Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн 2-р дайн хэзээ эхэлсэн бэ?Уншсан5,629

Вермахт болон Люфтваффе хурдацтай ахин ихээхэн хэмжээний газар нутгийг нь эзэлж, хот тосгодыг нь ширүүн бөмбөгдөж эхэлсэн боловч энэ дайныг бүрэн хэмжээний дэлхийн дайн гэхээсээ илүү хоёр улсын хоорондын мөргөлдөөн, дайн гэх нь илүү зохимжтой мэт.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл зовлон авчирсан энэ дайн 1939 оны 9-р сарын 1-нд буюу Гитлерийн Герман Польш улс руу халдан довтолсноор эхэлсэн гэж үздэг боловч бараг улс болгон л өөрийн гэсэн тоо баримт гаргаж ирэн, энэ тоог өөр өөрийнхөөрөө тайлбарлах гэдэг. Бүр хаа байсан БНМАУ-ын Халх голын орчимд болсон дайныг хүртэл дэлхийн их дайны эхлэл гэж үздэг хүмүүс байдаг гэдгийг бид мэднэ.

Яагаад энэ дайны эхэлсэн хугацааны талаар ингэж маргадаг талаар зарим нэг сонирхолтой баримтыг сонирхуулъя.

1939 оны 8-р сарын 23-нд Москва хотод ЗХУ болон Германы гадаад харилцааг хариуцсан түшмэдүүд болох Молотов, Реббентроп нар харилцан үл довтлох гэрээнд гарын үсэг зурснаар Польшийн хувь заяа шийдэгдсэн гэж хэлж болох байх. Энэ гэрээгээр Герман улс Польшийн ихээхэн хэсгийг өөртөө авах бол ЗХУ нь алдагдсан гэж үздэг газар нутгаа (Польш Зөвлөлтийн 1920 оны дайн) мөн буцаан авахаар нууцаар тохирчээ. 

Үүнтэй бараг зэрэгцэн Англи болон Польш улсын хооронд харилцан туслалцах гэрээ байгуулсан ба (ЗХУ-БНМАУ хоорондын 1936 оны гэрээтэй тун төстэй) энэ шийдвэрийн дагуу Польш улсад гаднаас хэн нэг нь халдан довтолбол Англи улс цэргийн туслалцаа үзүүлэхээр болсон байна.

9-р сарын 1-нд Гитлерийн Герман Польш улс руу довтоллоо. Вермахт болон Люфтваффе  хурдацтай ахин ихээхэн хэмжээний газар нутгийг нь эзэлж, хот тосгодыг нь ширүүн бөмбөгдөж эхэлсэн боловч энэ дайныг бүрэн хэмжээний дэлхийн дайн гэхээсээ илүү хоёр улсын хоорондын мөргөлдөөн, дайн гэх нь илүү зохимжтой мэт.

Харин Англи улс Польштой хийсэн гэрээний дагуу Германы эсрэг цэргийн үйл ажиллагаагаа энэ өдөр эхлүүлсэн бол их дайн эхэлсэн өдөр нь яах аргагүй 1939 оны 9-р сарын 1-н болох байлаа. Эсвэл бүр эсрэгээр буюу Германы цэргийн хил нэвтэрсэн явдал нь орон нутгийн чанартай жижиг  мөргөлдөөн болоод өнгөрөх, ямар ч том дайн болж өргөжилгүй дуусаж магадгүй байсан гэдэг.

Үүний оронд англичууд энэ өдөр баахан эсэргүүцэл бичсэнээс хэтрээгүй ба 9-р сарын 2-нд Их Британи болон Франц улсууд Италийн зуучлалаар Германд ихээхэн сонирхолтой гэмээр санал хүргүүлсэн гэдэг.  Муссолининоор дамжуулж авсан энэхүү сануулга, саналд Германы цэрэг эзэлж авсан газартаа үлдэх, Данциг буюу одоогийн Гданьск Германых болох... гэх мэт зүйл байжээ. Нөгөө цэргийн хүчээр Польшид туслах ёстой улс нь нэг иймэрхүү санал тавьж.

Маш амжилттай эхэлсэн цэргийн ажиллагаа, дээр нь англичуудын ихээхэн хулчгар байгаа явдал Гитлерийг зоригжуулсан ба тэрээр ямарваа нэг энхийн гэрээ хэлэлцээ хийхээс татгалзсан байна.

9-р сарын 3-нд Их Британи, Франц улсууд өөр аргагүй болж Гитлерийн Германд дайн зарлалаа. Хилийн мөргөлдөөн, үгүйдээ л хоёр улс хоорондын дайн одоо л их гүрнүүд оролцсон дэлхийн хэмжээний дайн болж өргөжлөө.

