Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.Эрдэнэ-Очир: Ноён уулын олдворуудын судалгаа магадгүй зуун жилийн дараа ч үргэлжилсээр байнаУншсан4,068

Монгол болон бүс нутгийн хэмжээнд Хүннүгийн язгууртны 13 томоохон цогцолбор дурсгал илэрч олдсон. Эдгээрээс 9 нь Монгол улсын нутаг дэвсгэрт илэрсэн байдаг.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-“Хүннүгийн археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн болж байгаа. Энэхүү үзэсгэлэн ямар онцлог агуулж байна, энэ сэдвээр яриагаа эхлэе?

-Энэ жил Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал болох Ноён уулын судалгааны хамгийн сүүлийн үеийн үр дүнг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд 2006-2012 онд Монгол-Оросын хамтарсан экспедицийн хүрээнд судлагдсан дөрвөн том булшны малтлага судалгааны үр дүн, тэдгээрээс илэрсэн 1200 гаруй олдвороос 400 орчим шилмэл олдворыг дээжлэн хүргэж байна. Тусгай үзэсгэлэн зохион байгуулах ажлыг Соёл урлагийг дэмжих сангийн дэмжлэгээр ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Хүннүгийн археологийн шинэ нээлт” төслийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд үзэсгэлэнгээс гадна судалгааны бүтээл, баримтат кино, олдвор эд өлгийн зүйлсэд тулгуурласан бэлэг дурсгалын зүйлс гаргаж олон нийтэд танилцуулсан цогц төсөл байлаа.

-Ноён уулын дурсгал Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. Ноён уулнаас олдсон олдворуудын дийлэнх нь ямар төрлийн олдворууд байдаг вэ?

-Монгол болон бүс нутгийн хэмжээнд Хүннүгийн язгууртны 13 томоохон цогцолбор дурсгал илэрч олдсон. Эдгээрээс 9 нь Монгол улсын нутаг дэвсгэрт илэрсэн байдаг. Энэ нь хүннүчүүдийн уугуул нутаг өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр юм гэдгийг нотлох хөдлөшгүй баримт. Тэдгээрийн дотроос Ноён уулын дурсгал нь олон улсад Монголын археологийн нэрийн хуудас болсон, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэгдсэн гайхамшигтай онцлог дурсгал. Ноён уулын дурсгал бусад Хүннүгийн язгууртны дурсгалуудтай харьцуулахад харьцангуй хатуу, хагас цэвдэгт хөрстэй учраас олдворуудын хадгалалт сайн байдаг. Ялангуяа органик эдлэлүүд их хэмжээгээр илэрдэг. Тухайлбал, 1924-1925 онд П.К.Козловын ухалтаар олдсон, өдгөө Эрмитажид хадгалагдаж байгаа 1900 нэгж олдворын 1150 нь буюу 60 хувийг органик олдворууд болох эсгий ширмэл ширдэг, хатгамал хивс, торго, бөс даавуу эзэлдэг. Ийм олдворууд олноороо илэрдэг археологийн дурсгал ховор л доо. Ихэнх тохиолдолд уусч үгүй болсон байдаг.

- Сүүлийн жилүүдэд Хүннүгийн үеийн археологийн судалгаанд ямар дэвшил гарч байна?

- Сүүлийн хориод жилийн хугацаанд Хүннүгийн археологийн судалгаа маш эрчимтэй хөгжсөн. Француудтай хамтарч “Гол мод”, Оросуудтай Ноён уул, Солонгосын эрдэмтэдтэй хамтран “Дуурлиг нарс”-ны дурсгал дээр судалгаа явуулсан байна. “Гол мод-2” дурсгалд Улаанбаатарын Их сургууль Хятадын Их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Монголын хүннүгийн археологийн судалгаа олон улсын хүннү судлаачдын анхаарлын төвд байдаг бөгөөд сүүлийн 20 орчим жилийн идэвхитэй судалгааны үр дүнд Хүннү судлалын төв Монгол улс болж олон чухал нээлтийн чанартай судалгаанууд хийгджээ.

-Мэдээж хэрэг олдворуудыг сэргээн засварлахад ихээхэн хугацаа шаардлагатай. Монголдоо бүрэн сэргээн засварлах боломж хэр байдаг вэ?

