Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түмэнд нэртэй, түүхэнд алдартай Пүрэвийн ХорлооУншсан2,591

Аж үйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, эрхэм уран зохиолч цолтой ээжийнх нь эгчийн хүүхэд, нагац ах Улаан Пүрэв багадаа өнчирсөн тул тэд хамтдаа өссөн аж. Энэ ах нь 12 настай Хорлоо хүүг анх тэнхимд суулган эрдэм номын зүгт залсан буянтан гэдэг.

Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт 1917 онд төрсний зуун жилийн тэгш ой 2017 онд тохиосон. Тэрээр 1933 оноос уран бүтээлээ эхэлж хүүхдэд зориулан “Хар унага”, “Говийн хүү”, “Багш” зэрэг олон зохиол бүтээл бичжээ, “Жаргалт хүүхдүүд”, “Алт, Мөнгө хоёр”, “Туулайн бөжин”, “Нарны туяанд” зэрэг ном хэвлүүлснээс гадна “Алтан үст охин”, “Багш”, “Шидэт толь” зэрэг жүжгийн зохиол бичсэн бичжээ. Аав Пүрэв хар багад нь бурхан болсон бөгөөд Хорлоо Должин хэмээх ганц эгчтэй, эмч Чимэддолгор, түүхийн багш Бадам нарын хоёр бүсгүй дүүтэй аж. Аж үйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, эрхэм уран зохиолч цолтой ээжийнх нь эгчийн хүүхэд, нагац ах Улаан Пүрэв багадаа өнчирсөн тул тэд хамтдаа өссөн аж. Энэ ах нь 12 настай Хорлоо хүүг анх тэнхимд суулган эрдэм номын зүгт залсан буянтан гэдэг. Улаан Пүрэв 1937 онд хорин наймхан насандаа хилс хэрэгт хэлмэгдэн цаазлуулахад үлдсэн гэргий Дулмаа нь Мөнхбат аваргын гэргий Тамирын ээж, Хакухо Даваажаргалын эмээ юм билээ.

Хорлоо Хан хөгшин уулын хошууны тэнхим, Цэцэрлэг мандал уулын аймгийн бэлтгэл дунд сургуулийг дүүргэн, Багш нарыг бэлтгэх сургуулийг дүүргэн Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуульд багшилсан түүхтэй. Энд жил гаруй ажилласан арван наймхан настай залуу Ховд аймгийн Манхан суманд сургууль байгуулахаар 1935 онд одсон байдаг. Манхан сумынхан их шооч, бэлэн цэцэн үгтэй хүмүүс тул залуу багш Хорлоод зориулан

“Хайлаар оёцтой цэнхрийн

Ханцуй ачтаа нарийн бэ

Халхын үр Хорлоогийн

Харц нь ачтаа уян бэ

Хоёроор эмжсэн цэнхрийн

Ханцуй ачтаа нарийн бэ

Хол нутгийн Хорлоогийн

Харц нь ачтаа уян бэ” гэсэн дуу хүртэл гарсан аж. Тэгэхнээ эл дууг түүний ирээдүйн гэргий Зэргийн голоор нутагтай захчин айлын охин Ноост зохион дуулсан байж. Ноост гуай Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны ня-бо-гоор олон жил ажилласан нэгэн юм билээ. Сэтгэл зүрхээ холбон тоонот гэрт толгой холбосон Хорлоо, Ноост хоёр өрх үүсгэж сум сунгаснаас хойш найман хүүхдийн эцэг эх болон өнөр бүлжив. Ууган охин Лхагважаваа гучин долоон оны гуцуу хөтүү тэр цагт өлгийдсөн нь орос хэлний багш мэргэжил эзэмшсэн байдаг. Удаахь охин Нарантуяа нь цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш, гутгаар охин Оюун нь дөчин гурван онд төрөв. Оюун франц хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн бөгөөд Парист амьдран, Сорбонны их сургууль дүүргэсэн манай шилдэг сэхээтнүүдийн нэг болсон юм. Түүний эр нөхрийг хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Сүхбаатар гэхээр манайхан андахгүй байх.

Эдний дөрөвдэх хүүхэд нь Төгөлдөр хүү нь МУИС-ийн хуулийн ангийг гавьяат хуульч С.Нарангэрэлтэй нэг ангид суралцаж төгсчээ. Хүү Төгс нь Германд сургууль дүүргэсэн хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй нэгэн. Зургаадахь охин Оюунчимэг бол Улсын багшийн дээд сургуулийг төгссөн орос хэлний багш. Аав ээжтэйгээ хамт амьдарч ачийн дээдийг нь хариулсан буянтан гэж ах эгч, дүү нар нь түүнийг нь ихэд хүндэлдэг аж. Долоодахь охин Оюунцэцэг нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн хуульч хүн юм. Отгон охин Булганы хувьд 23дугаар сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нэгэн ангид суралцаж, Москвагийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн англи, франц хэлний багш мэргэжилтэн. Түүний нөхөр бол философийн шинжлэх ухааны доктор Ч.Энхбат юм билээ. Х.Булган 1991 онд УИХ-ын дарга Гончигдоржийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хориод улсын Үндсэн хуулийг орчуулж Бирагийн Чимид нарын албаны хүмүүст хүлээлгэн өгч байсан нь түүхнээ бичигдэх биз. Тэрээр одоо НҮБ, АНУ-ын Төрийн департментын гэрээт орчуулагчаар ажилладаг чадварлаг нэгэн. 

