Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүүхдүүдийг орхилгүй үхлийн өмнө сайн дураар очсон гайхамшигт багшУншсан31,075

Харин ч хүүхдүүдээ амьд үлдээхийн төлөө бүх л арга хэмжээг авна гээд цэргийн хувцас оёдог жижиг үйлдвэр байгуулах, түүнд нь түүний хүүхдүүд ажиллаж байх зэрэг саналыг германчуудад тавилаа. Бүтсэнгүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Максимилан Мария Кольбе хэмээх гэгээн үйлстний тухай “Би өмнөөс нь үхье” хэмээх нийтлэл бичих гэж энд тэндхийн юм ухаж байхдаа анх Януш Корчак гэдэг нэрийг, түүний хийсэн бас нэг гэгээн үйлийн тухай олж уншсан юм. Хүний өмнөөс амиа өгсөн Кольбе, Януш Корчик зэрэг бурхны гэмээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн үйл хэрэг бөхөж бүдгэрэх ёсгүй учир энэ удаа Януш Корчик буюу Хенрик Гольдшмитийн тухай олж харсан зүйлээ чадан ядан эвлүүлэн бичиж байна.

Хенрик Гольдшмит нь Оросын эзэнт гүрний Варшав хотод 1878 онд төржээ. Тухайн үеийн Орос улсын хатуу ширүүн сургалттай гимназийг амжилттай төгсөж эмч болсон энэ эр 1905 оны Орос - Японы дайнаар цэрэгт татагдсан байна. Хенрик болон бусад татагдсан цэргүүдийг тэрхүү дайнд очих гэж явсаар байх хооронд дайн дууссан боловч эмч хүний хувьд шархтаж гэмтсэн цэргүүдийг эмчлэх ажил нь багадсангүй. Харбин хотод байх үедээ тэрээр Хятад сургуулийн багш нар хүүхдэд хэрхэн ханддагийг, тэнд хүүхдэд юм зааж сургах гэж ямар хатуу ширүүн сургалт явуулдаг, бүр яргалалтай дэндүү адил зан ааш гаргадгийг хараад зүрх нь шимширсэн гэдэг. Үүнийг өөрчилж чадахгүй учир ядаж л хүүхэд зодоход зориулж хийсэн, олон ч хүүхдийн хонгыг урсан тэр саваа модыг нь худалдаж авах зэргээр хэрдээ эсэргүүцэж байж. Угаас хүүхдийн хүмүүжил, сургалт ямар байх талаар өөрийн гэсэн ойлголттой болж байсан энэ хүн уг явдлаас хойш хүүхдийн төлөө амьдралаа зориулахаар шийджээ.

1906 онд Польшдоо эргэн ирж уран зохиол оролдож (түүний дэлхий дахинд алдаршсан нэр болох Януш Корчик хэмээх нэр нь уран зохиолын нэр нь юм), хүүхдийн хүмүүжлийн тухай хэд хэдэн нийтлэл ном бичиж байхдаа хүүхдийн эмнэлэгт ажиллаж байснаас гадна хувиараа өвчтэй ядуу хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж байв. 1911 онд тэрээр “өнчин хүүхдийн гэр” хэмээх асрамжийн газар байгуулсан байна. Сонирхолтой нь Хятадад хүүхдийн хонго урдаг байсан тэр саваа модыг Янушийн асрамжийн газрын хүүхдүүд харин бөмбөг цохиж тоглодог хэрэгсэл болгожээ. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд хамгийн хайртай тоглоомын нэг байсан гэдэг.

Гэвч дэлхийн 1-р дайн гарч энэ хүн дахин цэрэгт татагдан Самсановын армийн дарга нарт үйлчлэх нэг тусгай эмчийн ажил хийж байсан буюу фронтоос хол байсаар их дайныг дуусгажээ. Гэсэн ч түүний дайн үүгээр дууссангүй. Оросын эзэнт гүрэн задран унаж Польш тусгаар улс болсны дараах 1920 оны Орос - Польшийн дайны үеэр бас л фронтод ажиллаж, Варшавт гарсан балнад өвчнийг дарахад туслуулахаар түүнийг явуулсан байна. Тэндээ халдвар авч бараг үхээд босч ирсэн гэдэг ч түүнийг эмчилж асарч байсан ээж нь харин хүүгээсээ авсан халдварын улмаас нас баржээ.

Энэ олон дайны дараа Хенрик хүүхэд хүмүүжүүлэх ажил, өнчин хүүхдийг асрах газраа авч явах тал дээр улам их анхаарч гадаад дотоодын улс орноор олонтаа явж, янз бүрийн хүмүүстэй уулзаж танилцан байсаар 1937 онтой золголоо. Польш улсад еврейчүүдийг үзэн ядах үзэл энэ үед бараг хамгийн дээд цэгтээ хүрч байсан цаг юм. Хүүхэд хүмүүжүүлэгч, эмч маань өөрөө еврей хүн байсан учир маш олон янзын дарамт шахалтад орж байсан ч өнчин өрөөсөн, өвчтэй хүүхдүүдээ орхиж чадсангүй. Хүүхдүүдээ, асрамжийн газраа тэр чигээр нь Палестин руу гаргах гэж хөөцөлдөж байсан боловч чадалгүй байсаар дэлхийн 2-р дайн эхэллээ.

Нацистын Германы хувьд еврей хүүхдүүд гэдэг бол доод ангиллын хүн ч биш бүр нэн даруй устгах ёстой хог шаар байсныг хэлэх нь илүүц биз.

