Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Байшинтын дивизийн эмгэнэлт өдрүүдУншсан33,710

Хүн хүчний мэдээгээр өвчин эхэлсэн 1936 оны 6 дугаар сараас 1937 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд гаргасан тоон мэдээгээр 200 гаруй хүн нас барсан болохыг бичсэн байна

 АРХИВЫН БАРИМТ  ҮНЭНИЙГ ӨГҮҮЛНЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Жамъянгийн Гончиг 2004 онд Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбатын нэр дээр нэгэн бичиг ирүүлжээ. Тэрхүү бичигт “1936, 1937 онд Байшинтын 7 дугаар морьт дивизэд алба хааж байсан дайчдаас олон хүн нас барсныг эсэргүү нар гүний худганд хортой англи давс хийснээс болсон гэсэн яриа өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилтэй байсаар байна.

Энэ тухай Батлан хамгаалахын төв архивт хадгалагдан үлдсэн материал байдаг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, олон түмэнд нэг мөр цэгцтэй ойлголт өгч болдоггүй юм уу?” гэсэн утгыг агуулжээ. Энэ талаар судалгаа хийсэн тухайн үеийн Архивын дарга, хурандаа Т.Оюунбазарын гарын үсэгтэй 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан тоот БХЯ-ны ТЗУГ-т ирсэн байна. Харин Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбат тэрхүү хариу бичгийн хуулбарыг надад өгч “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл сониндоо нийтлүүлж болох юм” гэсэн санааг хэлж байснаас хойш 10 гаруй жил улиран оджээ. Миний хавтсанд арван өвлийн цас хялмаалахыг “үзсэн” энэ баримтад салхи саваар оруулах цаг нь болжээ.

 

Тэгээд ч Байшинтын VII дивиз гэдэг нь  миний төрж өссөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь одоогийн “Хонгор”  багийн төв юм. Бид хүүхэд байхдаа бишгүйдээ л тэр дивизийн газар доорх хоргодох байраар нь орж тоглож, хананых нь будаг нь хүртэл бараг хэвээрээ шахам байхыг харж гайхаж л байсан. Батлан хамгаалахын төв Архиваас ирүүлсэн бичигт “Эсэргүү нараас байлдагч нарын биеийг олноор үхүүлэн хорлон сүйтгэж байсныг засах тухай” ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн   тушаал 1937 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гарч, эл байдлыг шалгах комиссыг Бүх цэргийн прокурор, дивизийн комиссар Банзрагчаар даргалуулан томилсон бөгөөд энэ комиссын шалгалт хийгээд гаргасан дүнгийн илтгэл рапорт манайд хадгалагдаж үлдээгүй байна. Хожим 1959 онд МАХН-ын Хянан шалгах хорооны дарга Т.Гэндэн даргатай эсэргүү нарын хэргийг шалгах комисс байгуулан, уг асуудлыг шалган судлаад дараах дүгнэлтийг хийжээ. Цайргүй зэс тогоонд хоол хийснээс цусан чацга өвчин тархсан, Байшинтын дивизийн худагт англи давс хийсэн нь нотлогдоогүй, зэс тогоо урьд нь хийдийн лам нар хоол хийдэг байсан тогоо юм. Олон хүн үхэж байсан шалтгааныг Дотоод яамны ангийн төлөөлөгч Гомбодорж, Пунцагбалжир, бага эмч Жамсран нарын болон тэр үед шалгасан хүмүүсийн тодорхойлолтоос үзэхэд гэдэсний хурц халдварт өвчнөөр нас барж байсан нь үнэн. Дайсны хорлол гэх зүйл илрээгүй, дивиз шинэ газар нүүж очоод удаагүй учир анги ахуйн талаар гачигдалтай, орон сууцны нөхцөл муу, хүйтэн, хоол хүнс муу, цэргүүд өвлийн хувцсаар хангагдаагүй байсан зэрэг нь өвчин даамжирч, олон хүн нас барахад нөлөөлсөн бололтой гэжээ.

Архивт хадгалагдаж байгаа баримтуудыг шалгаж үзэхэд тус 7 дугаар дивизээс 1937 онд 83 хүн нас барсан баримт нэрсээрээ байдаг. Хүн хүчний мэдээгээр өвчин эхэлсэн 1936 оны  6 дугаар сараас 1937 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд гаргасан тоон мэдээгээр 200 гаруй хүн нас барсан болохыг бичсэн байна. Төгсгөлд нь Т.Оюунбазар хурандаа “Худгийн ус ууж хордож нас барсан хүмүүсийн асуудлыг улс төрийн эсэргүү үйл ажиллагаатай холбон үзэх үндэслэлгүй болов уу” гэсэн хувийн саналаа илэрхийлжээ.

