Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Анхны танкчны анхны хөлөг “Сүхбаатар-01”Уншсан3,360

Ингэж 4 дүгээр анги төгссөн тракторчин, ахыгаа дагаж тал бичээч болсон “сэхээтэн”-ий хувьд Аюуш тухайн үеийн монгол цэргийн шинэ техник-хуягт дивизионы танкийн ротын цэрэг болов.

Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Цэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.


Эрхэмлэж яваарай гэж эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв.

Хорлоогийн Чойбалсан

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан БНМАУ-ын Цэргийн Яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар танкийн анги байгуулах урьдчилсан бэлтгэлийг 1942 оноос эхлэн танкийн механик-жолооч, сумлагч, наводчик зэрэг хүмүүсийг бэлтгэж эхэлжээ.

Сэлэнгэ аймгаас ирсэн идэр цэргүүдийг Улаанхуаран хэмээх үе үеийн цэрэг эрсийг хураасан домогт газар жагсаав. Карантин хэмээх 45 хоногийн цэргийн сургалтын оршил нь тэр юм. Их жагсаалын өмнө зогссон дарга “Ном мэддэг хүн байна уу?” гэхэд “Байна” гэж хоёр хүн дуугарчээ. Дарга “Жагсаалаас гар!” гэхэд урагш алхаж гарсан хоёр хүний нэг нь Аюуш байлаа.

Ингэж 4 дүгээр анги төгссөн тракторчин, ахыгаа дагаж тал бичээч болсон “сэхээтэн”-ий хувьд Аюуш тухайн үеийн Монгол цэргийн шинэ техник-хуягт дивизионы танкийн ротын цэрэг болов.

Тэр үед Монгол Улсад хүн амын бичиг үсгийн боловсролын түвшин тун доогуур байснаас зөвхөн “1945 оны байдлаар хугацаат цэргийн албанд татагдан ирэгсдийн 40 гаруй хувь нь бичиг үсэг мэдэхгүй, техникийн боловсролтой, тусгай мэргэжлийн хүн тэдний дунд бараг үгүй байлаа.

Ийнхүү Монголын анхны танкийн сургуулийн суман 35 цэрэгтэйгээр байгуулагдав. Тэднийг арав арваар нь механик-жолооч, бууны дарга-наводчик, сумлагч гэж хуваахад ‘Би тракторчин байсны хувьд механик жолоочийн ангид хялбар орлоо. Эдгээр анхны арван механик-жолооч бол Дорж, Санжжав, Пүрэвээ, Раднаабазар, Шархүү, Дашбалбар, Баярлах, Хасбазар, Пунцаг бид юм.

Жагсаалаас гарсан хоёр цэргийн нөгөөх нь Л.Санжжав байж. Энэ тухай хожим 1985 оны Улаан Од сонинд “Түүний эх сургууль” гарчигтай дараах дурсамж нийтлэгдэн үлджээ.

1942 оны хавар Санжжав тракторчин болж, Сэлэнгэ айигийн Зүүнбүрэнгийн газар тариалангийн станцад ажиллаад удаагүй байтал цэрэгт дуудав. Бичиг үсэг мэддэг, орос хэл гадарладаг, техникийн мэргэжилтэй Санжжавыг танкчны курсэд хуваарилав гэжээ.

Тэгэхлээр техникийн мэдлэгтэй, бичиг үсгийн боловсролтой Аюуш, Санжжав хоёр Монголын танкчдын ууган механик-жолооч нар төдийгүй анхны “сэхээтнүүд” болж байгаа юм.

Танк хөдлөхгүй бол түүний их буу пулемёт нь үзэсгэлэнгийн үзмэр төдий л болно. Танкийн механик жолооч хурдалж, цааш нааш, зүүн баруун тийш маневрлаж, ус гол туулж, уул даваа давж чадаж байсан цагт л бууны дарга, наводчик, сумлагч хэмээх гурван нөхөр нь гар хөдлөж, галт зэвсэгнийхээ ид шидийг гаргах билээ. Танкчин, танкчиндаа амин сүнс мэргэжлийг нь “сэхээтнүүд”-дээ атгуулсан байх юм.

