Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Г.Равдан: Исмэл, Мандухай хоёр ордон дотор илдээр байлдаж байхад Мандухайг араас харвачихдаггүй юу.Уншсан103,075

Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равдантай уулзаж хөөрөлдлөө.


Г.Равдан: “Үг танигч” гэсэн тэр өргөмж өгүүлэхүйн ухааны мастер гэснээс ч илүү санагддаг

 

Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равдантай уулзаж хөөрөлдлөө.

-Улсын баяр наадмын өмнө ардын жүжигчин цолоор шагнуулсанд баяр хүргэе. Утсанд чинь ойрын үед улайстлаа дуудлага ирж байна уу?

-Энэ их нэр хүндтэй цол хэргэмийг хүртэнэ гэж миний ухаан санаанд багтаж байгаагүй. Яг ний нуугүй хэлэхэд “Авчихна даа” гэсэн бодол байсангүй. Өөрт оногдсон уран бүтээлээрээ санасан бодсоноо дамжуулж хэлээд, 43 жил дуртай ажлаа л хийж явлаа. Төр түмэн ингэж өндөр үнэлнэ гэдэг сайхан байдаг юм байна. Шагнал авснаас хойш газар газрын л хүн баяр хүргэж утасдаж байна. Хаа байсан Дорнод аймгийн Баяндун сумын мянгат малчин Энхбат гэж буриад баавай утасдаж байна. Тэр өвгөн бид хоёр эмнэлэгт хамт хэвтэж танилцсан юм. Тэрнээс хойш хоёул харилцаатай, баяр ёслолоор ярина. Хөвсгөлөөс багын найзын гэр бүлийн хүн ярьж байх жишээтэй. Архангай нутгаас, Хашаат сумаас гээд ах дүү, төрөл төрөгсөд, танил тал бүх хүмүүс ярилаа. Хэнтийн Батширээтээс манай Гансүрэн ярьсан шүү дээ. Чи Гансүрэнг мэднэ дээ.

- Танилгүй яах вэ, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч ах маань байгаа юм...

-Нэг буриад аялгатай хүн ярихаар “Гансүрэн үү” гэсэн “Тийм байна аа” гэж байгаа юм. Бид хоёр номын баяр, Данзангийн Нямсүрэнгийн далан насны ойгоор сайхан танилцаж байсан хэрэг. Багшийн сургуульд хамт сурч байсан, насаараа сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилласан Гомбо-Очир тэр хоёр ярьж байгаа юм. Гансүрэн дүү чинь Батширээт сумын ИТХ-ын дарга юм аа даа

- Та төрийн өндөр шагнал авахаасаа өмнө “Өгүүлэхүйн ухааны их мастер” хэмээх алдрыг олон түмнээсээ хэдийнэ хүртсэн хүн дээ?

-“Өгүүлэхүйн ухааны мастер” гэдэг үг миний нэртэй хамт дагалддаг болчихоод байгаа юм. Намайг ингэж нэрлэж байгаарай гэж би хэнд ч хэлж байгаагүй. Тэгсэн чинь ингэж нэрлэдэг боллоо. Албан ёсны ч нэрийдэл биш, аяндаа л миний уншсан зүйлийг радио телевиз, цомгуудаас сонссон хүмүүс л өгсөн бол уу. Үүнд би тэгтлээ жийрхээд ч байдаггүй. Заавал үүгээр нэрлэх ёстой ч гээд байдаггүй. Гэхдээ өгүүлэхүйн ухаан гээч юмыг надад УБДС-ийн кино драмын ангид зааж сургасан Лувсангийн Тунгалаг багшдаа баярлаж байна. Та бүхэн мэднэ дээ, “Талын цуурай” кинонд Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын дүрийг бүтээсэн, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг анх төгссөн мундаг жүжигчин шүү дээ. СУИС-д олон жил багшилсан гавьяат багш Уртнасан, Драмын театрын аварга жүжигчдийн тайзнаас ярих, өгүүлэх тэр их эрдмээс чадлынхаа хэрээр халбагадсаныг минь үр дүн юм даа. Өгүүлэхүй гэдэг нь үгтэй холбоотой юм. Үг, өгүүлбэрээр дамжиж зохиолын утга санаа хүнд хүрдэг. Шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, эсээ энэ бүхэн үгээр дамждаг болохоор өгүүлэхүйн ухаан гээчийг би өөрийн гэсэн барил, дэг сургууль, уншилтаар илэрхийлж Равдангийн гэсэн өгүүлэхүйн арга барил тогтсон юм бол уу.