ХҮНДЭЭР НЭРВЭГДСЭН БАЙШИНТЫН VII ДИВИЗ

Монгол оронд 1930-аад оны үед өрнөсөн лам нарын, 1933 оны Ш.Лхүмбийн, 1936 оноос П.Гэндэн, Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү хэрэг хэмээн нэрлэгдсэн улс төрийн хэлмэгдүүлэлттэй зэрэгцэн зүүн хязгаарын ангиудад алба хааж байсан МАХЦ-ийн олон дайчид өвчнөөр нас барахад Байшинтын VII морьт дивиз илүүтэй хохирсон байна. Тус дивиз ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжины 1936 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн тушаалаар Хэнтий аймгийн төв Өндөрхаанаас Сүхбаатар аймгийн Хонгор сум буюу одоогийн Баяндэлгэр сумын нутаг “Байшинт сүм” гэдэг газар шилжин байрлажээ.

Дивизийн дарга Ж.Даваажаргалын бичсэн 1936 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн цахилгаан хуудсанд “…Энэ өдөр 300 хүн өвчтэй хэвтэж байна, 100 шахам хүн эдгэрэн гарсан. Эмийн зүйлсийг өчигдрийн шаардсан ёсоор ирүүлэхгүй аваас хэд хоногийн эцэст ихээхэн хүнд байдалд орж магадгүй…” гэжээ. Үүний хариу болгож ДЯЯ-ны Улсыг сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын төв тусгай хэлтсээс гаргасан тусгай мэдээнд “…Байшинт дахь VII морьт дивизийн дотор өвчилснийг үүний урьд 12 дугаар сарын 19-ний өдөр тусгай мэдээнд тодорхой тэмдэглэж явуулсан бөгөөд 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хүлээн авсан мэдээнээс үзвээс “Энэ өдөр өвчтэй хүмүүс 388 болжээ. Үүний нэгэн хамт дээр дурдсан тусгай мэдээнд тэмдэглэсэн эмийн талаар дутагдалтай байсан байдал нь эдүгээ хүртэл дутагдалтай хэвээр” гэж бичсэн байна.

Энэ өдрөөс хойш нэг сар гаруйн дараа буюу 1937 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дивизийн дарга Ж.Даваажаргалаас ЦЯЯ-ны удирдлагад явуулсан яаралтай цахилгаанд “Бүх өвчтөн 75. Үүний өмнө ангийн бүх өвчтөн даруй 400 гаруй болж байсан, одоо дахин ийм тоонд хүрч байна. Бидний зүгээс аль болохоор арга хэмжээ авч байгаа боловч зарим талаар уушигны болон халуун ханиад өвчин халдварлах нөхцөл улам ихээр нэмэгдэж байна. Ангийн их доктор Киселевын бие өөрийн ажилд хариуцлагагүй, тушаал шийдвэрийг зөрчих, өвчтөнөө эмчилж, асрахгүй байх зэрэг хойрог байдал олонтаа давтагдаж байна. Мөн тус ангийн өвчтөн дайчдыг хурдан шуурхай эмчлэн эдгэрүүлэх ажилд туслахаар ирсэн их доктор Диков сүүлийн үед ажил хийхээ бараг болив” зэрэг хүчин мөхөсдсөн тухайгаа илтгэж байжээ. Дээрх баримтуудаас үзэхэд Байшинтын VII морьт дивизийн дайчдын дунд гэдэсний хурц халдварт өвчнөөс гадна хурц халдвартай хоолойны хавдар, уушигны өвчин, халуун ханиад газар авч, олон арван хүн өвчилж, эм, тариа дутагдалтайн зэрэгцээ чухам яагаад ч юм бэ, эмч нар нь өвчтөнүүддээ төдийлэн анхаарал тавьдаггүй байсан нь ийнхүү баримтаар нотлогдож байна.

