Аюуш арслан 1921 оны цагаагчин төмөр тахиа жил Баянхонгор аймгийн Богд сум "Алтан тэвш" хэмээх газар Пагмын ууган хүү болон мэндэлжээ. Эх Пагма нь амьдрал ядуу, ганц бие эмэгтэй байсан тул баян чинээлэг айлын хаяа түшиж, мал маллаж, өлөн зэлмэн амьдардаг байж. Зуны нэгэн өдөр ээжийгээ аргал түлээ түүхээр явсан хойгуур тоглох наадах хүүхэдгүй гэртээ уйтгарласан 6-7 настай Аюуш хүү гэрийнхээ арын уул хадаар хэсч, хулгана зурам хөөцөлдөн явтал хэсэг ишиг бэлчиж харагдана гэнэ. Малын бараа хараагүй П.Аюуш баярлан очтол хүний бараа хараагүй удсан ишигнүүд үргэж хуйлран зугтаасан ч тэдгээр ишгийг эр хүний ухааныг олж наана цаана нь гарч хөөсөөр гэртээ тууж иржээ. Юун ишиг, хаана явсныг эх нь лавлан асууваас учир явдлыг хүү нь хэлжээ. Эх нь сая ухааран “Хавар айлууд нүүхдээ арчил авахын аргагүй хамуурсан хэсэг ишгийг ууланд хаячихаад явсныг санажээ. Бондойтлоо таргалсан ишигнүүдээс бор шидэмсээр хоолойг нь боож амийг нь таслан Аюуш хүү ээжийнхээ хамт шинэ шөл уусан түүхтэй гэнэ.

П.Аюуш 1942 онд 21 настайдаа өөрийн сумын наадам, зэргэлдээх Жинст сумын наадмуудад түрүүлэн бөхийн зүлэг ногоон дэвжээн дээрээс анхныхаа түрүүг авч байжээ. Тэр жилийнхээ намар цэргийн албанд мордож, Улаанбаатар хотод нисэхийн цэргийн ангид хуваарилагджээ. Суманд хоёр түрүүлчихээд очсон П.Аюуш хүү хотод болдог барилдаануудад тасралтгүй оролцож тун удалгүй нэртэй цуутай арслан заануудыг эмээлгэдэг “хатуу ам” болж чадсан бөгөөд энэ үед олон түмэнд “Нисэхийн” хэмээн алдаршжээ.

1946 он. Ардын хувьсгалын 25 жилийн ой. Хүчит 1024 бөх барилдахад Аюуш хүү тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс атган барилджээ. Энэ наадмаар П.Аюуш гурвын даваанд Завханы их Сандуйг, дөрвийн даваанд Хөвсгөлийн Олзвойг, тавын даваанд Архангайн С.Шаравыг, зургаад Өвөрхангайн Жанцандорж начинг тус тус давж тэмдэглэлт ойн жил байсан тул шууд л улсын заан цол хүртэж дараагийн даваанд улсын арслан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат бөх Жамсрангийн Цэвээнравданд унажээ.

1947 он. Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор гурвын даваанд Төв аймгийн Жигжидийг, дөрөвт Төв сургуулийн Д.Найданг, тавд Хэнтий аймгийн “ходого” Гэндэнжамцыг, зургаад улсын арслан М.Лхагвааг тус тус орхиж, “Харилт үгүй хүчит” чимэг авч шөвгийн наймд үлдээд улсын арслан Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Сүнрэвийн Самданжигмэдэд өвдөг шороодон нутаг буцжээ.

Газар хол, зардал чирэгдэл ихтэй тул 1948 онд улсад барилдсангүй.

Харин 1949 онд нутгаасаа урилгаар ирж улсын наадамд зодоглохдоо одтой барилдаж түрүүлсэн юм. Чингэхдээ тавын даваанд Өвөрхангайн Цэдэвийн Лосолыг, зургаагийн даваанд Булганы Сайхан сумын харьяат улсын заан Аюурзанын Моломжамцыг тус тус өвдөг шороодуулаад хэдэнтээ "буцсан" долоогийн даваанд хүрчээ.