- Хүүхэд байхаасаа л өгүүлэхүйн ухаанд суралцсан байж таарна даа?

-Би Архангайн Хашаатад төрөөд Өвөрхангайн Хужиртад сургуульд орсон. Хужиртын сургуулийн дуу хөгжмийн багш Балдангийн Очирбат гуравдугаар ангийн бацаан надад дуу хөгжим заахаас гадна шүлэг унших анхны А-г заахгүй юу. Сургуулийн концертод Лувсандашийн Бадарчийн “Шүүмжлэгдсэн баавгай”, төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн “Сандруу Сандаг” зэрэг шог шүлгүүдийг уншиж, хэрхэндээ тэндээ подойсон юм сургуулийн концертод дахиулдаг “өвчтэй” байлаа ш дээ. Тэндээс л миний юм унших ажил эхтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол гардуулахдаа “Гомбын Равдан гуай танд Монгол Улсын ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэхүйн ухааны арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гаргасан амжилт бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байгаа юм” гэж хэлсэн. Миний уран бүтээлийн амжилтын талаас илүү хувь нь өгүүлэхүйн ухаан урнаар унших, өгүүлэх, ярих байсныг энэ үг бататгаж байгаа гэж баярлаж сууна.

-Монголын алдартай олон зохиолчдын бүтээлийг та уншигчдын сонорт наалдацтай, нангиуртайгаар хүргэсэн шүү

-Монголын радиогоор 1985- 1989 оны хооронд “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр олон роман, туужийг бүрэн эхээр нь бэлтгэж хүргэсэн. Урлаг судлаач Дэмчигдоржийн Мягмарсүрэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, нийтлэлийн мундаг мастер Шаравнямбуу гуай нар энэ нэвтрүүлгийг санаачилж зохиолч Зо Пай Жингийн Баттулгын “Түвшин төгс”, Ч.Лодойдамба гуайн “Алтайд”, С.Эрдэнийн “Занабазар”, Л.Түдэвийн “Хувьсгал Танаа өчье” монолог роман зэрэг туурвилуудыг надаар уншуулсан. Радиогийн мундаг найруулагч Пүрэвжавын Цагаан, Цэндсүрэн, Бүргэд нар чинь надаар зүгээр нэг үг цагаашруулж байгаа юм шиг нэг өнгөөр уншуулчихгүй, олон дүрийн ялгаа, үйл явдлуудын ээдрээ зангилаа, өгүүлэмжийн хэмнэл, хурд бүхнийг хоногшуулж суулгах эрдмийг заасан даа. Тэдний минь ач буян л намайг өгүүлэхүйн урлагт эргэлт буцалт үгүй орох үүдийг нээсэн. Өгүүлэхүйн энэ л арга барилаараа одоо хүртэл хоолоо олж идээд явж байна. Саяхан гэхэд зохиолч Ш.Ванчаарай гуайн “Шагнал, шийтгэл” романыг радиогоор бүрэн эхээр нь уншлаа. Энэ уншилт бол нэг жүжигчний театрын өгүүлэх, дүрийн ялгаралтайгаар бүтээх хэлбэрээр явж байгаа юм шүү дээ. Аливаа зохиолыг зүгээр нэг а, бэ-гүй уншчихгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор сая шагнуулсан зохиолч Авидын Шартолгой гуайн “Ноён гэгээний тууж”-ийг уншиж эхлээд явж байна.

-Жүжигчид “Би тайз, дэлгэцийн тэдэн дүр бүтээж, өчнөөн кинонд дуу оруулсан” гэдэг. Таны бор тархины соронзон хальс, цээжний урын санд хичнээн бүтээлийн “алтан фонд” хадгалагдаж байгаа бол?