Гэхдээ Их Британи болон Франц улс дайн зарлачихаад юу ч хийсэнгүй. Хагас жилийн турш янз бүрийн эсэргүүцэл, улс орны баримтлах зарчим л яриад байснаас биш Вермахтын эсрэг цэргийн ямарваа нэг ажиллагаа явуулаагүй ба түүхэнд тэдний энэ үйлдлийг “Хачин дайн”, “Суугаа дайн” (phony war-англиар, Sitzkrieg-германаар) гэж нэрлэсэн байдаг билээ.

Тухайн үедээ Европын хамгийн том армитай гэж тооцогдож байсан Франц улс, ертөнцийн хамгийн баян хүчирхэг улс болох Их Британи хоёр нь Польшид тусална хэмээн байгуулсан гэрээнийхээ заалтыг зөрчин юу ч хийлгүй сууж байсан нь хачирхалтай гэмээр боловч үнэндээ Гитлерийн Германы цэргийн “машин"-ыг ЗХУ руу чиглүүлэхийн тулд Польш улсыг гаргуунд нь гаргасан явдал байсан болов уу гэж олон хүн үздэг нь үнэн байж тун магадгүй юм. Яг л шившигт Мюнхений гэрээ шиг.

Тэр тусмаа Польш улс өөрөө мөн ч их будлиантай алхам хийж байсан ба Англи, Францын нэр барьж хоёр тийшээ таахалздаг, Чехийг Германтай хувааж авсан, бас Германтайгаа юм л бол сөргөөцөлдөж байсан билээ. Яагаад ч юм өнөөгийн Польшийн зарим нэг байдал тэр үеийн Польшийг санагдуулдаг гэвэл айхтар хол буруудахгүй болов уу.

Нэгэнт Их Британи болон Франц улс аман дээрээ Германы эсрэг “алалцах” ч ачир дээрээ юу ч хийхгүй нь тодорхой болсон хойно Польш улс ч балран сүйрэх нь ойлгомжтой болжээ. Тэр тусмаа 1939 оны 9-р сарын 17-нд ЗХУ-ын Улаан арми Германтай тохирсон гэрээний дагуу Польшийн дорно талаас халдан орсны дараа тэгсгээд бүх зүйл дууссан байна.

ЗХУ-ын Польшид халдан довтолсон тухайд бол тусад нь ярих сэдэв бөгөөд энэ “Аяны” (Зөвлөлтүүд энэ ажиллагааг дайн гэдэггүй Польшийн аян гэж нэрлэдэг)  нөлөөгөөр өнөөгийн Украин, Беларус, Латви зэрэг улс хамгийн их ашиг олсон билээ. Энэ бүхнээс харахад Дэлхийн 2-р дайн 1939 оны 9-р сарын 1-нд эхэлсэн гэхээсээ илүү 1939 оны 9-р сарын 3-нд эхэлсэн гэх нь илүү зөв мэт санагдана.

Ганц нэг өдрийн наана цаана ямар хамаа байна, сүртэй юм бэ дээ гэж болох л юм. Гэхдээ “энэ дайн 9-р сарын 1-нд Герман улс Польшид халдан довтолсноор эхэлсэн юм” гэх, “9-р сарын 3-нд Их Британи, Франц улсууд Гитлерийн Германд дайн зарласнаар эхэлсэн юм” гэх хоёрын хооронд нэлээд ялгаа бий. Бас дайн эхэлсэн шалтгаан, цаг хугацааны талаар нэлээдгүй ноцтой зүйлийг энд тэндгүй л ярьдаг. Тийм ч учраас үе үе энэ дайн эхэлсэн талаархи маргаан нэг чангарч нэг суларсаар байдаг бололтой.

P.S.

Харин Халх голд энэ их дайн эхэлсэн гэдгийн тухайд юу ч хэлэлтэй билээ. 1937 оны 7-р сарын 7-нд эхэлсэн Япон-Хятадын дайн илүү олон улсын шинж чанартай, дэлхийн томоохон гүрнүүд бүгд ямар нэг байдлаар энэ дайнд хамаарч, эрх ашиг нь хөндөгдөж байсан гэдэг. Тэгэхээр Халх голын дайн гэхээсээ илүү  “Марко Поло гүүрийн орчимд болсон мөргөлдөөн Дэлхийн 2-р дайны эхлэл” гэж үздэг хүмүүсийн үг арай илүү бодитой, жинтэй тусах биз ээ. Ер нь бол энэ их дайн эхэлсэн албан ёсны цаг хугацаа нь 1939 оны 9-р сарын 1 ба харин албан бусаар бол...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]