 Хенрик буюу Януш нь өөрийн хүүхдүүдийн хамт Варшавын геттод  (хэсэг бүлэг хүнийг бөөнөөр хорих зориулалт бүхий хотын хаалттай хэсэг гэж болох байх) хоригдож байх үедээ ер бусын хүчин чармайлт гарган байж хүүхдүүдээ зуны хоёр сард хөдөө байрлах зусланд авчирч чадсан байна. Өлсөж ядарсан, туйлдаж өвдсөн хүүхдүүдэд гетто-гоос хэдхэн хоног ч гэсэн хол байх гэдэг чухам аз жаргал байлаа. Гэсэн ч намар нь тэдгээрийг дахин геттод аваачсан төдийгүй хүүхдүүдийн жаахан хоол болох шуудайтай төмсийг нь хурааж авсан Германы цэргүүдийн эсрэг гомдол гаргасны төлөө Янушийг германчууд баривчилжээ. Нэг талаар их гэнэн сайхан сэтгэлтэй, нөгөө талаар дийлдэшгүй зөрүүд энэ хүн Польш улс Гитлерийн Германы мэдэлд орсон байхад ч Польшийн цэргийн хувцсаа өмсөж явдаг, еврей хүн бүрийн зүүх ёстой Давидын тэмдгийг зүүдэггүй зэрэг зөрүүдлэлийн хариу нь энэ баривчилгаа байж. Сар гаран шоронд хоригдон гарч ирэхдээ бие болон сэтгэл санааны хувьд ихээхэн доройтсон эр дахиад л гетто руу, өөрийн хүүхдүүд рүү явлаа. Урьд өмнө түүний гараар өсөж хүн болсон олон хүн түүнийг геттод очилгүй Польшоос зугтахад нь туслах гэж хичээж, гуйж шаардаж байсан ч Януш хүүхдүүдээ орхиогүй юм. Энэ үед гетто бол еврейчүүдийн хувьд хорт хийн өрөөнд орохын өмнөх нэг дамжлага гэдэг нь нэгэнт тодорхой болсон байсан цаг билээ.

Геттод байдал улам бүр муудаж байсан ч Януш хүүхдүүдтэйгээ ажиллахаа зогсолгүй, харин ч хүүхдүүдтэйгээ жүжиг тоглох, өвдөж үхэж байгаа хүүхдүүдэд сүүлчийн цаг минутаа тайван өнгөрөөх өрөө байгуулах гэж оролдож байв.

1942 оны 7-р сарын сүүлээр бүх хүүхдүүдийг геттогоос хааш нь ч юм зөөн аваачих нь тодорхой боллоо. Гэхдээ энэ нь хорих лагерь, үхэл гэдэг нь хүн болгонд тодорхой байсан бөгөөд Янушийн шавь нар нь алдарт зохиолч, хүүхэд хүмүүжүүлэгч, эцэг болсон хүнээ геттогоос гаргах, хорт хийн камер, хорих лагер хүргэлгүй аврах гэсэн сүүлчийн оролдлогоо хийсэн байна. Януш мөн л хүүхдүүдээ орхихгүй гэж зөржээ. Харин ч хүүхдүүдээ амьд үлдээхийн төлөө бүх л арга хэмжээг авна гээд цэргийн хувцас оёдог жижиг үйлдвэр байгуулах, түүнд нь түүний хүүхдүүд ажиллаж байх зэрэг саналыг германчуудад тавилаа. Бүтсэнгүй.

1942 оны 8-р сарын 6-нд хүүхдүүдийг үхлийн хорих лагер Треблинк рүү авч явахаар галт тэрэг бэлэн болсон байлаа. Багш нарыг нь геттод үлдэж болно гэсэн боловч Януш өөрийн хамтрагч нар болох өөр бусад 9 хүний хамт хүүхдүүдээ хөтлөн галт тэрэг рүү алхсан байна. Энэ бол аймшигтай боловч бахархалтай, харсан хүний өр зүрх өвдөхөөс өөр аргагүй үйл явдал байлаа. Олон хүн тэрхүү жагсаалыг харан уйлж байсан төдийгүй Германы зарим цэрэг офицерууд цэрэг ёсоор ёслон хүндэтгэж байсан гэдэг.

Галт тэрэгт орохын өмнөхөн дэлхий дахинд алдартай зохиолч, сурган хүмүүжүүлэгч Януш Корчак явж байгааг таньсан Германы офицер түүнийг жагсаалаас гарч “эндээс хаашаа ч хамаагүй явж зугтахыг” гуйсан ч тэрээр хүүхдүүдээ орхисонгүй галт тэргэнд орж Треблинк хүрсэн байна.  Энэ аймшигт газрын хорт хийн өрөөнд мөн л хүүхдүүдээ хөтлөн орсон, хүүхдүүдээ хаяхгүйн тулд, үхэх үйлтэй хүүхдүүдтэйгээ үхсэн ч цуг байх гэсээр тэдэнтэй цуг амиа алдсан бас нэг гэгээн үйлст хүний түүх ийнхүү төгсжээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 7. 17:47
Зочин

Huuheduudteigee hamt burhadtai bgaa bh daa

1 сар 6. 19:57
Зочин

Хорвоо ертөнцөд ийм агуу хүмүүс байсан гэдэгт баярлахаас аргагүй юм даа.

1 сар 6. 16:25
Зочин

гоё мэдээ байна оруулсан хүнд нь баярлалаа

1 сар 14. 13:18
Зочин

uilj bna

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]