Дашрамд тэмдэглэхэд хүмүүсийн ам дамжсан яриа болон зарим нэг буруу ташаа баримтад Байшинтын VII дивизэд алба хааж байсан 700-800 хүн нас барсан гэж дурдагддаг ч Батлан хамгаалахын төв Архивт хадгалагдаж байгаа баримт эцсийн хариу болох нь дамжиггүй билээ. Тухайлбал, 1936 оны 10 дугаар сараас 1937 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд 237 хүн нас барсан гэж тэмдэглэгджээ. Харин энд 1937 оны 4 дүгээр сарын мэдээ байдаггүй юм байна. Гэвч яаж ч бодсон ганцхан  сарын дотор 500 гаруй хүн нас барах үндэсгүй юм.

БУСАД ДИВИЗ Ч МӨН ХҮНДХЭН БАЙЖЭЭ

Архивын баримтаас харахад 1936-1937 он буюу Байшинтын VII дивизийн хамгийн хүнд үед даргаар нь Ж.Даваажаргал  ажиллаж байжээ. Эх орон, армиа гэсэн чинхүү сэтгэлээр хандаж байсан энэ хүн тэр үеийн Цэргийн явдлын яамны дээд удирдлагууд болох Г.Дэмид, Д.Малж, Наваанлувсан нарын олон дарга нарт ойр ойрхон цахилгаан хуудас бичиж, тэднээс заавар зөвлөгөө авч байсан бололтой. Тэрээр нэгэн удаагийн цахилгаан хуудсандаа “Ангийг ариун цэвэрч байлгах, өвчтөнийг түргэн анагааж эдгэрүүлэх, аж ахуйн талаар гачигдал багатай болгох, халуун усанд тогтмол оруулж байх, өвчнөөс сэргийлэх талаар гаргаж байсан тушаал, шийдвэрүүдийг биелүүлэхийн тулд чармайн зүтгэж байгаа ч бидний зүгээс дутагдал байгааг үгүйсгэхгүй. Бусад зүйлийг дээрээс ирсэн удирдлагуудад рапортоор илтгэе. Харин миний тушаалыг үл биелүүлсэн орос докторыг шийтгэх эрх байх эсэхийг лавласан боловч хариу ирээгүй байна” гэж учирлаж байжээ. Тэрхүү он жилүүдэд Матадын хэмээн нэрлэгдсэн V, VlII морьт дивизэд ч мөн өвчлөл их байсан нь Жанцанхорлоо гэгч хүний ЦЯЯ-нд ирүүлсэн цахилгаан мэдээнээс ишлэж болох байна. Тухайлбал, 1937 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ЦЯЯ-ны сайд Г.Дэмидийн нэр дээр ирүүлсэн цахилгаан  хуудсанд “Матадад уушигны өвчин үргэлжилж, эсэргэнтэй ханиад цааш үргэлжлэх магадлалтай тул Баянтүмэний докторыг ирүүлэхээр шийдвэрлэж байна” гэснээс тод харагдаж байна.