Пүрэвийн Хорлоо хэмээх эл өнөр айл 1958 онд Улсын их дэлгүүрийн зүүн талын нэгдүгээр 40 мянгатын I байрны гурван давхрын гурван өрөө байранд орсноос хойш өнөө ч ач зээ нар нь бужигнасан халуун голомт хэвээр. Пүрэвийн Хорлоо хэмээх айлын ганц хүү Зэргийн голын охинтой ханилсанаас хойш ач зээ нар нь даруй дал гарчихаад байгаа нь хүний хорвоогийн нэгэн сайхан үйл гэлтэй. Охин Нарантуяагийнх нь хүү Ариунбатыг монголчууд телевизийн чадварлаг сэтгүүлч гэдгээр нь таних байх. Хорлоогийн зээ охин Баярманлай ЗХУ-ын Ленинград хотноо балетын сургууль төгсөж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллан улмаар Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна.

 Ийм л бахархам түүх намтартай алдарт эрдэмтэн-зохиолчийн уугуул гал голомтоор зочлоход охин Оюунчимэг, Булган, зээ Ариунбат, Энхбат нар нь элгэн халуун сэтгэлээр угтсан нь сайхан. Тэд аав, ээжийнхээ тухай олон сайхан зүйлийг сэтгэл догдлон хүүрнэсэн. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг 2010 онд нэрт академичийн нэрэмжит болгосноос хойш үр хүүхдүүд нь аавынхаа нутгийг их зоримтгой болжээ. Нэрэмжит болгосны хойтон жил хайрт аавынх нь нүдэнд дулаахан хөшөө сургуулийн үүднээ боссон болохоор арга ч үгүй биз. Хорлоогийн гэргий Ноост гуай ардын хувьсгалтай нас чацуу бөгөөд ерэн насны босно даваад тэнгэрийн орондоо оджээ. 

П.Хорлоо үр хүүхдүүддээ “Өнөөдөр хийх зүйлийг маргааш бүү дуусга”, “Толгойдоо хийсэн зүйлийг хэн ч хулгайлж чадахгүй” гэж захьдаг байсан төдийгүй үр хүүхдүүдийнхээ нүдэнд өдөрт ганц цаг ч буйдан дээр нойр авч байгаагүй их зарчимч хүн байж. Ямар сайндаа л эднийхэнд хөзөр, даалуу мэтийн тоглоом мэддэг хүн ганц ч байдаггүй гэхэв. Гэрийн эзэн өдөр ч, шөнө ч үргэлж л бичгийн ширээнээ шадарлан юм бичиж суудаг, үдэш хүүхдүүдээ унтахад монгол ардын үлгэр ярьж өгч нойрсуулдаг хэвшилтэй байсан гэж байгаа. Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ Улсын төв номын санд л өнждөг байж. Охин Булган “Аав минь гудманд хамт явж байгаад таарсан хүнтэйгээ их удаан яриад зогсчихно. Одоо бодоход хууч, үлгэр домог тэр бүхнийг л яриулдаг байсан байх. Гэртээ орж ирүүтээ л тэмдэглэл хөтөлдөг байсан” гэж ааваараа бахархаж байна. Оюун билгийн өндөр чадвартай П.Хорлоо зохиолч гарын ур дүйгээр ч их уран хүн байжээ.

Түүний сийлбэрлэсэн хорол, цацал, хүрдийг өнөө үр хүүхдүүд нь дээдлэн нандигнаж байгаагаа үзүүлэв. Юм сийлэх модоо бүтэн жилийн өмнө аваад хатаадаг байсан гэхээр ямархан нямбай чамбай хүн байсныг нь илтгэнэ. “Аавын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан болж олон ч эрдэмтэн илтгэл тавьсан. Харин зохиолчийнх нь хувьд онцын үйл ажил зохиож амжсангүй, аав минь их олон талт амьдралтай хүн байж. Тухайлбал, Ази-Африкийн эв санааны нэгдлийн хорооны даргаар хорин жил ажилласныг нь үзэг нэгт Л.Хуушаан зохиолчоос өөр хэлэх хүнгүй боллоо” гэж охин Х.Оюунчимэгийнх нь хэлсэн үг хэн хүнд нэгийг бодуулахаар л санагдсан. Өнөөгийн монголчууд бид өмнөх үеийнхнээ тэгтлээ их ойшоохоо больчихсон ч юм уу, эсвэл эрдэнэ агуулсан авдрыг юу ч биш гэж үнэлэхээ байсны гор л энэ болов уу. П.Хорлоо “Миний баяр” зөгнөлт зохиолдоо охин Булганыхаа нэрийг оруулсан байдагчлан бүх хүүхдүүдийнхээ нэрийг “Адъяахүү” зэрэг зохиолдоо бүгдийг оруулсан ачтан аж. Түмэнд нэртэй, түүхэнд алдартай ийм л сайхан ааваараа өнөөдөр үр, ач, зээ нар нь бахдан бахархаж сууна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]