- Археологийн хүрээлэнд сэргээн засварлах лаборатори бий. Одоогоор хоёр сэргээн засварлагч ажиллаж байна. Өөрсдийн хүчин чадлын хүрээнд металл, модон эдлэл, зарим органик гаралтай олдворуудыг сэргээн засварлаж байна. Он, цаг тогтоох судалгаанууд хангалттай хийгдэж байгаа. Ноён уулын сүүлийн үеийн судалгаагаар илэрсэн олдворуудыг Оросод сэргээн засварласан. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр жилийн хугацаанд зөвхөн нэг булшны дурсгалыг сэргээн засварласан байдаг. 2006 онд Ноён уулын 20-р булшнаас илэрсэн хосгүй үнэт дурсгал болох хатгамал хивсийг сэргээн засварлахад хоёр жилийн хугацааг зарцуулсан. Анх шавар дундаас утас, нэхмэлийн хэсэг л цухуйж байсан. Ингээд хоёр жилийн дараа гайхамшигтай хивс болоод буцаж ирсэн. Ямар олдвор, ямар орчинд хадгалагдсан зэрэг олон хүчин зүйлээс сэргээн засварлах хугацаа хамаарна. 

СУИС-д сэргээн засварлагчийн ангитай болж, мэргэжлийн боловсон хүчин, сэргээн засварлалтыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Соёлын өвийн үндэсний төв дээр сэргээн засварлалтын чадварлаг баг ажилладаг. Бодис урвалжийн хувьд ихэнхийг гаднаас худалдаж авдаг тул дутагдалтай зүйл бий. Алсдаа олдворын сэргээн засварлалтыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Язгууртны булш нь аль бүс нутгаас ихээр олддог юм бол. Язгууртны булш ихээр олдож байна гэдэг нь хүннүчүүд тухайн бүс нутагт голчлон аж төрж байгааг илтгэнэ биз дээ?

-Тэгэлгүй яахав.  Мэдээж  хэрэг булш, оршуулгыг байгуулахад тухайн газар нутаг онцгой үүрэгтэй. Хаа хамаагүй газарт ихэс, дээдсээ оршуулахгүй нь тодорхой. Ноён уулын булшны эзэд бол Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав нутгаар эрт үеэс оршин тогтнож байсан уугуул ард түмэн. Ноён уул гэдэг нэрнээс нь авч үзсэн ч нутгийн хүмүүсийн шүтлэг бишрэлтэй холбоотой нь тодорхой харагдаж байгаа юм. Хэдий үеэс Ноён уул гэж нэрлэх болсон нь тодорхойгүй ч ашигт малтмалын баялаг агууламж, байгалийн үзэмж, амьтан ургамал жигдэрсэн гайхамшигтай нутгийг сонгож хүннүчүүд өвөг дээдсээ оршуулсан байна.

Хэрэв Хүннүгийн засаг захиргааны бүтцийг баруун, зүүн, төвийн гэж үзвэл Хэнтий нурууны бүсэд орших Ноён уул, Дуурлиг нарс, Бор булагийн дурсгалыг зүүн гарын Хангай нурууны бүсэд орших Гол мод I, II дурсгалыг төвийн, Алтай нурууны бүсэд орших Тахилтын хотгор, Тувагийн дурсгалыг баруун гарын захиргаанд хамааруулж үзэх боломжтой.

-Судалгаагаар эд өлгийн зүйлс хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?

- Хүннүгийн язгууртны булшийг харамсалтай эрт үед зохион байгуулалтайгаар тоносон байдаг. 300 гаруй булш байлаа гэхэд бүгдийг нь толгой дараалан тоносон байдаг. Тонуулчид эд өлгийн зүйлсэд шунах гэхээс илүүтэйгээр тухайн язгууртны ясыг нь өндөлзүүлж, доромжлох зорилготой тонолт явуулдаг. Ингэж тоногдсоны дараа тухайн булшны битүүмжлэл алдагдаж, хөрсний суултаар бунхан бүхэлдээ цөмөрч дарагдан, бунхан доторх эд өлгийн зүйлс эмх замбараагүй болсон байдаг. Үүнээс улбаалж олдворын хадгалалтын нөхцөл өөрчлөгддөг. Дээр нь олдворуудын хадгалалтад байгалийн дулаарал ихээхэн нөлөөлдөг. Жишээ нь, арван метрийн гүнээс доош хагас цэвдэгт хөрс үргэлжилдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хагас цэвдэг хайлснаар бунхан доторх олдворуудад нөлөөлж байгаа нь малтлагаар тогтоогдож байна.