БАЙШИНТЫН ДИВИЗИЙН ДАРГА НАР БҮГД ХЭЛМЭГДЖЭЭ

Байшинтын VII дивизийн анхны даргаар дивизийн мэдэгч цолтой Шаравын Жадамбаа ажиллаж байжээ. Дараа нь дивиз командлан захирагч Банзрагчийн Гончигшарав, бригад командлан захирагч Хандын буюу Цэндийн Дашпунцаг, бригад командлан захирагч Жамсрангийн Даваажаргал, хурандаа Дамбын Цэрэн, дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэн зэрэг МАХЦ-ийн шилдэг дарга нар хорьдугаар зууны дөчөөд он хүртэл буюу, өөрөөр хэлбэл их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ажиллаж байсан хөөрхийлэлтэй хувь тавилантай хүмүүс байжээ. Тэд бүгд хэлмэгдэн цаазлуулсан нь нэн өрөвдөм. Байшинтын VII дивизэд 1936 онд хугацаат цэргийн алба хааж, хожмоо “Улаан-Од” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа агсан Д.Мажигжавын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ярьсан дурсамж Батлан хамгаалахын төв Архивт хадгалагдаж байна. Тэрээр “…Би 1936 оны 10 дугаар сард цэргийн албанд мордож, дивизийн хөгжимд бүрээчин цэрэг боллоо. Тэр үед цэргийн ахуй байдал туйлын муу байсан. Барьсан казармаг газраараа шалгүй. Дарга нарын худаг, цэргийн худаг гэж байгаагүй. Харин ундны ус авдаг хоёр худаг ойролцоох дэрсэн дотор байсан. Тэр хоёр худаг одоо ч байгаа. Цэргийн казармаг барихаар бэлдсэн тоосгыг дээрх хоёр худгийн дэргэд хийсэн юм. Олон цэрэг нас барсан шалтгаан нь миний бодоход, цэргүүд хүйтэнд маш их даарсан, хоол унд маш муу, усны чанар хангалтгүй зэргээс шалтгаантай байх. Цэргүүдийг Заванов гэдэг буриад хүн эмчилж байсан. Хэдийгээр орос, Монголын чадвартай эмч нар нойр, хоолгүй зүтгэж байсан ч үхлийг зогсоож чадаагүй юм. Нас барсан цэргүүдийг морин тэргэнд дүүрэн ачаад л явж байхыг олонтаа харсан. Нэг удаа дивиз үндсэн байрлалаасаа холгүй хээрийн сургуульд явсан юм. Тэр сургуульд явж байхад энд тэндгүй үхсэн цэргийн хүүр тааралдаж байсныг тод санаж байна. Одоо чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа Б.Намхай, Т.Жунай нар алба хааж байсан. Т.Жунай дивизийн тагнуул ангийн дарга байснаа, моторын хорооны дарга болсон юмдаг. Нас барсан цэргүүдийг хотгор, гүдгэр газруудад л тавьж байсан байх. Хавар дулаан орсон үед маш муухай үнэр гардаг байсан. Бодоход үхсэн цэргүүдийн хүүрнээс л үнэртдэг байсан байх…” гэж ярьжээ. Мөн өөрийнх нь гэдэс өвдсөн учир чөлөө авч, Байшинтын дивизээс 41 км-ийн зайтай нутаглаж байсан гэртээ очиж, сар шахам болоод эдгэрээд буцаж ирэхэд П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү хэрэг гэгч дуулиан ид хүчээ авч байсан тухай ч өгүүлсэн байна.

ЖАМСРАНГИЙН ДАВААЖАРГАЛ ГЭЖ ХЭН БАЙВ АА!

Байшинтын VII дивизийг бригад командлан захирагч албан тушаалтай 1936-1937 онуудад командалж байсан Ж.Даваажаргал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 1910 онд төржээ. Багын өнчин өрөөсөн өссөн түүнд их жанжин Д.Сүхбаатар анхаарлаа хандуулснаар 12 настайдаа цэрэг армитай амьдралаа холбосон аж. Өөрөөр хэлбэл, 1922 онд цэргийн албанд ирж, 1924 оноос Сүхбаатарын сургуульд суралцаж, сумангийн дарга, улмаар нутгийн III хорооны штабын дарга болжээ. 1931 оноос Хязгаарын 15 дугаар хорооны штабын дарга, 1932 оноос 5 дугаар морьт дивизийн штабын дарга, 1934 онд Бүх цэргийн  жанжны нарийн бичгийн дарга, 1936-1937 онд 7 дугаар морьт дивизийн дарга, 1937 оны 5 дугаар сараас V морьт дивизийн даргаар ажиллаж байгаад П.Гэндэн, Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллагын хэрэгт холбогдон 1937 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баривчлагдаж, Онцгой Бүрэн эрхт комиссын 1937 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор цаазлагдан хороогджээ. Гэтэл ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаас хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дарга нарыг шагнасан 1936 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тушаалд дивизийн захирагч, бригад командлан захирагч Жамсрангийн Даваажаргал, 1 дүгээр хэлтсийн дарга, дивиз командлан захирагч Мөрцэрэнгийн Гомбо нарыг “Суудлын хөнгөн машинаар шагнасугай!” гэсэн нь цаазлагдахаас нь нэг жил хүрэхгүйн өмнөх хугацааны асуудал байв.

Ийнхүү түүхийн баримтыг цааш нягталбал зөвхөн Байшинтын VII дивиз бус, Матадын  V, VIII зэрэг дивиз, ангиудад ч мөнөөх өвчин хурдацтай тархаж, олон зуун дайчид харамсалтайгаар нас барсан бүртгэл Батлан хамгаалахын төв Архивт овог, нэртэйгээ хадгалагдаж байна. Магадгүй энэ бүхнийг нийлүүлбэл дээр дурдсан 800 гэдэг тоо үнэний  ортой ч байж болох.

