Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Үхдэггүй Мэллой буюу Нью-Йоркийн хамгийн дуулиант аллагаУншсан9,092

Нэгэн удаа Тони өөрийн байнгын үйлчлүүлэгч болох гурван нөхөртэй цуг сууж байхад Мэллой орж ирлээ. Ууя гээд ч мөнгөгүй амьтан маань хүн царайчлан суух үед нь Тони тэргүүтэй нөхдүүд мань эрийг дуудаж ганц ”зуу” өгсөн байна.

Арай гэж “алуулсан” нь

“Архи уудаг хүн хоёрхон байдлаар л үхдэг... Нэг бол архи ууж яваад хөлдөж  үхнэ, эсвэл архины халуунд солиорч байгаад хүнд зодуулж үхнэ. Харин архи уудаггүй хүн авто осол, өвчин зовлон, азгүй явдал... гээд үхэх шалтгаан мундахгүй ш дээ ...” гэж нэг нөхөр маань ярьж билээ. Хэр үнэн үг болохыг нь мэдэхгүй юм. Харин одоо ярих түүх маань нэгэн архичин эрийн амь алдсан тухай бөгөөд дээрх эргэлзээтэй онолыг ямар нэг хэмжээгээр баталж байгаа мэт санагдана. Өмнөх зууны эхээр залуухан, хүч чадал нь оргилсон Майкл Мэллой гэсэн нэртэй нэгэн Ирланд эр гоё сайхан амьдрал хайн Америкт очсон гэнэ. Гал командын ажилтан болж амжсан боловч уух дуртай учир удалгүй халагдан, бүтэлгүйтэж эхэлсэн байна. Ажилд ордог, уудаг, халагддаг... гэсэн давтамжаар явсаар амьдрал нь улам доройтож, адаг сүүлд нь орон байр ч үгүй “өвгөнтийн” хүн болжээ. Харин мань эр хаа сайгүй архи ууж заваардаггүй нэгэн байсан бөгөөд уух бол нэг л “бар”-нд уусан шиг ууна. “Бар”-ны эзний нэр Тони Марино.

 

Нэгэн удаа Тони өөрийн байнгын үйлчлүүлэгч болох гурван нөхөртэй цуг сууж байхад Мэллой орж ирлээ. Ууя гээд ч мөнгөгүй амьтан маань хүн царайчлан суух үед нь Тони тэргүүтэй нөхдүүд мань эрийг дуудаж ганц ”зуу” өгсөн байна.  “Зуу” татаад сайхан ааштай болж эхлэх үед нь дараагийн “зуу”-нууд нэг л мэдэхэд гарч ирээд байгааг согтуу толгой ойлгосонгүй, ойлгох хүсэл ч үгүй байсан биз. Ингэж диваажинд байх мэт жаргаж байхад нь өнөө дөрөв түүнд нэг чухал зүйл хэлсэн нь Тони Марино мужийн амбан захирагч болох санаатай байгаа тухай яриа байлаа. Тэдгээр 4 нөхдийн ярьж байгаа болгоныг  Мэллой уриалагахан зөвшөөрч байсан бөгөөд магадгүй тэр юу ч ойлгоогүй, зөвхөн дараагийн “зуу” гэнэт гараад ирээсэй гэсэндээ зөвшөөрсөн байж болох. Тэгтэл ширээн дээр нь хэдэн бичиг цаас, бүр бүтэн лонх виски бий болох нь тэр. Мэллой одоо юу ч хийхэд бэлэн. Тэр тусмаа ганц нэг хуудас дээр гарын үсэг зурах бол ёстой яршиг л хэрэг байлаа. Бүтэн лонх виски шүү дээ. Тониг мужийн амбан захирагчид өрсөлдөхөд хэрэгтэй гарын үсэг зуралгүй яахав.

Харин 4 нөхрийн зорилго нь ихээхэн өөр зүйл байсан бөгөөд мань эрийг олигтойхон шиг мөнгөөр амь даатгуулж байгаад дараа нь архиар шахаад алах явдал. Муу архичин эр сайндаа 2-3... ,үсрээд долоо хоног ууна биз, тэгээд л нөгөө ертөнц рүү өнхрөөд өгнө. Өнхрөөд өгсний дараа орж ирэх амь даатгалын мөнгө нь харин мань 4-ын мөрөөдөөд ч олохооргүй их мөнгө байлаа.  Архичин амьтан архиндаа хордож үхээ биз... хэн  ч мэдэхгүй, анзаарахгүй. Даатгалын хуудас бэлдэх үед гарсан зарим нэг бэрхшээлийг мөнгөөр буюу даатгалын байгууллагын бас нэг архинд дуртай нөхөрт овоохон авилга өгч байж бүтээсэн бөгөөд 3500 доллараар (одоогийн ханшаар 60 000)амь насаа даатгуулсан Мэллой зөвхөн азгүй шалтгаанаар үхэх ёстой байлаа. Ингэж Тонигийн төлөө гарын үсэг зурлаа гэж бодсон согтуу толгой өөрийгөө цаазлах ялыг баталгаажуулах нь тэр.

Ингээд Мэллой нь Тонигийн бар-нд хэмжээ хязгааргүй архи уух эрхтэй болсон бөгөөд уухдаа их биш,  харин маш их хэмжээгээр ууж эхэлжээ. Архины “градус” ч өдөр ирэх тусам өндөрссөөр. Үхдэггүй ээ. Нөхдүүд илүү хатуу арга хэмжээ авч эхлэхээр шийдэн маш хатуу ликёр дээр антифриз нэмж хийсэн бөгөөд үнэндээ бол антифризийн муухай амт, үнэрийг дарах гэж л жаахан ликёр нэмж хийсэн гэвэл илүү зөв болох байх. Уугаад тасарч унахын даваан дээр гарч явсан Мэллой маргааш өглөө нь зүв зүгээр “өчигдөрийнхөөсөө ганц хийгээдэх” гэсээр орж ирлээ.