-(Мушийсхийн инээв. Л.Б) Тэр юу л даа хө. Жүжигчин болохоос өмнө хар багаас уншиж байсан зохиол бүтээлийн хэсгүүд, зарим нь бүтнээрээ шахуу шүлэг, ёгт үлгэр, найраглалын хэсгүүд цээжинд ер нь бий шүү. Тэр яадаг юм чухам. Бага залууд ой тогтоолт гайгүй байсантай ч холбоотой юм уу. Сүүлд мэргэжлийн жүжигчний сургууль ном дүүргээд, практик дээр тайз, кино дэлгэцнээ, радиогийн дуун сацруулагчийн ард энэ олон жилд уншаад ирэхээр зохиол бүтээлүүдийн тодорхой хэсгүүд санаанд үлдсэн байдаг. Тэрийг унших шаардлагатай гэвэл хоёр гурван хоногийн дотор эргээд сэргээчих жишээтэй. Өнгөрөгч онд Ч.Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор охин Насанбуян, Насанбат хоёр нь “Аавын “Шаргачин” өгүүллэгийг чи тэр жил сайхан уншсан шүү дээ. Одоо ойн баяр дээр уншаач” гэж байгаа юм. “Тэр жил” гэдэг нь 1979 онд уншсан байхгүй юу. Зохиолчдын эвлэлийн тавин жилийн ойд зориулж зарласан уран уншлагын уралдаанд “Шаргачин”-г анх уншин “Уран уншигч” гэсэн мөнгөн медаль авч байсан юм. Энэ өгүүллэгийг хоёр өдөр уншиж сэргээгээд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзан дээр уншсан. “Тунгалаг Тамир” романд Итгэлтийнд Бадарч тахар ирж охиноо Хонгортой суулгах гэдэг шүү дээ.

-За, тийн...

-Тэгсэн Итгэлт хадаг аваад юу юугүй барих нь уу гэсэн чинь аваачаад Ням өвгөнд барьчихдаггүй юу. Тэр хэсгийг би гуравдугаар курсийн оюутан байхдаа багшдаа үзүүлэн шалгуулж байсан. Энийг би өнөөдөр нэг сэргээгээ л маргааш уншчихна. Яадаг юм байгаа юм. Уран зохиолын мэдрэмж гэж юу байдаг юм. Тэр бүхэнтэй л холбоотой бол уу. Багаасаа уран зохиол уншсаных ч байж магад. Нэгдүгээр ангийн багш маань хэл, уран зохиолын мэргэжилтэй, улсын гавьяат багш Санжаа гэж хүн байсан юм. Хар багаас л номын хорхойтой болгосон нь шавь бидэнд ухаан суулгаж. Аав маань жолооч хүн гэхэд манайх гэртээ номын сан дүүрэн номтой айл байсан. Багаасаа номын амтанд орсон хүүхэд зохиолын бүх л баатрын сэтгэлээр амьдарна аа даа. Тиймээс миний ой тойнд яруу найрагчдын шүлгүүд, зохиол бүтээлийн хэсгүүд байна аа байна. Төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай “Миний муусайн найз нар” номоо дурсгахдаа “Үг танигч дүүдээ” гэж гарын үсгээ зурсан байдаг юм. Мэргэжлийн мундаг зохиолч найрагч хүний энэ үг надад юун өгүүлэхүйн ухааны мастер застераас илүү том алдар шагнал шиг санагддаг юм даа. Би өөрийнх нь “Харамчийнхны дууль” зэрэг нэлээд бүтээлийг нь залуудаа уншиж байсан. Миний зохиол бүтээл уншиж өгүүлэхүйн мастер гэгдээд буй минь үг таних л ухаан юм. Зөвхөн зохиол бүтээл ч гэлтгүй радиогийн мэдээ унших ч үг таних эрдэм юм. Санжийн Пүрэв байваан бичсэн “Гэгээн өргөл”, “Жирмийн сүлжээ” зэрэг богинохон хөөрхөн юмнуудыг уншиж байхад, тэр алдартай зохиолчдын туурвилаас уншиж байхад утгын гүнд нь яргаж, улам улмаар ухаан тархийг цэнэглэж ухаажуулж байж дээ.

-Та бага насныхаа тухай яриач!

-Бага нас ярихад амархаан. (инээв. Л.Б) Архангай аймгийн хуучин Лүн, одоогийн Хашаат суманд 1952 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн гэж байгаа юм. Аав жолооч хүн, Өвөрхангайн Хужиртад машин барих болоод тийшээ шилжиж, Хужиртад сургуульд орон долоогоо төгсөөд Улаанбаатарын Багшийн сургуулийн соёлын ангид хуваарилагдаж ирсэн. Миний уран бүтээлч болох замыг Очирбат багш маань тавьсан юм. Очирбат багшийн хөгжмийн дугуйланд хэн сурч байсан гээч.