БАРУУН АЙМГИЙНХАН ОЛНООР ҮЛДСЭН

Архивын баримт болоод бэлтгэл дэд хурандаа Д.Мажигжав агсны дурсамж зэргээс эргэцүүлэхүй, биднийг бага байхад тус дивизийн талаар элдэв яриа бишгүй л байсан. “Их өргөө”, “Бага өргөө” хэмээх чандамласан хоёр толгойн ар шилэнд гуу, судгаар дүүрэн хүний яс бөөнөөрөө цайвалзан байсан нь саяхан даа. Одоо ч байгаа л байх. Мэдээж, тэр нь тухайн он жилүүдэд нас барсан цэрэг дайчдынх л байхаас яахав. “Байшинтын дивизийн цэргүүд аргал түүгээд явж байх нь “Цагаан булаг” орчмын талаар нэг дүүрэн байдагсан” гэж аавын маань эгч Долгор эмээгийн ярьж байсныг санаж байна. Нөгөө талаар Байшинтын дивизэд тухайн он жилүүдэд цэргийн алба хааж байсан баруун аймгийн цөөнгүй залуус нутгийн бүсгүйчүүлтэй гэр бүл болж, бүр зарим нь нэгэн насаараа суурьшмал иргэн болж үлдсэн байдаг. Миний мэдэхээс “шохойн” хэмээх Дэндэв гуай Увс аймгийн Бөхмөрөн сумынх, “Бүдүүн” хэмээх Дашжамц гуай Архангай аймгийн Хотонт сумын хүн байсан юмдаг. Энэ бүхнээс цааш улбаалахад Манжийн хааны үед ч баруун хязгаар нутгаас буюу өнөөгийн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгаас олон бүл ирж Дарьгангад суурьшсан нь түүхийн үнэн билээ.

МСЭ-ийн шагналт сэтгүүлч, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 16. 21:18
Зочин

Байшинтын 7-р хуягт бригад гэж нэрлэгдэж байсан бна. Дивиз нэрийг хэзээ авсныг бүү мэд. Голнь энэ ангид 1939-1946 он хүртэл алба хаасан цэргүүдийг ахмад дайчин гэж тооцдоггүй. Учир нь юу юм бол?

9 сар 8. 23:57
Зочин

зэс тогоонд хоол хийхэд хордохгүй. англи давс худагт хийсэн гэдэг ч худал нэр томьёо. угтаа цэргийн хамгамж маш муу хоол ундыг түүхий сайн буцалгахгүй ѳгѳх муудсан хүнс зэрэг хоол ѳгч даарч хѳрсѳнѳѳс хатгаа ханиад гарч үхцгээсэн.мэдээж эм муу чанаргүй бсан.тэр үед антибиотик пенециллин гм гараагүй бсан.тэгээд орос эмч нар муу ажиллман бх.мэдээж монгол ямар эмч бхав

8 сар 31. 15:50
Зочин Ц.Тэгшжаргал

Аав маань 1938- 1942 oны хооронд 5 жил 6сар энэ девизэд алба хаасан халх гол гэсэн тэмдэг Бид ялав медаль бхгүй ахмад дайчин ч бхгүй өөрийн нь ярьж бснаар 38 онд халх голын гүүр барьж бгаад нимгэн хувцастай даарч хатгалгаа аваад хөхүүлж ханиадаг хүн бж бгаад 1983 онд уушигны өвчний хүндрэлээс нас барсан зээр буудаж цэргийн хүнс бэлтгэж маршалын онц буудагч цол тэмдгээр шагнуулж бсан Луузан даргын туслах бсан гэдгээс цааш мэдэх юм бхгүй би хүндэт харуул намын архив шүүлгээд гарахгүй болохоор тагнуулын төв архивт цэрэгт алба хаасанг тодруулахаар өгсөн ч ямар хариу ирээгүй хаага хандах вэ

5 сар 31. 18:41
Ц.Пүрэвжав

Манай нагац ах Гүндийн Загдсүрэн \Гүндсамба, Гүндсамбуу гэж байж болох\ гэдэг хүн цэрэгт яваад эргэж ирээгүй юм. Манай өвөө ээж нар хожим өвчнөөр нас барсан гэсэн сураг сонссон гэдэг. Батлан хагаалахын төв архивт очвол мэдэж болох болов уу?

