Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Цэрэндорж: Чингис хааны онгоны ерөнхий байрлалыг тогтоосонУншсан9,160

1990-1993 онд үргэлжилсэн төслийн хүрээнд археологи, угсаатны зүй, геофизикийн салбарыг хамарсан цогц судалгаа хийсэн. 5000 гаруй булш, бунхныг илрүүлж, бүртгэлд оруулж, Чингисийн хааны онгоны ерөнхий байрлалыг тогтоосон.

Чингис хааныг онголсон газрыг оллоо хэмээн дотоод гадаадын эх сурвалжууд байнга мэдээлдэг. Хятад, Казахстан, Буриадад байна гэсэн мэдээлүүд гарсаар байна. Харин үүнд манай шинжлэх ухааны байгууллага ямар байр суурьтай байдаг талаар ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч Ц.Цэрэндоржийн ярилцлагыг сонордуулж байна. Хэдийгээр энэ ярилцлага нь өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө хийгдсэн боловч өнөөдөр ч нөхцөл байдал хэвээр, эрдэмтний илэрхийлсэн байр суурьт зарчмын зөрүү гараагүй гэдгийг онцолж байна.


 -Манай улс Чингисийн онгоныг шинжлэх ухааны үндэстэйгээр хэдий үеэс хайж эхэлсэн юм бэ?

-Мэдээж хэрэг эрт дээр үес хайж байсан байх. 1920-оод оноос эхлэн Монголчууд шинжлэх ухааны үндэстэйгээр “Нууц товчоо”-нд Чингис хаантай холбоотой газар, усыг хайж эхэлсэн байдаг. Тухайлбал жанжин Д.Сүхбаатарын багш Онходын Жамьяан гэдэг хүний Чингисийн төрсөн газрыг хайсан тухай “Дэлүүн болдогыг сурвалжилсан тэмдэглэл” гэсэн судалгаа 1928 онд гарсан байдаг.  Дараа нь 50, 60-аад оноос эхлэн академич Х.Пэрлээ гуай энэ ажлыг үргэлжүүлж хийсэн. Тухайн үед  коммунист үзэл суртлаас болж, Чингис хааны онгоныг хайх  судалгаа хийх боломжгүй болсон юм. Гэвч манай эрдэмтэд битүүхэндээ хайж байсан гэж хэлж болно. Ил тодоор Чингис хааны онгоныг хайж эхэлсэн үе бол 1990 он. Японы санаачлагаар байгуулагдсан Монгол, Японы хамтарсан “Гурван гол” төслийг хэрэгжүүлсэн. Энэ үеэс эхлэн анх удаа нээлттэйгээр, шинжлэх ухааны үндэстэйгээр Чингисийн онгоныг хайсан юм. Үүнээс хойш гадаад, дотоодын маш олон эрдэмтэн, судлаачид хайсан байдаг. Оллоо, энд байна, тэнд байна гэсэн шуугиан ч байнга дэгдээдэг. Гэхдээ олоогүй. Хамгийн дорвитой  хайж, тандсан судалгаа  нь “Гурван гол” төсөл.

-Тэгээд “Гурван гол” төслийн үр дүн юу байв?

-1990-1993 онд үргэлжилсэн төсөл. Энэ ажлын хүрээнд археологи, угсаатны зүй, геофизикийн салбарыг хамарсан цогц судалгаа хийсэн. 5000 гаруй булш, бунхныг илрүүлж, бүртгэлд оруулж, Чингисийн хааны онгоны ерөнхий байрлалыг тогтоосон. Албан ёсоор бол оллоо гэж зарлаагүй.

-Ер нь манай улсад хаад, ноёд болон түүхийн дурсгалт булш, бунханыг нээх судлан илрүүлэхэд эрх зүйн зохицуулалт ямар байдаг вэ?