-Хэн байв?

-Одооны энэ аугаа их хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров байлаа шүү дээ. Надаас гурван ангийн ах. Намайг долоо төгсөж байхад Жааяа араваа төгсөж байсан. Долоо төгсөөд Багшийн сургуулийн соёлын ангид ороод иртэл Жанцанноров манай зэргэлдээ хөгжмийн ангид суралцах гээд ороод ирдэг юм. Манай анги бол соёл гэгээрлийн ажилтан буюу нэг ёсондоо клубийн эрхлэгч болох анги байсан. Манай ангид тухайн үедээ Соёлын яамны орлогч сайд байсан, сүүлд Хотын Соёлын газрын дарга асан Гүндийн Нямсамбуу суралцаж төгссөн. Анги даасан багш маань алдарт “Шөнийн бороо” дууны аялгууг зохиосон Сосорын Бүтэд байлаа. Бусад нь хөдөө орон нутгийн соёл гэгээрлийн ажилтнууд болсон.

-Тэр үед чинь сургууль төгсүүт л хөдөө хуваарилдаг байсан гэдэг дээ?

-Би хөдөө хуваарилагдахаас амжилттай бултаж чадсан хүн байгаа юм. Хужирт руугаа л хуваарилагдах байсан байх. Далан нэгэн онд намайг яг төгсөх жил Багшийн дээд сургуулийн Кино, драмын ангид элсэлт авах хуваарьтай жил нь таарчихгүй юу. Тэр үед нэг элсэлт аваад дөрвөн жил сургаад төгссөнийх нь хойно дараагийн элсэлтийг авдаг байсан. Жаран долоон оны төгсөлтийнхөн буюу гавьяат жүжигчин Тунгалаг, тайздэлгэцийн алдарт жүжигчин Чойн Хүрэл, Итгэлтийн гэнэн хонгорт тоглодог Дэлгэржаргал гавьяат, “Анхны алхам”-ын Цэцэгбалжид эд нар төгсөөд биднийг авахгүй юу.

-Кино драмын ангийнхан чинь хэн хэн байв?

-Манай анги чинь ланжгар аа. Жүжигчний болон найруулагчийн мэргэжлийн ур чадвар гэсэн хоёр хичээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн Маамхүү багш бидэнд орсон. ЗХУ-аас манай Гэгээрлийн яамны урилгаар Москвагийн Эрдмийн бага театрын найруулагч Владимир Михиалович Веллс багш маань тэр үед гуч гаруйхан настайдаа ирж байлаа. Багш маань 2011 онд Драмын театрын наян жилийн ойгоор ирж “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Манай ангид хэн хэн байсан гэвэл Монголын театрын урлагийн жараад оны нэрт төлөөлөгч Дашийн Цээнямбуу гэж сонгодог жүжгийн гол дүрд тоглодог сайхан жүжигчин байлаа. “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луйза, “Өглөө” киноны Сэлэм Тогмидын авгай Норжмаад тоглодоггүй юу. “Тунгалаг Тамир” киноны тахар Бадарч, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрт тоглодог Цэрэннадмид гуай гээд аваргууд байлаа шүү дээ. Манай анги чинь дотроо нэг групп нь найруулагчийн, нөгөөх нь жүжигчний групп. Найруулагчийн группт нь ажиллаж байгаад ирсэн Цэрэннадмид, Цээнямбуу гуай, телевизийн алдартай найруулагч болсон Дашийн Пүрэвсүрэн гэдэг эмэгтэй, Дарханы театрт олон жил найруулагч хийсэн Даваасүрэнгийн Ганбаатар нар байлаа. Манай жүжигчний группт хожмоо хойно сурч ирсэн алдартай найруулагч Ч.Жумдаан, СУИС-ийн багш, Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Ганхүү, Хүүхэлдэйн театрын жүжигчин Долгор, киноны дуу оруулагч, гавьяат жүжигчин Цэмпилмаа, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш гавьяат Даваахүү нарын олон сайхан уран бүтээлч сурсан даа. Жүжигчин Болд-Эрдэнийн ээж жүжигчин Нэргүй байна.

-Оюутан ахуйдаа дүр бүтээв үү?

