Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хийгүй бариад дуусгачихвал хэн хэндээ хэрэгтэй байх шүү"Уншсан8,947

Яггүй гэнэдсэн дархан аварга амаа дарсаар босч ирэхэд даян аварга "Хийтэй барихгүй бол хэн хэндээ гуниг болох байлгүй" гэж ёжилжээ.

Даян аварга Ц.Чимэд-Очир, дархан аварга Ш.Батсуурь нар

Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь аварга хоёр ид залуудаа улсын наадамд хүч сорин барилдсангүй. Харин жижиг барилдаанд барилдаж будилсан тухай сонин яриа бий. Жараад оны дундуур хэн хэнийх нь сайн танил нэгэн үзэгч:

- Нэр цуутай аваргууд болтлоо барилдчихаад хоорондоо тааралгүй өдий хүрснийг юу гэж ойлговол зохих вэ? гэж дунд нь асуулт тавивал Ш.Батсуурь аварга тэгжгэр дөрвөлжин шүднийхээ сиймхийгээр шүлсээ газар нулимаад,

- Гайхад байх юм ер байхгүй. Ахлах цолтой энэ маань надаас айж бэргэсээр амлалгүй өдий олон жил өнгөрлөө. Харин би дархан аварга болоод үүнийгээ амлаж хонхор газар дүүртэл, хотгор нугачаа тэгширтэл чанга хаяж хашраана гэж тогложээ.

Хожим нь тоглоомын үг бодит үнэн болон биелсэн. Ш.Батсуурь дархан аварга цол хүртээд ардын хувьсгалын 50 жилийн ойн наадмын дөрвийн даваанд даян аварга Ц.Чимэд-Очирыг амлан авч барилдсан юм. Ш.Батсуурь аварга өрөхдөө ч гүйх маяг мэдэгдсэнд цаадах нь анаад л тойроод байж, Ш.Батсуурь аварга өндийж элэг бүсээ доошлуулснаа гүйгээд ороход нь Ц.Чимэд-Очир зайлаад гуд татчихав. Яггүй гэнэдсэн дархан аварга амаа дарсаар босч ирэхэд даян аварга "Хийтэй барихгүй бол хэн хэндээ гуниг болох байлгүй" гэж ёжилжээ.

Хойтон нь мөн дөрвийн даваанд дахин амлаад гүйж ороод давахад даян аваргад ноднингийх нь санагдсан уу амаа дарах дүр үзүүлбэл "Хийгүй бариад дуусгачихвал хэн хэндээ хэрэгтэй байх шүү" хэмээн мадалжээ. Ахин давтагдашгүй аваргууд маань юутай гайхалтай сайхан хүмүүс байв даа.

Даян аварга Ц.Чимэд-Очир

БӨХ ТӨРҮҮЛЭХ ОХИН БАЙНА

Дархан аварга Дамдин гуайг хөдөөгүүр зочлоход нутгийн айлууд, бөхөө дээдэлдэг Монгол хүний ёсоор гэрийн эзэн алдарт аваргад идээнийхээ дээжийг барьж аварга нэлээн халамцангаа хөлд орж явсан хүүхдийг нь өвөр дээрээ авч өхөөрдсөнөө “ёстой сайн эр, бөх болох хүүхэд байна” гэхэд, гэрийн эзэн ихэд сандарч “аваргаа наадах чинь охин хүүхэд шүү дээ” гэвэл:

- Тэгвэл ёстой сайн бөх төрүүлэх охин байна даа гэж эвтэйхэн мултарчээ.

 

ХУЛГАР ДЭНДЭВ ЗААНЫ ХУУЧ

Өвөг эцэг нь Хавчиг Эрээн гэдэг газар Богдын даншигт долоо давж байсан заан цолтой сайн бөхийн нэг байжээ. Түүний хүү Вандан маш хүч тэнхээтэй нэгэн байв. Тэр том том чулуу бас тэмээ өргөж байсан боловч барилдах дургүй байсан байна. Эхийн төрсөн дүү Лувсаншарав их хүчтэй хүн байсан гэж нутгийнхан ярьдаг бөгөөд хошуу болон долоон хошуу даншигт үзүүр түрүүнд олон удаа хүрч явсан заан цолтой бөх байжээ. Эцэг эхийн удамт бөх В.Дэндэв нь ялгасан гэгээний шавь одоогийн Завхан аймгийн Идэр суманд 1905 онд төржээ.