-Нийслэлийн бүс нутгаас ямар төрлийн олдворууд ихээр олддог вэ?

-Нийслэлийг тойроод бүхий л үеийн дурсгалууд бий. Чулуун зэвсгийн үеэс авахуулаад өнөөг хүртэл нүүдэлчин Туул голын сав нутгаар оршин тогтнож байсныг нотлох археологийн дурсгалууд бий. Их тэнгэрийн ам, Гачууртын аманд хүрэл зэвсгийн үеийн гайхамшигтай хадны зураг бий. Энэ бол хүрэл зэвсгийн үеийг төлөөлөхүйц үнэхээрийн том дурсгал. Туулын Хар түнийн ордны туурь гэж олон үеийн дурсгалт хот суурингийн дурсгал байна. Тоорил хааны ордны туурь ч гэж үздэг. ШУА-ийн Археологийн хүрээлэн Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран хот орчмийн зарим археологийн дурсгалуудад судалгаа явуулж байна. Дөрвөлжин булшны цогцолборт дурсгал Ар Гүнтэд байдаг.

Монголд олдсон Хүннүгийн язгууртны 9 том цогцолборын нэг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн аманд байна. 2021 оноос эхлэн Бэлхийн аманд судалгаа явагдаж байгаа. Ноён уулыг бодвол харьцангуй цөөн булштай. Энэ жил нэг дурсгалд судалгаа хийхэд үүдэвчтэй оршуулгын нүх ухаж, модон бунханд язгууртныг оршуулж, сүйх тэрэг дагалдуулж байсныг гэрчлэх ул мөр, баримтууд илэрсэн. Тиймээс Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газартай хамтран ил үзмэр бүхий аялал жуулчлалд зориулсан орчин бий болгохоор ажиллаж байна.

-Хүннүгийн үеийн олдворуудад эртний Грек, Ромын соёлын илэрхийлэмжүүд байгаа нь анхаарал татаж байна л даа?

-Ноён уулын 20-р булшнаас Грек, Ромын хийц маягаар урласан хөөмөл мөнгөн чимэглэл илэрсэн. Ер нь Ромын шилэн аяга гэх мэт барууны гаралтай эд зүйлс хүннүгийн дурсгалаас их олддог. Ноён уулын булшнаас Хятадын Хан улсын хааны ордонд үйлдвэрлэсэн чий будагтай аяга, Дундад Азийн гаралтай алдартай хивс, Ромын хөөмөл мөнгөн чимэглэлүүд зэрэг харь олдворууд их олддог.

Домгийн бурхад Геракл ба Омфала нарыг дүрсэлсэн эл дурсгал 2006 оны малтлага судалгаагаар илэрсэн. Судлаачид маш олон таамаглал дэвшүүлсэн байдаг. Олдворын хамгийн жишээ Данийн Копенгагенд Торвальдсений музейд XVIII зууны үед гипсээр хийсэн Геракл, Омфала хоёрын дүрслэл хадгалагдаж байна.

Хэрхэн Хүннүгийн язгууртны гарт оров гэдэг дээр судлаачид мөн олон янзын санал дэвшүүлдэг. Красс жанжин, Ромын легионерууд болон хүннүчүүдийн түүхэн холбоо уялдаатай холбон тайлбарладаг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нотлогдсон зүйл биш. Ер нь Ромын легионеруудын хуяг, дуулгын чимэглэл гэдэг нь тогтоогдсон. Хожим нь хүннүчүүдийн гарт орж, адуу малын тоног хэрэгсэл маягаар хэрэглэгдэж байсан байж магадгүй гэж үзэж байгаа. Хүннүгийн үеийн дурсгалаас гардаг хөөмөл мөнгөн чимэглэлүүдтэй хийцийн хувьд ойролцоо боловч, найрлага өөр байгаа нь лабораторийн судалгаагаар тогтоогдсон. Мэдээж энэ бол импортын бараа биш. Тиймээс бэлэг дурсгалын зүйлсээр дамжин Хүннүгийн язгууртны гарт орсон байх боломжтой.