-Оюутан байхдаа ч, төгсөөд ч нэг их дүр бүтээгээгүй юм. Би чинь уг нь Багшийн дээд сургуулийг улаан дипломтой онц төгссөн ухаантай юм. Багшийн дээдийн хоёр давхарт 75 оны төгсөгчдийн дунд миний нэр байдаг л байсан. Одоо чухам тэр самбар нь байдаг юм уу, үгүй юу. Социализмын үеийн юм одоо юу гээд л байж байв гэж. Төгсөөд Цээнямбуу гуай бид хоёр Драмын театрт очлоо. Цээнямбуу гуай бол миний дэргэд аварга жүжигчин. Тэнд ажиллаж байгаад элссэн. Манай ангид чинь Драмын театрт ажиллаж байсан гурван аварга жүжигчин ирсэн юм шүү дээ.

-Хэн хэн билээ?

-Одооны ардын жүжигчин Цэрэндагва, Мягмарнаран гуай, Цээнямбуу гуай гурав чинь манай ангид ороод нөгөө хоёр нь замаасаа театртаа буцсан. Би театрт жүжигчнээр орсон эхний долоо, найман жилд жүжгийн олны хэсэгт гарч уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Далан таван оны зун Галсанжав найруулагч төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмарын “Би яагаад” гэдэг үйлдвэрийн сэдэвт жүжгийг тавихад ажилчдын хэсэгт гарсан. Олны хэсэгт олон гарсаан. Тэгж байхдаа л тэр аварга жүжигчдийн дүрдээ хувирч, дүрийнхээ сэтгэл зүйгээр амьдарч, догдолж байгааг дэргэдээс нь харж, мэдэрч, юм тогтоож авч явсан. Төгссөнөөсөө хойш найм, есөн жилийн дараа анх кинонд тоглосон. Наян гурван онд Бадрахын Сумхүү гуайн “Сахиул уу, сахиус уу” кинонд тоглолоо. Тэр болтол би найруулагчдын хараанд өртөхөөргүй л амьтан байж л дээ, зайлуул нэг муу юм.

 

ОТГОН ХҮҮ БАТТОГТОХ МААНЬ ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙГ МААНЬ ЗАЛГАМЖИЛСАН

-Кино найруулагчдын хараанд хэдийнээс өртөж эхлэв?

-Наян таван оноос Балжинням найруулагчийн “Ацаг шүдний зөрөө”, наян зургаан онд “Сүүдэр”, залгаад “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг кинонуудад дүр бүтээсэн. “Мандухай цэцэн хатан”-д Лаваг гэдэг дүрд тоглосон. Тэр нь бидний ойлголтоор Исмель тайшийн талын, Юнгэн хатны садангийн хүн байхгүй юу. Исмель, Мандухай хоёр ордон дотор илдээр байлдаж байхад Мандухайг араас харвачихдаггүй юу.

-Өө тийн...

-Тэр муухай этгээд чинь Равдан байгаа юм шүү дээ. Энийг хамаагүй хүнд хэлж болохгүй шүү. Мандухайг алсан гээд яах ч юм билээ. (Жүжигт тоглож буй мэт тонгойн шивнэж хэлээд инээв. Л.Б) Наргиа наргиа. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-д Мухулайд гарсан. Мухулай хоёрхон хэсэгт л морьтой гараад өнгөрдөг. Ж.Бунтар гуайн найруулсан “Тод манлай” кинонд Нэрэндоо гэж хошуу туслахын рольд гардаг. Хошууныхаа наадамд Манжийн морийг түрүүлүүлэхгүй гээд арга чаргаа хийгээд хол замд Түмэн уяачид мөнгөн ембүү өгөөд “Заавал ч үгүй хурдан морь олж ирнэ шүү” гээд байдаг нэг ёсондоо эх оронч маягийн хүний дүр. Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” хоёр ангит кинонд Хажир зайран гэсэн бөөгийн дүрд тоглосон. Ийм хэдхэн дүрд тоглож дээ.

-Таны японы самурайн даргын дүрүүд чинь бас сэтгэлд хоногшим шүү?