-Эрх зүйн хувьд бүрэн боломжтой. Түүх, соёлын дурсгалыг хайж илрүүлэх, нээж малтах, судлах ажил манай хүрээлэн, их дээд сургууль, судалгааны байгууллагуудад бүрэн нээлттэй. Чингис хааны онгоныг хайх, илрүүлэх  асуудалд олон нийтийн санал бодол зөрдөг. Цаг нь болоогүй арай эрт байна ч гэдэг юм уу. Эсвэл огт хайж, илрүүлэх хэрэггүй гэдэг юм. Чингисийн онгоныг хайх ажил бол өргөн цар хүрээтэй, хөрөнгө, хүн хүч шаардсан ажил юм. Оллоо гэхэд нээх цаг нь болоогүй гэдэг үзэл бодол ч сүүлийн үед давамгайлж байх шиг байна.

-Сүүлийн үед сонин хэвлэлийн хуудаснаа гадаадын эрдэмтэд Чингисийн онгоныг олсон гэх мэдээлэл тавигдах болсон. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?

-АНУ-ын “Вашингтон пост” сониноос мянганы суутнуудыг зарлахдаа  Чингис хаан хоёрдох мянганы хүнээр тодруулсан юм. Ер нь Чингис хааны бунхныг олсон гэвэл маш их дуулиан дэгдэх нь ойлгомжтой. Энэ нь тухайн судлаачийг алдаршуулах, нэр хүнд, хөрөнгө мөнгө олоход л хэрэгтэй байх. Чингисийн онгоныг олсон гэж америкууд, хятадууд зарлаж л байдаг. Бараг  жил болгон ийм шуугиан дэгдээдэг юм. Шинжаанаас , Монголоос, Буриадаас оллоо л гэдэг. Энэ бол үндэслэлгүй сенсаац юм.

-Манайхан ч бас яаж дутах вэ. “Тэнгэр угсаа” нийгэмлэгийнхэн ч бас Чингис хааны онгоныг оллоо гэж сүр дуулиантайхан зарласан шүү дээ?

-“Тэнгэр угсаа” нийгэмлэгийнхэн онгоныг олсон, Бурхан халдун ууланд байна гэж хэдэн жилийн өмнө ярьж, мэдээлсэн. Үүний дагуу манай хүрээлэнгийн судлаачид тухайн газар очиж, нягталж шалгасан юм. Тэгээд байгалийн биш, хүний гараар бүтсэн байж болох тогтоц байгаа нь үнэн байна. Гэхдээ энэ нь булш бунхан уу,өөр зориулалттай байгууламж уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Булш бунхан байлаа гэхэд Чингис хааных мөн үү гэдэгт  тоймтой хэлэх юм алга байна. Түүхийн эх сурвалжид Чингис хааныг хэрхэн  оршуулсан тухай баримт сэлт байхгүй. Уул хаданд, оройд нь онголсон гэх зүйл бүр ч бахгүй. Харин оршуулсны дараа олон мянган агтаар гишгүүлж, ул мөрийг арилгасан тухай түүхийн зарим эх сурвалжид дурдсан нь  бий.

-Таны бодлоор хаана байж болох бол. ӨвөрМонголын Ордост Чингисийн онгон байгаа гээд шүтээд байдаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Миний бодлоор бол Чингис хааны булш бунхан төрсөн нутагт байх нь ойлгомжтой. Тэр нь өнөөгийн Монгол Улсад, Хэнтий аймагт байх нь тодорхой юм.  Чингис хааны онгон олдвол Монгол Улсын нутгаас л олдоно. Түүнээс биш Хятадын юм уу, ОХУ-ын нутгаас олдох боломжгүй. Онгон гэж нэрлэхээр, нэр томьёоны төөрөгдөлд оруулаад байгаа юм.  Монголчууд онгон гэдгийг бунхан биш ариун дагшин гэсэн утгаар хэрэглэдэг. Ордост байгаа Чингис хааны онгон бол Чингисийн оршуулагатай ямар ч холбоогүй. Харин Англи, Оросоор онгон гэдгийг мавозелей гэж орчуулаад байдаг нь буруу юм. Ингэвэл Лениний бунхан гэдэг шиг ойлголт төрнө. Тэгэхээр Ордос нутагт Чингис хааны шарил бий гэж хүмүүст буруу ойлголт өгөөд байдаг. Ордос бол Чингис хаанд зориулсан тахилга, тайлгын зүйлийг л хийдэг газар. Ийм учраас  Чингис хааны эдлэж хэрэглэж байсан гутал юм уу, туг сүлд, эд өлгийн зүйлс гэсэн шүтээн бий болгоод байгаа юм.  Ер нь бол Чингис хааныг дээдлэж шүтдэг  тахилгын нэг газар гэж хэлж болно. Ордост яагаад ийм газар байна вэ гэхээр Чингис хаан одоогийн Хятадын нутагт таалал төгссөн. Төрсөн нутаг руу шарилыг нь зөөх явцад Ордосын нутагт, хасаг тэрэгний дугуй элсэнд шигдээд, үүнийг аргадан тайтгаруулж, гутал хувцасыг үлдээсэн гэдэг ам дамжсан яриа байдаг.  Ингэсний дараа Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг хөдлөж, явсан домог бий. Энэ домгонд зориулж, Ордост бунхан байгуулаад онгон гэж нэрлэсэн юм. Энэ нь яваандаа Чингисийн онгон, бунхан бий гэсэн төөрөгдөл үүсгээд байгаа.