Улаанхуаран хэмээх цэргийн жагсаал мэт эгнүүлэн өрсөн усны дусал шиг ижилхэн хоёр давхар улаан байшингууд нийслэл хотын маань зүүн этгээдэд зайдуу оршино. Тэдгээрийн “хэл” нь бүрээ, команд хоёр.

Аюуш ч нөхдийн хамт унтах сэрэх, босох суух, идэх, уух, алхах гишгэх бүрий энэ хоёр “хэл”-ээр ярьж, хөл гарын сургууль хийн цэрэг эрсийн “А”- г заалгав.

Бүгд л шинэ ертөнцөд орж, өглөө бүр Улаанхуарангаас Улиастайн гол хүртэл гүйн нүүр гараа угааж, цээжээ усаар шавшина. Өдөрт цэргийн дүрэм цээжлэн жагсаалын сургууль хийж, алхаж мөлхөж, гүйж өнжинө. Хооллож ундлах, унтах амрах бүгд л дүрэмтэй. Дарга нар “Нөхөд танкчид аа!” гэж ярина. Гэтэл танк гэж юу байдгийг ихэнх нь эс мэднэ.

Нэг өдөр хоёр орос офицер ирлээ. Нэг нь оросоор ярьж, нөгөө нь Монголоор орчуулна. Орос дарга танкийн зураг үзүүлж, түүний ид шидийн тухай хүүрнэн шинэ цэргийн ачаалалдаа нойрмоглосон дайчдын нүдийг сэргээв. Орчуулагч орос нь орос царайтай Монгол хүн, хожмын Монгол Улсын гавьяат жүжигчин “орос” Гомбо байсан аж. Гомбо багшийн орчуулгатайгаар орос офицеруудаар хичээл заалгаж, жилийн дотор Аюуш нөхдийн хамт танкийн механик-жолооч мэргэжил эзэмшлээ.

1943 оны 6 дугаар сар. Танкийн суманд шөнийн түгшүүр зарлав. Байр сууцаа засаж янзлан шороо тоос, хувцас хунараа цэвэрлээд өглөө жагсаал жигдрэхэд нэг машин ирсэн нь жанжин Лхагвасүрэн аж. Жанжин цэргүүдийн өмнүүр алхлан мэндчилж, хувцас хунарыг шалган үзээд танкчдын хувцас биш дээ гээд буцаж одов. Орой нь танкчдын шинэ хувцас түгээж, суман будаг нь ханхалсан жигд хар өмсгөлтэй боллоо.

Шөнө дунд өнгөрч байтал дахиад л түгшүүр зарласан нь Лхагвасүрэн жанжин ирсэн байжээ. Жанжин суманг жагсааж, хүн бүрийн хувцас таарсан эсэхийг нэгд нэггүй шалган зааварлаад буцав.

Лхагвасүрэн генерал ротыг байн байн эргээд байсан нь учиртай байж. Маргааш өглөө нь анги нэгдэхэд Улаанхуаран танкийн дуунд чичирч, дээд дарга нарын машин ч бас жагсаж, наадам болж байгаа мэт сүр дуулиан хөөр баяр болжээ.

Индэр дүүрэн дарга нар зогсож, Зөвлөлтийн танкчид танкаа нүргэлүүлэн жагсаалаар хөдлөж, хүчирхэг техникийнхээ ид хавыг үзүүлэн гуу жалгаар үсэргэж, хурд хүчийг бишрүүлэв гэдэг.

...Шинэ тутам байгуулагдсан танкийн тусгай ротын экипажуудад ЗХУ-аас ирсэн танкуудыг хүлээлгэн өгөх энэ ажиллагаанд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал X.Чойбалсан, МАХН- ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд цэргийн улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ю.Цэдэнбал, Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Бүх цэргийн жанжны орлогч дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарын зэрэг нам төрийн зүтгэлтнүүд оролцон үг хэлж, анхны танкчдад уг ирсэн танкуудыг хүлээлгэн өгчээ.

Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1943 оны 6 дугаар сарын 26-ны 0120 тоот тушаалаар Монголын хувьсгалт цэргийн зэвсэглэлд шинээр нэмэгдэж ирсэн БТ-7 зэрэг нийт 10 танкийг жагсаалд нэмэгдүүлэн оруулжээ.