-Кинонд би хоёрын зэрэг тагнуул маягтай дүрд тоглосон. “Сахиул уу, сахиус уу” кинонд Алтангэрэл гэдэг Монгол тагнуулын дүрийг бүтээсэн. Сөрөг тагнуулын газарт Японы хошууч Хаяаши болчихсон сайхан ажиллаж байсан чинь сэжиглэгдэж баригддаг даа. Тэрний дараахан найруулагч Б.Бадар-Ууган маань “Нарны өнгө” гэж теле жүжиг хийсэнд хурандаа Нишишима гээд япон болно оо. Тэгээд яахав, хоёр гурван жүжиг, кинонд данжаад манжаадханд тоглосон. “Ацаг шүдний зөрөө”-гийн Заяат данжаад байна. “Чи үнэнээ хэлэх үү” гэсэн чинь “Мэдэхгүй” гээд ширээ мөргөөд унадаг даа. Дөчөөд онд театрын тайзнаа тавигдаж байсан Э.Оюун гуайн “Талын баатрууд” жүжгийг сэргээж тавихад надад явж явж Сюй Шү Жаны роль өгчихдөг юм. Хэрээрээ тоглох шиг болсон. Соёлын яамны уран сайхны зөвлөл ирж үзээд их голсон. (инээв) Ардын жүжигчин, удирдаач Намсрайжав гуай, ардын зураач Цүлтэм гуай эд үзээд “Энэ Сюй Шү Жан биш ээ. Цагааны Цэгмид гуай яаж тоглож байлаа. Эд мэдэхгүй, чадахгүй” гэж аргагүй гологдож л байсан.

-Драмын театрт байхдаа жүжигчин Сосорбарам, Цэвээнравдан гуай та нар шинэлэг сэтгэлгээтэй эсэргүүн нөхөд байсан гэдэг байх аа?

-Ардчиллын үзэл санааг уран бүтээлчид л анх илэрхийлж байлаа шүү дээ. Манай театрын дотоод уур амьсгал их хуучинсаг байсан. Дүр хуваарилалт гэхэд тэгш биш, жүжигчид нь дандаа л улс төрийн ажил хийсэн улс. Театрын доторх арга барилд салхи оруулъя гэсэн үзэл санаагаар Цэвээнээ, Со бид гурав дуугарч явсан л даа. Со нэг удаа бүх ажилчдын хурал дээр театрын удирдлагыг “Хуучинсаг байна. Өөрчлөх болж” энэ тэр гээд нэлээд шүүмжиллээ. Со ер нь хамгийн залуу нь, бас омголон ч байж дээ. Тэгсэн Доолио (жүжигчин Дорлигжав) хурлын дараа Со-д их нутгархаж “Чи дарга нарын өөдөөс хамаа намаагүй хөөс сахруулж ярьсаар наад элэг чинь сэмж болж гүйцлээ. Чи одоо хамаагүй хуцаж байж алуулав” гэлээ. Нөгөөх нь “Дуугарахад ер нь яадаг юм. Та нар өчнөөн жил дураар нь байлгасаар хуучин муу сайн коммунистууд уран бүтээлийг чинь чөдөрлөж байна ш дээ. Та нар хэлэх нь яасан юм” гэхэд Доолио “Үгүй ээ, хэлнэ л дээ” гэж. “Тэгээд хэзээ хэлэх юм” гэсэн чинь “Миний дүү, олон удаа битгий ингэ. Хурааж хурааж байгаад нэг л өдөр “Битгий хуц” гээд хэлчихгүй юу” гэж зөвлөсөн гэж байгаа. Тийм маягаар бид чинь үзэж тардаг байлаа. Намын гишүүдийн хараанд өртсөөр хамгийн эхлээд би театраас туугдсан юм. Цэвээнээ, Со, Цэрэндагва, “Хөх чоно”-д тоглодог гавьяат Дамдин ах, “Говийн зэрэглээ”-гийн захиралд тоглодог залуу жүжигчин Эрдэнэтогтох бид нэг өрөөнд байдаг байсан. Ингээд бүх ажилчдын хурлаар “14 хоногийн дотор ажлаа өгөхийг шаардаж театраас халсугай” гэсэн тушаал гаргалаа. Шалтгаан нь “Уран бүтээлчдийн дотор зүй зохисгүй яриа гаргадаг, театрын удирдлагын эсрэг залуу уран бүтээлчдийг турхирдаг, үзэл суртлын хувьд зохимжгүй” гэсэн ялаар туугддаг юм. Намайг туугдсаны дараа Цэвээнравдан миний тумбочкийг харж харж “Энэ яасан эзнээ тогтоодоггүй тумбочка” вэ гээд юм хумаа хийсэн гэж байгаа. Миний тумбочкан дээр Цэвээнээ ороод хэсэг байснаа төдөлгүй гараад явчихсан гэж байгаа. Ёстой эзнээ тогтоодоггүй тумбочка болохгүй юу. Тэгж л хөглөж явсан. Цэвээнравдан “Тоншуул” сэтгүүлийн дэргэд шог зураач Ц.Байды, С.Цогтбаяр, шог зохиолч Цэндийн Доржготов гуай, элэглэл хийдэг Сангаабазар нар “Учиртай инээд” хамтлаг байгуулахад тийш очсон л доо. Со сүүлд гарсан.