-Гадаадынхан манай түүхийг гуйвуулах явдал ихсэх боллоо. Тухайлбал, Чингис хааныг манай хаан, байсан гээд ярьдаг. Энэ талаар манай ШУА, түүхийн хүрээлэнгийнхэн няцаалт өгдөггүй юм бэ?

-Сүүлийн үед түүх гуйвуулах, мушгих хандлага гадны улс орнуудад эрчимтэй өрнөх болсон. Ялангуяа Казахстаны хувьд төрт ёсны түүх богинохон учраас, аль болох урт удаан түүхтэй, эртний уламжлалтай гэж харагдах зорилго агуулж байдаг. Нэг ёсондоо түүхээ шинээр бичиж буй юм. Тэгээд Монголын Алтан ордны улсын хаадыг өөртөө хамаатуулах  гэж оролддог тал бий. Гэхдээ Монголчуудтай холбогдох түүхийн зарим шижим бий. Казахын хаад, язгууртанууд бол Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн угсаа гэдэг. Энэ нь нийт казахууд Монгол угсаатай гэсэн үг биш шүү дээ. Зөвхөн ноёлох анги, давхарга л Чингисийн угсаа байсан нь ойлгомжтой. Үүнийг л дэвэргээд Чингис хааныг өнөөгийн Казахстантай холбож тайлбарлаад байгаа юм. Ажиглаад байхад, мэргэжлийн байгууллага, судлаачид нь ярихаасаа илүү, түүх сонирхогч маягийн хүмүүс энэ талаар идэвхтэй бичиж байна. Тэр болгон дээр няцаалт өгөөд байх шаардлага байхгүй. Бид бичдэгээрээ бичиж, гол сэдвүүдэд  хариулт өгч байгаа. Хүмүүст тэр болгон мэдрэгддэггүй байх. Чингис бол Монголын хаан юм гэж бичнэ гэдэг чинь цаагуураа, гадаадынхны бичээд байгаа зүйл худлаа гэдгийг нотлож байгаа хэлбэр юм.Эцэст нь одоогийн байдлаар Чингисийн онгон олдоогүй гэдгийг л баттай хэлэх байна.

Улаанбаатар. 2015 он.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 2. 10:49
Зочин

Их хааны онгон Монгол нутагтаа баталгаатай бий.Харин Хэнтийд онголоогүй юм гэсэн.Өөр газар бий.Энэ бол хэнд ч хэлж болохгүй Монголын алтан нууц юм байна лээ.Бурхан Халдун, Хэнтий нуруу гээд дотоод гадаадын судлаачид төөрөлдөөд явдаг.Явж л байг.Тэр тусмаа сайн.Бурхан Халдун уул бол 3 Мэргэдээс Чингис хааныг өмгөөлж хамгаалж нуусан түүхэн уул.Тийм дээ ч шүтэгдэж тахигдаж ирсэн.Харин тэнд онгон байхгүй нь баталгаатай гэсэн шүү.Үүнээс цааш бичих ямар ч шаардлагагүй.

2 сар 17. 9:52
Haloboy

Миний бодлоор бол Чингис хааны онгоныг аль хэдийн гадаад, дотоодын архелилгчид олсон. Монголд тогтворгуй нохцол байдал уусэхэд л Монголоос авч гарах нохцолыг худээж байгаа байх!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]