2018, 5 сар 20. 17:49
Зочин

Миний аав Чанцалын Дашзэвэг(Говь-Алтай аймаг Чандмань сум) энэ дивизэд алба хаасан тухайгаа ярьдаг байсныг санаж байна. Орой унтахдаа цэргууд хоорондоо за маргааш хэний ээлж (хэн нас барах) бол гэж ярьцгаадаг байсан гэдэг. Оглоо нь казармын уудэнд морь тэрэгнууд ирээд нас барсан цэргуудийг ачаад явдаг байсан гэнэ лээ. Аавтай минь цуг халагдсан 200 орчим цэргийг орос эмч нар эмчилж эдгээсэн тухай ярьдаг байсан. Эмчлэхдээ ухрийн туухий элэг, алим огч байсан юм билээ.

8 сар 29. 13:31
Зочин

Үхрийн түүхий элэг өгснөөр эдгээсэн гэдгээс үзэхэд цэргүүд амин дэмийн дуталд ордог байсан хэрэг. Дээр үед амин дэмийг анх үхрийн элэгнээс ялган авч нээсэн байдаг юм. Чийг бам өвний үед элэг онцгой сайн гэдэг

2017, 10 сар 4. 21:53
Зочин

10 jiliin umnu Saidiin ugsun materialig yagaad odoo niitelj bgaan????

2016, 10 сар 25. 9:26
зориг

эрдэнэ цагаан сумийн чоймбол гэдэг хүн энэ үед энэ дивизд алба хааж байгаад надваргүй болсон өвчитөний гэрт шилжүүлсэн байхад аавынхаа өгсөн нэг зүйлийг нутагийн нэг цэрэгтэй хамт ууж хэрэглээд амд гарсан гэж сонсож байлаа....

5 сар 31. 18:45
Ц.Пүрэвжав

Манай нагац ах Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харъят Гүндийн Загдсүрэн гэж хүн байсан юм.

2017, 1 сар 23. 16:05
Зочин

дорнод аймгийн баянуул сумын нямпуу болд гэж хүн тэнд байсан англи цагаан давс худагт хаясн учир цэргүүд хордж үхжсн чойбалсн ирэд бүх дарга нарыг сольсн бид чойбалснг хараад уилж байсн гэдг. тэгээд л өвчн зогссн гдг

8 сар 29. 13:34
Зочин

Анли давс гэдэг үгийг зохиосон юм. Цайрдаагүй зэс тогоонд хоол цай хийсэн гээд цэргийн бага эмчийг Чойбалсангийн түшаалаар буудаж байсан гэдэг. Ийм л тэнэг орчлонд бие биеэ хардаж дарга сайд нар өөрсддийгөө рекламдаж байсан юм

2016, 10 сар 25. 9:16
Зочин

Архангай хэзээ баруун аймаг болчихов оо.
Баруун 5 аймаг л гэж байгаа ш д.

5 сар 13. 8:11
ЗочБАБЙин

МАЛНУУД ЗӨНДӨӨ БАЙХЫН. СҮХБААТАР ДОРНОД АЙМГИЙН ХУВЬД АРХАНГАЙ ХАА БАЙСАН БАРУУН АЙМАГ

2017, 10 сар 6. 22:44
Зочин

Ерөнхийд нь хэлсэн байна даа. Архангай аймгийн урьд бие Өвөрхангайн зүүн ,урьд хэсэг чинь Өөлдүүд шүү дээ.Сайн хараарай ногоон нүдтэй биеэрхүү улаан шар хүмүүс байдаг юм шүү дээ.Ёүхбаатар аймгийн Онгоны баруун хойд,Баяндэлгэр зүүн тал,Халзан,Асгатын баруун урьд биеэр мөн адил Өөлдүүд байдаг Галдан бошигтын нүүднл даахгүй үлдэгдэл юм дагаа . . .

8 сар 28. 22:24
ЗочинD .HISHIGT

A.darjaa gedeg hvnii tyhai baidag bolbyy daind ahmad choltoi orolchoj baisan gesen ih olon temdegeer shagnvvlj baican

2018, 7 сар 28. 14:36
Lxamtseren

unen eel\duud ih bii arhaigaid galdan b oshigtiin dainii ued uldsen bx

2017, 2 сар 21. 15:34
Бэхээ ах

Сүхбааиарыг бодвол баруун аймаг л даа. Энд баруу аймаг гэж бичсэн нь аман яриа байна. Албан бичиг биш.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]