-Театраас туугдаад хаа очиж оршин тогтнов?

-Кино үйлдвэрт 1987 онд очсон доо. Балжинням багш маань “Мандухай цэцэн хатан”-аа яг хийж эхлэх гэж байхгүй юу. Сая багшийн маань хань Надмэд эгч, хүү кино найруулагч Амарсанаа нар утасдаж баяр хүргэж байна лээ. Балжинням багш дээрээ халагдчихлаа гээд иртэл “Уран сайхны удирдагч Сумхүүтэй чи уулз. Учир зовлонгоо ярь. Яаж орохоо мэдэж байгаа биз дээ” гэж арга зааж өгч байгаа юм.

-Ямар арга зааж өгөв?

-Яахав, нэг лонх юм өвөртлөөд ор л гэж байхгүй юу. Тэр үгээр нь ороод орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин боллоо. Энд Дамдинбазар гавьяат, Дамчаа гуай, Дагийрааз гуай, “Ягаан Гажид” Цэнд-Аюуш, нөгөө алдарт Элбэгсайхан, Цэмпилмаа нар гээд олон мундаг жүжигчдийн дунд орчихож байгаа юм. Тэдний дуу оруулж байгаагаас суралцах том сургууль энэ байсан. Тэднээсээ сурсан жаал жуул юм маань телевизийн орчуулгын кинонд ажиллахад их тус болсон.

-Кино үйлдвэр тарсны дараа хаа очив?

-Соёлын төв өргөөн дээр байрлаж байсан Армийн театрт ирж дөрвөн жил болсон. “X ТҮЦ”-ийнхэн тоглоод байсан “Аянгын бороо” гэж Хятадын сонгодог зохиолчийн жүжгийг ерээд оны эхээр манай театр тавьж байлаа. Аугаа их жүжигчин Гантөмөр гуай, “Говийн зэрэглээ”-гийн Номинд тоглодог жүжигчин Я.Оюунцэцэг, Жамсранжав гавьяатын охин Оюундарь, “Тод манлай”-гийн Түмэн уяачид тоглосон жүжигчин Дорждагва, Сүххуяг, Тунгалаг гавьяат, Нармандах бид чинь нэг хамт олон болж сайхан бүтээлүүдэд тоглож байв. “Худалч эхнэр” гэж инээдмийн жүжигт тоглож Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал авч л явлаа. Армийн театраасаа Монголын үндэсний радиод орж, 2007 он гаруут эрх чөлөөт уран бүтээлч болохгүй юу.

-Радио, телевизийн удирдлагатай хэвлэлээр “сэлэм эргүүлсэн” тал ч байгаа байх аа?

-Аа тийм нэг зөрчил тулгарсан явдал бий. Нөгөө сүрхий Горькийн сургууль дүүргэдэг яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр ах чинь радио, телевизийн Үйлдвэрчний эвлэлээ толгойлоод л, удирдлагаа шүүмжлэх түр хороо энэ тэр байгуулаад сүржигнэсэн шүү дээ. Телевизийн байрны гадаа гэр бариад л, уриа лоозон болоод сүртэй тэмцээгүй юу. 25 дугаар сувгаар тэмцлийнхээ талаар ярих болсон чинь бүгд үзлээсээ ухраад би орж яриад маргааш нь халагдсан. (Гашуунаар инээв) Овоо хараанд онилогдсон амьтныг чинь пиунхгээ л нясалчихаж байгаа юм.

-Та төрийн хүндэтгэлийн хэмжээний концерт тоглолт олныг хөтөлж байв уу?