-Таны сүүлийн үеийн судалгааны ажлын талаар?

-Монгол-Оросын хамтарсан Ноён уулын судалгааны ажлыг миний бие Монголын талаас 10 жил удирдан ажилласан. Үндсэндээ дөрвөн язгууртны булш, мөн дөрвөн дагуул булшийг малтан судалсан. Сэргээн засварлалтын ажил, олдворын боловсруулалт маш олон жил сунаж үргэлжилсэн. Энэ жил судалгааны үр дүнгээ олон нийтэд дэлгэх боломж бүрдлээ. Үндсэндээ сэргээн засварлалтын ажил дууссан. 1924-1925 онд хийгдсэн П.К.Козловын малтлагын олдворын судалгаа дөнгөж эхэлж байна. 100 жил өнгөрлөө шүү дээ. Өөрөөр хэлбэл техник технологи хурдацтай хөгжиж байна. Судалгааны арга зүйн шинэ шинэ боломжууд нээгдсээр байна. Тэгэхээр магадгүй дахиад 100 жилийн дараа ч Ноён уулын дурсгалын судалгаа явагдаж л байна гэсэн үг.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс гэвэл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас хэмээх гайхамшигтай дурсгал дээр ажиллаж, дэвсгэр зураг хийсэн. Энэ бол Хархорум хоттой нэг цаг үед оршиж байсан эртний томоохон хот юм. XIII-XVII зууны үеийг хамран олон үеийн турш оршин тогтнож байжээ. Хархорум хот сүйтгэгдэж, газартай тэгшлэгдсэн. Харин Хархул хааны балгас харьцангуй бүтэн хадгалагдсан. Хааны ордон, дөрвөн замын уулзвар, түүнийг тойрсон олон барилгууд маш сайн хадгалагдсан байна. Археологийн хүрээлэн “Монголын Эзэнт гүрний үеийн дурсгалууд” хөтөлбөрийн хүрээнд лавшруулан судалхаар төлөвлөж байна. Хархул хааны балгасыг судалснаар Хархорум хотын судалгааг илүү тодорхой гаргах боломжтой гэж үзэж байгаа. Цаашид барилгуудын тодорхой хэсгүүдэд малтлага судалгаа явуулж эхний үр дүн бий болгосноор олон улсын томоохон төслүүдийг оруулах боломжтой.

Улмаар Европынхон шиг хотын туурийг тодорхой хэмжээнд сэргээх боломжтой гэж харж байна. Европт газартай нь тэгшилж, сүйрүүлсэн хотыг малтлагаар илрүүлж, 20, 30 хувийг нь сэргээдэг. Энэ нь аялал жуулчлалын маш том обьект болдог юм байна. Манайд энэ туршлага хараахан нэвтрээгүй байна. Мэдээж хэрэг төсөв мөнгө их зарцуулах том ажил. Гэхдээ үүн рүү орохоос өөр аргагүй. Хархул хааны балгас дээр энэхүү сэргээн засварлалтыг хийх бүрэн боломжтой.

Мөн Хануй голын савд археологийн хайгуул судалгаагаар одоогоос 6000 жилийн тэртээд холбогдох неолитийн үеийн булш илрүүлсэн. Ямар нэгэн чулуун байгууламж байхгүй 200 орчим шороон байгууламж. Үүний нэгэн дээр малтлага хийхэд 2,5 метрийн гүнээс эмэгтэй хүний ясны хэсэг гарсан. Дээжийг Герман болон Америкийн том лабораторид он цаг тогтоох шинжилгээ хийлгэхэд 6000 жилийн тэртээд холбогдох нь тодорхой болсон. Ийм олон, эртний оршуулгын байгууламж нэг дороос олдсон тохиолдол Монголд байхгүй. Өлзийт дэнжийн энэхүү дурсгал дээр 2021 оноос суурь судалгааны төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

Ярилцсан О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]