Улмаар долоогийн даваанд Ш.Батсуурь аварга, Ө.Чүлтэмсүрэн арслан, Ж.Цэвээнравдан арслан нар учраа бөхөө өвдөг шороодуулан шөвгийн дөрөвт үлдэхэд П.Аюуш заан хоёр жилийн өмнөх наадамд өвдөг шороодсон С.Самданжигмэд арслантай тунаж барилдаад наймын даваанд үлдсэн байна.

Ингээд наймын даваанд Ш.Батсуурь аварга улсын арслан Ж.Цэвээнравданг амлаж хаяхад тунаанаас Ө.Чүлтэмсүрэн арсланг хаяж П.Аюуш төрийн наадмынхаа үзүүр түрүүг булаалдахаар үлджээ. Ингээд одтой сайхан барилдаж аваргыг хаяж улсын арслан цолны болзол хангасан боловч Ш.Батсуурь аварга тэр хоёрыг эгч дүүсийг авч суусан базууд бие биедээ бууж өглөө гэсэн хардлага үүсч, түрүү бөхийн бай, чимгээ авч чадахгүй өнгөрснөөр барахгүй Ш.Батсуурь аварга Армийн эвлэлийн байгууллагаас арга хэмжээ авахуулж хоёр жилийн хугацаагаар хил рүү хөөгдөж байсан гэдэг.

Ийнхүү ид сайхан жагсаж бяр хүч жигдэрсэн үед П.Аюушийн урмыг хугалж, зоригийг мохоосон нь түүний барилдааны амжилтад маш муугаар нөлөөлөөд зогсоогүй их бөхөөс үнэн чанартаа хөндийрүүлжээ.

Манай нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал дарга 1956 онд хөдөөгийн хөдөлмөрчдийн ажил амьдралтай танилцаж явахдаа Баянхонгор аймагт очиж, П.Аюуш арслантай уулзаад “Энэ жил улсын наадамд очиж барилдаарай. Улсын арслан цол үнэмлэхээ очиж аваарай” гэсний дагуу Х.Чойбалсангийн үед авч чадаагүй цолоо бүхэл бүтэн долоон жилийн жилийн дараа Ю.Цэдэнбал даргаас гардан авсан гэдэг.

Харамсалтай нь П.Аюуш арслан цолоо нөхөж авсан жилээ улсын наадамд зодоглосон боловч ам давж чадалгүй унасан нь олон жилийн турш сэтгэлээр унаж явсан хүн гэнэт л сэхээ орж маш их баярласантай нь холбоотой байж болох талтай ч хамгийн гол нь их бөхөөсөө хөндийрч ямар ч бэлтгэл сургуулилт хийхгүй биеэ зөнд нь орхиж, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан нь барилдааны амжилтанд нь маш муугаар нөлөөлсөн гэж үздэг.

Арслангийн тухай нутгийнх нь бөх сонирхогч Р.Доржбат нэгэнтээ "Цэх өндөр нуруутай, мах булчин тэгш, гонзгойдуу цагаан царайтай, бүрх малгай, Монгол гутал, хүрэн хамбан дээлтэй, хүглийсэн мөн ч сайхан хүн байж билээ. Арслан хүнтэй их эелдэг харьцдаг, алиа хошин үгтэй, хүүхдүүдийг цаашлуулан үргэлж инээмсэглэж явдаг, уур уцааргүй хүн байжээ. Арслан нэг удаа л мундаг уурласан гэдэг. Р.Доржбатын гэрт цай ууж суухад нь үе тэнгийн Жимбэ гэдэг хүн орж ирээд арсланд агсам тавьжээ. Аюуш чимээгүй сууж байснаа гэнэт босон харайж Жимбийг сугандаа хурга, ишиг шиг хавчуулаад гараад тугалын зэлэн дээр аваачиж, хонь алах гэж байгаа юм шиг дээш нь харуулж аманд нь үхрийн баас чихэж алахаа дөхөж. Их л уур нь хүрсэн нь тэр байх даа" хэмээн хуучилж байлаа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 6. 17:47
Зочин

Цэдэнбал даргын тухай түүнтэй ажиллаж байсан зөвлөх, комиссар, харуулын цэргээс авахуулаад энэ зэргээр олон түүх хуучийг уншиж байхад уг нь хүнийхээ хувьд зөөлөн талдаа хүн байсан юм болвуу гэж бодогдох болов.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]