-Төрийн хүндэтгэлийн тоглолт хөтлөөгүй. Ер нь мэргэжлийн том уран бүтээлч хөгжмийн зохиолч, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн цэнгүүнийг олон хөтөлсөн. Төрийн концертонд хэд хэдэн удаа шүлэг уншиж оролцсон. Ё.Цэрэндолгор найруулагч тэр жил төрийн концерт найруулахдаа их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” шүлгийг унших даалгавар өглөө. “Уртдаад байна” гэхээр нь хэдэн бадгийг нь хасаад богиносгож уншихгүй юу. Найруулагчийн шаардлага шүү дээ. Тэгсэн дараа нь “Ил товчоо” сонинд “гоймон” Пүрэвдорж гуай “Их найрагчийн энэ сайхан шүлгийг жүжигчин Равдан зэрэмдэглэж, хагас дутуу уншлаа” гэж бужигнуулж л байлаа. Хөгжмийн зохиолчдоос аугаа их Мөрдорж, Лувсаншарав, Намсрайжав нарын насны ойн тоглолтуудыг хөтөлсөн. Филармонийн ой Жанцанноров, Шаравын, Чинзоригийн бүтээлийн концерт гээд бүгдийг нь хөтөллөө. Багшийн сургуульд хөгжмийн анги төгссөн учраас хөгжмийн талын анхны мэдэгдэхүүнтэй. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн “Жаахан шарга” цуврал концерт, Морин хуурын чуулгын анхны тоглолтоос 25 жилийн ойн тоглолт хүртэл бүх тоглолтыг хөтөлсөн байна. Жил болгоны долдугаар сарын 11-ний “Монголын сайхан орон” баярын концертыг байнга хөтөлнө. Мөн саяын 11-нд хоёр өдрийн өмнө ардын жүжигчин болчихоод хөтлөөд зогсож байх жишээтэй. Ноднингийн концерт жаахан хүнд байсан. Тэр 11-ний өдөр хайртай хүүгээ алдчихсан байсан. Энэ миний таван хүүгийн зураг байна. (Санаа алдан үзүүлэв. Л.Б) Өдөр бэлтгэл дээр байж байтал манай хүү бурхан болоод. Концерт зарлагдчихсан болохоор хөтлөхөөс аргагүй. Уран бүтээлч хүнд уй зовлон тохиолдоход ухрах зам байдаггүй тайзны нэг хатуу хууль байна. Жүжигчин хүн жүжиг нь зарлагдчихсан л бол аав, ээж, ах, эгч, хүү, дүү хэн ч байсан бурхан боллоо гэхэд тоглохоос аргагүй болдог. Ноднин надад тийм юм тохиолдсон шүү.

-Ай, хэцүү юм болжээ?

-Яах вэ, би тэгээд тайзан дээрээ гардгаараа гарч, хөтөлдгөөрөө хөтлөөд өнгөрсөн. Уран бүтээлч хүний л туулаад өнгөрөх хувь заяа байж.

-Таныг сая шагнал авахад ах дүү нар тань баяр хүргэж утасдлаа гэж байсан даа. Та ингэхэд хэдүүлээ вэ?

-Ах нь эхээс арван нэгүүлээ. Одоо ес нь эсэн мэнд байгаа юм. Би айлын ууган хүү. Дүү нар дээд мэргэжлийн хуульч, хөнгөн үйлдвэрийн технологич-инженер, эмч, жолооч, бизнесмэн гээд бүгд л сайхан ажил төрөлтэй явцгааж байна. Бид чинь одоо үр ачтайгаа зуу гаруй амь болон үржиж.

-Таны хөвгүүдээс урлагийн хүн байна уу?

-Отгон хүү Баттогтох маань СУИС-ийн жүжигчний анги төгссөн юм. Залуусын хийсэн “Арван ес”, “Улаан дөрвөлжин”, “Тайга”, “Бумеранг” гээд нэлээд кинонд тоглосон. “Ану хатан” кинонд аав, хүү хоёр хамт тоглож үзлээ. Хүү маань Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Сэнгэд, би Цөхүр Увшид тоглосон ухаантай. Энэ хүү маань мэргэжлийг маань залгаж, нэр баастахгүйхэн шиг явчих байх. Найруулагчдын хараанд өртөнө гэдэг чинь хоосонгүйн шинж. Зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжих нар” олон ангит киноны Цанжид чинь миний хүү шүү дээ.

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]