Хуйвалдагчид аргаа өөрчлөн антифризийн оронд скипидар хэмээх хорт бодис хийв. Мэллойд их сайхан байгаа бололтой учир маргааш нь өнөөх коктейль дээрээ адууны тос.. бас бус юм зэргээр өдөр болгон чангалж, нэмж байлаа. Бүр аргаа бараад цэвэр хор болох хархын хорыг ундаанд нь хийсэн ч...архичин эр өглөө болгон шар тайлах юм өгөөдөх гэсээр орж ирсээр л. Архиар болдоггүй юм бол зуушаар алж болно гэсэн нэгэн санааг дөрвийн нэг гаргасан ба тэр даруй хэрэгжүүлж өнөөх хүчтэй коктейлоо ууж байхад нь зууш авчирч өгдөг болов. Зууш нь дутуу чанасан хавч, муудсан сардини... гээд  маш олон төрлийн орцтой.  Байдаггүй ээ. Өглөө болгон л шартсан юм “шар тайлах нь буян болдог” гэсээр орж ирдэг хэвээр.

Аргаа барсан дөрөв архичин эрийг хөлдөөж алахаар шийдлээ. -26 хэмийн хүйтэн шөнө мань эрийг нам согтоогоод хүнгүй гудамжинд цээж нүцгэлж хаяад дээрээс нь хүйтэн ус асгаад зугтацгаав. Маргааш өглөө нь хамрын ханиад ч хүрээгүй, жаахан шартсан нөхөр л орж ирэх нь тэр. Өнөө дөрөв одоо яахаа мэдэхээ болилоо. Хамаг мөнгөө даатгалд өгчихсөн, дээрээс нь ашиг орлого гэж өчүүхэн бааных нь хамаг архийг нь үнэгүй уудаг энэ нөхрөөс яаж салах вэ? Аз болж Херши Грин гэдэг “халтуур” хийдэг машинтай нөхөр мань дөрвийн ажилд тусалж Мэллойг цааш харуулж өгөхөөр болсон бөгөөд мэдээж ихээхэн шагналтай.

Согтуу, “тасарсан” Мэллойн хоёр гараас хоёр нь барьж байгаад Грин өөрийнхөө машинаар 70 км/цаг хурдтай давхиж ирэн дайрлаа.  Яахав явсан нохой яс зууна гэгчээр алаагүй ч гурван долоо хоног хэвтрийн болгож чаджээ. Дөнгөж босох чадалтай болмогцоо (суга таягтай)Мэллой “юм уухгүй бол яг үхэх нь” гэсээр дуртай бар-ныхаа хаалгыг татан орсон гэдэг. Ингээд 1933 оны 2-р сарын 22 нд нөхдүүд сүүлчийн аргаа хэрэглэх болжээ. Согтуу Мэллойг нэг нөхрийнхөө байранд аваачиж, хийн хоолойг аманд нь чихэж хий шахаж байж арай чүү гэж цааш харуулсан байна. Нөгөө азгүй тохиолдол, цэвэрхэн хийх мэт зүйлийг таг мартсан нь тэр. Ингээд азгүй явдал гэхэд хэцүү энэ хэргийг хаахын тулд шүүхийн задлан шинжээчийг бас хахуульдах хэрэгтэй боллоо. Шүүхийн шинжээч нэлээд унжиж байж хатгалгаагаар үхсэн гэдэг тодорхойлолт хийж өгчээ.

Хуйвалдагчид хэрэгтэй бичгээ авсан хойно Мэллойг дор нь оршуулж, даатгалаас ч мөнгөө авлаа. Одоо мөнгөө яаж хуваах вэ? Ихээхэн ширүүн маргаан гарч бас нэг бус аллага болох шинжтэй болж ирсэн тул хуваах аргаа олтол нийтээрээ мөнгөө хэрэглэж байхаар шийдсэн байна. Хэн их үрсэн нь хожиж байгаа мэт зүйл болж хувирсан учир тэдгээрийн тансаглах нь хэрээс хэтэрч байв. Угаасаа “өвгөнтийн” Мэллойтой энэ хэд яагаад жигтэйхэн найзалж байгааг нь гайхаж байсан энгийн ард иргэд оршуулгын дараах тансаглахыг нь хараад яриа хөөрөө гаргалгүй яахав. Удалгүй цуу яриа хүчээ авч цагдаа, хүчнийхэн ч мөрдөлт явуулж эхэлсэн бөгөөд цогцсыг гаргаж ирэн шинжлэхэд ямар ч хатгааны тухай яриа байхгүй нь тодорхой болж таараа. Ингээд хуйвалдагч дөрөв маань халтуурчин Гринтэй цуг баригдах нь тэр. Хүн алах гэсэн нэг удаагийн бүтэлгүй оролдлого хийсэн Гринд олон жилийн ял өгсөн бол үлдсэн дөрөв цахилгаан сэнтийд сууж Мэллойн араас очсон гэдэг.

P.S.

Америкт энэ түүх нэлээд алдартай бөгөөд You cannot kill  Michael Malloy гэсэн хөгжмийн зохиол бий. Кино, телевизийн цувралууд, ном зохиол, жүжиг энэ сэдвээр хангалттай их бөгөөд YouTube дээр энэ нэрээр хайгаад үзэхэд овоо юм гарч ирнэ.

Нийтлэлч  Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]