Хүн хүч зэвсэг техник ийнхүү бүрдэв. Эдүгээ шинэ “агт”-ыг шинэ эздэд нь гардуулах болов. Тэр дунд “Сүхбаатар”, “Чойбалсан”, “Магсаржав” нэртэй гурван танк байх. Танк танкийн манлай “Сүхбаатар-495.01” бичигтэй танкийг байлдагч Загдын Аюушт байлдааны хөлөг болгон гардуулж, нөгөө есөн танкийг хамт төгссөн есөн нөхөд нь жолоодлоо. Танкийн экипаж механик-жолооч, бууны дарга-наводчик, сумлагч гэсэн гурван хүнээс бүрдэнэ. Экипаж өглөө бүр танкандаа сууж, арван танк цувран хөдөлсөөр хоёр сар сургуулилан дадлага хийлээ.

1943 оны 8 дугаар сард сургуулийн сумангийн 10 танк түгшүүрээр хөдлөв. Энэ бол Монголын танкчдын анхны урт аян, шинэ танкчдын ур чадварын шалгуур байлаа. Намрын халуун наран дор төмөр ширмэн танкийн бүхээгт ажиллах гэдэг Туулын гол дээр наранд шарж хэвтэхтэй адил бус. Тиймээс энэ аян бол танкчдын ур чадварын төдийгүй тэсвэр хатуужлын ч анхны шалгуур байсан бөлгөө.

Арван танк ийнхүү аялсаар Хэнтий аймгийн төв Өндөрхаанд ирж, Монголын Ардын Хувьсгалт цэргийн танкийн тусгай хорооны тулгын чулууг тавьсан ажээ. Тэд байлдааны бэлтгэл сургуулийг ёстой л өдөр шөнөгүй нүдэж байлаа.

“Миний цэрэг байх үед зэвсэг техникийн эд ангийг аминаасаа ч илүү хайрладаг байсан. Одооных шиг запас сэлбэг олдоно гэж үгүй. Нэг удаа миний танкны стачэр (стартер буюу хөдөлгөгч) гэнэт ажиллагаагүй болж солих шаардлагатай боллоо.

Техникийн орлогч бүх танкчдаа жагсаагаад намайг ажиллагаагүй болсон стачэраа аваад ир гэлээ. Би стачэраа бариад жагсаалдаа зогсоод л байлаа.

Цэргийн сахилга их хатуу, цэргүүд ч их тэсвэр хатуужил суучихсан, байлдааны бэлэн байдал их өндөржсөн үе байсан. Дарга маань лав цаг хагас үүрэгдэж, техникийн үзлэгийн дүн гаргасан юм. Энэ бүх хугацаанд 30-аад кг жинтэй стачэраа барьж зогссон болохоор хөлс гарч нэлээн ядарсан. Тэгж байтал техникийн орлогч шинэ стачер авчруулаад намайг жагсаалаас гаргасан. Хуучнаа өмнө нь тавьчихаад шинээ аваад жагсаалдаа ороход баярласандаа хүндийг нь ч мэдрэхээ байчихсан байсан. Жагсаал тарангуут тэр чигээрээ гүйж танкан дээрээ очиход тэр хүнд зүйл ер мэдрэгдэхгүй байлаа.

Ядарна гэдэг хүний тархи толгой, сэтгэлд л байдаг юм билээ. Техникийн бэлэн байдал гэдэг аминаас ч үнэтэй зүйл юм шүү дээ" гэж сургамжтай тохиолдол ярьж байсан нь Аюуш дарга залуугийн зориг цөс, эр бяртай хүн байсныг харуулдаг.

Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1944 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 078 тоот тушаалаар танкийн тусгай хороог байгуулж, 3 дугаар танкийн хороо хэмээн дугаарласан байна. Өндөрхаан хотод ийнхүү танкийн тусгай хороо байгуулагдсан нь МАХЦ-ийн өсөлт бэхжилтэд шинэ чухал үйл явдал болж, байлдааны хүч чадлыг нь ихээхэн нэмэгдүүлсэн юм.

Үргэлжлэл нь: Хянганы нуруу, Цагаан хэрэм дээр танктайгаа гарсан Монгол танкчин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]