Бага наснаасаа барилдах дуртай Дэндэв хүү 18 настай Архангай аймгийн наадамд зургаа давж Лундаа арсланд суйлуулан унаж үзүүрлэн аймгийн заан цол авчээ.

1923 оноос эхлэн аймаг, сумын наадамд нийт 20 гаруй удаа үзүүр түрүү авсан бөгөөд Завхан аймгийн наадамд 4 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэж байжээ. 1934 онд улсын наадам болохоос емнө аймгийн дарга дуудлаа гэсэн улаачийн бичиг аваад Идэр сумаас аймгийн төвд мориор иржээ.

Аймгийн дарга түүнийг хүлээж аван “Та улсын наадамд очиж барилдана. Шуудангийн машин хоёр хоноод ирнэ түүгээр яв. Би Элдэв-Очир даргад захиа бичиж өгнө. Таныг угтаж авах юм гэж хэлэв. Мөнгөгүйгээс морио тавин төгрегөөр зараад зардал хийж , хотод Элдэв-Очирынд ирлээ.

“За чи лам дээл хувцсаа солино оо хө. Дээлийнхээ хэмжээг өг” гэдэг юм байна. Авгай нь хэмжээ аван маргааш нь дээл хийж өмсүүлэхэд яг таарсан.

Наадмын урд өдөр очиж бүртгүүлэхдээ “Аймгийн арслан” гэвэл “Чамд ямар нэг хоч гуншин байна уу” гэж байна. Тэгэхээр нь намайг “хулгар Дэндэв” гэдэг юм даа гэв.

Намайг цолгүйтэй адил юм байна гэж ‘хэллээ гэхэд Элдэв-Очир “Өе тэр яахав. Хоол ундаа идэж сайхан амар” гэж байна. Маргааш нь наадмын талбайд очлоо. Тэр үед Яармагийн дэнжид наадам хийдэг байсан юм шүү дээ. Хоёр давчихлаа. Чи сайн барилдсан байна. Хоёр давна гэдэг чинь чамлах юм биш гэцгээж байв. Өөрөө ч дотроо боллоо гэж баярлаж байгаа. Тэгтэл гурвын даваанд ам авах юм болчихлоо. Босоо Самдан ам аваарай гэж байна. Би очоод чагнаж байлаа. Тэгтэл “Завханы хулгар Дэндэв хүүг хүртье” гэж байна. Самдан аварга цол дуудуулаад дэлж шаваад би ч яараад л бушуухан тавиад өгөөсэй гэж бодоод яарч байсан болохоор бушуухан очоод бариад авах гэтэл хойшоо ухарч байна. Хөөгөөд бариад авах гэтэл урдаас ухас гээд хав золгоод авлаа. Сугадаад тонгорчихсон чинь нэг урт цагаан юм дээгүүр даваад уналаа. Цаашаа дэвчихээд эргээд ирсэн чинь элэг бүсээ тайлчихсан зогсож байна. Сайн барилдаарай гэж тахимаа өгөхдөө тэвэрч үнсээд “чамайг одоо хаях хүн байхгүй” гэж хэллээ.

Тэгтэл би гэдэг хүн дээгүүр харчихсан хүмүүс над дээр шаваад “хаанахын хэн, аль нутгийн хүү вэ” гээд л. Би ч яахав дээгүүр хараад хоёр ташаагаа тулчихсан нэг их том амьтан онгироод тэр чигээрээ явсаар улсын заан цолонд хүрлээ. Наймын даваанд Менгөнморьтын Чимэд арсланд унасан.

Энэ 1934 он юм шүү дээ. 1935 онд дахин ирж барилдаад мөн долоо давсан. Чимэдтэй дахин таарч хаяж болмоор байсан боловч унасан юм аа. 1936 онд дахин ирж барилдан тав давсан. Үүнээс хойш очиж барилдах боломж гараагүй. Би Хэнтийн босоо Самдан, Завханы Сандуйжав заан, Арвайхээрийн Банди, Аюур арслан зэрэг бөхчүүдийг хаяж явсан даа гэж хуучилсан сан.

дархан аварга Ш.Батсуурь

Эх сурвалж: Хүчит бөхийн домог хууч ярианууд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]